Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 220

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,

Хохирогч: Э.Г,

Шүүгдэгч: Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914000530142 тоот хэргийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй.эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Н.Д,

Холбогдсон хэргийн талаар

 Шүүгдэгч Н.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Гурван-Эрдэнэ кароакены гадаа Э.Гийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Н.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр би гурилын контейнерын үүдэнд байж байхад Э.Г согтуу хүрч ирээд намайг далан Д гэж хэлээд хэл амаар доромжлоод байсан тухайн үед намайг ингэж доромжлоод байхыг би тэсэлгүй Э.Гийн нүүрэнд нэг удаа өшиглөсөн гэтэл Э.Г уруул хэгзэрчихсэн цус гарч байсан сүүлд миний шүд гэмтлээ гээд байсан өөр зүйл болоогүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Д мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч Э.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр намайг Есөн-Эрдэнэ захын контейнеруудын үүдэнд байхад намайг гараад ирээд гээд контейнеруудын дундаас гаргаад намайг зодсон эхлээд миний уруул руу цохисон уруулаа гараараа дараад суусан чинь намайг 2-3 удаа өшиглөсөн тэгээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар тал/,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Г мэдүүлэхдээ:Тухайн үед жаахан архи уучихсан байсан, Д намайг дуудсан. Тэгээд намайг уруул руу өшиглөсөн. Би эмчилгээний зардал нэг зуун мянган төгрөг нэхэмжилсэн одоо болтол өгөөгүй гэв.

5. Гэрч Б.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                                  

 ... 2019 оны 01 сарын 02-нд байх согтуу Э.Гтэй маргаад байх шиг байсан, Э.Г доошоо суучихсан харагдаж байсан сүүлд Дашка буюу Н.Д Э.Гийг зодсон байсан...” гэх мэдүүлэг /хх-51/

6. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр 02-ны өдрийн 62 дугаар дүгнэлт,

1. Э.Гийн биед тархи доргилт, баруун дээд 1-р шүдний хүзүүвч хэсгийн хугарал, дээд уруулд шарх, буйл, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 5 хувь нөлөөлнө. ... гэх дүгнэлт /хх-ийн -9-10/ болон хавтаст хэргийн 61 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Н.Дийн урьд ял шийтгэгдэж байсангүй тухай ял шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Н.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Гурван-эрдэнэ” караокений гадаа иргэн Э.Гөийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хохирогч Э.Гйн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрчБ.Отгонбаярын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 62 дугаартай зшгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Дийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Н.Дийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Н.Дид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Н.Дид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Г нь эмчилгээний зардал нэг зуун мянган төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Н.Д нь нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Н.Доос нэг зуун мянган төгрөг гаргуулж хохирогч Баянхонгор сумын 7.16.27 тоотод оршин суух /ВН72112418 регистрийн дугаартай/ Э.Гт олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Д нь урьд ял шийтгэгдэж байгаагүй, энэ талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Дийг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар ялтан Н.Дид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээш цагаар хийлгэж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан Н.Д нь нийтэд тусгай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож торгох ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч Н.Доос нэг зуун мянган / 100 000 / төгрөг гаргуулж хохирогч Э.Гт 2019 оны 09 дүгээр сарын 01-ний дотор олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Н.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