| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0217/Э |
| Дугаар | 222 |
| Огноо | 2019-08-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 222
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж,
Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914004670296 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Т,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.Т нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг 4-6-34 тоотод хашааны үүдэнд 2019 оны 06 сарын 13-14-нд шилжих шөнө Б.Бийн нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Г.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 06 дүгээр сарын 14-ны шөнө би хаан банкны төвөөс хүмүүс ирж тэр хүмүүстэй ганц нэг шил архи уусан тэгээд Жийнд очоод нэг пиво уусан тэгээд тэднийхээс гараад урд хашааны үүдэнд буюу Бэ хашааны үүд өнгөрч зогссон тэгээд тэнд тамхи татаж юм ярьж сууж байсан тэгээд гэртээ орье гэж хэлээд машинаас гарч ирээд байж байхад Бэ эхнэр гарч ирсэн шуугиан тариад байна дотор нэг согтуу хүн унтуулах гэж байхад гэж хэлсэн энэ үед би уучлалт гуйсан тэгтэл цаанаас согтуу Бэ гарч ирсэн би урдаас нь явж очсон тэгтэл яах гэсэн пизда бэ гэхэд нь чи чинь яаж байна гэхэд чи хэн бэ гэж -надаас асуусан би Болдоогийн банди байна гэж хэлсэн Бэ Болдоогийн банди байхаараа яадаг юм гэж хэлээд бид хоёр барилцаж авсан Бэ эхнэр ирсэн хойноос Ж ирсэн тэгээд бид хоёр хоорондоо салсан тийм зүйл болсон. гэх мэдүүлэг /хх-ийн 72-73/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 06 дугаар сарын 14-ний шөнө 03 цаг өнгөрч байхад хашааны ард хүмүүс дуугараад байсан. Тухайн үед би согтуу байсан юм. Тэгээд манай эхнэр гарсан юм. Тэгээд орж ирэхгүй болохоор нь би араас нь гарсан. Тэгсэн чинь хашаанд нэг залуу байсан тэр “би Болдоогийн банди байна” гээд бид 2 барилцаж авсан. Би цээж нүцгэн байсан тэгэхэд тэр залуу миний нүд рүү гараараа 2 удаа цохисон. Тэгээд би зууралдаад хувцаснаас нь барьж аваад хашаанаас гарахад цуг явсан 2 залуугийн нэг нь намайг салгаад нөгөө нь тэр залууг аваад машинд суулгасан. Намайг цохисон залуу нь Төрөө гэдэг манай хашааны орчимд байдаг Батболдын хүүхэд байсан. Би хашааны гадаа гарч зууралдаж байхдаа гараараа машины салхины шилийг цохиж хагалсан. Тэрнээс болж цагдаа дуудсан. Машины шил хагалсан асуудалд би торгуулсан. Ттой хамт байсан залуучуудаас намайг цохиж зодсон зүйл байхгүй. Намайг Т цохиж зодох үед хажууд манай эхнэр У байсан. Ттой хамт байсан залуучууд нь ирээгүй байсан. Би тэр зүйлүүдийг санаж байна. Би өмнө нь хэн нэгэнд зодуулсан зүйл байхгүй. Би гомдолтой байна эм тарианы мөнгө л нэхэмжилнэ... гэх мэдүүлэг / хх-ийн 44-45/,
4. Гэрч Ц.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
…2019 оны 06 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө манайд найз Э, Т эхнэр Цэцгээгийн хамт манай эхнэр М бид нар уулзаж хөзөр тоглож пиво уусан. Гэхдээ М бид 2 пиво уугаагүй. Тэгээд шөнө Тыг эхнэр хүүхэдтэй нь хүргэж өгөх гээд манай гэрээс бүгдээрээ яваад Тын гэрийн хажууд зогсоод машин дотроо бид нар юм ярьцгааж байсан. Тэгсэн чинь машин зогсож байсан хашааны айлын эхнэр гарч ирээд “та нар чимээгүй бай согтуу хүн унтуулах гээд ядаж байхад” гэсэн. Тэгтэл нөхөр нь гэх согтуу хүн ирж байсан. Т тэр хүнийг таньдаг гээд нөгөө согтуу хүнтэй уулзаад нөгөө залуу Т 2 барилцаад авахаар нь би очиж салгасан. Тыг Э машинд суулгасан. Би нөгөө залууг цааш нь эхнэртэй нь хамт салгаж оруулсан. Тэгээд би машин дээрээ очсон чинь нөгөө залуу Ттой хэрэлдээд эргээд машин дээр ирээд маргаад байхаар нь би дахин салгахад нөгөө залуу машины арын салхины шил рүү гараараа 1 удаа цохиод шилийг нь хагалсан. Тэгээд би тэр залууг цааш нь түлхээд холдуулсан. Уг нь М машинаа асаагаад хөдлөх гэж байсан ба манайхан бүгд машиндаа суучихсан байсан юм. Тэгээд-болиод цагдаа дуудсан. Нөгөө залууг эхнэр нь цааш нь авч явсан..” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 48-49/
