Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2016/01026

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 21 өдөр

    

 

 

      Дугаар 181/ШШ2016/01026

       

 

 

         Улаанбаатар хот

                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанааар

            Нэхэмжлэгч: А.Н гийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: “А ” ТӨҮГ-т холбогдох

А Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/295 дугаар тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 2 325 087 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг нөхөн  төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Н , хариуцагчийн төлөөлөгч Ц.Э, Д.Э, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Н би 1991 онд Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн. Дээд боловсролтой, гааль татвар эдийн засагч мэргэжилтэй. Ам бүл 3, нөхөр, хадам дүүгийн хамт тус аймгийн Өлгий сумын 01 дүгээр багт амьдардаг.

Миний бие Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвд 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэлийн мэргэжилтнээр ажилд орж мөн оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс тус төвд тээвэр зохицуулагчаар ажиллах болсон.

Миний бие тухайн үед тээвэр зохицуулагч болон тасалбар түгээгчээр давхар ажиллаж байгаад 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тус төвийн даргын Б/04 дугаар тушаалаар тээвэр зохицуулагчаар 6 сарын туршилтын хугацаагаар томилогдсон.

Тасалбар түгээгчээр ажиллаж байгаад тээвэр зохицуулагчаар ажлаа өөрчлөх болсон шалтгаан нь тухайн тээвэр зохицуулагч нь орон тооны ажил байсан учраас даргын тушаалаар шилжүүлэн томилогдсон.

Би тус төвд тээвэр зохицуулагчаар ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж, арга хэмжээ авагдаж байгаагүй ажлаа сайн хийж байсан бөгөөд  2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Н.Нургавыл бид хоёрын хуримын өдөр байсан тул 2016 оны 06 дугаар сарын 02-ноос 06 дугаар сарын 09-ний өдрийг дуустал ажлын 5 хоногийн цалинтай чөлөө авсан байсан.

А Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/295 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна. Намайг ажилд томилж надтай хөдөлмөрийн гэрээ хийсэн ажил олгогч бол аймгийн Авто тээврийн төвийн дарга Х.Хайсанай байсан. Гэтэл намайг ажлаас маань А Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын албан бичгээр дэд захирал Д.Батбаатар нь чөлөөлсөн байна. Хэрэв дэд захирал Д.Батбаатар нь А Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын үүргийг түр гүйцэтгэж байсан бол үүрэг гүйцэтгэгч ажилтныг ажлаас халах эрх хуулиар олгогдоогүй буюу байхгүй.

2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/295 дугаартай тушаалд Монгол улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.10 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хэмжээнд заасан зүйл ангийг барьсан хэдийн боловч Сангийн сайдын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 228 дугаар тушаалаар батлагдсан А төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн 6.9.6 дахь хэсэгт “Үйлдвэрийн газрын шинээр худалдаж авах, болон акталж устгах, худалдах, шилжүүлэх хөрөнгийн асуудлыг Өмчийн харилцааны газарт тавьж шийдвэрлүүлэх гэж заасан ба албан тушаалыг ажлаас чөлөөлөх тушаалд огт хамааралгүй дүрмийн зүйл ангийг барьсан.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг барьсан байна. Миний ажиллаж байсан тээвэр зохицуулагчийн орон тооны ажил байсан тухайн орон тоо нь хасагдсан бол надад энэ талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар нэг сарын өмнө мэдэгдэх ёстой байсан боловч мэдэгдээгүй.

Миний бие одоо 2 сартай жирэмсэн байгаа ба Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, ... аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэсэн заалт байгаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан ба миний бие хөдөлмөрийн сахилгын зөрчлийн давтан болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил, 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй" зөрчлийг гаргаж байгаагүй болно. Надыг ажлаас халсан тушаалыг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээж авч Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэг сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд А Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/295 дугаар тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинд 2 325 087 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн дутуу төлөлтийг нөхөн  төлүүлж, бичилт хийлгүүлж өгнө үү. Миний үндсэн цалин 525 000 төгрөг, нийгмийн даатгалын дэвтэрт 6 дугаар сарын цалинг өндөр бичсэн байгаа нь тэтгэмжийн мөнгө орсон байгаа тул ажилгүй байсан хугацааны цалинг 525 000 төгрөг гэж бодоход надад татгалзах зүйлгүй гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Автотээврийн үндэсний төвийн захирлын тушаалаар Баян-Өлгийн аймгийн Автотээврийн төвийн тээвэр зохицуулагчийн орон тоог цөөрүүлсэнтэй холбогдуулан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно.

А.Н д орон тоог цөөрүүлж хөдөлмөрийн гэрээг цуцлах болсонтой холбогдуулан 2016.05.13-ны өдөр мэдэгдэл өгсөн боловч хүлээн аваагүй

Сангийн сайдын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 228 дугаар тушаалаар батлагдсан А төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн 6.9.6 дахь хэсэгт нэхэмжлэгчийн хэлээд байгаа зүйл бичигдээгүй “Сангийн яамнаас баталсан зохион байгуулалтын бүтцийн хүрээнд удирдах болон гүйцэтгэх ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж батлах, шаардлагад нийцсэн, мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэх, ажилд томилох, чөлөөлөх, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, тухайн гэрээ болон хууль тогтоомжийн хүрээнд урамшуулах, хариуцлага хүлээлгэх” гэсэн зүйл байгаа, нэхэмжлэгч ташаа харсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т шинээр ажилд орж байгаа ажилтныг түр ажилд авч болох тухай заалтын дагуу түр ажиллаж байсан. Мөн дүрмийн 6.11-д тус төвийн захирал нь эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргана гэсэн байгаа тул Д.Батбаатар захирал тушаал гаргасан байгаа.

