Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 230

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч : В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж

Шүүгдэгч: Б.Д, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1- дэх хэсэгт зааснаар Б.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814002380179 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 257 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145.2 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялыг 01 жилээр тэнссэн, 2011 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145.2 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан. Б.Д,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Дэлгэрэх захад байрлах Ч.Бийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулах болох дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 365 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

...Урьд өмнө өгч байсан мэдүүлгүүд бүгд үнэн зөв. 2018 оны 04 .тээр сарын 22-ны өдөр би Дэлгэрэх зах дээр өдрийн 35.000 төгрөгөөр ажилд авч байгаа 7 хоногоор цалин өгдөг гэж дуулдахаар нь Дэлгэрэх зах дээр баригдаж байгаа барилгын хариуцаж байгаа хүнтэй уулзах гээд орох гэтэл хаалгыг олж чадаагүй буцаад Дэлгэрэх захаас гараад явж байхад манай эхнэр Д над руу утсаар яриад мөнгө байвал хүүхдэд байрны шилтэй жижиг тараг аваад аваарай гэхээр нь би тараг авахаар болоод Дэлгэрэх зах руу буцаж орж захын урд хэсэгт байх цагаан идээний дэлгүүр онгорхой байхаар нь тараг авах гээд орсон чинь лангуун дээр нь хүн байгаагүй би тараг авъя гээд дуудсан хариу өгөхгүй байхаар нь би буцаад дэлгүүрээс гарч яваад хойшоо алхаад төв зам дээрээс такси бариад тойргийн хажуу талын цагаан идээний захаас тараг аваад гэр лүүгээ явсан. Би тухайн цагаан идээний дэлгүүр ямар нэгэн эд зүйлс болон мөнгө төгрөг хулгайлсан зүйл байхгүй. Би тухайн цагаан идээний дэлгүүрээс тараг авах гэж орох үед дэлгүүрт хүн байгаагүй би дэлгүүрийн арын өрөөнд хүн байгаа байх гарч ирэхгүй байна гэж бодсон. Би энэ хэргийн үйлдээгүй хүлээн зөвшөөрөхгүй үнэн зөвийг олж өгнө үү гэж хүсэж байна мөн нэр төрөө сэргээх хүсэлтэй байна. Би цагийг нь сайн мэдэхгүй багцаагаар 17 цаг өнгөрч байсан байх би яг цагийг нь санахгүй байна. Уг цагаан идээний дэлгүүр онгорхой байсан. Өөр надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 48-49/,

2. Шүүгдэгч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөгч Чинзориг намайг гутаан доромжилсон нь үнэн. Тухайн үед Ч.Б гуайн нөхөр Түмэннасан, дадлага хийж байсан оюутанууд хамт байсан. Би тухайн дэлгүүр рүү тараг авах гэж л орсон. Надад өөр санаа зорилго байгаагүй. Намайг өмнө нь хулгайн хэрэгт холбогдож байсан болохоор гүтгээд байх шиг байна. Би өмнө нь ял шийтгүүлж байсан болохоор гэмт хэрэгт холбогдохыг хүсдэггүй. Хийгээгүй хэргийнхээ төлөө хэрэгтэн болоод зогсож байгаадаа харамсаж байна. Камерын бичлэгээр царай нь тодорхой харагддаггүй. Яг хэн, хэн дэлгүүр рүү орж байгаа нь мэдэгддэггүй гэв.

3. Хохирогч Ч.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

... Манай хажуугийн дэлгүүрийн нэр нь Таван эрдэнэ нэртэй цагаан идээний дэлгүүрийг Т гэдэг эмэгтэй дэлгүүрийг ажиллуулдаг. Дэлгүүрт ороод 5 орчим минут болсон байх. Хурдан дэлгүүрээс гарсан шиг санагдсан чинь бичлэг үзэж байхад удсан байна лээ. Нөхрийгөө хаанаас ирсэн талаар асуух шаардлагагүй. Бид 2 хамт байж байгаад би түрүүлээд дэлгүүр лүү орсон араас манай нөхөр орж ирсэн. Уг үйл явдал 5 минут орчим хугацаанд болж өнгөрсөн 2018 оны 04 сарын 21, 21- ний өдрийн орлого 1 өдөрт цагаан сараас хойш хаврын улиралд 100.000 төгрөгөөс 250000 төгрөгийн орлоготой. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг. /хх-ийн 21-23/,