5. Гэрч Ж.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
…2019 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө манай нөхөр Т түүний найз Э, Ж бид нар Жийн гэрт очоод шөнө гэртээ Т бид 2 тэд нараар хүргүүлсэн. Машиныг Жийн эхнэр М жолоодож байсан. Бид нар манай хашааны урд хашаа буюу Бийн хашааны үүдэнд хаалгыг нь өнгөрөөд зогсоод юм ярьцгааж байсан. тухайн үед Т Э 2 пиво уучихсан бусад нь эрүүл байсан. Тэгж байтал хашаанаас айлын эмэгтэй хүн гарч ирээд “та нар яагаад шуугилдаад байгаа юм согтуу хүн унтуулах гэж ядаж байхад шуугилаа” гэж байсан цаанаас нь нөхөр ирж согтуу орилоод байсан. Би машин дотор суугаад гараагүй учраас Тыг Бэтэй зодоон хийснийг мэдэхгүй. Т Бэтэй маргаад байх шиг байсан. Тыг Э машинд оруулаад Ж Бийг цааш нь үйлдлийг нь хорьж байх шиг байсан чинь гэнэт машины арын шил хагарсан. Тэгтэл Бэ машины шил хагалсан гэсэн. Би хүүхдээ тэвэрсэн байсан тул машинаасаа буугаагүй нөхрийгөө машинд ороод ирсэн байхад нь “дуугүй байгаач хүнтэй маргалаа” гэж загнаж байсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 50-51 /
6. Гэрч Б.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2019 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө манай нөхөр гэртээ согтуу амарч байхад хашааны ард хүмүүс орилолдоод байхаар нь би гараад “унтаж амармаар байна чимээгүй байцгаа” гэхэд тэд нар “за за” гэж байснаа намайг эргээд явахад манай нөхөр араас гэрээс гарч ирээд нөгөөдүүл рүү “та нар амарцгаагаач” гэсэн. Тэгээд Болдоогийн хүүхэд гэдэг нь “Би Болдоогийн банди байна” гээд хашаанд ороод ирсэн. Тэгээд манай нөхөртэй маргаад гараараа манай нөхрийн нүүр рүү цохисон. Тэгээд манай нөхөр тэр залуутай барилцаад авсан чинь цаанаас нь найзууд нь ирээд салгаж нэг нь манай нөхрийг аваад холдуулсан нөгөө найз нь Төрөө гэдэг Болдоогийн бандийг аваад явсан. Манай нөхөр эргэж Төрөөтэй нь маргалдаад хашаанаас гарсан. Хашаанаас гарсан чинь машины цонх хагалчихлаа гэж байсан би бол тэрийг нь хараагүй. Тэгээд цагдаа ирээд манай нөхрийг аваад нөгөө бусад залуучуудтай нь хамт цагдаа дээр ирсэн. Манай нөхөр Төрөө гэдэгт цохиулаад нүд нь улайчихсан. Тэрнээс өмнө зүгээр байсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 52-53/
7. Гэрч А.Эн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2019 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Жийнд Т, Ц бид 3 очоод тэнд 02 цаг хүртэл тоглоод Т бид 2 пиво уусан. Ж, Ц, М 3 уугаагүй. Тэгээд Жийнхоос Тыг хүргэж өгөх гээд бүгдээрээ гарч Жийн машинаар явсан. Тэгээд Тын гудамжинд урд хашааны ард зогсоод тэнд юм ярьж сууцгааж байгаад Т, Ж бид 3 машинаас бууж тамхилсан. Тэгэхэд хашаанаас нэг эмэгтэй гарч ирээд “Та нар айлын хашааны үүдэнд ориллоо” гэсэн утгатай зүйл хэлээд гарч ирсэн. Тухайн хашааны том хаалга нь онгорхой байсан. Тэгээд араас нь согтуу хүн гарч ирсэн. Би машины хажууд байхад ард хүмүүс маргахаар нь би эргэж харахад Ж Т болон нөгөө согтуу хүн хоёрыг салгаж байсан. Тэр 2-ын зодоон хийж биенийгээ цохихыг би хараагүй Ж салгаж байхыг нь л харсан. Би Тыг аваад машиндаа суулгаад М машинаа асаагаад хөдлөх гэж байхад машины арын салхины шилийг хага цохисон. Тэгтэл нөгөө согтуу хүн цохиж хагалсан байсан. Гэхдээ бас би нөгөө хүнийг салхины шил цохихыг нь хараагүй. Машинд ороод суучихсан байсан. Би машинаас буугаад ирэхэд нөгөө залуу машины салхины шил хагалсан нь мэдэгдсэн. Тэгээд шууд цагдаа дуудсан..” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 54-55/
