| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 101/2015/10481/И |
| Дугаар | 181/ШШ2016/01056 |
| Огноо | 2016-10-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 181/ШШ2016/01056
2016 оны 10 сарын 25 өдөр Дугаар 181/ШШ2016/01056 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, UB town хороолол, 38 дугаар байрны 39 тоотод оршин суух, 69 настай, эрэгтэй, РД:ХБ47110710, Энх овогт Мягмаржавын Мөнхжаргалангийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 11 дүгээр давхарт байрлах, РД:2047764, Өндөр буянт холдинг ХХК-д холбогдох
орон сууцны талбайн зөрүүд 7 590 804 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.з
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Мөнхжаргалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очир, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сүхбаатар дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт орших “ Өндөр буянт ХХК-ийн барьсан UB town хорооллын 38 дугаар байрны 39 тоотод 2013 оны 7 сараас эхлэн амьдарч байна. Манай хүү М.Энхсайхан гадаад явахаасаа өмнө бид хоёрт энэ байрыг авч өгсөн. Тус байрыг анх авахдаа талбайн хэмжээ 84.96 метр кв гэж тооцон манай хүү төлбөрөө хийгээд компаний захирал Төмөрхүүтэй гэрээ байгуулж бид 2013 оны 7 дугаар сард байрандаа орсон. Хүү маань биднийг нүүлгэж ирээд л бид байрандаа орсон, орон сууцны тайлбайн хэмжээ дутуу байгааг бид яаж мэдэх юм. Хүү шинэ байр авчихлаа та 2 орж амьдар гээд биднийг нүүлгэж ирсэн. Манай байрны талбай гэрээнд зааснаас зөрүүтэй байгааг 2014 оны 10 дугаар сард мэдсэн. Тэгээд хүүгээсээ итгэмжлэл аваад шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Эрх бүхий байгууллагаар байрны тайлбайг дахин хэмжүүлж шалгуулахад 82.47 м.кв байна гэсэн. Манай орон сууцны талбайн зөрүү 2.49 м.кв -аар дутуу байсан учир анх төлсөн мөнгөний зөрүү 7.590.804 төгрөгийг нэхэмжилж байна. Цаашид талбайн мөнгийг 82.47 метр кв -аар үнэлэн амьдралд минь туслана уу гэв.
Харицагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч М.Мөнхжаргалангийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Өндөрбуянт холдинг ХХК нь өөрийн барьж ашиглалтанд оруулсан Сүхбаатар дүүргийн 4-р хороонд байрлах UB town хорооллын 38-р байрны 39 тоот орон сууцыг анх Клаймакс Интернэшнл ХХК-д ажил гүйцэтгэсний хөлсөнд бартераар дүйцүүлж өгөхөөр тохиролцон 2012 оны 07 сарын 04-ний өдөр В/22 тоот Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж худалдсан.
Үүний дараа Клаймакс Интернэшнл ХХК нь уг орон сууцыг захиран зарцуулах эрхийнхээ дагуу 2013 онд М. Энхсайхан гэдэг хүнтэй 2013/Б03 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулан уг орон сууцыг 215.000.000 сая төгрөгөөр тооцон худалдсан байдаг. Энэ нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгчийн захирамжийн дагуу улсын бүртгэлийн газраас ирсэн, хэргийн материалд авагдсан.
Клаймакс интернэшнл ХХК болон иргэн М.Энхсайхан нарын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.1-д гэрээний нийт үнийн дүн 215.000.000 төгрөг, 2.2-д худалдан авагч тал гэрээ байгуулсан өдөр 65.000.000 төгрөгийг урьдчилгаа болгон төлнө, 2.3-д үлдэгдэл төлбөр болох 150.000.000 төгрөгийг байгуулсанаас хойш 30 хоногийн дотор төлнө 2.4-д Бүх төлбөр тооцоог бэлнээр хийх бөгөөд дансруу шилжүүлэх тохиолдолд Очирбат овогтой Батнарангийн Голомт банк тооцооны төв 12 салбар 5587523365827253 тоот дансанд шилжүүлнэ гэж тус тус заасан нь талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах харилцаа үүсч, М.Энхсайхан нь орон сууцны үнийг Клаймакс Интернэшнл ХХК-нд төлсөн нь нотлогдож байна.
2013/Б03 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3.1 -д ...худалдагч тал нь барилга угсралтын ажил гүйцэтгэгч компанид үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлэх албан тоот өгч, орон сууц захиалсан болон төлбөр 100% төлсөн гэрээг байгуулж өгөх, холбогдох гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр гаргуулах үүрэгтэй гэж заасны дагуу Клаймакс интернэшнл ХХК-ийн зүгээс 2013 оны 10 сарын 04-ны өдөр “... уг байрыг бид иргэн Мөнхжаргалан овогтой Энхсайханд борлуулж байгаа тул орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг М.Энхсайханы нэр дээр гаргаж өгөхийг хүсье” гэсэн 1/144 тоот албан хүсэлтийг ирүүлсэн.
Бид Клаймакс Интернэшнл ХХК болон иргэн М. Энхсайхан нарын хоорондын тохиролцоог хүндэтгэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шууд М. Энхсайханы нэр дээр бүртгүүлэх талаар Клаймакс Интернэшнл ХХК-д туслах, тэдний ажлыг хөнгөвчлөх үүднээс 2013 оны 10 сарын 08-ны өдөр В/22-1 тоот Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг М. Энхсайхантай нөхөж байгуулсан.
М.Энхсайхан нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахын тулд Өндөрбуянт холдинг ХХК болон М.Энхсайхан нарын хооронд гэрээ байгуулсан мэт дүр үзүүлэн гэрээ хийж улсын бүртгэлд хандсан. Тиймээс энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ юмаа.
Энэхүү гэрээ нь зөвхөн уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг М.Энхсайханы нэр дээр бүртгүүлэх, өөрөөр хэлбэл Кпаймакс Интернэшнл ХХК нь өөрийн борлуулсан байраа М.Энхсайханы нэр дээр шилжүүлэхтэй холбоотой материалыг улсын бүртгэлийн газарт өөрийн нэр дээрээс бус шууд М.Энхсайханы нэр дээр бүрдүүлж өгөх ажлыг хөнгөвчлөх зорилгоор хийгдсэн бөгөөд харин бид М.Энхсайханы өмнө барилгатай холбоотой ямар нэгэн үүрэг хүлээх санаа зорилго агуулаагүй, орон сууцыг хоорондоо хүлээлцээгүй, төлбөр мөнгө өгөлцөөгүй юм.
Улсын бүртгэлийн газар нь Кпаймакс Интернэшнл ХХК болон М.Энхсайхан нарын хооронд байгуулсан 2013/Б/03 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үндэслэн 38-р байрны 39 тоот орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг М.Энхсайханы нэр дээр бүртгэж гэрчилгээг олгосон.
Манай компани болон М. Энхсайхан нарын хооронд байгуулсан гэх орон сууц захиалгын гэрээ нь зөвхөн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг Клаймакс Интернэшнл ХХК-ийн хүсэлтээр шууд М.Энхсайханы нэр дээр гаргуулах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл бөгөөд ямар нэгэн зорилгод хүрээгүй, үр дагавар үүсгээгүй хүчин төгөлдөр бус гэрээ юм.
Харин М.Энхсайхан нь Клаймакс Интернэшнл ХХК-тай байгуулсан 2013/Б/03 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээ өөрөө улсын бүртгэлийн газарт үзүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан нь уг орон сууцыг Клаймакс Интернэшнл ХХК-иас худалдаж авсныг нотолж байна.
Өндөрбуянт холдинг ХХК болон М.Энхсайхан нарын хооронд ажил гүйцэтгэх, түүний үр дүнг хүлээлцэхтэй холбоотой эрх зүйн харилцаа үүсээгүй.