...Тухайн өдрийн 18 цагийн үед цагаан идээний дэлгүүрийн гадаа манай нөхөр Э үлдсэн би Т эгчийн цагаан идээний дэлгүүрт ороод юм ярьж байтал араас нөхөр Э орж ирээд 5-10 минут орчим болсон бөгөөд Т эгчийн дэлгүүрийн цонхоор харж байхад ямар нэгэн хүн манай дэлгүүрт орж харагдаагүй тэгтэл сүүлд нь хяналтын камер үзэж байтал нэг залуу буюу Б.Д гэх залуу манай дэлгүүрт ороод гарсан байсан нь хяналтын камерт бичигдсэн байсан. Тухайн үед дэлгүүрт хүн байгаагүй. манай дэлгүүр хаалга хаалттай байсан харин цоожгүй байсан. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/

2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цагийн үед би цагаан идээний дэлгүүр дотор өөрийн орлогийн мөнгийг зэгцэлээд түрийвчин дотор 20.000 төгрөгний дэвсгэрт, 10.000 төгрөгний дэвсгэрт 5000 төгрөгний дэвсгэртээр нь түрийвчин дотроо хийсэн үлдэгдэл 500, 1000, 100, 50 задгай дэвсгэртийг хайрцаг дотор үлдээлсэн юм. Тэгээд 18 цагийн үед манай нөхөр Э цагаан идээний дэлгүүр дээр ирсэн тэгтэл гадаа 2 мотоциклтой хажуу талын дэлгүүрийн Т эгчийн хүү Цогоо, Аптантүлхүүр нар ирээд нөхөр Э бид 2-ийг 5000 төгрөг өгөөч маргааш банк онгойхоор өгье гэхээр нь мөнгө өгөхгүй одоо явцгаа гээд хэлсэн Цогоо, Алтантүлхүүр нар хэсэг хугацааны дараа яваад өгсөн нөхөр Э бид 2 цагаан идээний дэлгүүрийн гадаа зогсож байгаад би Т эгчид танай хүү Цогоо, Аптантүлхүүр нар явчихлаа гэж хэлэхээр Т эгчийн цагаан идээний дэлгүүрт орсон 2-3 минут байж байсан чинь манай нөхөр Э нь дэлгүүрээ онгорхой орхиод ороод ирэхээр нь цонхоор дэлгүүрлүү хүн орчих байх гээд хараад зогсож байхад хүн орж харагдаагүй тэгээд Т эгчийн дэлгүүрт нөхөр Эын хамт 2-3 минут орчим болоод Т эгчийн дэлгүүрээс би гараад өөрийн цагаан идээний дэлгүүрт орж лангуун дотроос түрийвчээ аваад дэлгүүрээ хаагаад нөхөр Эыг явъя гэж дуудаад нөхөр Э бид 2 машиндаа суугаад гэрлүүгээ явсан гэртээ ороод түрийвчтэй мөнгө үзтэл түрийвчин дотор байсан 365.000 төгрөг алга болсон байсныг мэдээд цагаан идээний дэлгүүрт очоод Дэлгэрэх захын хяналтын камерыг байцаагч Чинзоригийн хамт шалгаж үзэхэд хяналтын камер ажиллуулах хүн байхгүй гээд маргааш өглөө үзэхээр болоод маргааш өглөө нь Дэлгэрэх захын хяналтын камерыг шалгаад үзтэл БД гэгч нь нөхөр Э бид 2-ийг дэлгүүрээ онгорхой орхиод Т эгчийн дэлгүүрт орсон хойгуур хана дагаж орсон байсан нь хяналтын камерт бичигдсэн байсан бөгөөд Т эгчийн дэлгүүрийн цонхоор өөрийн цагаан идээний дэлгүүрлүү хархад хана дагаж орж байгааг нь харагдахгүй юм байна лээ. Тэгээд би сүүлд нь цагдаагийн газарт Б.Дг харах үед манай дэлгүүрт урд өмнө хэд хэдэн удаа орж гарч юм авахгүй юмны үнэ асуучихаад гараад явдаг байсан залуу байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 85-87/

