| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0214/Э |
| Дугаар | 218 |
| Огноо | 2019-08-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 218
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: С.Болорзул,
Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,
Шүүгдэгч: М.Б, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914004390291 тоот хэргийг 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2000 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1986 оны Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар нэг жилийн хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж хянан харгалзсан.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч М.Б нь 2019 дугаар 06 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 9 дүгээр багийн нутагт байрлах Есөн-Эрдэнэ зах дотор иргэн А.Гыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1.Шүүгдэгч М.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:
“...Тэгээд би явах гэхэд татанхай минь салаавч миний өөдөөс гаргасан мөн миний өөдөөс тулж ирээд мөрлөсөн тэр үед нь би татаж барьж аваад толгой руу нь мөргөсөн энэ үед гурилын хүмүүс цагдаа дуудлаа гэж хэлсэн тэр үед би жоохон зайтай очоод сууж байсан чинь Д хүрч ирээд аймаар болчихсон байна гэж хэлсэн тэр үед нь би ус авч очсон тэгтэл би мөнгөтэй хүн гэж хэлээд хөх толгой өгсөж явж байгаа харагдсан. гэх мэдүүлэг /хх-ийн-42-44-р хуудас/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3.Хохирогч А.Гы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 06 дугаар сарын 04-ны өдөр би “Есөн-Эрдэнэ” захын гурил зардаг контейнеруудын дунд явж байтал Б миний араас дуудаад байхаар зогсоод хүлээж байтал Б над дээр ирээд миний хувцаснаас зуурч байгаад толгойгоороо миний нүүр хэсэг рүү мөргөсөн. Тэгээд би нүүрээ дараад хойш унатал миний баруун нүдний хөмсөгний дээд хэсгээс цус гарч байхаар би гараараа дараад цусаа тогтоогоод би тэнд байсан хүмүүст хандаад цагдаа дууд гэж хэлсэн чинь Б зугтаагаад алга болсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/ 4.Арван найман насан хүрээгүй гэрч А.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн:
...2019оны 06 сарын 04-ний өглөө 07 цагийн орчимд Д гэдэг хүнтэй хамт манай ах А.Г толгойгоо гоо хагалуулчихсан халамцуу байдалтай орж ирсэн. Д гэдэг хүн “контейнерт цуг байхад Б гэдэг хүн ахыг чинь цохисон би тэр хүнийг олоод ирье” гээд ахыг үлдээгээд гараад явсан. Д гэдэг хүн эргэж ирээгүй. Би цагдаад тэр өдөр мэдэгдсэн. Ах өөрөө хэлэхдээ “Д гэдэг хүнтэй юм яриад сууж байхад Б ирээд юугаар цохсоныг би мэдэхгүй, намайг цохиод би ухаан алдсан. Нэг мэдэхэд Дийн гэрт байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/
5.Гэрч Б.Дын мөрдөн байцаалтад өгсөн:
...Тэр өдөр Есөн-эрдэнэ захын гурилын контейнерүүдын дунд Б, Г 2 зодолдож байсан. Т-эгээд Гы толгой руу Б толгойгоороо мөргөөд , Ган- Өлзийсайханы толгойноос цус гарж байсан. Тэгээд тэр 2 яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/
6.Гэрч Н.Дийн мөрдөн байцаалтад өгсөн:
"... 2019 оны 06 сарын 04-ны өдөр гурилын контейнерын дунд тэр 2 маргалдаж байснаа Б нь Гыг мөргөсөн тэгээд Гы хөмсөгний хэсгээс цус гарж байсан, би юу болсон талаар асуухад Б намайг зодлоо гэж байсан тэгээд бид 2 Ган- Өлзийсайханыд очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/
7.Гэрч Т.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн:
“...М.Б бид 2 дундаасаа 3-н хүүхэдтэй танилцаад 11 жил болж байна хамтран амьдраад 8 жил болж байна. Архи их уух болсон уусан үедээ догшин ширүүн зан авиртай болдог харилцаа хандлага муутай хүн байгаа юм. Эрүүл үедээ зан авир гайгүй байдаг үр хүүхэд дээ ямар нэгэн гэж буруу зан гаргаад байдаггүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/
8. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 373 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. А.Гы биед тархи доргилт, духанд шарх, баруун дээд доод зүүн доод зовхинд цус хуралт, зүүн чамархайнд зулгаралт, дух, зовхи хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Иргэн А.Гы биед 2019.06.03-ны өдрөөс өмнө учирсан хуучин гэмтэл тогтоогдсонгүй.
4. Дээрх гэмтэл нь шүүх энмэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн -9-10/ болон Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн тодорхойлолт /хх-ийн 11-р хуудас/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-58/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирол төлосөн баримт нэг хуудас гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч М.Б нь 2019 дугаар 06 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 9 дүгээр багийн нутагт байрлах Есөн-Эрдэнэ зах дотор иргэн А.Гыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч А.Г, гэрч А.Баттулга, Б.Д, Н.Д, Т.Н нарын мэдүүлэг Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 373 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч М.Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч М.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч М.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохиролыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч М.Б нь урьд ял шийтгэгдэж байсан энэ талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн байх тул түүнийг урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан гэж үзлээ.
Шүүгдэгч М.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болон шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Бийг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар ялтан М.Бид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээш цагаар хийлгэж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан М.Б нь нийтэд тусгай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч М.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