Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 224

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч : С.Болорзул,

Нарийн бичгийн дарга:Н.Гантулга,

Шүүгдэгч: Б.Н, түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1- дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1914004340280 тоот хэргийг 2019 оны 07 дугаар сарын 23-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын опретрчин мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

Мөн 2017 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 5 жил 1 сар 10 хоног хугацаагаар хорих ял шийтгүүлж 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, Б.Н

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг “Жаргалант” зочид буудалд байрлаж байсан иргэн О.Цын эзэмшлийн ЛЖ маркийн гар утас, бэлэн 220.000 төгрөгийг, иргэн О.Оын мөнгөн гинж, Самсунг галакси ноте-5 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүй, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 ... Би 2019 оны 05 дугаар сарын 30-ны орой 20 цагийн үед байх Жаргалант буудалд өрөөндөө ганцаараа 2.5 литрийн хэмжээтэй 3 сав пиво
авчихсан уух гээд байж байсан юм. Тэгээд буудлын шатан дээр явж байтал нэг өндөр залуу буудалд ирээд түүнтэй ойр зуурын зүйл ярьсан чинь тэрээр Богд сум руу явах гэж байгаа гэж ярьсан. Тэгээд бид нар пивоо хувааж уугаад нөгөө согтуу ирсэн залуу унтаад өгсөн. Тэгсэн анх буудалд ирсэн өндөр залуу бид хоёр пиво уугаад үлдсэн. Тэгээд түүнээс хойш болсон зүйлийг санахгүй байна. Нэг ухаан ороход л лав би Урандөш буудал дээр ирчихсэн дэлгэц нь хагархай нэг утсыг архины үлдэгдэл мөнгөнд тавьснаа санаж байна. Мөн надад тухайн үед хүзүүний гинж гар утас байсан. Тэдгээр зүйлийг хэзээд нь яаж аваад гарснаач санахгүй байна. Би уг нь гар утас, хүзүүний гинжийг хүлээлгэн өгсөн. Мөн буудлын үйлчлэгчид барьцаанд байсан гар утсыг ч гэсэн авч хүлээлгэж өгсөн. Би тэр мөнгийг авсан эсэх, авсан бол яасан болохоо үнэндээ санахгүй байна Харин алдсан гээд байгаа мөнгийг нь төлж хохиролгүй болгоно. Би Цын өмдний халааснаас мөнгийг нь авсан эсэхээ үнэндээ мэдэхгүй байна. Би тэдний гар утас, хүзүүний гинж зэргийг авсан байсан болохоор О.Цын өмдний халааснаас мөнгийг авсан байх гэж бодож байна. Харин яг хэдэн төгрөг байсныг мэдэхгүй байна. Тэр мөнгийг нь яаснаа ч санахгүй байна. Би согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж бусдын эд зүйлийг хулгайлсан гэх мэдүүлэг. / хх-ийн 55-57/,

2.Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч О.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 ... 2019 оны 03 дугаар саны 26-ны өдөр Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Жаргалант нэртэй зочид буудалд өрөө авахаар орсон чинь үүдэн зүс таних нэг залуу таараад надтай мэндлээд юу хийж яваа талаар асуухаар нь би түүнд өрөө авах гэж явна гэхэд тэрээр тэгвэл манай өрөөнд ороод ирье хөгшин нь нэг өрөө авчхаад ганц нэг пиво уух гэсэн чинь ганцаардаад байна гэхээр нь дагаад өрөөнд нь орсон. Тэгтэл тэр үнэхээр ганцаараа нэг өрөө авчихсан 2.5 литрийн хэмжээтэй 3 сав пиво авчихсан байж байсан. 22 цагийн үед би өөрийн найз Оыг дуудсан чинь тэрээр ганцаараа нэлээн согтуу ирсэн. Би нөгөө зүс таних залуутай пиво ууж байгаад шөнийн 02 цагийн үед унтсан. Тэгээд өглөө 8 цагийн үед би сэрсэн чинь О.О унтаж байсан бөгөөд нөгөө зүс таних залуу байхгүй байхаар нь би Оыг сэрээгээд явах уу гэхэд О.О нь миний хүзүүнд байсан мөнгөн гинж, гар утас алга байна гэсэн. Тэгээд би өөрт байсан утас мөнгө зэргээ шалгасан чинь миний гар утас байхгүй, мөн өмдний зүүн талын халаасанд байсан 220.000 төгрөг алга байсан. Тэгээд бид хоёр доошоо буугаад буудлын үйлчлэгч эмэгтэйгээс нөгөө зүс таних залуугийн талаар асуухад тэрээр шөнийн 4 цагийн үед тамхи сурчхаад гараад явсан гэсэн. О.О болсон зүйлийн талаар Цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд зүс таних залууг Б.Н гэх залуу гэдгийн мэдэж аймгийн буудлуудаар хайсан чинь тэр залуу Урандөш буудалд согтуу байсан бөгөөд О.Оын гар утас, мөнгөн гинж зэрэг нь байсан бөгөөд миний гар утсыг буудалд барьцаанд тавьсан гэж байсан. Харин миний мөнгө байхгүй байсан. Тэгээд Цагдаагийн алба хаагч түүнийг аваад явсан. Тэгээд би тухайн өдрийн маргааш нь буюу 2019 оны 06 дугаар сарын 01-ний өглөө гар утсаа хүлээн авсан. Харин миний мөнгийг өгөөгүй байгаа. Миний хувьд гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан, харин 220.000 төгрөгөө аваагүй. Тиймээс гомдолтой байна мөнгөө төлүүлж авмаар байна... гэх мэдүүлэг. / хх-ийн 18-20 /,