...Тиймээ би сая эд мөрийн баримтаар хураагдсан Дэлгэрэх захын хяналтын камерийн бичлэгийг үзсэн бичиг эхлэх үед манай сүү цагаан идээний дэлгүүрийн урд талд манай хажуу талын сүү цагаан идээний дэлгүүрийн эгч Т эгчийн хүү Цог түүнтэй хамт явж байсан Алтантүлхүүр нар болон манай нөхөр Э бид 4 камерийн бичлэг дээр харагдаж байна тухайн үед Цог, Аптантүлхүүр нар нь мотоциклтой ирсэн нөхөр Э бид 2-той уулзчихаад мотоцикпоороо явж байгаа нь харагдаж байна энэ бичлэг дээр Цог нь бараан монгол дээлтэй харин Аптантүлхүүр шар саарал өнгийн дээлтэй харин би улаан цамцтай нь харин нөхөр Э нь хар өнгийн савхин куртекгэй байгаа нь бичлэг дээр манай дэлгүүрийн гадаа үүдэнд байгаа бичлэг үлдсэн байна Цог, Аптантүлхүүр нар явсны дараа би хажуу талын Т эгчийн дэлгүүр лүү орж байгаа бөгөөд миний араас нөхөр Э нь орж байгаа бичлэгээр харагдаж байгаа бөгөөд нөхөр Э нь Т эгчийн дэлгүүрт орж ирсний дараа манай сүү цагаан идээний дэлгүүр эзэнгүй байх Д гэгч нь орж байгаа нь бичигдсэн байна...гэх мэдүүлэг /хх-ийн 224-225/

...Би Цагаан идээг Эрдэнэцогт, Галуут сумын 20 гаран айлаас худалдан авдаг байсан юм.../2 дугаар хх-ийн 20-21/

... Тиймээ миний урд өгсөн мэдүүлэг үнэн. Миний дахин мэдүүлэг өгөх болсон шалтгаан нь манай сүү цагаан идээний дэлгүүр нь байрлалаасаа арай өөр газарт нүүсэн бөгөөд байсан газраасаа баруун урд талд 30 метр орчимд зайнд дахин үйл ажиллагаа явуулж байгаа гэхдээ миний сүү цагаан идээний дэлгүүрийн байшин болон дотор талын эд зүйлс урдын ямар байсан тэр чигээрээ хэвээрээ байгаа байрлал нь бага зэргийн өөрчлөгдсөн. Манай дэлгүүр нь ертөнцийн зүгээр зүүн гарсан байрлалтай болсон бөгөөд Дэлгэрэх зах дотор баригдаж байгаа Дунд зах худалдааны төв баригдаж ашиглалтанд орсноос болж манай байрлал өөрчлөгдсөн юм...гэх мэдүүлэ.../2 дугаар хх-ийн 98-99/

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Б мэдүүлэхдээ: Тухайн үед юу болсон талаар тодорхой мэдүүлж, хавтаст хэрэгт авагдсан. Тухайн үед би Т эгчийн дэлгүүрт орчихсон цонхон дээр нь дэлгүүрээ хараад сууж байсан. Тэр цонхоор хана дагаж манай дэлгүүр рүү орсон хүн харагддаггүй юм байна лээ. Удалгүй манай нөхөр ирээд явъя гэхээр нь цүнхэнтэй мөнгөө аваад гэртээ очсон хойно манай хүүхэд зайрмаг идье гэхээр нь мөнгө өгөх гээд түрүүвчээ онгойлготол мөнгө байхгүй байсан. Миний түрүүвчинд тухайн өдрийн орлого болох 365.000 төгрөг байсан. Буцаж дэлгүүр рүүгээ очиж үзээд байхгүй байхаар нь захын байцаагч Алтанчимэг эгч рүү яриад мөнгөө алдчихлаа камер шалгамаар байна гэж хэлэхэд одоо очлоо гэсэн. Давхар цагдаад дуудлага өгсөн. Гэтэл Алтанчимэг эгч яриад би очиж чадахааргүй болчихлоо чи цагдаа дуудаад манаачаар камер шүүлгэчих гэсэн. Мөрдөгч Чинзоригийг ирэхээр нь камер шалгах гэтэл манаач нь би мэдэхгүй гэсэн. Тэгэхээр нь маргааш болъё гээд маргааш нь ирж камер шүүхэд тухайн өдөр болсон бүх үйл явдал харагдаж байсан. Мөрдөгч тухайн бичлэгийг хуулж аваад өргөдөл бичиж өгөөрэй гэсэн. Дараа нь би утсаар ярихад олдохгүй байна гэж байсан. Сүүлд шүүх хурал болох гэж байна та орох уу гэж утсаар ярьсан. Би орох боломжгүй талаараа хэлсэн. Шүүх энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, намайг хохиролгүй болгож өгнө байх гэж найдаж байна гэв.

