| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0217/Э |
| Дугаар | 219 |
| Огноо | 2019-08-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 219
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч : В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга:Н.Гантулга,
Шүүгдэгч: С.С, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914000000268 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, С.С,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.С нь Б.Цтой бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 26-наас 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 7 дугаар гудамжны 31б тоотод оршин суух С.Агын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 510 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч С.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... Агийнд очоод эхлээд Ц хашаанд нь байсан машинаас аккумлятор авсан дараа нь Ц байшингийнх нь цоожийг төмрөөр цохиж онгойлгоод зурагт, хүлээн авагч, ус буцалгагч, 2 ширхэг арвын бидон, 1 ширхэг 40 литрийн бидон аваад манай гэрт аваачиж тавьсан маргааш нь гэрийн эзэн болох А Цийг дагуулж ирээд юмнуудаа авсан...гэх мэдүүлэг. /хх-ийн 25-28/,
...Би эрүүгийн хэрэг тусгаарласан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ бүх мэдүүлэгт үнэн зөвөөр өгсөн учир одоо нэмэж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /49-50/
2.Шүүгдэгч С.С нь шүүхийн хэлэлцүүлэгт: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч С.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
“Хөвсгөл аймаг яваад 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэртээ ирэхэд гэр онгорхой байсан тэгээд гэрт ортол гэр доторх эд зүйл байхгүй байсан тэгээд цагдаад дуудлага өгсөн тэгээд гэрт орсон хүмүүсийг 1 хоногийн дараа олоод зурагт, бидон хийн плитк, плитк зэрэг эд зүйлээ буцааж авсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 5-6 дугаар тал /
4. Яллагдагч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
“2018 оны 08 дугаар сарын 26-ны үед Сынд нэг шил архи аваад очсон тэгээд туунийгээ хувааж уугаад Сд Агийнх эзгүй байгаа А Хөвсгөл явсан талаар хэлээд машиных нь аккумляторыг авч архи авч ууя гэж явсан тэгээд Агийн байшингийн хаалганы цоожийг төмрөөр гөжсөн чинь хаалга нь онгойсон тэгээд 40 литрийн бидон, 10 литрийн бидон, зурагт, 5 бидон аккумлятор тоон системийн хүлээн авагч Сын хамт аваад Сын гэрт аваачиж тавьсан тэгээд 2-3 хоногийн дараа цагдаад баригдаад авсан эд зүйлээ буцааж өгсөн...” гэх мэдүүлэг мэдүүлэг / хх-ийн 32-33/,
... 2018 оны 07 дугаар сарын 18-н өдөр Эрдэнэбаатартай өөрийн гэр болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-33-3 тоотод 1 шил архи уугаад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-12-1 тоотод дэлгүүртэй айл эзэнгүй байдгийг би мэддэг байсан гэрийн эздийг нь таньдаг, гэрийн эзэнтэй нь айлд архи хамт ууж танилцаж байсан тэгээд тэнд эзэнгүй байшин байгаа явах уу гэж Эрдэнэбаатарт хэлэхэд явъя гэсэн тэгээд явж очоод би хашааных нь гадаа сууж байгаад Эрдэнэбаатар ороод байшингийнх нь цонхыг хагалаад 25 литрийн хөнгөн цагаан битан аваад гараад ирсэн тэгээд түүнийгээ ар талын гудамжны үзүүр дээр тавьчхаад байж байтал Эрдэнэбаатар буцаад намайг цуг оръё гэсэн тэгээд би хашаанд нь ороод сууж байсан тэгсэн Эрдэнэбаатар дахиад ертөнцийн зүгээр баруун талын цонхыг хагалсан юугаар хагалсныг хараагүй тэгээд Эрдэнэбаатар дотор нь явж орсон тэгэхэд би цонхных нь доор сууж байсан тэгтэл Эрдэнэбаатар Цэвээнээ ахаа зөндөө пиво байна гэсэн тэгтэл хажуу талынх айлын хүн цагдаа дуудлаа юун хүн бэ гэсэн тэгэхээр нь би гараад зугтаасан, дараа нь 2018 оны 08 дугаар сарын 04-ны өдөр байх Н.Болдбаатар зах дээр архи ууж байгаад цуг гэр лүү нь яваад очиж нэг шил архи уугаад унтаад байж байтал нэг залуу орж ирсэн нэрээ Баагий гэсэн ахынхаасаа телевизор аваад ирье гээд хөх толгойн хойшоо нэг байшинтай айлд очсон тэгээд Болдбаатар тэр залуу хоёр урд талынх нь жижиг цонхоор байшинд ороод тэр жижиг цонхоор телевизорыг гаргах гээд багтахгүй байсан... 2018 оны 08 дугаар сарын 26-ны үед Сынд нэг шил архи аваад очсон тэгээд түүнийгээ хувааж уугаад Сд Агийн эзгүй байгаа Азаа Хөвсгөл явсан талаар ороод машиных нь акумлъяторыг авч архи авч ууя гэж явсан тэгээд Агийн байшингийн хаалганы цоожийг төмрөөр гөжсөн чинь хаалга нь онгоосон тэгээд 40 литрийн, 10 литрийн битан, зурагт, 5 битан, акумлъятор, тоон системийн хүлээн авагч 1 Сын хамт аваад Сын гэрт аваачиж тавьсан тэгээд 2-3 хоногийн дараа цагдаад баригдаад авсан эд зүйлээ буцааж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 38-40/
