Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 223

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч : С.Болорзул,

Нарийн бичгийн дарга:Ж.Чимэддорж,

Иргэний нэхэмжлэгч: Д.Гандалай,

Шүүгдэгч: Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914000930155 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн дэд ахлагч Х.Б нь 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/159 дугаартай тушаалаар Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид мужаанаар томилогдон ажиллаж байгаад 2018 оны 08 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш ямар нэгэн шалтгаангүйгээр ажил тасалж, цэргийн албанаас зайлсхийж, алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Х.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 ... Би 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Зэвсэгт хүчний жанжин штабын Б/159 дугаар тушаалаар Баянхонгор аймгийн Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид мужаанаар дэд ахлагч цолтой томилогдон 3 жил ажиллаж байгаад ямар нэгэн шалтгаангүйгээр 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өөрийн цэргийн анги, ажлаа орхиж явж Улаанбаатар хотод хувиараа барилгын ажил эрхэлсэн юм. Надад ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүй өөрийн ажиллаж байсан цэргийн ангиа орхиж явсан нь үнэн. Би ямар нэгэн өргөдөл гаргаж өгөөгуй мөн дарга болон хамт ажиллаж байсан алба хаагч нартаа ямар нэгэн зүйл хэлээгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 52-53/,

2.Шүүгдэгч Х.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Иргэний нэхэмжлэгч Д.Гандалай мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 ... Манай байгууллага нь Х.Быг алга болсноос хойш тухайн үедээ бага зэргийн ажлын давхардал үүсэж байсан. Гэхдээ тухайн үедээ арга хэмжээ авч хэвийн болгосон. Одоо манай байгууллагын зүгээс Х.Баас нэхэмжлэх зүйл байхгүй энэ хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү гэж л хүсэж байна. гэх мэдүүлэг. /хх-ийн 16-18/,\

4. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч мэдүүлэхдээ: Манай байгууллага Х.Баас дөрвөн төрлийн багаж, алх, гар хөрөө, зэрэг 401700 төгрөг нэхэмжилж байна гэв.

5. Гэрч О.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... Манай зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн мужаан дэд ахлагч Х.Б нь 2018 оны 08 дугаар сарын 14-ны өдрөөс хойш ямар нэгэн шалтгаангүйгээр ажилдаа ирэхгүй өнөөдрийг хүртэл болж байгаа бөгөөд ирж сурсан боловч одоо хаана байгааг нь тодорхойгүй байх тул цагдаагийн байгууллагад хандах болсон юм. Уг Х.Б нь цэргийн ангийн удирдлага болон хуний нөөцөөс ямар нэгэн чөлөө зөвшөөрөл аваагүй ажиллаа тасалж цэргийн ангиас оргосон гэж үзэж байна. гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/

 6. Гэрч О.З мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 ... Би Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн захирагч байгаа юм. Манай цэргийн ангийн дэд ахлагч Х.Б нь манай ангид 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Б/159 дугаартай тушаалаар мужаанаар томилогдон ажиллаж байгаад 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс хойш ямар нэгэн шалтгаангүйгээр ажил дээрээ ирэхгүй алга болсон тэрнээс хойш манайхан ирж сурч ар гэртэй нь холбоо барьсан боловч хаана байгаа нь тогтоогдохгүй байх тул Цагдаагийн байгууллагад хандах болсон юм. гэх мэдүүлэг. / хх-ийн 37-38/,

7.Гэрч Б.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

... Манай хүү Х.Б нь 1994 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд айлын том хүүхэд болж төрж 2012 онд Тариат сумын сургуулийн 11 дүгээр анги төгсөж, 20 настай байх үедээ цэргийн ангид 1 жилийн цэргийн алба хааж тэндээ улирч дэд ахлагч цолтой Баянхонгор аймгийн Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид мужаанаар томилогдон ажиллаж байсан юм. гэх мэдүүлэг. / хх-ийн 36-37/,

8. Гэрч М.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

... Манай хүү Х.Б нь Баянхонгор аймгийн Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид дэд ахлагч цолтой мужаанаар ажилладаг байж байгаад 2018 оны 08 дугаар сараас хойш ажлаа хаяад явсан байсан бөгөөд цэргийн ангиас нь Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байсан тэрнээс хойш цагаан сарын үеэр гэртээ ирээд Баянхонгор аймагт очиж уулзана гээд явсан боловч одоо хүртэл байхгүй Өмнөговь аймаг, Хэнтий аймаг, Улаанбаатар хотод ажил хийж байгаа сурагтай байсан. Би хүү Х.Быг хаана байгааг нь мэдэхгүй байна. гэх мэдүүлэг. / хх-ийн 46-47/, болон хавтаст хэрэгт авагдсан Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаал /хх-ийн 111/, ахпагчийн алба хаах гэрээний хуулбар /хх-ийн 19-23/, төрийн алба хаагчийн анкет /хх-ийн 26-29/, ажлын цагийн тооцоо /хх-ийн 55-62/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэг нь гэм буруу эрүүгийн хариуцлага гэсэн хоёр шаттай явагдсан бөгөөд шүүгдэгч Х.Бын зүгээс иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дөрвөн зуун нэг мянга долоон төгрөгийг төлөхөө илэрхийлж энэ талаар маргахгүй гэдгээ илэрхийлж байх тул шүүгдэгч Х.Баас дөрвөн зуун нэг мянга долоон төгрөг гаргуулж Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид олгохоор шийдвэрлэв.

Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “ахлагчийн алба” гэж Монгол Улсын иргэн цэрэгт бүртгэлтэй мэргэжлээр цэргийн байгууллагад ахлагчийн албан тушаалд цэргийн жинхэнэ алба хаахыг хэлнэ гэж заасан бөгөөд Шүүхээс шүүгдэгч Х.Б нь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид ахлагч мужаанаар ажиллаж байхдаа 2018 оны 08 дугаар сарын 17-с хойш цэргийн анги байгууллага алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан үйл баримт болсон нь иргэний нэхэмжлэгч Д.Гандалай, О.Т, О.З,Б.Х, М.Б нарын мэдүүлэг, томилох, цэргийн цол олгох тухай Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ний өдрийн Б/159 дугаартай тушаал, ахлагчийн алба хаах гэрээ, ажлын цагийн тооцоо зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Х.Быг “цэргийн алба хаагч цэргийн анги байгууллага алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэргийг ахлагч үйлдсэн” гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж шүүгдэгч Х.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч Х.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Цэргийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.Монгол Улсын иргэн цэргийн жинхэнэ албанд орохдоо:

“Монгол Улсын иргэн Би Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, төр, ард түмэндээ андгайлан тангараглая.

Би ард түмнийхээ үндэсний эв нэгдэл, Монгол цэргийн шилдэг уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж, цэргийн эрдэмд шамдан боловсорч, улсын нууцыг найдвартай хадгалж, Монгол Улсын хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлэхээ батлан тангараглая.

Эх орноо батлан хамгаалагч дайчин Би өргөсөн тангаргаасаа няцваас төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ.” гэж цэргийн тангараг өргөснийг үндэслэн, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д заасан “захирах, захирагдах зарчмыг мөрдөх” гэж цэргийн алба хаагчийн үүрэгт заасныг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэв.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Быг урьд ял шийтгэл эдэлсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа ял шийтгэгдсэн гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатигин овогт Х.Быг цэргийн алба хаагч цэргийн анги, байгууллага алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэргийг ахлагч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Хатигин овогт Х.Быг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар ялтан Х.Бт нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Х.Баас дөрвөн зуун нэг мянга долоон зуун төгрөг гаргуулж Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид 2019 оны 09 дүгээр сарын 05-ний дотор олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Х.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Х.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2019 оны 08 дугаар сарын 06-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                       

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