5. Гэрч Ч.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

... 2018 оны 04 сарын 22 ний өдөр 18 цаг өнгөрч байхад дэлгүүр дээрээ сууж байсан чинь манай таньдаг хүн согтуу ирээд архины мөнгө нэхээд байхаар нь зугтаад хажуу дэлгүүрт орсон байсан. Манай нөхөр Э согтуу хүмүүсийг явуулчхаад миний араас хажуугийн дэлгүүрт орж ирэхдээ дэлгүүрийнхээ хаалгыг цоожлоогүй орхиод ороод ирсэн. Би нөхрөөсөө зөрөөд гарсан. Лангуун доороос түрийвчтэй мөнгөө гаргаж аваад гэр лүгээ явсан гэртээ ирээд мөнгөө гаргатал түрийвч хоосон байхаар нь цагдаад Хсан. Миний түрийвчинд 365000 төгрөг бүхэл дэвсгэрт байсан. Би мөнгөн тэмдэгтийнхээ дугаарыг мэдэхгүй 20000,10000,5000 төгрөгийн дэвсгэртээр байсан, Гэр лүгээ явахдаа орлогоо эмхлүүлээд түрийвчиндээ хийсэн байсан юм. Надад нэмж ярих зүйл байхгүй..гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

 6. Гэрч С.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

... Би 2018 оны 04 сарын 22 ний өдөр Дэлгэрэх захад байрлах өөрийн сүү цагаан идээний дэлгүүрт эхнэр Бийн хамт байж байсан чинь Цогоо, Алтангэрэл нар дэлгүүрийн гадаа согтуу ирээд бид нараас мөнгө нэхээд байхаар нь явуулах гээд дэлгүүрээс гарж ирсэн. Тэгээд Цогоо, Алтангэрэл нарыг явуулаад манай эхнэр надаас түрүүлээд хажуугийн дэлгүүр лүү орсон би жаахан байж байгаад араас нь дэлгүүр лүү орсон. Тэгээд хажуугийн дэлгүүрийн цонхоор хана налж байгаад харахад манай дэлгүүр лүү хүн орж байгаа нь харагддаг юм тэгтэл хүн орж байгаа нь харагдаагүй. Дараа нь камер шүүж байхад байшингийн хана дагаж яваад манай дэлгүүрт орсон байна лээ. Намайг өөр дэлгүүр лүү орж байхыг тэр хар хувцастай эрэгтэй хүн миний урдаас алхаж яваад харсан, тэгээд хана дагаад алхаж яваад манай дэлгүүрт орсон байна лээ. Эхнэр бид 2 дэлгүүрээс гараад өөрийн дэлгүүр луүгээ орж ирээд лангууны араас цүнхээ аваад явсан. Гэртээ очсон хойноо мөнгө байхгүй байгаа талаар мэдсэн. Манай хажуугийн дэлгүүр Таван эрдэнэ нэртэй дэлгүүр. Эзнийг нь Т гэдэг. Дэлгүүрээ 5 минут орчим хугацаанд эзэнгүй орхисон. Т эгчийн хүүхэд нь надаас мөнгө нэхээд байсан 2 залуугийн нэг нь болох Цогоо гэдэг юм. Т эгч хүүхдээ согтуу ирээд мөнгө нэхэх байх гээд дэлгүүрээ цоожлоод нуугдчихдаг юм. Хүүхдийг чинь аргалаад явуулчихлаа гэж хэлэх гэж хажуугийн дэлгүүрт орсон. Миний хэлсэн ярьсан зүйлгэх мэдүүлэг. /хх-ийн 28-29/,

