Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 229

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.БатЦ даргалж,

Улсын яллагч : В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,

Шүүгдэгч: Ц.Э түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914000000270 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 58 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, Ц.Э,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Э нь Б.Цтой бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 12 дугаар гудамжны 1 тоотод хашаанд байх П.Нгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 329 500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

... Ц ах манай гэрийн урд руу хавраас хойш эзэн нь ирдэггүй шар өнгөтэй дэлгүүр байгаа тэнд архи байж байгаа хоёулаа очъё гэсэн тэгэхээр нь би эзэн нь хүрээд иртэл яах юм гэхэд зүгээрээ эзнийг нь таньдаг юм гэрийнх нь эзэнтэй архи ч хувааж ууж байсан гэсэн тэгэхээр нь за тэгье гээд явсан тэгээд уг гудамжныхаа үзүүр дээр очоод хаалгыг нь татаж үзэхэд онгойхгүй байсан тэгэхээр нь тойроод очоод цонхыг нь хагалаад порчигийг онгойлгоод би орсон Ц ах би багтахгүй чи ор гэсэн тийшээ ороход авчихмаар юм байгаагүй 25 литрийн бетон байна Цэвээнээ ахаа гэхэд аваад гараад ир гэсэн тэгээд хашаанаас гараад хойд талын гудамжны үзүүр дээр суугаад үлдсэн тал архиа ууж байж Ц ах нөгөө талынх нь өрөөнд орвол архи бол зоолттой байгаа эднийх дэлгүүртэй айл юм чинь гэж хэлсэн тэгэхээр нь би цоожтой байсан гэхэд Ц ах буцаад оръё нөгөө талынх нь цонхоор гэхэд би тэгье гээд байшингийн баруун талын цонхны жижиг порчигийг байшингийн ард байсан арматурын төмрөөр цохиод хагалж гараа оруулан үүрчгээр нь онгойлгоод би орсон гадаа цонхны доор Ц ах хүн хараад сууж байсан тэнд би авдрыг нь онгойлсон тэгтэл 2 литрийн пиво байсан түүнийг аваад Ц ахад энд пиво байна гээд хэлэхэд хамар хашаанаас нь нэг банди юун хүмүүс бэ гэж утасны гэрэл тусаагаад асуусан тэгтэл Ц ах би таньдаг хүн нь байгаа юм гэж хэлж байсан тэгтэл тэр залуу цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн тэгтэл Ц ах зугтаагаад алга болсон тэгээд би буцаад гарах гэтэл цонхоор багтаагүй тэгэхээр нь нөгөө пивоноос талыг нь уугаад тэр алин орон доогуур ороод нуугдаад хэвтэж: байтал цагдаа нар ирээд тэгээд баригдаад 25 литрийн бетон байгаа газраас зааж өгөөд цагдаа дээр ирээд эзэн гэх хүмүүс буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-62/

2.Шүүгдэгч Ц.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч П.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр манай гэрт хулгай орсныг мэдээд цонх хагарсан хойд өрөөний авдрыг онгойлсон дотор нь дэлгүүрт зарагдаж байсан 1 ширхэг пиво байхгүй байсан бусад пивонуудыг тоолж үзэхэд тоо ёсоор байсан гэрт байх эд зүйлүүд бүрэн харин байшингийн дээвэр дээр байх хураалгатай байх гэрийг үзэхэд 2 ширхэг эсгий туурга, 1 ширхэг берзээнтэн туурга алга болсон байшингийн дотор хаалганы цоож, цүүг эвдэлсэн байдалтай байсан...Би хурааснаас хойш гэрийн эд зүйлээ үзээгүй өөрөө байшинд байнга байж байгаад 2018 оны 3 сар гаргаад хөдөө гарсан. Тэгээд хулгай орсон гэхэд л ирж мэдсэн...Тухайн үед манай байшингийн ар талын хашаа урагшаа хазайсан болохоор түүгээр дээвэр туурга, зөөсөн байна гэж бодоод мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14/