 Авто тээврийн үнэдсэний төв ТӨҮГ-ын захирлын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/176 дугаартай тушаалаар Баян-Өлгий аймгийн авто тээврийн төвийн бүтэц, орон тоог батлахдаа “тээвэр зохицуулагчийн орон тоо 5” байсныг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/145 дугаартай тушаалаар батлахдаа “тээвэр зохицуулагчийн орон тоо 4” гэж баталсан. А.Н г орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.

Орон тоо хасагдах тухай түүнд мэдэгдсэн. Энэ үед түүнийг 2 сартай гэдгийг мэдээгүй болно. Иймд А.Н гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэлийг хангах үндэстэй.  

            Нэхэмжлэгч нь А.Н нь А Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/295 дугаар тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 2 325 087 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн дутуу төлөлтийг нөхөн  төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

            Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн даргын  2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар  тус аймгийн Авто тээврийн төвийн тасалбар түгээгч А.Н г 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгож хөдөлмөрийн гэрээг цуцлан үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс эхлэн тус төвийн тээвэр зохицулагчаар 6 сарын хугацаатайгаар түр томилжээ./хх-ийн 4-р хуудас/

            А ТӨҮГ-ын захирлын 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/295 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтаар Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн тээвэр зохицуулагч А.Н тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгож ажлаас нь чөлөөлсөн болох нь зохигчийн тайлбар Б/295 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт,  дүрэм, хөдөлмөрийн дотоод журам зэргээр  тогтоогдож байна. /хх-ийн 6, 50-58,63-89-р хуудас/

            Хэрэгт баримтаар авагдсан дээрх  тушаал болон хариуцагчийн тайлбараас үзэхэд ажил олгогч нь А.Н г “орон тоо хасагдсан” гэсэн үндэслэлээр  үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Авто тээврийн үнэдсэний төв ТӨҮГ-ын захирлын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/176 дугаартай тушаалаар Баян-Өлгий аймгийн авто тээврийн төвийн бүтэц, орон тоог батлахдаа “тээвэр зохицуулагчийн орон тоо 5” байсныг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/145 дугаартай тушаалаар “тээвэр зохицуулагчийн орон тоо 4” гэж баталсан байна. /хх-ийн 59-61,33-34-р хуудас/

            Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо хасагдах” гэдгийг тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг ойлгоно.

 Энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр 40.5 дахь хэсэгт заасны дагуу ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэл өгөх ёстой байдаг.

Хэрэгт авагдсан 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн  “Мэдэгдэл” гэх баримтад Эд хариуцагч, бичиг хэргийн ажилтан Л.Алтынбекийн үйлдсэн тэмдэглэлээр А.Н д орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдсэн гэж үзэх боломжгүй байна. /хх-ийн 25-р хуудас/

Ажил олгогч нь   ажилтанд орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлаж байгаа тухайгаа  хуульд заасан хугацаанд  мэдэгдээгүйгээс ажилтан өөрийгөө тухайн үед 2 сартай жирэмсэн гэдгийгээ мэдэгдэх боломж олгоогүй  байх бөгөөд А.Н 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 2 сартай жирэмсэн байсан болох нь “Жирэмсэн эмэгтэйн хөтөч карт”-аар тогтоогдож байна./хх-ийн 9-10-р хуудас/

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 21,  40.1.1, 40.5., 100.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр 40.5 дахь хэсэгт заасны дагуу “орон тоо хасагдсан тухай” ажилтанд 1 сарын өмнө мэдэгдээгүй байх бөгөөд мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно.” гэж заасан тул А.Н тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж түүнийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Иймд А.Н г Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл /4 сар 6 хоног/ хугацааны цалинд 2 246 508 төгрөгийг /525 000х4= 2 100 000/, /525 000:21,5 =24 418/, /24 418х6хоног=146508/, /2 100 000+ 24 418= 2 246 508/  ажил олгогчоос гаргуулан А.Н д олгон, үлдэх 78 579 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг нөхөн  төлүүлэн, бичилт хийлгүүлэх үндэстэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ А Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/295 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай дурдсан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус, харин ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл тул уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй юм.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ НЬ:

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан А.Н г Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, тус төвөөс 2 246 508 /хоёр сая хоёр зуун дөчин зургаа мянга таван зуун найм/ төгрөг гаргуулан А.Н д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 78 579 /далан найман мянга таван зуун далан ес/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан  цалинд тооцсон дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих  байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дээрх цалинд ногдох шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5.,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч А.Н улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 50886 төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгосугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                     

ДАРГАЛАГЧ                                Ч.ИЧИНХОРЛОО