... энэ хэргийн холбогдогч Д гэх залуутай мөрдөгч Чинзоригийн өрөөнд мөрдөгч Чинзориг нь Д гэх залуу бид 2-т Дэлгэрэх захын хяналтын камерийн билэгийг үзүүлээд мөрдөгч Чинзориг нь Дд Хаж хяналтын камерийн бичлэгийг үзсэн үү энэ чи мөн үү гэж асуухад Д гэх залуу нь тиймээ энэ бичлэг дээр гарсан хүн би мөн байна гэж хэлсэн чинь мөрдөгч Чинзориг хэлэхдээ энэ сүү цагаан идээний дэлгүүрээс мөнгө алга болсон байна чи мөнгө авсан уу гэж асуухад Д гэх залуу үгүй би мөнгө аваагүй би тараг авах гээд ортол дэлгүүр дотор хүн алга байсан гэж ярьсан тэгээд мөрдөгч Чинзориг намайг та яв яв гэхээр би өрөөнөөс гараад явсан мөрдөгч Чинзоригийн өрөөнд Д, мөрдөгч Чинзориг нар үлдсэн. Үгүй тийм зүйл болоогуй уг мөрдөгч Чинзориг нь хяналтын камерийн бичлэгийг Д гэх залуу бид 2-т үзүүлж Дгаас чи мөн үү гэхэд Ду гэх залуу нь тиймээ энэ бичлэг дээрх хүн би мөн гэж хариулахад мөрдөгч Ч.Чинзориг нь уг дэлгүүрээс мөнгө алга болсон байна чи авсан уу гэж асуухад Д нь би мөнгө аваагүй тараг авах гээд ортол дэлгүүрт ямар ч хүн байгаагүй гэж ярьж байсан өөр зүйл яриагүй ямар нэгэн дарамталж айлгасан зүйл байгаагүй. Мөн ямар нэгэн эрүү шүүлт гэхээр зүйл болоогүй...гэх мэпүүлэг /2 дугаар хх-ийн 108-110/

 7. Гэрч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

... Би энэ залууг зүсээр нь танина нэрийг нь мэдэхгүй. 2 жилийн өмнө байх Соната 2 маркийн машинаар таксинд явдаг байсан. Одоо ямар машинтай байгааг нь мэдэхгүй байна. Энэ залуу 2018 оны 04 сарын 22 ний орой би машин руугаа орох гээд байж байхад дэлгүүрийн хажууд талд буланд зогсож байсан. / тэр өдөр энэ залууг зогсож байхыг нь би харсан./ Зогсож байсан хэсэг нь камерт харагдахгүй байна лээ. гэх мэдүүлэг. / хх-ийн 30-31 /,

...Миний зогсож байсан дэлгүүрийн хажууд дахиад 1 сендвич дэлгүүр байгаа тэрний хажуугийн буланд зогсож байсан хэр удсан талаар санахгүй байна. Намайг дэлгүүрт ачаа буулгах гээд урд машинаа хөдлөхийг хүлээгээд байж байхдаа нэг харахад л зогсож байгаа харагдсан. Бийн дэлгүүрт орсон эсэх талаар хараагүй. Дараа нь харин камер дээрээс миний хажуугаар гараад явсаар байгаад бараг хашааны хаалган дээр ирэх алдаад огцом эргээд хана дагах маягтай алхаад дэлгүүрт орж харагдсан. Миний хэлсэн ярьсан зүйл үнэн зөв. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/

8. Гэрч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2018 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр ганцаараа Есөн-эрдэнэ зах орж билльярд тоглож байгаад орой 18-19 цагийн орчим дунд зах дээр барилгын ажилд ажилчин авч байна гэхээр нь очиж уулзах гээд барилгын хаалгыг нь олж орж чадаагүй юм.Буцаж явахдаа элгэн тараг авах гээд дэлгүүрт орсон. Дэлгүүрт хүн байхгүй байхаар нь дэлгүүрээс гараад “Уран-хайрхан” барны урдуур гараад зам дагаж алхаад гэртээ ирсэн.