...Хөнгөн цагаан бидон байсан үнэлбэл 70.000 төгрөгөөр үнэлнэ. Дээвэр. туургаа хүнд өгч, зарсан зүйл байхгүй манайх 2017 оны 10-11 дүгээр сард гэрээ байшингийнхаа дээвэр дээр хураагаад он гараад 2018 оны 03 дугаар сарын эхээр хөдөө явсан тэгээд хулгай орсон гэж дуулаад хулгай орсны уаргааш байшиндаа ирээд дээвэрт хураасан гэрийнхээ эд зүйлийг үзэхэд эсгий туурга 2, берзентэн туурга 1 ширхэг байхгүй байсан. Би хурааснаас хойш гэрийн эд зүйлээ үзээгүй өөрөө байшиндаа байнга байж байгаад 2018 оны 03 дугаар сар гаргаад хөдөө гарсан. Тэгээд хулгай орсон гэж ирж мэдсэн.Хохирлоо барагдуулаад авчихвал гомдол саналгүй ээ ...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

4. Яллагдагч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Э ороод байшингийнх нь цонхыг хагалаад 25 литрийн хөнгөн цагаан бидон аваад гараад ирсэн тэгээд түүнийг ар талын гудамжны үзүүр дээр тавьчхаад байж байтал Э буцаад намайг цуг оръё гэсэн тэгээд би хашаанд нь ороод сууж байсан тэгсэн Э буцаад ертөнцийн зүгээр баруун талын цонхыг хагалсан юугаар хагалсныг хараагүй тэгээд Э дотор нь явж орсон тэгэхэд нь би гараад доор сууж байсан тэгтэл Э Цэвээнээ ахаа зөндөө пиво байна гэсэн тэгтэл хажуу талынх нь айлын хүн цагдаа дуудлаа юун хүн бэ гэсэн тэгэхээр нь би гараад зугтаасан...2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр байх Н.Болдбаатар зах дээр архи ууж байгаад цуг гэр лүү нь яваад очиж нэг шил архи уугаад унтаад байж байтал нэг залуу орж ирснээс Баагий гэсэн ахынхаасаа телевизор аваад ирье гэсэн Болдбаатарыг таньдаг гэх тэр залууг дагаж яваад Хөх толгойн хойшоо нэг байшинтай айлд ороод тэр жижиг цонхоор телевизорыг гаргах гээд багтахгүй байсан тэгээд ертөнцийн зүгээр баруун талын цонхыг хагалаад Баагий гэх залуу нь телевизор барьж гарч ирээд хашаанаас гараад урагшаа алхаж байгаад Болдбаатарт телевизороо өгсөн Болдбаатар тэвэрч яваад тэр гудамжны урд талын гудамжны үзүүр дээр явж байтал цагаан машин гэрлээ тусаагаад давхиад ирсэн тэгсэн тэр нь гэрийн эзэд нь байсан...би Ганболдынд ороход тэр ганцаараа унтаж байсан тэгээд гэрээс нь гараад иртэл мотоциклд нь түрхүүр нь зоолгоостой байсан тэгэхээр нь нь асааж унаад хашаанаас нь гараад Болдбаатарыг араараа сундлаад зах орсон тэгтэл Болдбаатар хот явъя гэсэн тэгэхэд би бензиний мөнгө байхгүй гэхэд надаа байгаа гэсэн тэгээд хот руу гараад Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумаас бензин хийж яваад Өвөрхангай аймаг орох гэж яваад цагдаад баригдсан Болдбатаар мотоцикл хулгайнх гэдгийг мэдэж байсан би хэлсэн.,.2018 оны 08 дугаар сарын 26-ны үед Саруулынд нэг шил архи аваад очсон тэгээд түүнийгээ хувааж уугаад Саруулд Аззаяагийнх эзгүй байгаа Аззаяа Хөвсгөл явсан талаар хэлээд машиных нь аккумляторыг авч архи авч ууя гэж явсан тэгээд Аззаяагийн байшингийн хаалганы цоожийг төмрөөр гөжсөн чинь хаалга нь онгойсон тэгээд 40 литрийн бидон, 10 литрийн бидон, зурагт, 5 бидон аккумлятор тоон системийн хүлээн авагч Саруулын хамт аваад Саруулын гэрт аваачиж тавьсан тэгээд 2-3 хоногийн дараа цагдаад'баригдаад авсан эд зүйлээ буцааж өгсөн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-54/