Дээр дурьдсанчилан Өндөрбуянт холдинг ХХК нь СБД-ийн 4-р хороонд байрлах UB town хотхоны 38-р байрны 39 тоот орон сууцыг Клаймакс Интернэшнл ХХК -д худалдсан бөгөөд уг компани нь өөрийн захиалсан байрыг М.Энхсайханд худалдсан болох нь Нийслэлийн СБД-ийн бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2016.01.18-ны өдрийн 1/66 тоот албан бичиг, 2013/Б/03 дугаартай Клаймакс Интернэшнл ХХК болон М.Энхсайхан нарын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Клаймакс Интернэшнл ХХК-ийн 2013.10.04-ны өдрийн 1/144 тоот албан бичиг зэрэг бичмэл баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Клаймакс Интернэшнл ХХК болон М.Энхсайхан нарын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах худалдан авах гэрээний харилцаа бөгөөд М.Энхсайхан худалдан авсан орон сууцаа Өндөр буянт холдинг ХХК-иас бус Клаймакс Интернэшнл ХХК-иас хүлээн авсан байдаг. Өндөр буянт холдинг ХХК-нь дээрх гэрээнд ямар нэгэн үүрэг хүлээж оролцоогүй Энхсайхан нь дээрх орон сууцыг Клаймакс Интернэшнл ХХК-иас худалдан авсан бөгөөд худалдан авч байх үедээ уг орон сууцны талбайн зөрүү байгаа болохыг мэдэж гомдлоо гаргах бүрэн боломжтой байсан. Иймээс Иргэний хуульд заасны дагуу эд хөрөнгө буюу үл хөдлөх хөрөнгийг хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх боломжтой байхад уг эд хөрөнгийг хүлээн авсан тул худалдан авагч М.Энхсайхан нь шаардлага гаргах эрхээ алдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэсгүй.
М.Энхсайхан нь өөрийн эцэг М.Мөнхжаргаланд нэхэмжлэл гаргах итгэмжлэл олгосноор хариуцагч Өндөр буянт холдинг ХХК-д холбогдуулан “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу талбайн зөрүү 2,49 м.кв буюу 7.590.804 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Өндөрбуянт холдинг ХХК нь өөрийн барьж ашиглалтанд оруулсан Сүхбаатар дүүргийн 4-р хороонд байрлах UB town хорооллын орон сууцыг анх Клаймакс Интернэшнл ХХК-д ажил гүйцэтгэсний хөлсөнд бартераар дүйцүүлж өгөхөөр тохиролцон 2012 оны 07 сарын 04-ний өдөр В/22 тоот Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулжээ./хх-ийн 106 дугаар хуудас/
Дээрх барилгыг 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр барьж дуусган 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 2013/162 дугаартай Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын актаар ашиглалтанд оруулахыг зөвшөөрчээ./хх-ийн 108-109-р хуудас/
2013 онд М.Энхсайхан нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, UB town хороолол, 38 дугаар байрны 8 давхарын 84,96 м.кв 3 өрөө орон сууцыг 215 000 000 төгрөгөөр худалдан авахаар Клаймакс Интернэшнл ХХК-тай 2013/Б/03 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, 2013 оны 7 дугаар сард уг орон сууцанд нүүж орсон байх бөгөөд М.Энхсайхан, М.Мөнхжаргалан, Э.Оюун нар нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн газарт 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хандсан байна./хх-ийн 54-55, 57-р хуудас/
2013/Б/03 дугаартай гэрээний 3.1-д “Худалдагч тал нь барилга угсралтын ажил гүйцэтгэгч компанид үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлэх албан тоот өгч, орон сууц захиалсан болон төлбөр 100% төлсөн гэрээг байгуулж өгөх, холбогдох гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр гаргуулах үүрэгтэй” гэжээ. /хх-ийн 54-р хуудас/
Дээрх үүргийнхээ дагуу Клаймакс Интернэшнл ХХК-ийн захирал О.Батнаран нь “Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, UB town хороолол, 38 дугаар байрны 8 давхарын 39 тоот, 84,96 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг М.Энхсайханд борлуулж байгаа тул Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг М.Энхсайханы нэр дээр гаргуулж өгөхийг хүсье. М.Энхсайхан нь ямар нэгэн төлбөр тооцоогүй болно” гэсэн 1/144 дугаартай албан бичгийг 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Өндөр буянт холдинг ХХК-д өгсөн байна./хх-ийн 60-р хуудас/
