Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 221

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч : С.Болорзул,

Нарийн бичгийн дарга:Ж.Чимэддорж,

Шүүгдэгч: Б.Н, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1- дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914000000257 тоот хэргийг 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүнд даацын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Н

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Б.Н 2019 оны 06 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 19 дүгээр гудамж 06 тоотод оршин суух иргэн Д.Өгийн эзэмшлийн байшинд нэвтрэн орж 310.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1.Шүүгдэгч Б.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 ... Би 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр очихдоо эзэн Чингэс нэртэй 0,75 граммтай архийг авч очсон. Тэгээд хашаанд ороод байшин руу орох гэтэл байшин нь цагаан өнгийн хятад цоожоор цоожилсон байхаар нь түүнийг нь таттал сугарсан. Тэгээд байшингийн үүдний амбаар хэсэгт нөгөө авч явсан архиа уусан. Тэгээд дотор талын байшин руу нэвтэрдэг хаалга нь цоожтой байсан, тэндээ архи ууж байгаад гарч яваад цонхоор нь хартал миний дээл хийсэн авдар мөн байсан, тэгэхээр нь цонхыг нь таттал онгойсон, тэгээд орсон. Тэгээд байшинд архи ууж байгаад гараад хойшоо гэр лүү гээ явах замдаа гар утсыг хаясан байсан тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор хаана хаяснаа санахгүй байгаа. Миний зүгээс тухайн гар утасны марктай ижил гар утас, мөн эвдэлсэн цоожны төлбөрийг төлж барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-56-58/,

2.Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хохирогчтой хадам хүргэний холбоотой, гэрээр нь орж гардаг. Өнгөрсөн цагаан сарын шинийн 3-нд очиж золгохдоо өмсөж очсон хурган дээлэндээрээ юм асгачихаад тэндээ үлдсээсэн юм. Тэгээд хөдөө ажлаар явж байгаад 5 сарын сүүлээр ирээд дээлээ авах гэж очсон чинь маргаан болоод намайг хөөгөөд гаргачихсан. Тэгээд дараа нь дахиад дээлээ авах гээд очиход эзэнгүй, цонх нь онгорхой байсан. Тэгэхээр нь ороод авдарыг нь онгойлгоод үзтэл миний дээл байхгүй байхаар нь зарчихсан юм байхдаа гэж бодоод утсыг нь барьцаа болгож авсан. Хэрвээ утсаа авъя гээд залгах юм бол дээлээ авч байж утсыг чинь өгнө гэж хэлэх байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн шийтгэл ногдуулж өгнө үү гэв.

 3. Хохирогч Д.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 ... Би 2019 оны 06 дугаар сарын 1-ний өдөр 15 цаг Баянхонгор аймаг дахь гэрээсээ гараад хамт олноороо Шаргалжуут явсан, 6 сарын 02-ны өглөө над руу М гэдэг хүн залгаад гэрт чинь хүн байна чи хаана байгаа юм бэ гэхэд Шаргалжуутад байгаа талаар хэлэхэд танай гэрийн хаалга цоожгүй, гэрийн чинь хаалга онгорхой байна гэхээр нь хүүхдүүд л байгаа юм байх гэж бодоод хүүхдүүдийнхээ утас руу залгаад асуутал манай хүүхдүүд миний гэрт очоогүй гэж хэлэхээр нь би Шаргалжуутаас гараад 19 цагийг үед аймагт гэртээ ирээд тэгээд хойд байшиндаа ортол үүдний хаалга онгорхой тэнд байх хөргөгчийн урд талд 1 тал шил архи байсан, авдрын таг онгорхой байхаар нь доторх зүйлүүдээ бүртгэж үзэхэд Самсунг маркийн гар утас байхгүй бусад үйл нь байсан. Өөр алдагдсан зүйлүүд байхгүй. Шаргалжуут явахын өмнө манай охины салсан нөхөр Н мэдэж байсан болохоор түүнийг гэж бодоод дуудлагаар ирсэн цагдаа нарт тэр талаараа хэлсэн. Өмнөх нь 12 цагийн үед манайд хүүхдүүдтэйгээ уулзах гээд согтуу орж ирж байсан. Миний хувьд дараа нь алдагдсан гар утсаа шинэ Самсунг эс-4 маркийн гар утсаар төлүүлж, эвдэрсэн цоожны мөнгийг түүгээр төлүүлэн авсан байгаа одоо ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг/хх-ийн 12-13/