...Миний орсон дэлгүүрийн нэрийг мэдэхгүй, дунд захын том хаалгаар ороход хажуу талд нь хашааныхаа баруун талд байрлалтай зүүн тийш харсан хаалгатай байшин байсан.

...Дэлгүүр ороод “хүн байна уу” гэхэд хүн дуугараагүй тэгээд дэлгүүрээс гараад явсан...Би дэлгүүрээс ямар нэгэн эд зүйл аваагүй гарч явсан. ...Би дэлгүүрт ороод гарахад 1 минут хүрээгүй байх гэж бодож байна гэх мэдүүлэг / хх-ийн 34-35 /,

9. Гэрч Ж.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

... 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн орой 18 цагийн үед манай хажуу талын цагаан идээний дэлгүүрийн Б манай цагаан идээний дэлгүүрт орж ирээд надтай уулзаад байж байсан Бийн нөхөр нь болох Э орж ирээд надтай юм ярьсан бөгөөд цагаан идээний дэлгүүрээ онгорхой орхисон цонхоор хүн дэлгүүр лүү хүн орчих байх гээд хараад зогсож байгаад манай дэлгүүрт Б, Э нар нь 10 минут орчим болоод гарсан би хаах цаг болсон учир цагаан идээний дэлгүүрээ хаагаад явсан. Тэгтэл маргааш өглөө буюу 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн өглөө цагаан идээний дэлгүүрээ онгойлгосон чинь хажуугийн цагаан идээний Бийн дэлгүүрийн тухайн өдрийн орлого болох 365.000 төгрөг түрийвч дотроос алга болсон байна гэж надад хэлэхээр нь би мэдсэн юм. Тухайн үед 18 цагийн үед Б орж ирээд 2-3 минутын дараа нөхөр болох Э нь орж ирсэн. Манай цагаан идээний дэлгүүрт Б, Э нар ойролцоогоор 10 минут орчим болсон.Манай хажуу талын Б нь надад 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн өглөө түрийвч доторх мөнгө алдчихлаа гэж надад хэлсэн. Надад Б өөрөө хэлсэн юм. Тухайн өдөр манай цагаан идээний дэлгүүрт 200.000-300 000 төгрөгийн орлого орсон байх гэж бодож байна харин би Бийн цагаан идээний дэлгүүрт хэдэн төгрөгийн орлого орсон эсэх талаар мэдэхгүй байна ойролцоол орох байх гэж бодож байна. Би яагаад ийм үйлдэл хийснээ мэдэхгүй байна. Надад нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 36-37/,

10. Гэрч Д.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

...Б.Д нь манай төрсөн дүү Бямбахүүгийн төрсөн хүү байгаа юм Б.Д нь ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Баянхонгор аймагт оршин суудаг эрхэлсэн тодорхой ажилгүй хувиараа наймаа хийж амьдардаг юм. Б.Д нь төлөв даруу зантай хүнтэй зөв боловсон харьцаатай хүний үгэнд оромтгой гэр бүлдээ халамж сайтай сайхан сэтгэлтэй архи дарс уугаад байдаггүй төлөв түвшин зантай төрөл садан гэр бүлдээ нэр хүнд сайтай хүүхэд байгаа юм. /хх-ийн 39-40/

11. Гэрч П.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

... Би 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Дэлгэрэх зах руу тараг аваад ир гээд явуулсан тэгтэл уг хэрэгт холбогдсон байна уг цагаан идээний захаас мөнгө төгрөг хулгайлсан зүйл байхгүй. Манай нөхөр Б.Д нь 1990 оны 10 дугаар сарын 29-өдөр Баянхонгор аймаг Баянхонгор суманд төрсөн эхээсээ 5 уулаа айлын том доороо 4 эмэгтэй дүүтэй бүрэн бус дунд боловсролтой, ямар нэгэн мэргэжилгүй, одоогоор хувиараа Баруун бүс худалдааны төв бараа зарж наймаа хийдэг юм одоо 2 хүүхэдтэй том хүү 13 настай 9 дүгээр ангид суралдаг бага нь охин 4 настай цэцэрлэгт явдаг юм. Б.Д нь төлөв даруу зантай ажилсаг цэвэрч нямбай гэр бүлээ авч явах гэж хувиараа машин барьж таксинд явдаг гэр бүлдээ халамж сайтай хүнтэй зөв боловсон харьцаатай гэр орны ажилдаа сайн хүний сайн хань байгаа юм. Манай нөхөр Б.Д нь архи уухгүй тамхи татдаг ямар нэгэн илүү дутуу зан болон гаж буруу зуршил байхгүй хүн байгаа юм. гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/