4. Хохирогч О.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 ... Тэгээд би шууд Жаргалант нэртэй зочид буудал руу явж очиход 2 давхрын нэг өрөөнд О.Ц нь танихгүй нэг залуугийн хамт 2.5 литрийн хэмжээтэй 2-3 сав пиво тавьчихсан уугаад сууж байсан. Тэгээд бид 3 нөгөө пивонуудыг хувааж уусан бөгөөд би удаагүй унтаад өгсөн байсан бөгөөд маргааш нь буюу 2019 оны 05 дугаар сарын 31-ний өглөө 4-5 цагийн үед О.Ц бид 2 сэрсэн чинь нөгөө бид хоёртой хамт байсан танихгүй залуу алга болчихсон байсан бөгөөд миний хүзүүнд байсан мөнгөн гинж, өмдний халаасанд байсан Самсунг ноте-5 маркийн гар утас байхгүй байсан. Тэгтэл О.Ц бас миний гар утас, халаасанд байсан 220.000 төгрөг алга байна гэж хэлсэн.О.Цад мөнгө байх нь байсан. Яг 220.000 төгрөг байсныг мэдэхгүй байна. Бид хоёр буудалд ордог өдөр О.Ц бид нар бас уулзаад нэг шил архи уусан бөгөөд тэр үед түүнд мөнгө байсан, хэмжээг нь би мэдээгүй ямар ч байсан нэлээн хэдэн 20.000-тийн дэвсгэртүүд харагдаж байсан. Миний хувьд алдсан эд зүйл болох мөнгөн гинж, Самсунг нотэ маркийн гар утсаа бүрэн бүтнээр нь хүлээн авсан болохоор гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг./хх-ийн 23-25/,

 5. Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 ... танихгүй залуу өмнийнхөө халааснаас 2 ширхэг гар утас гаргаж үзүүлээд чи утас ямар муу юм бэ би чамд энэ утсыг өгье гээд дэлгэц нь бага зэрэг хагарсан гар утас надад өгөхөөр нь авахгүй гэтэл нөгөө утсыг буудлын үйлчлэгч эгчид барьцаанд тавиад нэг шил ерөөл архи авч орж ирээд надад өгөхөөр нь нэг удаа уугаад дахиж уугаагүй. Хүзүүний мөнгөн гинж гар утас хоёрыг гаргаж ирээд энэ хоёрыг ломбардад тавиадах гээд гар утсыг нь асааж болохгүй шүү наадах чинь хаана байгаа газрыг мэднэ шүү гээд байхаар нь би тэр утсыг хулгайлсан байж магадгүй гэж бодсон... гэх мэдүүлэг /хх-30-31/,

6.Гэрч Д.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 ... 2019 оны 05 дугаар сарын 31-ний үдээс хойш 15-16 цагийн үед байх нэг танихгүй залуу ирээд надаас өрөө сурахаар нь би түүнд өрөө байгаа гэсэн чинь тэрээр 28.000 төгрөгөөр нэг өрөө авчхаад жаахан унтаж байгаад буцаад гарч явсан бөгөөд тэрээр явахдаа би буцаж ирж хононо гэсэн. Тэдээ нэлээн байж байгаад ирээд надаа бэлэн хоол ундаа авах гэсэн бөгөөд тэрээр надад мөнгө байхгүй гээд 2 гар утас гаргаж ирээд барьцаанд тавих гэсэн юм гэсэн. Уг 2 гар утасны нэг нь хуучин, дэлгэц нь хагарсан байсан бөгөөд нөгөөх нь гайгүй харагдсан. Тэгээд би гайгүй харагдсан утсыг барьцаанд авах гэсэн чинь тэрээр би энэ утастай хүмүүстэй ярих гэж байгаа юм гэсэн.Тэр мөнгө өгөхдөө цаана нь мөнгө харагдсан 20.000-тийн дэвсгэртүүд харагдаж байсан. Яг хэдэн төгрөг байсныг нь мэдэхгүй байна. Тэрээр анх ирэхдээ архи уусан шинжтэй байсан, гэхдээ согтсон зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/

6. Гэрч М.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр О.О, О.Ц бид нар уулзахад О.Ц нь дэлгүүрээс ойр зуурын зүйл авч байсан бөгөөд тэгэхэд 20.000-тийн дэвсгэртүүд харагдаж байсан. Яг хэдэн төгрөг байсныг нь мэдэхгүй байна. Мөнгө бол байхын хувьд байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-35/,

7. Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би Б.Нг бусдын эд зүйл хулгайлсан хэргийн учир шалгагдаж байгааг мэдсэн. Тэрээр буудалд хамт хоносон 2 хүнийхээ гар утас, мөнгө зэргийг авсан юм билээ. Тэгээд нэг гар утсыг нь Урандөш буудпын жижүүрт 10.000 төгрөгний барьцаанд тавьчихсан байсныг нь би мөнгийг нь төлж авч өгсөн . Б.Н ах бид нар ээжийг амьд сэрүүн байхад Улаанбаатар хотод хамт амьдардаг байсан бөгөөд 2013 оны манай ээж нас бараад түүнээс хойш Улаанбаатар хотод том эгчийндээ байж байгаад Хөвсгөл аймагруу эхнэр хүүхэдтэй болоод явсан чинь удаагүй салчихсан гэсэн. Б.Нд одоо бол өөрийн гэсэн гэр орон өмч хөрөнгө гэхээр зүйл байхгүй. Тэрээр 2018 оны 11 дүгээр сард манайд ирээд байж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 20-ны үед Баянхонгор аймгийн Жинст сумын төвд барилга дээр ажиллах гээд явсан. Б.Н нь хүний үгээр ямар нэгэн гаж буруу зан ааш байхгүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг бөгөөд архи ухаараа л хэрэгт холбогдчих гээд байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/

8. Энх-Нахиа ХХК-ны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 294 дугаар шинжээчийн:

1. Note маркийн гар утас 1 ширхэг 300.000 төгрөг,

2. Мөнгөн гинж 5.5 гр нэг ширхэг 250.000 төгрөг,

2.LJ K8 маркийн гар утас 1 ширхэг 180.000 төгрөг, нийт долоон зуун гучин 730.000 мянган төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47/ болон хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд авагдсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хавтаст хэргийн 10-15 дугаар хуудсанд авагдсан эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зураг, улсын яллагч 2 хуудас шүүгчийн захирамж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн төлбөр төлсөн 2 хуудас төлбөрийн нотлох зэргийг баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Б.Нгийн гэм буруугийн талаар маргахгүй тул Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмаар тэнсэж өгнө үү гэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Н нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг “Жаргалант” зочид буудалд байрлаж байсан иргэн О.Цын эзэмшлийн ЛЖ маркийн гар утас, бэлэн 220.000 төгрөгийг, иргэн О.Оын мөнгөн гинж, Самсунг галакси ноте-5 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүй, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 950.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч О.Ц, О.О, гэрч Б.О, М.Ц, Д.А, Б.М нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээний шинжээчийн 294 дүгээр дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Нг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж шүүгдэгч Б.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч Б.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг аригласан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Б.Нд зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зургаан сарын хугацаагаар авах нь зүйтэй гэж үзлээ.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Н нь хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр борлмогц хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Н нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн тул түүнийг ял шийтгүүлж байсан гэж үзлээ.

Харин шүүгдэгч Б.Н нь 2017 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 5 жил 1 сар 10 хоног хугацаагаар хорих ял шийтгүүлж Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн 21 дугаартай захирамжаар түүний 05 жил 01 сар 10 хоногийн эдлээгүй үлдсэн 4 жил 09 сарын хорих ял эдлэхээс чөлөөлсөн байх тул Б.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсанх эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэсэн заалтад хамаарахгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Нг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар ялтан Б.Нд зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Нд нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар ялтан Б.Н нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6 Шүүгдэгч Б.Н нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.           

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