...2019 оны 6 дугаар сарын 1-ний өдөр 15 цаг Баянхонгор аймаг дахь гэрээсээ гараад хамт олноороо Шаргалжуут явсан. 6 сарын 2-ны өглөө надруу М гэдэг хүн залгаад: гэрт чинь хүн байна. Чи хаана байгаа юм гэхэд нь би Шаргалжуутад байгаа талаараа хэлхэд, Танай гэрийн хаалга цоожгүй гэрийн чинь хаалга онгорхой байна гэхээр нь, тухайн үед гэрийн хаалга онгорхой байна гэхээр нь хүүхдүүээ л байгаа юм байх гэж бодоод хүүхдүүдийнхээ утас руу залгаад асуутал манай хүүхдүүд миний гэрт очоогүй гэж хэлхээр нь би Шаргалжуутаас гараад 19 цагийн үед аймагт ирээд гэртээ иртэл л байшингийн үүдний цоож нь байхгүй байхаар нь гэртээ ортол хөргөгчний урд талд 1 тал шил архи байсан, авдрын таг онгорхой байхаар нь доторхи зүйлүүдээ бүртгэж үзхэд Самсунг маркын гар утас байхгүй болсон байсан. Би ямар утас байсныг нь мэдэхгуй байна. Ямар ч байсан Самсунгийн л утас байсан. Ямар маркийн, ямар үзүүлэлттэй утас байсан талаар би хүүхдүүдээсээ асуухгүй бол мэдэхгүй байна. Өөр алдагдсан зүйлүүд байхгүй. Бүгд бүрэн байсан. Би гар утасныхаа үнэлгээг хүүхдүүдээсээ асууж байж хэлнэ. Би Н гэдэг хүнийг сэжиглэж байгаа. Ягаад гэвэл 6 сарын 1-ний өдөр 12 цагийн үед манайд согтуудуу орж ирээд баахан юм ярьж байгаад жаахан маргалдаж байснаа гарч яваад 1 шил архи аваад буцаад ороод ирсэн. Тэгээд нөгөө архиа манайд ууна гэхээр нь би хөөгөөд гаргасан юм. Тийм болхоор л тэр Н гэгчийг сэжиглэж байна. Урьд нь манай гэрт хулгай орж байгаагуй. Намайг Шаргалжуут явах талаар Н гэгч нь мэдэж байгаа учраас л эзгүй хойгуур манай гэрт орж хулгай хийсэн байх. Н гэгч нь 95180010 гэсэн утасны дугаартай, Тээврийн товчооны Ариунзаяагийн гуанзанд амьдардаг Утасны дугаар нь холбогддоггүй. Уурхайгаарл ажилладаг гэж байсан. Нанждбаатар гэгч нь миний охин Ариунбуянтай 2008 онд суугаад 2011 онд салаад 2 тийшээ болсон. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

