| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 2413000000312 |
| Дугаар | 2025/ХШТ/61 |
| Огноо | 2025-05-07 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | С.Батсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2025/ХШТ/61
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М, шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 276 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар магадлалтай, А.А-д холбогдох 2413000000312 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, А.А
А.А нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Зээгтийн даваа”-ны уруудах замд ...... БӨҮ улсын дугаартай, Toyota prius XW20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж, замаас гарч онхолдсоны улмаас зорчигч Я.Е-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М.А-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч, М.З-ийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч А.А-ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирч, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар А.А-ийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, уг ялын хугацаанд Баян-Өлгий аймгийн .... сумын .... дүгээр баг, .... тосгоны нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэжээ.
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “... 8 жил ...” гэснийг “... 5 жил ...” гэж, “... 3 жил 6 сар ...” гэснийг “... 1 жил ...” гэж, 5 дахь заалтад “... 3 жил 6 сар ...” гэснийг “... 1 жил ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээн, шүүгдэгч А.А-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.А хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “... Шийтгэх тогтоол, магадлалын надад зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хэсгийг эс зөвшөөрч, хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс А.А намайг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон шийдвэрийг хүндэтгэн хүлээн зөвшөөрч байгаа ба үйлдсэн гэмт хэрэгт гэмшин ухамсарлаж байна. Миний хувьд 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр болсон гэх үйл баримтыг мөрдөн байцаалтын шатнаас эхлэн өнөөдөр хүртэл үнэн зөвөөр мэдүүлж ирсэн.
Би 6 сартай жирэмсэн бөгөөд аймгийн төвөөс 70 км алсад оршдог, ..... сумын ...... дүгээр баг, ..... тосгонд оршин суудаг юм. Анхан болон давж заалдах шатны шүүхээс надад зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж байгаа нь миний болон удахгүй төрөх хүүхдийн маань эрх ашгийг дордуулсан шийдвэр боллоо. Уг авто ослын улмаас биедээ хүнд гэмтэл авч Улаанбаатар хотод эмчлүүлж ирсэн ба цаашид гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай байна. Нөгөө талаас аймгийн төвд, эсвэл хотод очиж амаржих төлөвлөгөөтэй. Эрүүл саруул амаржиж, хүүхдээ төрүүлэхэд зорчих эрхийг хязгаарлах ял бэрхшээл учруулж болзошгүй. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ “...Эрүүгийн хариуцлагын хувьд миний бие энэ хэрэгт хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдсэн ч анхан шатны шүүх хуралдаанд томилолтоор өөр прокурор оролцсон. Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгчийн хувьд анхны хүүхдээ алдсан, зам тээврийн осол, өөрийн буруутай үйлдлийн улмаас алдсан эх хүний хувьд эрүүгийн хариуцлага хүлээсэн ч дотроо шаналж байгаа гэдгийг та бүхэн нүдээрээ харж байна. Мөн шүүгдэгч өөрөө эрүүл мэндийн хувьд давхар хохирсон ба 5 сартай жирэмсэн. Иймд эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг өөрчлөх асуудалд шүүгдэгчийн өмгөөлөгчтэй санал нийлж байна. Үүнтэй холбоотой нотлох баримтуудыг анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй боловч өнөөдөр давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн болохоор хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн зохицуулалтыг хэрэглэхэд шүүгдэгч А.А-ийн хувьд хориглох заалт байхгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээнд өөрчлөлт оруулах асуудалд өмгөөлөгчтэй санал нэг байна” гэжээ. Иймээс А.А миний сонгож авсан өмгөөлөгч Я.Сьезд болон улсын яллагч Д.Аянагүл нарын шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх боломжтой гэсэн саналыг давж заалдах шатны шүүхээс хүлээж аваагүйд гомдолтой байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүгдэгч А.А үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж дүгнэсэн. Намайг буруутгаж буй Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарна. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасныг үндэслэн шүүгдэгч А.А миний хувийн байдал, урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй буюу тохиолдлын шинж байдалтай нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, одоо 6 сартай жирэмсэн байгаа байдал, бусдад төлөх ямар нэгэн өр төлбөргүй, хохирогч нар ямар нэгэн гомдолгүй гэж буй байдал, амь хохирогч З нь миний төрүүлсэн хүүхэд байсан зэрэг бодит нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан надад оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж өгөхийг хяналтын шатны шүүхээс хүсэж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлсэн. Одоогийн байдлаар шүүгдэгч А.А нь 9 сартай жирэмсэн, өнөө маргаашгүй төрөх гэж байна. Болгоомжгүй гэмт хэргийг үйлдсэн, бусдад ямар ч хохиролгүй, ам хохирогч нь шүүгдэгчийн өөрийнх нь төрүүлсэн хүүхэд байсан гэдгийг харгалзаад зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх албадлагын арга хэмжээ хэрэглэж өгөхийг шүүхээс хүсэж байна. Хяналтын шатны шүүх хэргийг бүхэлд нь хэлэлцэх учир авто ослын асуудалд эргэлзээтэй зүйл байгаа. Гэхдээ цаашид эрүүл, саруул хүүхэд төрүүлэх нь чухал учраас хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн өдөр ажилтай байсан ба 4 цагийн үед ийм зүйл болсон гэдгийг сонссон. Тухайн газар нь уруу газар байсан ба манай хүмүүс ирээд араас нь түргэн тусламжийнхан ирсэн гэв.
