Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2020/0476

 

     

 

Х.Э нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б, нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 332 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Х.Э нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 53 дугаар байрыг буулган дахин барилга барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 332 дугаартай шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 19 дүгээр зүйлийн 19.6, Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.1, 151.2, 151.6-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Х.Э нараас гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/639 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 53 дугаар байрыг буулган дахин барилга барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны гүйцэтгэгчийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнх-Өлзий, Б.Анхбаяр нар тус шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “...Анх нэхэмжлэл гаргах үеэсээ нэхэмжлэгч нараас өөрсдийн өмчлөлийн 53 дугаар орон сууцыг ашиглалтын шаардлага хангах эсэх, түүнийг дахин барилгажуулах шийдвэр гарсан болон энэ шийдвэрийг гаргах бүрэн эрх Нийслэлийн Засаг даргад байгаа эсэх тухайд маргаагүй. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийн оролцогчдын маргаагүй асуудал болон болсон үйл баримтыг зөвхөн зааж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Засаг даргын эрхийг заасан хуулийн заалтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

…Маргаантай шийдвэрүүдийг эс зөвшөөрч байрны өмчлөгч 14 иргэн нэхэмжлэл гаргасан байхад зөвхөн “…Х.Э Үнэлгээний хорооны шийдвэр гаргахад оролцсон, үнэлгээ өгсөн атлаа маргаж байгаа нь ойлгомжгүй" гэж дүгнэжээ. Үүнээс үзэхэд шүүхээс бусад 13 өмчлөгчийн эрхийг зөрчигдөж байгаад анхаараагүй гэж үзэж байна. Хариуцагчаас шалгаруулалтын ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэх боловч, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, дахин төлөвлөн барилгажуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэсэн хуулийн үндсэн зорилгын хүрээнд хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 Нийтийн эрх ашгийг эрхэмлэх, 5.12 олон нийтийн оролцоог хангах гэж заасан зарчмуудыг баримталж, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-д зааснаар төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтад оролцох сонирхогч этгээдийн оролцох боломжоор тэгш хангаж, сонгон шалгаруулалттай холбоотой гүйцэтгэх ажлын товч агуулга, ерөнхий болон тусгай шаардлага, санал авах хугацаа, төсөл хэрэгжүүлэх талбайн хэмжээ зэргийг зааж хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж оролцох сонирхолтой этгээдүүдийн санал, төслийг хүлээн авч бүртгэн авч мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5.1 "санхүүгийн чадавхи", 19.5.2 "хүний нөөц, удирдлага, ажлын туршлага", 19.5.3 "төсөл нь энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх", 19.5.4 "сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлага” гэж заасан шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхэд хариуцагч нараас дүгнэлт өгч төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулж, холбогдох захиргааны актыг гаргах ёстой байтал энэ үүргээ хуульд заасны дагуу хэрэгжүүлж чадаагүй баримтууд тухайн хэрэгт авагдсан бөгөөд дараах нөхцөл байдлуудыг нотлон өгч байхад шүүхээс эдгээр нотлох баримтыг зөв үнэлээгүй, дээрх хуулийн заалтуудыг тайлбарлан хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага, маргаж буй нэхэмжлэгч нарын үндэслэлд дүгнэлт өгөх үүргээ биелүүлээгүй хууль бус болсон гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулсан архивын эх хувь баримтуудаас дараах хэд хэдэн баримтуудыг авч үзвэл Үүнд:

1. Тухайн төсөл хэрэгжих талбайн хэмжээ "0.14 гa" байхаар сонгон шалгаруулалтын баримт бичгүүдэд заасан. Гэтэл хариуцагчаас 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Өдрийн сонины зард “0.06 гa" гэж илтэд багасган нийтэлсэн. Энэ нь шалгаруулалтад оролцох сонирхолтой этгээдүүдийг багасгах, оролцох тэгш боломжийг нь алдагдуулсан. Учир нь ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулгаж, дахин барилга барих ажлын үндсэн гол үзүүлэлт нь сонирхогч этгээдийн хувьд "талбайн хэмжээ" маш чухал бөгөөд тухайн талбайд ямар төслийг хэрхэн хэрэгжүүлэх, оролцлоо гэхэд ашигтай эсэх, санхүүгийн болон туршлага хүний нөөцийн чадавхиа тодорхойлох зэрэг олон чухал ажиллагааг төлөвлөх гол зүйл нь бөгөөд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч хуулийн этгээдийн саналыг хүлээн авах талаар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоох шийдвэр гаргаснаас хойш 14 хоногийн дотор нийтэд мэдээлнэ" гэж зааснаас маш тодорхой харагдаж байна.

2. ...Хэрэгт авагдсан "Э" ХХК-ийн тусгай зөвшөөрлөөс үзэхэд энд заасан “барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл байхгүй. Сонгон шалгаруулалтын материалд "Хатанбаатар” ХХК-д уг тусгай зөвшөөрөл байгаа боловч энэ нь оролцогч биш этгээд бөгөөд хариуцагчийн хувьд ямар төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах ёстой гэж хуульчилж, журамласан заалтаа зөрчих боломжтой мэтээр буруу тайлбар хийсэн үүнийг шүүхээс уг нотлох баримт, журамтай нь харьцуулах байдлаар дүгнээгүй.

3. Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулалтын баримт бичгийн 1.2.7-д “Түншлэл гэж төслийг хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалтад оролцож байгаа хуулийн этгээдийн нэгдлийг” ойлгохоор заасан. Гэтэл гуравдагч этгээд болон хариуцагч нарын шүүх хуралдаанд тайлбарласнаар уг ажиллагаанд "Э” ХХК нь түншлэлгүй дангаар оролцсон эсэх, эсхүл хамтран ажиллах гэрээг нь түншлэл гэж ойлгож дүгнэсэн эсэх дээр хариуцагч үнэлгээний хорооны зүгээс тайлбар гаргаж чадаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд гуравдагч этгээдийн бүрдүүлсэн баримтаас үзэхэд дангаараа төсөл хэрэгжүүлэгч ч юм шиг, эсхүл түншлэл байдлаар оролцоод ч байгаа юм шиг бичиг баримтуудыг хольж бүрдүүлсэн байдлыг анхаарч шалгаагүй нь шалгуур үзүүлэлтийг хангасан төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах зорилгодоо нийцээгүй.

Өөрөөр хэлбэл "Э” ХХК-ийн тайлбарлаж байгаагаар түншлэл болж оролцоогүй бол барилга угсралтын гэрээ, зураг төсөл боловсруулах зэрэг ажил гүйцэтгэх гэрээгээр олон этгээдүүдийг төслийн ажилд оролцуулсан нь буцаад орон сууц өмчлөгчдийн өмнө хүлээх хариуцлагыг хэн хүлээх нь тодорхойгүй, хэрэгжүүлэх төсөлд нь хэрхэн хяналт тавих, ямар байдлаар оролцох, шалгуур үзүүлэлтүүдийг хэрхэн хангаж байгааг хянасан эсэх нь тодорхойгүй бөгөөд ийм байдлаар төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтын баримт бичгээ бүрдүүлсэн нь уг компанийг тухайн төслийг гүйцэтгэх техникийн чадавхгүй, ажлын туршлагагүй, хүний нөөц, удирдлагын чадавхгүй болохыг илтгэж баримт бичгийн 4.2.3-т заасан шаардлагыг хангаагүй болохыг нотолж байхад анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй.

