| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2016/00543/И |
| Дугаар | 181/ШШ2016/01077 |
| Огноо | 2016-10-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 181/ШШ2016/01077
| 2016 оны 10 сарын 26 өдөр | Дугаар 181/ШШ2016/01077 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, ногоон талбай 1-23 тоотод оршин суух, 1960 онд төрсөн, 56 настай, эмэгтэй, Харчин овогт Чойдорын Булганхүү /РД:ОЮ60032062/-ийн хүсэлттэй эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Булганхүү, нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Миний бие 1979 онд Ховд амйгийн Хөдөө аж ахуйн техниккумыг агротехникч мэргэжлээр төгссөн. Биднийг төгсөхөд Дарханаас Волоож гэдэг хүн ирж авъя гэж байсан. Би Дамба гэдэг хүний туслахаар ажилд анх орж байсан.
Хөдөө Аж Ахуйн яамны сайдын 1979 оны 23 тоот тушаалаар Дархан хот дах Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд 1979 оны 7 дугаар сарын 01-нээс 1980 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болоход дээрх ажилласан жил тогтоогдохгүй, тус ажилд томилсон тушаал нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байгаа юмаа.Надтай хамт ажиллаж байсан хүмүүсийг бөөнд нь тушаал гаргаж ажилд авч байсан. Архиваас тушаал олдохгүй байх тул 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Дархан хотын Ургамал Газар Тариалангийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэнд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Булганхүү нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Ч.Булганхүү нь 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Дархан хотын Ургамал Газар Тариалангийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэнд туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дархан-Уул аймгийн архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ажилд томилсон тухай тушаал, 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эрдэм шинжилгээний туслах ажилтнаар томилогдон ажиллаж байгаа ажилтнуудыг ажилд авах, тэтгэмж олгох тухай ХААЯ-ны Ургамал Газар Тариалангийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн захирлын тушаал, гэрч Л.Буянаа, Б.Наранцэцэг нарын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.
Иймд хүсэлтийг хангах үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ч.Булганыг 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Дархан хотын Ургамал Газар Тариалангийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэнд туслах ажилтнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Булганаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО