Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0780/З |
Дугаар | 495 |
Огноо | 2020-08-18 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 495
Т.Э-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Р нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 293 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Т.Э-ын нэхэмжлэлтэй, НХААГ-ын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 293 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8, 49 дүгээр зүйлийн 49.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, НХААГ-ын даргын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 дугаар тушаал, 2019 оны 06 дугаар 28-ны өдрийн Б/45 дугаар албан тушаалыг тус тус хүчингүй болгож, үлдэх хэсэг болох “НХААГ-ын даргын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/87 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан НХААГ-ын Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүхэд гаргасан гомдолдоо: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 293 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх нь төрийн албаны үндсэн зарчим юм. Нэхэмжлэгч төрийн жинхэнэ албанд тодруулбал, НХААГ-ын худалдан авах ажиллагааны хэлтэст ахлах мэргэжилтнээр тогтвор суурьшилтай ажиллаж байгаад ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан учир НХААГ-ын даргад холбогдуулан дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Үүнд:
1. НХААГ-ын даргын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 дугаар “Албан тушаал буруулах тухай” тушаал,
2. НХААГ-ын даргын 2019 оны 06 дугаар 28-ны өдрийн Б/45 дугаар “Албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаал,
3. “НХААГ-ын даргын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/87 дугаар “Албан тушаалд эгүүлэн томилох тухай” тушаалыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан НХААГ-ын Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах” тухай.
Нэхэмжлэгчийн албан тушаал бууруулж мэргэжилтнээр томилох тухай 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 дугаар тушаал, мэргэжилтнийг албан тушаалаас чөлөөлсөн 2019 оны 06 дугаар 28-ны өдрийн Б/45 дугаар тушаалууд нь хууль зүйн үндэслэлгүй, хууль зөрчсөн талаар анхан шатны шүүх “...хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараас үзэхэд орон тоо өөрчлөгдөөгүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт зааснаар төрийн байгууллагын орон тоо өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар хасагдаагүй байна. Энэ нь ахлах мэргэжилтний албан тушаалд тус газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/51 дүгээр тушаалаар С.Б-ыг томилсон тушаалаас харагдаж байна” гэх дүгнэлт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 01/983 дугаар албан бичгээр тогтоогдож байна.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/241 дүгээр захирамжаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь газрын дарга, орлогчийн хамтаар 35 орон тоотой байхаар баталсан. Энэ орон тоо хасагдсан зүйл байхгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа.
Гэтэл хариуцагч Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтний 2 орон тоог 1 болгон өөрчилсөн тушаал гарган нэхэмжлэгчийг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар ажлаас нь халсан боловч 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/135 дугаар тушаалаар худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтний орон тоог гурав болгон нэмэгдүүлж тушаал гаргасан нь зөвхөн нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөхийн тулд түүнд зориулж орон тоонд өөрчлөлт оруулсан нь тогтоогдож байна.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаан дээр Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтний 3 орон тооны 2 нь сул байгаа талаар өөрсдөө тайлбарладаг. Мөн хариуцагч С.Б гэх ажилтныг хууль зөрчин нэхэмжлэгчийн ажилд томилсон болох нь тогтоогдож байгаа болохоор нэхэмжлэгчийг Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн томилох боломжтой.
Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэгчийг урьд эхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилох шаардлагыг хүргүүлсэн байхад дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг зөрчин 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/87 дугаар тушаалаар НХААГ-ын Захиргаа, санхүүгийн хэлтсийн төлөвлөгөө, тайлан хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг зөрчөөд зогсохгүй нэхэмжлэгчид Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл байсныг анхан шатны шүүх анхаарч үзэлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Шүүхийн энэхүү шийдвэр ганц нэхэмжлэгчийг бус бүх төрийн жинхэнэ албан хаагчийг ажил олгогч хууль бусаар ажлаас халаад эгүүлэн ажилд томилохдоо өөрийнх нь ажиллаж байсан ажил албан тушаал байсаар байхад урьд эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулаагүй бол ямар ч хамаагүй ажил албан тушаалд томилж болох боломжийг үүсгэж байна.
Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй бол ямар ч хамаагүй ажил албан тушаалд томилж болно гэсэн дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй.