Хуулийн зорилгын хүрээнд төсөл хэрэгжүүлэгч, түүнийг сонгох сонгон шалгаруулалт гэдэг нь зүгээр нэг барилгын зураг төслийн компани, барилга угсралтын компани, үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанитай хамтран ажиллах гэрээг байгуулах этгээдийг сонгох нь чухал бус бөгөөд хуульд зааж өгсөн иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах зорилгын хүрээнд ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих үүргийг бие дааж эсхүл түншлэл байдлаар сонгон шалгаруулалтад оролцож, төслөө гүйцэтгэж чадах шаардлагыг хангаж байгаа эсэхийг л хариуцагч хянах, хэрэв хангаж байгаа тохиолдолд зохих захиргааны актыг гаргаж үйл ажиллагаа, төслийг нь хэрэгжүүлэх боломжийг нь олгохоор ойлгогдож байна. Гэтэл энэ тохиолдолд хуулийн шаардлагыг хангасан гэж шүүхээс үзээд байгаа дүгнэлт, захирамж нь үндсэн зорилгын шаардлагаа хангахгүй болох нь тогтоогдож байхад шүүхээс уг үйл баримтыг зөвөөр үнэлж дүгнээгүйгээс Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1 хуульд үндэслэх, 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасныг буруугаар тайлбарлан хэрэглэсэн. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 хууль ёсны итгэлийг хамгаалах гэж заасныг болон Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5.1, 19.5.2, 19.5.3, 19.5.4-д заасныг тайлбарлан хэрэглээгүй нь хуулийн шаардлагыг хангаагүй тул дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 332 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч Х.Э нараас “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/639 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 53 дугаар байрыг буулган дахин барилга барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны гүйцэтгэгчийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

          Анх Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2018 оны 02-01/03 дугаар шийдвэрээр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 53 дугаар байрыг ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй гэж ашиглахыг хориглохоор шийдвэрлэсний дагуу тухайн орон сууцны эзэмшигч, өмчлөгчдийн 80-иас доошгүй хувийн зөвшөөрлийг авч Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/87 дугаар захирамжаар дээрх барилгыг дахин төлөвлөн барилгажуулах шийдвэр гаргажээ.[1]

          Маргаан бүхий Үнэлгээний хорооны 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлтээр[2] Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 53 дугаар орон сууцыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр “Э” ХХК-ийг батламжилж, төсөл хэрэгжүүлэх эрх олгох захирамж гаргуулахаар Нийслэлийн Засаг даргад танилцуулахаар шийдвэрлэжээ.

          Харин маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/639 дүгээр захирамжийн[3] 1 дэх хэсгээр Үнэлгээний хорооны дээр дурдсан дүгнэлтийг үндэслэн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны 53 дугаар байрны төсөл хэрэгжүүлэгчээр “Э” ХХК шалгарсныг батламжилж, тус компанид газар үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчидтэй гэрээ байгуулах эрх олгож, 2 дахь хэсгээр төсөл хэрэгжүүлэгчид төслийн бэлтгэл болон төлөвлөлтийн үе шатны ажлуудыг тусгасан төлөвлөгөө боловсруулж, батлуулахыг Нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлтийн газарт даалгаж, 3 дахь хэсгээр төсөл хэрэгжүүлэгч нь үйл ажиллагааг тогтоосон хугацаанд хэрэгжүүлээгүй тохиолдолд захирамжийг хүчингүй болсонд тооцох, 4 дэх хэсгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчид даалгажээ.

          Нэхэмжлэгч нараас “төсөл хэрэгжих хугацаанд нэхэмжлэгч нарын түр суурьших асуудлыг шийдвэрлээгүй, сонгон шалгаруулах баримт бичгийн шаардлага хангаагүй, барилгын туршлага, техникийн чадамжгүй, төслөө гүйцэтгэх чадамжгүй төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулсан нь төслийн хэрэгжилт удааширах, нэхэмжлэгч нар олон сар жилээр орон гэргүй хохирох байдал үүсээд байна” гэж маргажээ.

          Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарын маргаж байгаа дээрхи үндэслэлд дүгнэлт өгөөгүй, харин нэхэмжлэгч нарын маргаагүй үйл баримт, үндэслэлд дүгнэлт өгсөн, түүнчлэн нэхэмжлэлийг өргөдөл хэлбэрээр бичгээр гаргаагүй этгээдийг тэднээс Х.Э-т олгосон итгэмжлэлийг үндэслэн нэхэмжлэгч мэтээр үзэж хэргийг хянан шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасан нь шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдэлд нөлөөлөхөөргүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

          1.Орон сууц эзэмшигч иргэдтэй байгуулсан хоёр талт гэрээний[4] 2.6-д “Орон сууц чөлөөлж нүүснээс шинэ орон сууцанд нүүж орох хүртэл хугацаанд төсөл хэрэгжүүлэгч хамгийн ойрхон байршилд 2 өрөө байр түрээслэн түр суурьшуулна.” гэж заасан, мөн “Э” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 18/03 тогтоолын 5-д “...төгрөгөөр орон сууц түрээслэн суурьшуулах”-ыг  зөвшөөрчээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нараас “төсөл хэрэгжих хугацаанд нэхэмжлэгч нарын түр суурьших асуудлыг шийдвэрлээгүй” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

          Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “сонгосон талбай” гэж хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд төсөл хэрэгжүүлэхээр бүхэлд нь эсхүл хэсэгчлэн сонгосон газрыг хэлэхээр зааж, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талбайг сонгоход тавигдах шаардлагыг заасан бөгөөд уг шаардлагад талбайн хэмжээг багасгах нь хамааралгүй байна. Иймээс хариуцагч байгууллагаас барилгажилтын төслийн даалгаварт заасныг үндэслэн төлөвлөлтийн хязгаар, хамрах хүрээг тогтоосны үндсэн дээр төсөл хэрэгжих талбайн хэмжээг тогтоосныг[5] буруутгах үндэслэлгүй. Иймээс нэхэмжлэгч нараас төсөл хэрэгжих талбайн хэмжээ “0.14 га” байхаар сонгон шалгаруулалтын баримт бичгүүдэд дурдсанаар хариуцагчаас 2019 оны 02 дугаар сарын 15-ны “Өдрийн сонины” зард “0.06 га” гэж багасгаж нийтэлсэн нь шалгаруулалтад оролцох сонирхолтой этгээдүүдийг багасгах, оролцох тэгш боломжийг алдагдуулсан” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд талбайн хэмжээг багасгасан нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөхгүй юм.

          Гуравдагч этгээд “Э” ХХК нь барилгын угсралтын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг[6] 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс авсан байна. “Э” ХХК нь Дархан-Уул аймгийн дулаан дамжуулах төвийн барилгын засварын ажил, амины орон сууц, Хан-Уул дүүрэгт тохижилт бүхий автомашины дулаан зогсоол, МҮИС-ийн барилга, засварын ажлуудыг хийж гүйцэтгэсэн, Сонгинохайрхан дүүрэгт 88 айлын төсөл, Баянзүрх дүүрэгт тохижилт бүхий автомашины дулаан зогсоол зэрэг барилгын ажлуудыг хийж байсан[7],  төсөл хэрэгжүүлэх удирдлагын болон инженер техникийн ажилчдын мэргэжил, ажилласан жил, боловсролын байдлыг харуулсан баримтуудыг[8] үнэлгээний комисст гарган өгснөөс үзэхэд тус компанийг төслийг хэрэгжүүлэх хүний нөөц удирдлагын чадавхгүй, төсөл хэрэгжүүлэх баримт бичгийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

          “Э” ХХК нь төслийг хэрэгжүүлэхдээ барилгын зураг төслийг “Хатанбаатар” ХХК-иар гүйцэтгүүлэхээр, барилга угсралтын ажлыг “Битү” ХХК-иар гүйцэтгүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан материалыг сонгон шалгаруулалтыг баримт бичигт гаргаж өгсөн нь Хот, суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан төсөлд тавих шаардлага, уг хуулийн 23 дугаар зүйлд заасан төсөл хэрэгжүүлэгчийн эрх, үүрэгтэй зөрчилдөхгүй бөгөөд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 53 дугаар байрыг буулган дахин барилга барих төсөл хэрэгжүүлэх “Э” ХХК-ийн үүрэг, хариуцлагад нөлөөлөх хүчин зүйл биш байна.

