| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 106/2017/0166/Э |
| Дугаар | 521 |
| Огноо | 2017-07-06 |
| Зүйл хэсэг | 216.2., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 521
О.Энх-Отгонд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Д.Мягмаржав, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор С.Оюунжаргал,
Иргэний нэхэмжлэгч В.Мөнх-Оргилын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ж.Энхтуяа,
Ялтан О.Энх-Отгон /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Б.Бадамгарав,
Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан О.Энх-Отгон, иргэний нэхэмжлэгч Н.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Энх-Отгонд холбогдох 201724000026 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигин овогт Оюунчимэгийн Энх-Отгон, 1997 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүрээ дээд сургуулийн Зам гүүрийн инженерийн ангийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, ах, эгч нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн Баянхангай гудамжны 96 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Нефтийн 03-12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:МЗ97010310/,
О.Энх-Отгон нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарны хорооллын 3 дугаар байрны хойд талын замд “Жи Эс Би” ХХК-ийн эзэмшлийн “Toyota Alion” загварын, 64-04 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөнөөс Н.Энхтуяагийн “Mazda Veriso” загварын, 48-44 УНИ улсын дугаартай, Р.Ган-Эрдэнийн “Toyota Prius” загварын, 88-01 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж зам тээврийн осол гаргаад мөн дүрмийн 2.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчин осол хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогдуулан Тээврийн прокурорын газраас О.Энх-Отгонд холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Энх-Отгоныг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар О.Энх-Отгоныг 5 сар баривчлах ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар О.Энх-Отгоноос нийт 3.416.000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Н.Энхтуяад 351.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч В.Мөнх-Оргилд 2.155.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Р.Ганбатад 910.000 төгрөг тус тус олгож шийдвэрлэжээ.
Ялтан О.Энх-Отгон давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 20 настай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Хүрээ дээд сургуулийн 3 дугаар дамжааны оюутан. Би зам тээврийн осол болсон газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг тухайн үед сэтгэл санаа цочирдон сандарсандаа үйлдсэнээ хүлээн гэмшиж байгаа бөгөөд цаашид дахин ийм гэмт хэрэг гаргахгүй. Иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Миний бие сургуулийн амралтын хугацаанд Сэлэнгэ аймгийн Мандал суманд амьдардаг өндөр настай эхийгээ асардаг ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг минь харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Ялтан О.Энх-Отгоны өмгөөлөгч Б.Бадамгарав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хүчин төгөлдөр бус болсон бөгөөд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга үйлчилж байгаа. Энэ хуулийн дагуу О.Энх-Отгонд холбогдож буй хэрэг нь гэмт хэрэгт тооцогдохгүй болсон. Иймд түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэв.
Иргэний нэхэмжлэгч Н.Энхтуяа давж заалдах гомдолдоо: “...О.Энх-Отгон нь учруулсан хохирлоо гүйцэд төлөөгүй учир гомдолтой байна. Үлдэгдэл 351.000 төгрөгийг яаралтай гаргуулж өгөхийг хүсэж байна...” гэжээ.
Иргэний нэхэмжлэгч В.Мөнх-Оргилын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ж.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Энх-Отгон давж заалдах гомдолдоо иргэний нэхэмжлэгч В.Мөнх-Оргилд 2.155.000 төгрөг төлсөн гэсэн байна. Гэтэл өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг үндэслэж иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх асуудлын талаар ярих шаардлагагүй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 9.1 дүгээр зүйлийг баримтлан шийтгэх тогтоолын 1 дэх заалтад өөрчлөлт оруулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд хэдийгээр иргэний хариуцагчаар төлүүлэхээр Иргэний хуульд заасан боловч иргэний хариуцагч гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг мөн заасан тул Иргэний хуульд зааснаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна...” гэв.
ХЯНАВАЛ:
О.Энх-Отгон нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарны хорооллын 3 дугаар байрны хойд талын замд “Жи Эс Би” ХХК-ийн эзэмшлийн “Toyota Alion” загварын, 64-04 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөнөөс Н.Энхтуяагийн “Mazda Veriso” загварын, 48-44 УНИ улсын дугаартай, Р.Ган-Эрдэнийн “Toyota Prius” загварын, 88-01 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж зам тээврийн осол гаргаад мөн дүрмийн 2.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчин осол хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан үйл баримт тогтоогдсон, анхан шатны шүүхээс О.Энх-Отгоны гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон байна.
Гэвч 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид О.Энх-Отгоныг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон тул Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид О.Энх-Отгоны үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болж, хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа хэдий ч Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 510 дугаар зүйлд бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр хуульчилсан байх тул иргэний нэхэмжлэгч нар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлээ жич гаргах эрх нь нээлттэй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, О.Энх-Отгонд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. 201724000026 дугаартай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан тухайн дүүргийн Прокурорын газарт хүргүүлсүгэй.
3. О.Энх-Отгоныг 77 /далан долоо/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНСҮХ
ШҮҮГЧИД Д.МЯГМАРЖАВ
Н.БАТСАЙХАН