5. Гэрч П.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

... Миний төрсөн дүү П.Н нь 2018 оны 03 дугаар сарын 08-наас хойш хөдөө мал дээрээ гарлаа гээд надад гэрийнхээ түлхүүрийг өгч явсан тэрнээс хойш би тэдний худаг болох хашааных нь ертөнцийн зүгээр зүүн талын үзүүрт байх цагаан худаг дээр ус заран гэрийг нь харж нохойг нь хооллодог байсан тэдний гэр нь 2 дугаар баг 12 дугаар гудамжны зүүн талын хамгийн үзүүрийн айл байгаа юм. Харин хөдөө би 2018 оны 07 дугаар сарын 08-нд явахдаа хүү болох Амгаландаа худаг дээр суугаад ус зараад хашаа гэрийг нь харж байгаарай гэж захиж үлдээгээд явсан хойгуур хулгай орсон байна...Түлхүүр нь надад байсан болохоор өдөр болгон гэрийг тойрч харж гэрт нь орон нохойных нь хоолыг гаргаж нохойд өгдөг байсан...байшингийн цонхнууд бүгд бүтэн хаалганы чүү нь бүтэн цоожтойгоо цоожлогдсон байдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/

6. Гэрч С.Амгалан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

... 2018 оны 07 дугаар сарын 18-ны шөнийн 00 цаг болж байхад миний аавын дүүгийн хүүхэд Ариунболд ах миний утас руу залгаад Ганхүү ахынд хулгай орсон байна гэсэн тэгэхээр нь би хэн тэгж байна гэж асуухад Мөнхзул хэлсэн одоо танайх руу очиж байгаа гэсэн тэгээд унтаж байсан болохоор хувцсаа өмсөөд байж байтал Мөнхзул орж ирээд би сая хотоос ирээд Ариунболд ахынд очих гээд явж байхад Ганхүү ахын үүдэн дээр цагдаагийн машинууд ирсэн байсан тэгэхээр нь Ариунболд ахынд очйх гээд явж байхад Ганхүү ахын үүдэн дээр цагдаагийн машинууд ирсэн байсан тэгэхээр нь Ариунболд ахад хэлээд танайд ирлээ гэсэн тэгээд бид хоёр Ганхүү ахынд очиход хүмүүс байхгүй явсан байхаар нь цагдаа дээр ирсэн тэгээд 25 литрийн цагаан бидоноо буцааж явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

7. Гэрч О.Мөнхзул мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ

...2018 оны 07 дугаар сарын 18-ны шөнийн 00 цаг өнгөрч байхад хотоос ирээд Хөх толгойн голоор өгсөж байгаад Ганхүү ахын гэрийн хажуугаар гарахад цагдаагийн машин байсан тэгээд тэднийд ороод цагдаа нараас юу болсон талаарх асуухад хулгай орсон гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/

8. Гэрч Б.Р мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

... 2018 оны 07 дугаар сарын 18-ны шөнийн 23 цаг 50 минутын үед би гэрлээ унтраагаад унтах гээд хэвтэхэд хажуу талын айлын хашаанд хүн алхаад хагалсан цонхон дээгүүр алхаад байгаа чимээ гараад байсан тэгэхээр нь хажуу айлын хашаанд тулж очоод гэрэл асаасан чинь 40 гаран насны бараан царайтай нэг хүн сууж байхаар нь эзгүй айл та нар юу хийж байгаа юм гэхэд найзындаа ирсэн юм гэсэн тэгэхээр нь цагдаад дуудлага өглөө гэсэн чинь зугтаагаад явсан, тэгэхэд байшин дотор нэг зүйл хөдөлсөн тэр луу гэрэлд дусаахад нэг хүн байсан тэгээд тэр хүнийг чи наанаа байж бай гэж хэлээд цагдаад 00 цаг 02 минутад дуудлага өгөөд 00 цаг 05 минутад ирж тухайн байшин руу орж орон доогуураас нь олж барьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/