12. Гэрч Н.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

...Би Ч.Бийг танина Б бид нар Дэлгэрэх зах дээр олон жил сууж байгаа болхоор биенээ бол сайн танина. Ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Би хувиараа Дэлгэрэх зах дээр цагаан идээ зарж борлуулдаг юм. 2018 оны 04 дүгээр сард Дэлгэрэх зах дээр манай цагаан идээний лангуунд өдөрт багадаа 150.000 төгрөгөөр 200.000 төгрөг тогтмол ордог байсан бараа сайтай орлого сайн өдөр дээд талд 400.000 төгрөгний орлоготой байдаг юм. Ер нь хаварын улиралд орлого сайн байдаг яагаад гэвэл хавар хүний гар дээр цагаан идээ байдаггүй учир бид нараас цагаан идээ авах элбэг байдаг юм. Ч.Бийн цагаан идээний дэлгүүр нь байршил сайтай олон хөлдөөгч, хөргүүр сайтай учир бид нарыг бодвол орлого сайн олдог бөгөөд Ч.Бийн цагаан идээний дэлгүүр нь өдөрт доод тал нь 250.000 төгрөгний орлоготой байдаг байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 102-104/

13. Гэрч Б.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

... Ч.Б гэх танина гэхдээ ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Ч.Б бид 2 цуг Дэлгэрэх захад цагаан идээ зардаг учир танина мөн би Галуутын цагаан бурам, жимстэй бурамыг үйлдвэрлэж Ч.Бид заруулахаар өгдөг болохоор танина. Би хувиараа Дэлгэрэх зах дээр цагаан идээ зардаг мөн цагаан идээ өөрөө хийж үйлдвэрлдэг юм. Хаварын улиралд цагаан идээ хомс байдаг учир цагаан идээ үнэтэй байдаг бөгөөд тухайн үед гадуур цагаан идээ ховор байдаг учир бид нарын орлого хаварын улиралд нэмэгдэг 2018 оны 04 дүгээр сард өдөрт хамгийн багадаа 200.000 төгрөгний орлоготой байдаг бөгөөд хамгийн их орлого сайтай өдрөө 500.000 төгрөгний орлогтой байдаг ер нь тухайн хаварын цагаар 200.000-500.000 төгрөгний хооронд өдрийн орлоготой байдаг юм...гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 105-107/ болон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа 1дүгээр хх-ийн 52 урьд ял шийтгэгдсэн тухай хуудас хх-ийн 50-51, хавтаст хэргийн 1 дүгээр хх-ийн 10-13 дугаар хуудсанд авагдсан хэргийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 179-180 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Дгийн Улсын дээд шүүхэд гаргасан гомдол, 1 дүгээр хавтаст хэргийн 80-82 дугаар хуудсанд авагдсан хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 106-107 дугаар хуудсанд авагдсан хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 142-149 дүгээр хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2018/ШЦТ/236 дугаар шийтгэх тогтоол, 2 дугаар хавтаст хэргийн 10-11 дугаар хуудсанд авагдсан улсын яллагч Э.Гантулгад гаргасан шүүгдэгчийн шүүгдэгчээс гаргасан хүсэлт, 2 дугаар хавтаст хэргийн 15-16 дугаар хуудсанд авагдсан прокурорын тогтоол, 2 дугаар хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудсанд авагдсан эд мөрийн баримтаар хураагдсан СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл, 2 дугаар хавтаст хэргийн 83-91 дүгээр хуудсанд авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэг нь гэм буруу эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр шаттай явагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах иргэн Ч.Бийн эзэмшлийн дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 365.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох хохирогч Бийн мэдүүлэг, гэрч Э, Б, Т, Цог, Д, Ж нарын мэдүүлэг, Б.Дгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэсэн дүгнэлт гаргаж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Б.Дг энэ гэмт хэргийг үйлдсэн гэдгийг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотолж чадаагүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар тухай дэлгүүр тийм хэмжээний орлого олсон байна. Мөн тухайн мөнгө алдагдсан байна гэдгийг л нотолсон. Тухайн мөнгө алдагдсаныг үгүйсгэхгүй байна. Миний үйлчлүүлэгч тухайн дэлгүүр орсон, гэхдээ мөнгө аваагүй гэдгээ анхнаасаа мэдүүлсээр ирсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад туршилт хийсэн боловч ингэхдээ хууль зөрчсөн. Иймд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүхээс хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан бөгөөд уг ажиллагааны явцад шүүгдэгч Б.Дд холбогдох хэрэгт мөрдөн баццаалтын туршилтыг явуулахдаа шүүгдэгч Б.Дг оролцуулж болох боловч уг гэмт хэргийг үйлдсэн мэтээр дүрсэлж хийсэн нь байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Учир нь шүүгдэгч Б.Д нь уг гэмт хэргийг үйлдээгүй талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсээр байтал туршилт хийх явцдаа гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүрсэлж бичсэн нь буруу байх тул уг туршилт хийсэн ажиллагааны шүүгдэгч Б.Дг оролцуулсаныг нотлох баримтад тооцохгүй байхаар шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Б мэдүүлэхдээ тус дэлгүүрт Б.Дгаас өөр хүн ороогүй, нөгөө талаар камерын бичлэгт шүүгдэгч Б.Дгаас өөр хүн ороогүй болох нь батлагдаж байх тул шүүгдэгч Б.Дг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтэрч хулгайлсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Харин аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулах болох дэлгүүрт хууль бусаар нэвтэрсэн гэж зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.

