Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 99

 

-                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.Алдармаа

Улсын яллагч: Т.Төмөртулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч: Ж.Ч нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ж.Ч-д холбогдох 1922002660118 тоот хэргийг 2019 оны 11 сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд 1995.04.17-нд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эцэг, эх, дүү нарын хамт Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 2-р баг Хадан хошууны 2-1 тоотод оршин суух , урьд ял шийтгэлгүй, /РД:ЗЛ98022815/ Хоньчжамбал овогт Ж.Ч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

               1/ Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч нь Ж.Ч нь 2019 оны 10 сарын 3-ны өдрийн 12 цагийн орчимд  Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах Тагнуулын хэлтсийн урд талын байранд иргэн Ц.Э-ныг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Ц.Э-ны: “Би 2019.10.02-ны өдрийн орой хамаатны ах Энхтайван, Энхтайвангийн эхнэрийн дүүтэй үерхдэг Ч нарын хамтаар “Отог лоунжид” орж пиво уугаад караокед орсон. Тэгээд орой болгоод Ч-ийн Айргийн 1-27 тоотод байдаг гэрт нь очоод 2 шил архи уугаад унтсан. 2019.10.03-ны өдрийн өглөө 08  цагийн үед манай аавын хамгийн том эгчийн хамгийн бага хүү Энхтайваны Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багт байдаг тагнуулын хэлстийн урд талын байранд байж байгаад 0,5л савалгаатай пиво, нэг шил 0,75л савалгаатай Хар экс нэртэй архи Ч, Энхтайван нарын хамтаар хувааж уусан. Тэгээд архи пиво уусаар байтал өдөр тийш болсон. Өдөр 12 цагийн үед би Энхтайваны гэрт буйдан дээр сууж байгаад би өмнө нь хамт амьдарч байсан эхнэрийнхээ талаар Энхтайван ахтай юм яриад байж байтал гэнэт Ч над дээр ирээд чи муу намайг яахлаараа ирээд цохьдог юм” гэж хэлээд миний толгойд гараараа цохиж зодсон. Тэгээд Чнамайг зодоод байсан. Энхтайван ах манай гэрээс гар гэж хэлээд Ч бид хоёрыг гэрээсээ гаргасан. Тэгтэл Ч намайг газар унагаж байгаад нүүр нүдгүй зодсон. Тэгээд намайг Ч зодож байхад Энхтайван ахын эхнэр Монголмаа гаднаас орцонд орж ирээд Ч-нг аваад явсан. Тэгээд Ч алга болсон. Удалгүй цагдаа ирсэн. Би Ч-г оролдоогүй зүгээр Энхтайван ахтай юм яриад сууж байхад Ч намайг би одоо ингээд цэрэгт явлаа намайг явсан хойгуур манай авгайг аваад суучих гээд өдөөд байсан. Би тэр хэлсэн үгийг нь тоолгүй тийм юм гэж юу байсан юм гэж хэлж байсан. Тэнд ямар ч маргаан байхгүй байсан. Чтай  нэг ч удаа маргаж байгаагүй. Ямар нэгэн хувийн таарамжгүй харьцаа байхгүй. Боль гэж Ч-нд хэлсэн. Ч Энхтайваны хэлсэн үгэнд ороогүй. Үгийг нь тоогоогүй. Ч намайг гараараа зодож, газар унасан байхад хөлөөрөө өшиглөсөн. Хохирлоо барагдуулж авбал өөр гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх5-6/

 - Гэрч М.Монголмаагийн: “2019.10.03-ны өглөө эрт манай гэрт Энхтайваны хамаатан Эрдэнэбулган, манай төрсөн дүүгийн найз Ч нар гэрт ирсэн. Тэгээд тэр хоёр манай гэрт ирээд пиво ууж эхэлсэн. Би...байрныхаа гадаа автомашинаа тавиад байрны орц руугаа ортол манай гэрийн үүдэнд Эрдэнэбулгантай хамт пиво ууж байсан Ч гэдэг залуу зодсон байдалтай, Эрдэнэбулганы хамраас нь цус гарсан байсан. Хажууд манай нөхөр Энхтайван зогсож байсан. Би юу болсон талаар асуухад надад тэр гурав юм хэлээгүй. Тэгээд би Чг байрныхаа орцноос авч гараад машиндаа суулгаад тэгээд гэрт нь хүргэж өгсөн. Буцаад гэртээ ирсэн чинь гэрт манай том хүү ганцаараа байж байсан. Манай нөхөр Энхтайван, хамаатны залуу нь Эрдэнэбулган нар алга байсан. Би Чгаас ямар нэгэн зүйл асуугаагүй. Ч замдаа Булгаа өөрөө эхэлж намайг цохьсон шүү гэж л хэлээд байсан. Ч согтуу нь гайгүй байх шиг байсан. Эрдэнэбулганы хамраас цус гарсан байсан. Чд ил харагдах шарх байгаагүй. Чгийн гадуур өмссөн хувцас нь урагдсан байсан  гэх мэдүүлэг /хх-9/

- Гэрч Н.Энхтайваны: “2019.10.02-ны өдрийн өглөө би Хулд суманд байдаг хөдөө гэртээ байж байхад манай хөдөө гэрийн утасруу Ч залгаад надад хандаж агаа та аймаг явах уу би маргааш өглөө цээж зураг авхуулна, цэрэгт явна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тоглоод Ч-д хандаж чамайг цэрэгт явсан хойгуур Болормаа өөр хүнтэй суучих байлгүй дээ гэж тоглож хэлээд харж байгаад ажил амжихаар бол хүрээд очъё гэж хэлж байсан. Тэр үед Ч Луус сумаас урагш хөдөө Болормаагийн их гэрт гараж барьж байсан. Ч бид хоёр 2019.10.02-ны өдрийн үдээс хойш нар шингэж байхад Луус сумаас наашаа аймгийн төврүү явсан. Ингээд замдаа явж гарахаасаа өмнө Ч Луус сумын дэлгүүрээс 2 том савтой пиво авсан. Ч тэр авсан пивоноосоо жаахан уусан. Би машин барьж байсан болохоор уугаагүй. Ингээд замдаа явж байгаад би Ч-тай юм ярьж байгаад Эрдэнэбулганыг аймгийн төв рүү явсан гэж Чд ярьж байсан. Ч Эрдэнэбулганыг таньдаг юм байна лээ. Тэгээд Ч бид хоёр аймагт манай 315-р байрны 4 тоотод байдаг манай гэрт ирсэн. Тэгээд Ч манай гэрт ирчихээд усанд орчихоод явсан. Маргааш өглөө нь эрт 09:00 цагийн үед намайг орноосоо босоогүй байхад Ч, Эрдэнэбулган нар манай гэрт ирсэн. Тэгээд манай машинд байсан пиво уухаар болсон. Машинаас пиво гаргаж уусан. Тэгээд пиво ууж байгаад дэлгүүрээс ахиад архи пиво авч уусан. Хамгийн сүүлийн архи пиво ууж дуусаад байж байхад Ч, Эрдэнэбулган нар хоорондоо юм яриад сууж байсан. Тэр үед би согтуу байсан болохоор юу ярьж байсныг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан тэр хоёр хоорондоо босоод барилцаад авсан. Тэгэхээр нь би хоёуланг боль гэж хэлсэн. Эрдэнэбулган миний үгэнд орсон. Ч миний үгэнд орохгүй байсан. Би гэр сүйтгэнэ гэж бодоод тэр хоёрыг гэрээсээ гаргасан. Тэгтэл Ч Эрдэнэбулганыг зодоод байх шиг байсан. Үүдэнд түчигнээд байсан, яг яаж зодсоныг хараагүй. Тэр үед би Монголмаа руу утсаар залгаад Монголмаагийн үгэнд Ч орж магадгүй гэж бодсон. Тэгээд би гээд үүд рүү явтал гэрийн үүдэнд Ч орж ирээд би явлаа гэж надад хэлээд буцаад гарсан. Би хамт гараад хартал Эрдэнэбулганы нүүр нь цус болоод нэг нүд нь хавдсан байсан. Яг тэр үед Монголмаа ирээд Чг аваад явсан. Би нэлээд согтсон байсан. Ч согтоогүй халмаг байхдаа Э-д хандаж дүү нь одоо цэрэгт явлаа та Болормаатай суухгүй юу гэж хэлээд байсан. Эрдэнэбулган юу гэж тийм юм байдаг юм гэж хэлж байсан. Сүүлд тэр хоёр юунаас болж маргалдаад заамдалцсаныг мэдэхгүй байна. Би нэлээд согтсон байсан. Ч огт гэмтээгүй байсан. Эрдэнэбулганы нүд нь хөхрөөд цусандаа холилдсон байсан. Хаанаас нь цус гарсныг мэдээгүй” гэх мэдүүлэг /хх12-13/

- Шинжээчийн 2019.10.04-ний өдрийн  248 тоот “Ц.Э-ны биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн   эдийн няцрал, дух, хүзүүнд зулгаралт, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Тархи доргилт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна ”гэх дүгнэлт, гэрэл зураг /хх15-17/ зэрэг баримт хамаарна.

Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тул шүүх нотлох баримтаар үнэлж, хэргийг шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Ч нь 2019 оны 10 сарын 3-ны өдрийн 12 цагийн орчимд  Ц.Эрдэнэбулганыг зодож Ц.Э-ны бие махбодид тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хүзүүнд зулгаралт, хүзүүнд цус хуралт буюу хөнгөн зэргийн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч М.Монголмаа, Н.Энхтайван, шинжээчийн 248 тоот дүгнэлт /хх15-16/ зэрэг баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ж.Ч нь Ц.Э-ныг ямар шалтгааны улмаас зодсон эсэх нь тодорхойгүй, нотлогдохгүй байх тул танхайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Ж.Чг танхайн сэдэлтээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулж, шийтгэх үндэслэлтэй байна.

 

2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч Ц.Э нь “отор нүүдэл хийж яваа” шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул хохирогчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.

Хэргээс үзэхэд шинжээчийн 2019.10.04-ний өдрийн  248 тоот дүгнэлтэд хохирогч Ц.Эрдэнэбулганы биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хүзүүнд зулгаралт, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Тархи доргилт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй .Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна” гэжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд  уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж  мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж  тус тус заасан байна.

 Дээрхи хуулийн заалтаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч Ж.Ч хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Ц.Э нь өөрийнхөө эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй байна.

Хохирогч Ц.Эрдэнэбулган  нь эм худалдан авсан 40660 төгрөг /хх-40-41/ бусад зардалд 8000 төгрөг /хх-42/ нийт 48660 төгрөгийн баримт гаргаж өгсөн ба Дундговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлтдээ”хохирлын мөнгө болох 48660 төгрөгийг хүлээн авлаа. Гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй” гэсэн /хх-52/, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Ц.Э-ын ХААН банкин дахь дансанд 90.000 төгрөг тушаасан баримтыг гаргаж өгсөн тул хохирол төлбөрийг бүрэн барагдуулсанд тооцох үндэслэлтэй.

Мөн хохирогч нь хэргийн материалтай танилцаад “санал хүсэлт байхгүй” гэжээ.

 Иймд дээр дурьдсан хуульд зааснаар хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй боловч шаардлага гаргахгүй гэж татгалзсан тул уг үндэслэлээр холбогдох иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

Прокуророос шүүхийн хэлэлцүүлэг болон ял оногдуулах тухай саналд шүүгдэгч Ж.Чд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” ял оногдуулах санал гаргав.

Шүүгдэгч Ж.Ч нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас  анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогоогдсонгүй.

Хэргээс үзэхэд Төрийн банк, Хас банк, ХААН банкинд Ж.Ч-гийн нэр дээр данс байгаа боловч тухайн дансанд бараг үлдэгдэлгүй, түүний нэр дээр хөдлөх болон, үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй болох нь банкнуудын тодорхойлолт, улсын бүртгэлийн хэлтсийн 2018,11,15-ны өдрийн 3/623 тоот лавлагаа зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.Ч нь улсын яллагчийн санал болгож буй торгуулийн ялыг биелүүлэх боломжгүй этгээд байх тул Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, хуульд заасан доод хэмжээгээр оногдуулах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5  дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйл, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

     1. Шүүгдэгч Хоньчжамбал овогт Ж.Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хоньчжамбал овогт Ж.Ч-д 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

      3. Шүүгдэгч Ж.Ч-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      4. Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийж биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Ч-д анхааруулсугай.

      5.Шүүгдэгч Ж.Ч нь цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогчид 90.000 /ерэн мянган/ төгрөг хүлээлгэн өгсөн хохирогч гомдолгүй гэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

      6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Э эрүүл мэндэд учирсан гэм хор бүрэн арилсан үндэслэлээр холбогдох иргэний нэхэмжлэлийг бүгдийг хэрэгсэхгүй болгосугай.

7.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Чд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