Прокурор С.Батсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч А.А нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр баг, Цагааннуур тосгоны нутаг дэвсгэр, “Зээгтийн даваа” гэх газарт ....... БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон уруудаж явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнөөс замаас гарч онхолдож, зорчигч М.З-ийн амь нас хохирч, хохирогч М.А-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, насанд хүрээгүй хохирогч Я.Е-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон байна. Шүүгдэгч А.А нь давж заалдах шатны шүүхэд “анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг 1 жил болгож өөрчилж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдол гаргасныг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд гомдлын дагуу шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгож хөнгөрүүлэн өөрчилсөн. Гэтэл Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанд “...өмгөөлөгч, ...улсын яллагч нарын шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх боломжтой гэсэн саналыг давж заалдах шатны шүүхээс хүлээж аваагүй явдалд гомдолтой байна” гэсэн утга агуулга бүхий гомдол гаргаж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэснийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан,...” тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор хуульчилсан байна. Гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх ойлголт нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт хүлээн зөвшөөрөх хэлбэрээр илэрдэг. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны явцад мэтгэлцээний үндсэн дээр нотлох баримтыг шинжлэн судалж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхээс эхэлж дүгнэлт хийгдэх асуудал бөгөөд энэ үе шатад шүүгдэгч нь гэм буруугийн асуудал дээр маргаж байсан. Мөн энэ гэмт хэргийн хувьд хэдийгээр шүүгдэгчийн хүүхдийн амь нас хохирсон хэдий ч хор уршиг арилах боломжгүй. Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 174 дүгээр зүйлд зааснаар эрүүл мэндийн зайлшгүй тусламж, үйлчилгээ авах тохиолдолд зорчих бүсийг өөрчилж болохоор заасан тул амаржих, бие эмчлүүлэхэд саад болохгүй. Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нь буруу байна. Учир нь, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилээс дээш 8 жил хүртэл хугацаагаар хасахаар хуульчилж өгсөн тул 5 жил 1 хоногоос дээш хугацаагаар хасах байжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох дүгнэлт гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч А.А-ийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
2.Шүүгдэгч А.А нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Зээгтийн даваа” уруудах замд ..... БӨҮ улсын дугаартай, Toyota prius XW20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас замаас гарч онхолдож, зорчигч Я.Е-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М.А-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч, М.З-ийн амь нас хохирсон болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан автомашины явсан чиглэл, зам дээр үлдсэн дугуйн мөр, осол гарсан байдал зэргийг бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зургууд, ослын хэмжилтийн бүдүүвч зураглал, түүнд үндэслэн гаргасан мөрдөгчийн магадалгаа, гэмтлийн зэрэг, хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд, хохирогчдын мэдүүлэг зэрэг хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
3.Энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
4.Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.А-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, түүнийг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулж, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан ба давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх хуулиар олгогдсон эрх хэмжээний дотор шүүгдэгч А.А-ийн “... 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгон хөнгөрүүлж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий гомдлыг хангаж, үндсэн болон нэмэгдэл ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд “... хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авч өгнө үү ...” гэж дахин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх агуулга бүхий гомдлын дагуу хэргийг хянахад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хувийн байдлыг харгалзан үзэж ялын хэмжээг хөнгөрүүлэн өөрчилж тогтоосон давж заалдах шатны шүүхийн дээрх шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5.Давж заалдах шатны шүүхийн магадлалын 10.1-д заасан дүгнэлтээс үзэхэд шүүгдэгч А.А ослын улмаас биедээ олон тооны гэмтэл авсан, одоо бие давхар байгаа хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь ялыг хөнгөрүүлэх үндэслэл болсноо зааж, гэм буруугийн талаар маргаж буй нь Эрүүгийн хуулийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүйд хүргэсэн талаар дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй.
6.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.А-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор тогтов.
7.Давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг “Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл” гэсэн хэвлэмэл хуудас дээр хэвлэж бичиг, техникийн шинжтэй алдаа гаргасныг цаашид анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 276 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч А.А-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
М.ПҮРЭВСҮРЭН
Ч.ХОСБАЯР