| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 101/2016/05541/И |
| Дугаар | 181/ШШ2016/01102 |
| Огноо | 2016-10-28 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 181/ШШ2016/01102
2016 оны 10 сарын 28 өдөр Дугаар 181/ШШ2016/01102 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Д гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б нд холбогдох
үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д , түүний өмгөөлөгч О.О, хариуцагч Ш Б ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхтүвшин нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ш , Банк Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас Бангол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 1-7А тоотод оршин суугч Д.Д , хамтран өмчлөгч А.Б , Б.Э , Б.Э нарт гэсэн тус албаны 2016.04.29-ний өдрийн 3/3861 тоот албан бичиг, 2016.05.03-ны өдрийн 3/3968 албан тоот албан бичгүүд ирсэн.
Тус албан бичигт төлбөр төлөгч Д.Д гийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205015780 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 1-7А тоот хувийн сууцыг, газрын хамт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 28 200 000 төгрөгийн 70 хувиар тооцон 19 740 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 10.00 цагт явуулах болохыг мэдэгдье гэсэн байсан. Энэ мэдэгдлийг аваад хуульд заасан хугацаанд буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу гомдол гаргаж байна.
Миний бие 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 242 дугаар шийтгэх тогтоолоор Улаан загалмай ХЗХ-ны /зээлдэгч/ иргэний хариуцагч, төлбөр төлөгч мөн юмаа. Дээрх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхдээ хамтран өмчлөгч А.Б , Б.Э , Б.Э нараас үнэлгээний санал аваагүй, төлбөр авагчаас ч үнийн санал аваагүй болно. Шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгийг хураасан тогтоол үйлдсэн боловч уг эд хөрөнгийг хэнээс хураасан болох нь тодорхойгүй байдаг.
Хамтран өмчлөгч нар нь 2005 оноос хойш Гадаад улсад оршин сууж суралцаж байгаа бөгөөд тэднээс цахимаар үнийн санал авах бүрэн боломж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь хамтран өмчлөгч нараас үнийн санал авч үнэлүүлээд Д.Д д ногдох хэсгээр өр төлбөрийг төлүүлэх байтал шууд шинжээчээр үнэлүүлээд дуудлага худалдаанд оруулах гэж байгаа нь бусад өмчлөгч нарын эрх ашгийг хөндөж байна.
Иймд эд хөрөнгийн үнэлгээний саналыг хуулийн дагуу өмчлөгч А.Б , хамтран эзэмшигч Б.Э , Б.Э нараас болон төлбөр авагчаас авах шаардлагатай. Мөн эд хөрөнгйиг 28 200 000 төгрөгөөр үнэлсэнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 242 дугаартай шийтгэх тогтоолоор Улаан загалмай Хадгаламж зээлийн хоршооны үүсгэн байгуулагч Д.Бямбагэрэлээс 385 242 400 төгрөгийг гаргуулж 66 хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.
Дээрхи шийтгэх тогтоолын хавсралт 2-ын 28 дугаарт иргэний хариуцагч Д.Д гээс 9 768 000 төгрөг гаргуулж хоршооны хохирогчдод олгохоор шийдвэрлэсэн.
Тус ХЗХ-ны төлбөрт хураагдасан Д.Д гийн хамтран өмчлөлийн Ү-2205015780 улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 1-7а /хуучнаар 6/ тоот хувийн сууц болон 300 м.кв газрыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 2015.09.02-ны өдрийн 3/2231, 2016.04.19-ний өдрийн 3/3514 дугаар албан бичгээр төлбөр төлөгч болон хамтран өмчлөгч нарыг үнийн санал өгөх тухай хугацаатай мэдэгдлийг 2 удаа өгсөн.
Хамтран өмчлөгч нар гадаад улсад байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоогодсон тул үнийн санал авах мэдэгдлийг төлбөр төлөгч Д.Д буюу гэр бүлийн насанд хүрсэн гишүүнд ИХШХШТХуулийн 77.6-д заасны дагуу хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан.
Мөн ИХШХШТХуулийн 77.6-д заасны дагуу хамтран өмчлөгч А.Б , Б.Э , Б.Э нарын цахим хаягаар мэдэгдлийг хүргүүлсэн.
Тогтоосон хугацаанд үнийн санал өгөөгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, 37.2.4-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай Шинжээч томилох тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХКомпанийг томилох үнэлгээг 28 200 000 төгрөөг тогтоосон байна.
Үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 1-7а /хуучнаар 6/ тоот хувийн сууц болон 300 м.кв газрын өнөөгийн зах зээлийн үнэлгээг 2 аргаар хийсэн. Зардлын аргын үнэлгээнд Монгол улсын Засгийн газрын 2010 оны 336 дугаар тогтоолыг үндэслэн үнэ, цэнийг тодорхойлж, зах зээлийн харьцуулах аргыг ашиглахдаа үнэлж буй объекттэй байршил, үндсэн бүтэц, газар өмчлөх талбай зэргээр хамгийн ижил төстэй объектыг сонгон авч зах зээлийн үнэ, цэнийг тодорхойлсон. Зардлын аргын үнэлгээ нь үнэлж буй хөрөнгийн эдийн засгийн ач холбогдол, байрлал, тав тухтай орчин нөхцөл зэрэг үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэд нөлөөлөх гол хүчин зүйлүүд нөлөөлөөгүй байдаг. Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг өнөөгийн зах зээлийн үнэ, цэнийг зах зээлийн харьцуулах аргаар тооцон үнэлсэн нь илүү бодитой үнэлгээ болсон гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.
Нэхэмжлэгч Д.Д нь Ш Б нд холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Төлбөр төлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо гаргасан байна.
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 242 дугаартай шийтгэх тогтоолоор Улаан загалмай Хадгаламж зээлийн хоршооны үүсгэн байгуулагч Д.Бямбагэрэлээс 385 242 400 төгрөгийг гаргуулж 66 хохирогчид олгохоор, уг шийтгэх тогтоолын хавсралт 2-ын 28 дугаарт иргэний хариуцагч Д.Д гээс 9 768 000 төгрөг гаргуулж хоршооны хохирогчдод олгохоор шийдвэрлэжээ./хх-ийн 23-34-р хуудас/
Сүхбаатар дүүргийн шүүх дээрх шийтгэх тогтоолд 2007 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 100 дугаартай гүйцэтгэх хуудас бичсэн байна./хх-ийн 22-р хуудас/
Тус алба нь 2008 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 1-6 тоотыг эд хөрөнгийг хураах акт үйлдэн шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэж, 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төлбөр төлөгч Д.Д гээс үнийн санал авч, уг үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч нарт үнийн санал өгөхийг цахимаар мэдэгдсэн болно гэсэн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг үйлджээ./хх-ийн 36, 37, 44, 45-р хуудас/
Улмаар 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилж, уг объектыг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 28 200 000 төгрөгөөр үнэлснийг Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 1-7А тоот хувийн сууцыг, газрын хамт ИХ-ийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 28 200 000 төгрөгийн 70 хувиар тооцон 19 740 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 10.00 цагт явуулахаар товлосон тухай мэдэгдлийг төлбөр төлөгчид хүргүүлжээ./хх-ийн 46-52-р хуудас/
Ш Б дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нар харилцан тохирч тогтооно гэсэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасан шаардлагыг биелүүлж үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагчаас үнийн санал аваагүй байна.
Хамтран өмчлөгч нарт цахимаар мэдэгдсэн гэж байгаа боловч тэр талаар баримт байхгүй, зөвхөн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл байгааг тэдэнд мэдэгдсэн гэж үзэх боломжгүй байна.
Шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудасны дагуу явуулсан дээрх ажиллагаануудаас дүгнэж үзэхэд:
төлбөр төлөгч, төлбөр төлөгч нарт эрх, үүргийг нь тайлбарлан өгөөгүй, төлбөр төлөгчөөс төлбөр төлөх бусад хөрөнгийн талаар мэдүүлэг аваагүй, эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа хийгээгүй, эд хөрөнгийг хураан авах акт үйлдсэн боловч хэнээс хураасан болох нь тодорхойгүй, төлбөр авагчаас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал аваагүй, шинжээчээр үнэлүүлэх тухай төлбөр төлөгч буюу төлбөр авагчийн хүсэлтийг аваагүй, үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч нараас үнийн санал аваагүй, тэдэнд мэдэгдээгүй байх тул шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 19, 20, 31 дүгээр зүйлийн 31.1., 34 дүгээр зүйлийн 34.1.1., 34.1.6., 36 дугаар зүйлийн 36.1., 37 дугаар зүйлийн 37.1-д заасан шаардлагатай нийцээгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Ахлах шийдвэр гүйцэтгэгч дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн энэ хуулийн 11.2-т заасан үндэслэл байхгүй бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргана гэжээ.
Хариуцагч нь уг тогтоолыг шүүхэд ирүүлээгүй байх бөгөөд “үнэлгээ тогтоох” ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргаж байгаа боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.
Иймд үнэлгээ хүчингүй болгуулах тухай Д.Д гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д д заасныг тус тус удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1., 34.1.6., 37 дугаар зүйлийн 37.3. дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч Д.Д гээс 9 768 000 төгрөг гаргуулж хоршооны хохирогчдод олгох тухай Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 242 дугаартай шийтгэх тогтоолын дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ш Б наас 70.200 төгрөг гаргуулж Д.Д д олгосугай
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДаргалагЧ ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО