Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 97

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.Алдармаа

Улсын яллагч: Г.Хаш-Эрдэнэ

Хохирогч: Б.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч: Э.А нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ад холбогдох 1922002710121 тоот хэргийг 2019 оны 11 сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Мандалговь хотод 1992.03.31-нд төрсөн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, бичиг үсэг мэдэхгүй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эцэг, эх, дүү нарын хамт Сайнцагаан сумын 3-р баг Аривжихийн 15-14 тоотод оршин суудаг гэх, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:ЗЮ92033115/ Харчин овогт Эрдэнэхүүгийн Амартүвшин нь бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар биечлэн оролцсон бөгөөд талуудын хүсэлтээр хэргийн 3, 7-8, 14, 18, 19, 20-22, 32-33, 34, 36-43, 51, 52 дугаар талд авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1/ Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч Э.А нь 2019 оны 10 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Наранбулаг” ХХК-ний байранд гутал засварын үйл ажиллагаа явуулдаг иргэн Б.Аын “Samsung on-7” маркийн гар утсыг сэм авсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

         - Хохирогч Б.Аын: “...тэр үед миний өрөөнд өрөө түрээслэгч Сайнбаяр буюу Бор орон дээр цаашаагаа хараад унтаж байсан юм, тэгээд би ажлаасаа гарч бие засчихаад буцаж өрөөндөө орж ирсэн. Намайг өрөөнөөс гарах үед Сайнбаяр орон дээр унтаж байсан, түүний наана орон дээр Амартүвшин суугаад үлдсэн. Тэгээд намайг орж ирэх үед орон дээр сууж байгаад “за за Амараа ахаа би явлаа” гэж хэлсэн юм, тэгээд би үргэлжлүүлээд ажлаа хийж байгаад 00 цаг өнгөрөөгөөд харих санаатай ажлынхаа өрөөг түгжих гээд гарч байтал Амартүвшин нэг шил архи, нэг том пиво барьчихсан орж ирээд ахыг өнөөдөр би дайлна гэж хэлсэн. Тэгэхээр нь ах нь архи уухгүй байгаа чи аваад яв гэж хэлээд явуулсан юм, тэгээд би гэртээ очиж амраад маргааш өглөө нь 8 цагт ажил дээрээ ирсэн. Тэгсэн урьд өдөр нь ажлынхаа сейфэнд хийж үлдээсэн гар утсаа авах гэтэл алга болчихсон байсан. Зоогийн хорооллын энгэрт байх Догмид гэх хүнд 24,000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан. Тэр утсыг нь үзтэл миний гар утас мөн байсан тул гар утсаа авсан. Тэгээд гар утсаа нээж үзтэл миний хамаг зураг, мэдээллүүдийг устгасан байсан. Миний утас хар өнгөтэй, Samsung on 7 маркийн шинэ утас байгаа юм. Би Samsung on 7 маркийн гap утсаа 7 хоногийн өмнө Улаанбаатар хотоос 500.000 төгрөгөөр худалдан авсан юм, тэр ханшаар нь үнэлж байна Өчигдөр буюу 2019.10.04-ний орой Амартүвшинг сүүлд орж ирэх үед нь гар утсаараа хүнтэй чатлаж байгаад нүдэн дээр нь сэйфинд хийж орхиод бие засахаар гарсан юм, түүнээс хойш утсаа санахгүй байж байгаад маргааш өглөө нь утсаа хайж үзтэл алга болчихсон байсан юм, тухайн үед сэйфээ түгжээгүй,  онгорхой байсан юм. Миний гар утсыг хулгайлсанд гомдолтой байна мөн миний гар утсан дээр байсан зураг, мэдээллүүдийг устгасанд гомдолтой байна, нэхэмжпэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх7-8/

-     Гэрч Ү.Догмидын: 2019 оны 10 дугаар сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна би Сайнцагаан сумын 5-р баг Зоогийн 08-12 тоотод байх гэртээ ганцаараа байж байтал гаднаас орой 23 цагийн үед манай нөхөр Пүрэвбаатарын төрсөн ахынх нь хүү Амартүвшин ганцаараа орж ирээд хар өнгөтэй гар утас гаргаж ирээд та энэ утсыг түр авч бай тэгээд 20,000 төгрөг түр өгчих маргааш ирж авъя гэж хэлсэн юм. Тэгээд Амартүвшин гараад яваад өгсөн. Тэгсэн маргааш нь Амаржаргал гэх гуталчин ах ирээд миний утсыг Амартүвшин барьцаанд тавьсан байх ёстой түүнийгээ авмаар байна гэж хэлэхээр нь би нөгөө гар утсыг гаргаж үзүүлтэл Амаржаргал ах өө миний гар утас мөн байна гэж хэлээд аваад явсан юм. Би Амартүвшинд мөнгө зүгээр зээлүүлсэн юм, бусдаар бол гар утсыг барьцаанд авсан зүйл байхгүй, Амартүвшин хэлэхдээ энэ гар утсыг түр хадгалж байгаарай манай найз охины утас байгаа юм л гэж хэлсэн юм. Ямар учиртай яг хэний утас болохыг нь мэдээгүй. Тухайн гар утас нь хар өнгөтэй, шинэвтэр утас байсан. Утсыг нь нээж үзэхэд ямар нэгэн зураг байгаагүй юм, харин фэйсбүүк хаягийг нь нээж үзтэл Амаржаргал, Амаржаргал гэсэн хаяг гарч ирж байсан” гэх мэдүүлэг /хх-14/

-     Гэрч С.Доржнамжилын: Би 2019.10.04-нөөс 05 нд шилжих шөнө ажил дээрээ жижүүртэй байсан юм. Б.А ах ажил дотроо бие засах газаргүй учир манай ажил дээр ирж бие засаад явдаг юм, тэр өдөр хэд хэдэн удаа орж ирж бие зассан юм. Хамгийн сүүлд 23:00 цагийн үед ганцаараа орж ирээд бие засчихаад гараад явсан. Эрүүл харагдаж байсан, архи уугаагүй юм шиг байсан, яг ойртож уулзаагүй учраас сайн мэдэхгүй байна. Би бол эрүүл байсан л гэж хэлнэ” гэх мэдүүлэг /хх-18/

-     Гэрч Л.Мөнхсүхийн: Би хэзээг санахгүй байна 2019 оны 10 дугаар сарын эхээр 22 цаг өнгөрч байхад Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвд байх “Ундрам мандал” дэлгүүрийн өмнөх зогсоолд зогсож байтал манай хамаатны дүү Амартүвшин ганцаараа ирээд явах уу? гэхээр нь хаширлаад чи мөнгөтэй юм уу гэхэд мөнгө байгаа гэж хэлсэн. Тэгээд миний машинд суугаад Зоогийн гэр хорооллын 8-12 тоотод хүргүүлсэн, тэднийд орчихоод гарч ирэхдээ нэг пиво барьчихсан гарч ирж байгаа харагдсан, өөр зүйл барьсан байсан үгүйг нь анзаараагүй, тэндээс буцаж төв рүү яваад Хүүхдийн төлөө төвийн зүүн талд байх гуталчны байрны гадаа буугаад үлдсэн. Амартүвшин нь таксинд сууж явахдаа хар өнгийн мэдрэгчтэй гар утас барьчихсан явж байсан, тэрийгээ манай эхнэрийн гар утас гэж хэлж байсан, гар утасны талаар өөр зүйл яриагүй. Тэрнээс хойш Амартүвшин нь миний таксигаар үйлчлүүлээгүй” гэх мэдүүлэг /хх-19/