8. Гэрч Л.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2019 оны 06 дугаар сарын 13-ны орой Т эхнэрийн хамт ирээд нөхрийн найз Э бас байсан тэр хэд юм яриад хөзөр тоглоод пиво уусан. Би хоол хийж өгчхөөд 14-ний шөнө би машин жолоодоод нөгөө хэдийг хүргэж өгөх гээд гэрээсээ гарсан. Бид нар Тын хашааны урд хашааны ард зогсоод юм ярж байсан. Би жолооны ард суугаад үүрэглэсэн байсан чинь гэнэт эмэгтэй хүн чанга яриад “нэг хүн унтаж ядаж байхад” гэсэн байхаа тиймэрхүү юм яриад байсан. Тэр эмэгтэйг гэхдээ хараагүй. Тэгтэл Т машины гадаа машины ард байх шиг байсан ба “би Болдоогийн банди байна” гээд байх шиг байсан... /хавтаст хэргийн 56-57/
.... Тэгж байтал Э Тыг аваад машинд суулгасан. Би Тыг машинд суулгасны дараа машинаас буухад хашааны том хаалга нь онгорхой хаалганы урд нь манай нөхөр Ж нөгөө залууг “уучлаарай одоо бид хэд явлаа” гээд урд нь зогсож байсан. Тэгэхээр нь би согтуу хүмүүс яаж ч магадгүй гээд буцаж машиндаа суугаад машинаа асаасан чинь машины арын цонх хагарсан. Тэгтэл нөгөө залуу машины арын цонхыг хагалсан байсан. Тэгээд Э цагдаа дуудсан. Би зодоон болохыг хараагүй...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 74-75/
9. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 сарын 19-ний өдрийн 404 дугаартай шинжээчийн:
1. Б.Бийн биед баруун нүдний алимын салстад цус хуралт, гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо хүчин зүйлийн аль ч үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. шинжээчийн гэх дүгнэлт /хх-ийн 11-12/ болон хавтаст хэргийн 97 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Г.Тын урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 80-83 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Г.Тын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 99 дүгээр хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Т нь 2019 оны 06 сарын 13-14-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг 4-6-34 тоотод хашааны үүдэнд Б.Бийн нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Б.Бийн мэдүүлэг, гэрч А.Э, Л.М, Б.У, Ж.Ц нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 404 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Г.Тыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Б.Тод эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Г.Тод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Тын эзэмшлийн LG маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 07 дугаар сарын 16-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Г.Тод хэрэгцээний дагуу буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Т нь урьд ял шийтгэгдэж байгаагүй, энэ талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Тыг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар ялтан Б.Тод шүүхээс оногдуулсан нийтэдл тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэргийн учир шүүгдэгч Б.Т нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Б.Тын эзэмшлийн LG маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 07 дугаар сарын 16-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Б.Тод буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Тод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Тод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