Өндөр буянт холдинг ХХК -ийн захирал Н.Төмөрхүү нь “ Манай компани UB town-ий 38 дугаар байрыг ашиглалтанд оруулж улсын комисст хүлээлгэн өгч, танайд хүргүүлсэн 38 дугаар байрны орон сууц захиалагчдын нэрсийн жагсаалтын №40-д байгаа 38 дугаар байрны 39 тоот 84,96 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны захиалагч Клаймакс Интернэшнл ХХК нь өөрчлөгдөж М.Энхсайхан болсон. М.Энхсайхан нь орон сууцны төлбөрөө 100% төлсөн тул Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гарган өгнө үү” гэсэн 13/908 дугаартай албан тоотыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн газарт 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр явуулжээ. /хх-ийн 56-р хуудас/
Өндөр буянт холдинг ХХК –нь мөн энэ өдөртөө буюу 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр В/22-1 дугаартай “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-г М.Энхсайхантай байгуулж, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ү-2203026512 дугаарт бүртгэгдсэн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байна./хх-ийн 100-103, 51-р хуудас/
Энэ бүхнээс дүгнэхэд нэхэмжлэгч нь уг орон сууцыг Клаймакс Интернэшнл ХХК-иас 2013/Б/03 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу худалдан авч, Өндөр буянт холдинг ХХК-тай В/22-1 дугаартай “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ хийснээр 000277939 дугаартай Ү-2203026512 дугаарт бүртгэгдсэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 51-57,60,100-103,106-111,130-131-р хуудас/
Нэхэмжлэгч нь уг орон сууцыг 215 000 000 төгрөгөөр худалдан авахаар Клаймакс Интернэшнл ХХК-тай 2013/Б/03 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, UB town хороолол, 38 дугаар байрны 8 давхарын 39 тоот, 84,96 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авагч /М.Энхсайхан/-д шилжүүлж, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлснөөр гэрээ хүчин төгөлдөр болжээ./хх-ийн 54-56-р хуудас/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
Худалдагч Клаймакс Интернэшнл ХХК / Өндөр буянт холдинг ХХК / нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, UB town хороолол, 38 дугаар байрны 8 давхарын 39 тоот орон сууцны өмчлөл ба эзэмшлийг шилжүүлэх үүргийн дагуу худалдан авагч М.Энхсайханд уг орон сууцыг 2013 оны 7 дугаар сард шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр түүний нэр дээр гарснаар уг үл хөдлөх хөрөнгийг бодит байдлын хувьд эзэмшүүлэн өмчлүүлж, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг өгч, худалдан авсан болох нь В/22 дугаартай “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”, 2013/Б/03 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, В/22-1 дугаартай “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, зохигчийн тайлбар болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 51-57,60,100-103, 106-111-р хуудас/
В/22 дугаартай “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”, 2013/Б/03 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, В/22-1 дугаартай “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-нүүдэд М.Энхсайханд худалдах орон сууцны талбайн хэмжээг 84,96 м.кв гэж тодорхой тусгасан байхад нэхэмжлэгч нь уг орон сууцыг хүлээн авах үедээ, эсвэл хүлээж авахаас өмнө орон сууцны талбайг хэмжиж, орон сууцны талбайн хэмжээ дутуу болохыг мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тул худалдан авагч М.Энхсайхан /М.Мөнхжаргалан/ нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан байна.
Иймд орон сууцны талбайн зөрүүд 7 590 804 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, UB town хороолол, 38 дугаар байрны 8 давхарын 39 тоот орон сууцны талбайн зөрүүд 7 590 804 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Мөнхжаргалангаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136 410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд , тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО