Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 225

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч С.Болорзул,

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж,

Шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914004430294 тоот хэргийг 2019 оны 07 дугаар сарын 25-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, А.Г.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч А.Г нь 2019 оны 05 сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын төвд байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хадам ээж Д.Д рүү аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч А.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... Би хөдөөгүүр явж байгаад ирсэн болохоор өлсөөд байсан юм тэгээд боорцог идэж, ундаа ууж сууж байгаад тог тасарсныг мэдээгүй тогны мөнгөө өгөхгүй байна гэж уурласандаа аягаа шидсэн тухайн үед хадам ээжийг оноё гэж шийдээгүй, цагаан аяга байсан, тухайн үед аяга шидсэний дараа хадам ээж орилсон тэгэхэд айсандаа би гараад зугтаасан тэгээд гэрийнхээ ойролцоо гадаа зогсож байгаад эмч нар манайхаар ирээд байхаар нь гэртээ ортол толгойноос нь цус гарсныг мэдсэн. Цагаан өнгийн шаазан аяга байсан, энэ аяга манай хашааны үнсэн дээр байж байсныг харсан одоо байхгүй хогтой цуг хаягдсан.Би гэм буруугаа хүлээж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Г мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч Д.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...Тэгсэн гэнэт л миний дух руу тас буугаад их хэмжээний цус гоожсон. Тэгээд орилтол манай охин ирээд орилж хашгираад эмч дуудсан. Тухайн үед манай сумын тог тасарсан харанхуй байсан юм. Тэгсэн манай хүргэн тогны мөнгөө өгөхгүй яасан юм бэ гээд үглээд байсан, миний 2 нүд юм хардаггүй гэнэт л миний дух руу юм цохиод маш их хэмжээний цус гарсан. Намайг өөрөө Г цохиж зодоогүй. Манай охины хэлснээр аяга шидчихээд гараад гүйсэн гэсэн. А.Г нь манай хүргэн тул өөрсдийн хүүхэд шиг санадаг... гэх мэдүүлэг / хх-ийн 14-16/,

4. Гэрч Л.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                                                 

… Тэгээд манай нөхөр сэрээд хүйтэн юм ууя гэхээр нь аяганд нь ундаа хийж өгчхөөд тухайн үед тоггүй байсан болохоор би лаа эрээд байж байтал манай ээж орилсон юу болов оо гээд очтол духнаас нь цус гарч байсан. Тэгээд манай нөхөр харчхаад гараад явсан. А.Г нь архи уугаагүй эрүүл үедээ бол зүгээр архи уугаад согтуу үедээ манай ээжийг хэл амаар доромжилж гэрээсээ хөөдөг. Тухайн үед ямар шалтгаанаар аяга шидсэнийг нь...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/

5. Гэрч Л.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                                                 

 …2019оны 05 сарын 15-ны өдөр 20 цагийн үед манай эмнэлэг дээр Д.Д гэгч нь аягаар цохиулаад цус алдаад байна гэх дуудлага ирээд очиж үзтэл зүүн хөмсөгний дээд хэсэгт аяганд цохиулж язарсан шархтай цус гарсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

6. Гэрч Л.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр оройн 20 цагийн үед манай дүү Л.Э залгаад ээжийн толгойг хага цохчихлоо гэхээр нь очсон. Тэгсэн чинь ээжийн духнаас цус гоожоод Л.Э аяга тосоод утасны гэрэл асаачихсан байсан. Тэгээд эмч дуудаад эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэгт хонуулаад маргааш орой нь ээжийн духанд 6 удаа оёдол хийсэн..гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

7. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 10- ны өдрийн 378 дугаартай шинжээчийн:

1. Д.Дгийн биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн аль ч үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. шинжээчийн гэх дүгнэлт /хх-ийн 29-30/ болон хавтаст хэргийн 63 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч А.Гантулгын урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 47-52 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч А.Гантулгын эзэмшлийн Самсунг маркийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэл, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч А.Г нь 2019 оны 05 сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын төвд байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хадам ээж Д.Д рүү аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Д.Д мэдүүлэг, гэрч Л.Э, Л.Д, Л.Э нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 378 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч А.Гантулгыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч А.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч А.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.Гантулгын эзэмшлийн Самсунг маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 07 дугаар сарын 05-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч А.Гд хэрэгцээний дагуу буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Г нь урьд ял шийтгэгдэж байгаагүй, энэ талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч А.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Гыг гурван зуун / 300 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар ялтан А.Гд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4, зааснаар ялтан А.Г нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч А.Гд нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.       

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч А.Гантулгын эзэмшлийн Самсунг маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 07 дугаар сарын 05-ний Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч А.Гд буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч А.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