Учир нь иргэн Ч.Б нь өөрийн эзэмшлийн дэлгүүрийн хаалгыг тусгайлан хамгаалж цоожлоогүй хаалгыг онгорхой орхисон талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн нөгөө талаар Ч.Бийн эзэмшлийн дэлгүүр нь худалдааны зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тухайн үед хаалга онгорхой байсан учир худалдан авагч чөлөөтэй орж гарах нь нээлттэй байсан байна.

Ийм учраас үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулах болох дэлгүүрт хууль бусаар нэвтэрсэн гэж үзэхгүй юм.

Иймд шүүхээс өмгөөлөгчийн гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгох дүгнэлтийг, улсын яллагчаас шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг тус тус хангахаас татгалзаж шийдвэрлэж шүүгдэгч Б.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Дэлгэрэх захад байрлах Ч.Бийн эзэмшлийн дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 365.000 төгрөгийг хулгайлсан үйл баримт болсон нь хохирогч Ч.Б, гэрч Ж.Т, Д.Б нарын мэдүүлэг мөрдөн байцаалтын үеийн туршилт хийсэн тэмдэглэл, дэлгүүрт шүүгдэгч Б.Д орж гарч байгаа камерын бичлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Дг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Б нь 365.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Дгаас 365.000 төгрөг гаргуулж хохирогч Баянхонгор сумын 1 дүгээр багийн Шинэ төгөл хотхоны 56.1.1-д оршин суух ВП69101508 регистрийн дугаартай Чагнаадоржийн Бид олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Харин уг хэрэгт СД 2 ширхэгийг эд мөрийн баримтаар хураасан тогтоолыг хэвээр үлдээж 2 ширхэг СД-ийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Д нь энэ хэргийн учир арван долоо хоног цагдан хоригдсон бөгөөд урьд ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ийн мэдээллийн санд бүртгэгдсэн тул түүний урьд нь шийтгүүлж байсан гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д заасныг журамлан шүүгдэгч Б.Дд холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгож хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Б.Дг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Дг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар ялтан Б.Дд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч Б.Дгаас гурван зуун жаран таван мянган / 365.000 / төгрөг гаргуулж хохирогч Ч.Бид 2019 оны 09 дүгээр сарын 25-ний дотор олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч Б.Д нь энэ хэргийн учир арван долоо / 17 / хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Дгийн эзэмшлийн S-5 маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 07 дугаар сарын 25-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Дд хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 36.8 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар СД 1 ширхэг, туршилт хийсэн СД хураасан прокурорын тогтоолыг хэвээр үлдээж уг СД-ийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.            

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