             -  Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд: “уг гар утас нь хар хөх өнгийн корпустай, ар дээд хэсэгт “Band LTE”, ар доод хэсэгт “Samsung” гэсэн бичигтэй, дэлгэцийн дээд хэсэгт “Sgmsung” гэсэн бичигтэй, 2016 онд үйлдвэрлэгдсэн, 354014080812111 гэсэн IMEI кодтой байв. Гар утасны “Phone” цэсрүү  орж залгасан, гаднаас залгасан, дохисон “Log” руу ороход 2019.10.22-ны өдөр 20 цаг 10 минутанд 89801214 дугаарын утасруу залгасан мэдээлэл байв. Түүнээс өмнөх мэдээлэлүүд байхгүй байв. Мөн утасны “Gallery” цэсрүү орж Pictures-рүү ороход 2019.10.06-ны өдрөөс хойшхи дүрс бичлэг, зурагнууд байв. Тэрнээс өмнөх зураг, дүрс бичлэг байхгүй байв” гэжээ /хх-3/

  -   Сайнцагаан сумын үнэлгээний комиссийн эд зүйлд үнэлгээ хийсэн актад: “Samsung on 7” маркийн шинэ, ухаалаг гар утас үнэлгээ “500.000” төгрөг гэжээ. /хх20-22/

Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тул шүүх нотлох баримтаар үнэлж, хэргийг шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч Э.А нь хохирогч Б.Аыг ажлын байран дээрээ түр эзгүй байгааг /бие засахаар гарсан байсан гэх/ далимдуулан гар утсыг нь сэм авсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Аын мэдүүлэг /хх7-8/, гэрч Ү.Догмид /хх-14/, Л.Мөнхсүх нарын мэдүүлэг /хх-19/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Э.Агийн энэхүү үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож , Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  эрүүгийн хариуцлага хүлээлгэж, шийтгэх үндэслэлтэй байна.

 

2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн  талаар:

 

Хохирогч Б.А хулгайд алдсан гар утсаа өөрөө олж авсан ба иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.

Мөн хохирогч нь хулгайлагдсан гар утсан дээрээ хадгалсан байсан зургуудыг устгасан байсанд их гомдолтой гэх боловч уг гэм хорыг арилгуулах талаар иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.

Хэргээс үзэхэд хохирогч нь хэргийн материалтай танилцаад “гомдолгүй”/хх-55/  гэсэн ба шүүхэд мөн ингэж мэдүүлсэн болно.

Иймд хохирогч нь иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй боловч иргэний нэхэмжлэл гаргаагүйн улмаас шүүх тухайн асуудлаар шийдвэр гаргах боломжгүй тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.

Хохирогч Б.Аын гар утсыг 500000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд хохирогч нь га утсаа өөрөө олж авсан тул шүүгдэгч Э.Аг өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүйд тооцох үндэслэлтэй байна. 

 

3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

Шүүгдэгч Э.А өмнө нь 2012 оны 4 сарын 25-нд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, мөн 2015.11.10-нд  Э.Агийн холбогдсон  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “бусдын эд хөрөнгийг булаах” гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, өршөөлд хамруулж байсан нь  шийтгэх тогтоол, магадлал, шүүгчийн захирамжийн хуулбар, ял шалгах хуудас /хх 34-43/  зэрэг баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.А нь хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж баривчлах ялаар  шийтгүүлээд Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78.2.3-т заасан хугацааны дотор гэмт хэрэг шинээр үйлдсэн боловч уг гэмт хэрэгтээ шийтгүүлээгүй, өршөөлд хамрагдсан тул ялгүй болох хугацаа тасарсанд тооцохгүй учир Э.А нь ялгүй болсон байна.

Шүүгдэгч Э.Агийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба ялгүй болсон, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, бусдад төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг  харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас  нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчаас санал болгосон хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 36.2.4, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 37.2, 38.1 дүгээр зүйлийн 38.2-т

тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Халх /Харчин гэх/ овогт Эрдэнэхүүгийн Амартүвшинг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Халх /Харчин гэх/ овогт Эрдэнэхүүгийн Амартүвшинд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүггэй. 

3.Шүүгдэгч Э.А нь энэ хэргийн улмаас хувийн эд зүйл хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Б.А гар утсаа буцааж авсан, иргэний нэхэмжлэл гаргаагүй ба Э.А бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

4.Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солидог гэдгийг шүүгдэгч Э.Ад анхааруулсугай.

5.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Ад урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                          

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      С.СЭРЖМЯДАГ