... Манай байшин 3 цонхтой түүний дунд цонх нь цоожгүй гадна талаас нь хадаасаар дарчихдаг онгорхой байдаг байсан Тийм 2019 оны цагаан сарын шинийн 3-ны өдөр манайд ирээд хар өнгөтэй үзүүсгэн дээл бол орхиж явсан би том хүүдээ өгнө муу амьдарч байна гээд авдарт хийчих гэсэн тухайн үед би авахгүй гэхэд өөр орхиод явсан одоо том хүүхэд нь 14 настай эрэгтэй бага хүүхэд нь 9 настай том хүүхэд нь аавын дээл гээд хямгадаад амбаарт тусад нь хийсэн байгаа тэр дээлийг буцааж өгехөд татгалзах зүйл байхгүй. Тэр дээлээс болж будилаад ийм зүйл болсон юм байна н даа Тухайн гар утас байсан авдар дотор хурган дээл, үзүүсгэн дээл, мөнгөн аяга байсан харин ганцхан гар утсыг нь авсан байсан. 2019 оны 06 дугаар сарын 01-ны өдөр ирээд сайн уу ээжээ гэж мэндэлж орж ирээд буцаж гараад уусан шилний дундуур архи аваад орж ирээд бага охиноо архи аягалаад өг гэхээр би зад загнаад аашлаад хөөгөөд явуулсан өөр ямар нэг зүйл надад хэлж яриагүй. Өмнө орж ирж гардаг байсан улиралд нэг удаа ирж хүүхдүүдтэйгээ уулздаг. Шалгаж үзэхэд ямар нэг зүйл алга болсон зүйл эвдэрсэн зүйл байхгүй байсан тооноор орсонд нь гомдолтой байна Би 14 цагийн үед М над руу залгасан байхаар нь буцаагаад залгатал ойрхон байгаа юм уу гэр чинь цоожтой байшингийн чинь үүдний амбаар онгорхой цаад хаалга нь цоожтой байна гэсэн тэгэхээр нь би хүүхдүүдээсээ асууя гээд утсаа салгасан Самсунг эс-4 маркийн гар утас 2 сарын өмнө 350.000 төгрөгөөр худалдаж авч байсан үнээр нь үнэлнэ, байшингийн цагаан цоож 6000 төгрөг, Монгол цоож шаргал өнгийн 10.000 төгрөгөер тус тус үнэлнэ. Би алдсан гар утсаа шинэ Самсунг эс-4 маркийн гар утсаар төлүүлж оуцааж авсан мөн үнэлгээнд тусгагдсанаар цоожны үнэ болох бэлэн мөнгө 10.000 төгрөгийг Наас гаргуулан авсан байгаа түүний төрсөн 2 хүүхэд нь над дээр байдаг эхнэр нь байсан миний төрсөн охин Ариунбуян нь одоо тусдаа өөр хүнтэй гэр бүл болсон амьдарч байгаа ямар нэг гомдол санал байхгүй өөр нэмж ярих зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/

 4. Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 ... 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 11 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 19 дүгээр гудамж 06 тоотод байх найз Д.Өгийнд очтол хашааны хаалга нь онгорхой хашаанд байх гэр нь цоожтой, байшингийн пингийн хаалга нь онгорхой дотор хаалга нь цоожтой байсан, тэгэхээр нь гарч яваад Д.Ө рүү залгатал утас нь холбогдоогүй гэх мэдүүлэг. /хх-23-24 /,

5. Гэрч М.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 ... Би эрх үүргээ ойлгосон.Мэдүүлэг өгнө. Надад асууж тодруулах зүйл
байхгүй. Би Нын би эхнэр нь байгаа юм албан ёсны гэрлэлтийн
баталгаа хамтран 5-6 жил болж байгаа. Татгалзах зүйл байхгүй мэдүүлэг өгнө Н бид хоёрын дундаас гарсан нэг хүүхэд байгаа одоо 5
настай Н төлөв даруу ажилсаг надад болон хүүхдүүддээ хайр
халамжтай хөдөө ямар нэг байдлаар ажилд яваагүй үед гэр орныхоо ажлыг хийдэг хүүхдүүдээ хардаг хүнтэй зөв харьцдаг, хүнд тусар хуу , архи уугаад байдаггүй хааяа нэг уучих гээд тэгэхээрээ ямар нэг агсам согтуу тавьдаггүй дуугүй болчихдог. Гарын эв дүйтэй багаж нь бах юм бол хийхгүй гэх зүйл байхгүй даруухан. Ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар мэдэж байгаа хүнд ч худлаа хэлдэггүй хулгай хийдэггүй тухайн хулгай хийсэн гээд байгаа айлдаа байшин хашаа үүнээс өмнө хурган дээл зэрэг бүх зүйлээ өгдөг өөрөө өмсөх хувцасгүй үлдсэн байдаг ажил хийхээр олсон мөнгөө тийш нь 2 хүүхэд рүүгээ өгдөг санаатай ийм хулгай хийхээр хүн биш өөр нэмж ярих зүйлгүй...гэх мэдүүлэг. /хх-25-26 /,

6. Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... Н нь манай хамгийн том ах доороо 5 дүүтэй дүү нартай халамжтай найрсаг, хүнд тусархуу хүний үгээр хүн юу гэж хэлнэ түүнийг нь хийдэг, ажилсаг, бүрэн дунд боловсролтой аав ээжийн үгнээс гардаггүй ер нь бол өвөө эмээ дээрээ өссөн хүнтэй зөв харьцдаг, өмнө нь гэр бүл зохиож байсан тэр эхнэрээсээ 2 хүүхэдтэй одоогийн хамтран амьдарч байгаа эхнэрээсээ нэг 5 настай охинтой, өмнө ямар нэг хэрэг төвөгт холбогдож байгаагүй сүүлийн хэдэн жил эхнэрээсээ салаад хоёр хүүхдээ санаад архи бага зэрэг ууж эхэлсэн байх тэр болгон архи уугаад байдаггүй, барилгын ажил уул уурхайн том машиныг барих чадвартай түүгээрээ олон жил хөдөө ажиллаж байгаа, гарын эв дүүтэй, хулгай хийхээр хүн биш хоёр хүүхэд дээрээ энд тэндээс ирэх болгондоо очиж уулзаж гадуур гарч хэрэгтэй зүйлийг нь авч өгч хадам гэх Өд хүүхдүүдэд хувцас авч өгөөрэй гэж хэрэглээний мөнгө төгрөг өгдөг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

7. Энх-Нахиа ХХК-ны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 06-ний өдрийн 309 дугаар шинжээчийн:

1.Самсунг S-4 маркийн гар утас 1 ширхэг 300.000 төгрөг

2.Хятад цоож нэг ширхэг 3000 төгрөг

3. Монгол цоож нэг ширхэг 70000 төгрөг нийт 310000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32/

8. Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 047 дугаар шинжээчийн:

1.Шинжилгээнд ирүүлсэн 3-н ширхэг гарын мөрнүүдээс 1 гэж дугаарласан гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.

2. Папилон санд 2019-013 БНХ кодоор оруулсан гарын мөр АДИС Папилон салбар станцад МN0083810011123 гэсэн дугаараар 1 удаа бүртгэгдсэн Батсайхан овогтой Нын зүүн гарын ядам хуруун хээгээр үүсгэгдсэн мөр байна. гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-43/ болон хавтаст хэрэгт 03-09 дүгээр хуудсанд авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэрэгийн 59 дүгээр хуудсанд авагдсан ял шалгах хуудас, хавтаст хэрэгт 61 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хавтаст хэргийн 60 дугаар хуудсанд авагдсан багийн Засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 72 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгчийн “Чухал амжилт” сургалтын төвийн сертификатны хуулбар, хавтаст хэргийн 72 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгчийн насанд хүүрээгүй хүүхдүүдийн хуулбар, суурь боловсролын гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Н нь 2019 оны 06 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 19 дүгээр гудамж 06 тоотод оршин суух иргэн Д.Өгийн хүн байнга амьдрах орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 310.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан үйл баримт болсон нь хохирогч Д.Ө гэрч Б.М, М.А, Б.С нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээний шинжээчийн 309, 047 дугааруудын дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Ныг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж шүүгдэгч Б.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч Б.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн...ийг цээрлүүлэх,...д оршино” гэснийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багаггүй ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Нт оногдуулсан хорих ялыг учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, түүнд зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах шаардлаггүй гэж үзлээ.

Энэ талаар өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч хангах нь зүйтэй гэж үзлээ.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Н нь хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Н нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа ял шийтгэгдсэн гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Ныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Ныг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар ялтан Б.Нт нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2019 оны 08 дугаар сарын 06-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                       

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Н авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