5. Гэрч С.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... С нь 2 дугаар анги төгссөн багаасаа мал дээр байсан. Миний дараагийн дүү доороо 5 дүүтэй ааш зангийн хувьд ямар нэгэн гаж зан байхгүй хүний үгнээс гарахгүй , хүнд тусархуу өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй, дүү нартаа ойр зуурын юмыг нь хийж өгч байнга тусалдаг 2015 онд эхнэр нь өөр нөхөртэй болоо салаад явснаас хойш сэтгэл санаагаар унаад архи уудаг болсон хөдөө манайд мал дээр байхдаа архи уудаггүй энд аймагт орж ирхээрээ л архи уугаад түүнээсээ болоод хэрэгт холбогдсон байсан. гэх мэдүүлэг. / хх-ийн 11-12/,
6. Энх-Нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 241 дугаар шинжээчийн:
1.32 инчийн Lcd зурагт 2016 онд авсан 2100.000 төгрөг,
2. 40 литр битон хуучин 70.000 төгрөг,
3. 10 литр битон 15.000 төгрөг,
4. 5 литр битон 10.000 төгрөг,
5. 60 ам аккумлятор нэг ширхэг шинэвтэр 165.000 төгрөг,
6. Газ плетик нэг ширхэг 10.000 төгрөг,
Олон сувгын антен хүлээн авагч /сетбокс/ 30.000 төгрөг нийт 510.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-16/ болон хавтаст хэргийн 41-43 дугаар хуудсанд авагдсан Прокурорын газрын эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол, хавтаст хэргийн 44-47 дугаар хуудсанд авагдсан Прокурорын газрын эрүүгийн хэрэг тусгаарлах тухай тогтоол. хавтаст хэрэгт 51 дүгээр хуудсанд авагдсан урьд ял шийтгэгдсэн тухай лавлагаа, хавтаст хэргийн 62 дугаар хуудсанд авагдсан Прокурорын газрын мэдээлэл баримт бичиг гаргуулах тухай тогтоол, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч С.С нь Б.Цтой бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 26-наас 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 7 дугаар гудамжны 31б тоотод оршин суух С.Агийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 510000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч С.А, гэрч Ц, шүүгдэгч С.С нарын мэдүүлэг, Эд зүйлийн үнэлгээний Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 241 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч С.Сыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж шүүгдэгч С.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч С.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн...ийг цээрлүүлэх,...д оршино” гэснийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багаггүй ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Сд оногдуулсан хорих ялыг учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, түүнд зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зургаан сарын хугацаагаар авах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ талаар өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч хангах нь зүйтэй гэж үзлээ.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.С нь хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч С.С нь урьд ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ийн мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа ял шийтгэгдсэн гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Сыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Сыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар ялтан С.Сд нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар ялтан С.Сыг зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлж ажиллахыг нээлттэй хорих байгууллагад даалгасугай.
5. С.С нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2019 оны 08 дугаар сарын 05-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