9. Гэрч А.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Ц.Э айлын 4 дэх хүүхэд байгаа юм хүнд тусархуу ямар нэг зүйлийг харамлах сэтгэл байхгүй цэргийн алба хаасан нөхөр бид хоёрын үгэнд гэртээ согтуу орж ирж байгаагүй тамхи татна гэхдээ миний дэргэд татахгүй эгч ахаасаа айна тэднийхээ үгэнд орно хар бор ажилд сайн морь уядаг уясан морь нь овооны наадамд түрүүлж байсан удаа бий. Сургуульд байхдаа шатар их сайн тоглодог барилддаг байсан хичээл сургуульдаа сайн хүүхэд байсан. Аль ч малыг хариулна, айл саахалтын улсууд юм гуйхлаар түргэн тусалдаг гэж миний хүүг үнэлдэг. Гэрийн хар бор ажил болон бригадаас зохион байгуулсан ажил арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцдог. Айлын байшингийн цонх хагалаад цуг явсан хүн нь цонхоор нь орж чадахгүй гээд манай хүүхдийг ороодох гэхээр нь орж пиво уугаад байж байтал цагдаа нар ирээд баригдсан гэж өөр хэлж байсан гэсэн тэр айлын хохирол гомдлыг манай зүгээс өнгөрсөн намар 9 дүгээр сард барагдуулсан байгаа өөр нэмж ярих зүйлгүй миний ярьсан зүйл бүгд үнэн зөв ...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/

10. Гэрч С.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

... Би Эын аав ээжтэй хамт олон жил хамт нутаглаж байна ээж аавтайгаа хонь хариулаад хөдөө байдаг айл саахалтын хүмүүстээ тус нэмэр болдог үе үе найзуудтайгаа нийлээд архи уучих гээд байдаг тэр болгон архи ууж бзйхы" харж байгаагүй малд сайн хамт олондоо туслахдаа сайн, хүний үгээр ээж аавынхан үгэнд ордог заримдаа зугтаад байдаг хүүхэд байгаа юм. Хүүхэд байхдаа сэргэлэн цовоо сурлага номдоо сайн хүүхэд байсан. Ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар сайн мэдэхгүй байгаа цагдаа дээр ирээд мэдүүлэг өгөөдхөөч гэхээр нь ирж мэдүүлэг өгч байна өөр нэмж ярих зүйлгүй миний ярьсан зүйл бүгд үнэн зөв ...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/

11. Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаар шинжээчийн

1. Эсгий туурга 2016 онд шинээр авсн 2 ширхэг нэг бүрийн үнэ 40.000 төгрөг нийт 80.000 төгрөг,

2. Брезент туурга шинэ 1 ширхэг 120.000 төгрөг,

3. Цоож хятад нэг ширхэг 4000 төгрөг,

4. Хаалганы цүү нэг ширхэг 1000 төгрөг,

5. Пиво 1.5 литр Хүрэхрээ нэг ширхэг 4500 төгрөг,

6. Вакум цонх хуучин 2 ширхэг нэг бүрийн үнэ 25000 төгрөг нийт 50.000 төгрөг нийт үнэлгээ хоёр зуун тавин есөн мянга таван зуун 259500 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38/

12. Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 229 дугаар шинжээчийн

1. 25 литрийн хөнгөн цагаан бидон шинэвтэр нэг ширхэг 70000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42/ болон хавтаст хэрэгт 48-49 дүгээр хуудсанд авагдсан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, гардуулсан баримт, автаст хэрэгт 48-49 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн нэг хуудас нотлох баримт гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Ц.Э нь Б.Цтой бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 12 дугаар гудамжны 1 тоотод хашаанд байх П.Нгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 329 500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч П.Н гэрч П.С, С.Амгалан, О.Мөнхзул, С.Р А.Ж, С.Ц нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээний шинжээчийн 147, 229 дугааруудын дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Эыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж шүүгдэгч Ц.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч Ц.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн...ийг цээрлүүлэх,...д оршино” гэснийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багаггүй ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Эт оногдуулсан хорих ялыг учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, түүнд зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах шаардлаггүй гэж үзлээ.

Энэ талаар өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч хангах нь зүйтэй гэж үзлээ.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.Э нь хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Ц.Эын энэ хэргийн учир арван дөрөв хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсон бөгөөд Ц.Эрлэнэбаатар нь урьд нь цагдан хоригдон байсан талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Эыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Эыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар ялтан Ц.Эт нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Эын арван дөрөв хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Ц.Эт нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.Эт авсан уагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2019 оны 08 дугаар сарын 12-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                       

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