Нэгэнт нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажил албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа, тэр тусмаа тухайн албан тушаал сул байсаар байхад нэхэмжлэгчийг заавал өөр ажил албан тушаалд томилж байгааг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа болохыг анхан шатны шүүх үл тоон “ “... зөвхөн би тухайн албан тушаад ажиллах ёстой” гэж үзэж байгаа нь учир дутагдалтай” хэмээн дүгнэж НХААГ-ын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/87 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан НХААГ-ын Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаад эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 293 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хянаад, шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, дараах үндэслэлээр гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох нотлох баримтыг цуглуулсан боловч хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий, бүрэн дүүрэн дүгнэлт хийлгүй шийдвэрлэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэг. Маргаан бүхий НХААГ-ын даргын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалаас бууруулж, мэргэжилтнээр томилсон байна.
Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах талаар зохицуулсан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, хариуцагчаас энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж, өөрийн гаргасан захиргааны акт, түүнийг үндэслэлийг бүрэн нотолж чадаагүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй юм.
Хэдийгээр хэргийн оролцогчдоос маргаан бүхий актыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулсан эсэх асуудлаар маргаагүй боловч Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 01/983 дугаар албан бичигт “...Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулахдаа Т.Э-ыг хариуцсан үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-д заасны дагуу сануулах сахилгын шийтгэл ногдуулах захиргааны акт гаргах талаар танилцуулсан байх боловч түүнийг албан тушаал бууруулж шийдвэрлэсэн зөрчил гаргажээ” гэснээс дүгнэхэд хариуцагч сонсох ажиллагаа явуулсан агуулгаасаа өөр шийдвэрийг гаргажээ.
Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглохоор, 62 дугаар зүйлийн 62.1.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар хуульчилсан.
НХААГ-ын даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар Худалдан авах ажиллагааны хэлтсийн орон тоо хасагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн бөгөөд Засгийн газрын 2019 оны 100 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын 2019 оны 241 дүгээр захирамжаар батлагдсан Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тооны хязгаар 35 гэсэн, НХААГ-ын даргын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/84 дүгээр тушаалаар С.Б-ыг Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтний түр орлон гүйцэтгэгчээр томилсон зэргээс үзэхэд өмнөх нэхэмжлэгчийн маргаж буй албан тушаалын орон тоо хасагдаагүй гэж үзэхээр байна.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд “...Т.Э-ыг ажиллаж байх үед 3 ахлах мэргэжилтний орон тоотой байгаад 2 болж нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн, ...одоогоор газрын дарга албан тушаалын жагсаалтыг шинэчлээд Худалдан авах ажиллагааны хэлтсийг 3 ахлах мэргэжилтний орон тоотой батлан ажиллаж байгаа” гэх тайлбарыг хийжээ.
Дээрх байдлаар Б/43 дугаар тушаалын нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй гэх, Б/45 дугаар тушаалын орон тоо хасагдсан гэх үндэслэлүүд няцаагдаж, хариуцагч нь уг тушаалуудыг хууль зөрчин гаргасан болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуульд нийцсэн байна.
Хоёр. Нэгэнт маргаан бүхий Б/43, Б/45 дугаар тушаалуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно”, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын 7.а-д. “ ...Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд ... буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох, ... дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн “...урьд эрхэлж байсан НХААГ-ын Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ямар хууль зүйн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Гурав. НХААГ-ын даргын 2019 оны 08 дугаар 28-ны өдрийн Б/87 дугаар тушаалаар Т.Э-ыг Захиргаа, санхүүгийн хэлтсийн Төлөвлөгөө, тайлан хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилсон бөгөөд нэхэмжлэгчээс уг захиргааны акттай маргасан.
НХААГ-ын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/1094 дүгээр албан бичиг, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 01/1548 дугаар албан бичиг, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 01/983 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн НХААГ-ын даргад хандан гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн гомдол, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаас тус тус үзэхэд нэхэмжлэгч нь маргаан бүхий НХААГ-ын даргын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/87 дугаар тушаалыг мөн оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш мэдэж байжээ гэж дүгнэхээр байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “НХААГ-ын даргын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/87 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд Б/87 дугаар тушаалтай холбоотойгоор нэхэмжлэл гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн байх тул мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 293 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, НХААГ-ын даргын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 дугаар тушаал, 2019 оны 06 дугаар 28-ны өдрийн Б/45 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Т.Э-ыг урьд эрхэлж байсан НХААГ-ын Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай” гэж,
2 дахь заалтыг “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 54.2, 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус заасныг баримтлан “НХААГ-ын даргын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/87 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН