Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 227

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: С.Болорзул,

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,

Шүүгдэгч: Б.Г, нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914003700287 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Г

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 18-12 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Л.Цг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр би найзынхаа төрсөн өдөрт очсон. Тэгээд би жаахан согтсон байсан тул би эргэж яриад хаанаа байгаа талаар хэлсэн чинь намайг Ц машинаар ирж авсан. Намайг Ц гэрт хүргэж өгөх замдаа би чамд гэр машин өгье хүүхдийн мөнгийг тогтоолгохгүй шүүх дээр очоод тохиролцсон гэсэн бичиг хийгээд өг гэсэн. Тэрнээс болж би Цтой маргаж өөр рүү нь жаахан дайрсан байна лээ. Би түүнийг самардаж алгадсан... гэх мэдүүлэг /хх-62-63/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч Л.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Тэгээд би гэртээ харих гэж явж байхад над руу Г залгасан. Тэгсэн “Би амчуулд айлд байна, дүүтэйгээ хамт байна” амьчуулийн олон дэлгүүрийн өмнө хүрээд ир гэсэн би тэгээд тэнд нь явж очиход Гандангийн нарийнаас ганцаараа гарж ирсэн. Тэгээд Баянхонгор сумын 7-р баг 18- 12 тоотод хүргэж өгөх гэсэн гудамжинд нь нэг худаг байдаг тэнд очоод зогссон тэгээд юм ярилцах юм уу яасан юм гэж Г асуусан “Чи согтуу байна ороод унт гэхэд би буухгүй чи буулгах гэлээ чамтай эргэж нийлнэ гэж хэлсэн би тэр үед чамтай дахиад нийлэхгүй” гэдгээ хэлсэн. “Чи авах юм байвал бүгдийг нь ав, харин би харин чамтай иргэж нийлэхгүй” гэдгээ хэлсэн. Тэгсэн шууд над руу орилж хашгираж дайраад хоёр чихнээс барьж авч зулгаагаад хацар дээрээс хазаж намайг самардсан тухайн үед намайг хорих гэхээр хазаад байсан тэгээд би аргадаж гайгүй болгоод гэрт ор гэсэн чинь гэртээ орох гэж алхаж байгаад буцаж чулуу барьж гүйж ирээд машины урдаас чулуу шидэж урд салхин шил хагалсан мөн урд копудын хойд үзүүр хэсэг цөмөрсөн тэгээд хаалга хөлөөрөө өшиглөөд барьж байсан цүнхээрээ шавхуурдаад байсан тэгээд машин дотор сууж над руу дайрч тийчлээд жийгээд байсан тухайн үед шил арчигчийн бариул хугалж машины хөгжмийг цааш чихсэн тэгээд чи чаддаг юм бол цагдаад өг тэгэхгүй бол би чамайг зодсоор байх болно гэсэн тэр үед би цагдаа дуудаж цагдаад өгч явуулсан. Намайг самардаж нүүр ам, хоолой урсан мөн хацар, гараас хазсан 2 чихнээс татаж чих ханзарсан. Миний ажилладаг сургуулийн Верна аксент маркийн тээврийн хэрэгслийн урд салхин шил, урд копуд, шил арчигчийн гар эвдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/

 ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг / хх-ийн 30-31/,

4. Гэрч Г.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Верна маркийн машинтай Ц гэх залуу ирсэн тэр машинд Г суугаад нөхөртэйгөө хэрүүл хийгээд байгаа харагдсан тухайн үед очиход зүгээр хоорондоо хэрүүл хийгээд байсан тэгээд байж байхад Мягмарсүрэн ирж удалгүй цагдаа нар ирсэн. Би Гийг сайн танихгүй манай хүүхэд явдаг цэцэрлэгт хамт явдаг тэгээд танилцсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/

5. Гэрч Г.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Тэгээд шөнө 01 цагийн орчимд байх Л.Ц над руу залгаад ирээд аваадах гэхээр нь би цагдаагийн газрын үүдэнд ирж машинаа авахад машины шил арчигчийг ажиллуулдаг гар болон урд салхины шилний доод хэсэгт жаахан газар цуурсан, копуд нь дээр жаахан хонхойсон байсан. Л.Ц* эрүүл байсан ба эхнэр нь байхгүй байсан. Тэгэхэд Ц манай эхнэр ингэчихлээ гэж байсан. Л.Цгийн нүүр ам нь нил шалбархай болсон байсан эхнэртэй зодуулчихлаа гэж байсан... гэх мэдүүлэг /41-42/

6. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 292 дугаартай шинжээчийн:

1.Л.Цгийн биед доод зовхинд цус хуралт, зовхи, хацар, хүзүү, шуу, сарвуу, чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй .гэх дүгнэлт /хх-ийн 08-09/

7. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 05 дугаар сарын 09 –ний өдрийн 248 дугаар шинжээчийн

1.2001 он үйлдвэрлэгдсэн Accent Verna маркийн урд салхины шил хагарсан 90.000 төгрөг,

2. Шил арчигч хугарсан нэг ширхэг 10.000 төгрөг,

3. Кобуд цөмөрсөн нэг ширхэг 30.000 төгрөг, нийт нэг зуун гучин мянган 130.000 төгрөг...гэх дүгнэлт /хх-ийн 50-51/ болон хавтаст хэргийн 68 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Гийн урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Г нь 2019 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 18-12 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч нөхөр Л.Цг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Л.Ц мэдүүлэг, гэрч Ц.Цтуяа, Г.Б нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 292 дугаартай шинжээчийн дүгнэлт, үнэлгээний 248 дугаартай дүгнэлт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Гийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Б.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Гт оногдуулсан ялыг түүний орлогын байдлыг харгалзан хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Г нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ийн мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Гт нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Гийг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Гт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.\

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугара зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Б.Гийн эзэмшлийн Самсунг маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Гт буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