          Учир нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т “барилга байгууламж шинээр барих” гэж барилга байгууламж барих, эсхүл хуучин барилга байгууламжийг буулгаж барихыг”, 4.1.11-д “барилгын ажил” гэж бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг” хэлэхээр заажээ. Мөн Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д “хот, суурин газрыг дахин хөгжүүлэх” гэж архитектур, хот байгуулалт, төлөвлөлт, барилга байгууламжид тавигдах шаардлагад нийцүүлэн хот, суурин газрын барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулах цогцолбор үйл ажиллагааг хэлэхээр заасан.

         Эдгээр хуульд заасны дагуу Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 53 дугаар байрыг буулган, дахин барилга барих төсөл хэрэгжүүлэх “Э” ХХК нь төслийн дагуу дагуу хуучин барилгыг буулгаж, шинээр барилга барих барилгын цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ. Тус компанийн төслийг хэрэгжүүлэх үүрэг, хариуцлагыг төсөл хэрэгжүүлэхээр эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/639 дүгээр захирамж, дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр болон гурван талт гэрээнд заасны дагуу хэрэгжүүлж, орон сууц эзэмшигч, өмчлөгчдийн өмнө төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцахаар байна.

          Харин “Э” ХХК нь бусад этгээдтэй байгуулсан барилгын зураг төсөл, барилгын угсралтын ажлын гэрээ байгуулсан нь тэднийг төсөл хэрэгжүүлэх цогц арга хэмжээний үүрэг, хариуцлагаас чөлөөлөхөд хамааралгүй, уг үүргийг хэрэгжүүлэхэд саад болохгүй, мөн тус компанийг түншлэгч этгээдтэй шалгаруулалтад оролцсон бөгөөд тус компанийн төслийг хэрэгжүүлэх чадамжгүй зэргийг тодорхойлох үндэслэл биш.

          Иймд нэхэмжлэгч нараас “Э” ХХК нь барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлгүй, дангаараа төсөл хэрэгжүүлж байгаа эсхүл, түншлэгч байдлаар оролцож байгаа нь ойлгомжгүй, шалгуур үзүүлэлтийн техникийн чадавхийг хангасан төсөл хэрэгжүүлэгч биш, төсөл хэрэгжүүлэх хариуцлагыг орон сууц өмчлөгчдийн өмнө хэн хариуцах нь тодорхойгүй” гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй.

          Дээрхээс дүгнэхэд, маргаан бүхий актууд нь нэхэмжлэгч нарын маргаж байгаа үндэслэлийн дагуу хууль бус гэдэг нь тогтоогдохгүй байгаа бөгөөд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “...нийслэлийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 11.1.1.хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 11.1.3-д “төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах” гэсэн заалт болон мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5.2, 19.5.3, 19.5.4-т “19.5.Энэ хуулийн 19.3-т заасан санал, төслийг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлэн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна: 19.5.2.хүний нөөц, удирдлага, ажлын туршлага; 19.5.3.төсөл энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх; 19.5.4.сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага.” гэж заасныг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлэхээр заасан. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “27.1.Эрх зүйн чадамж бүхий хүн шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулна”, Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж заажээ.

          Анхан шатны шүүхийн шийдвэрт[9] нэхэмжлэгчээр тодорхойлсон М.Б, М.Ц, Д.У, Б.Д, Д.О, С.А, Э.А нарын 7 иргэд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан нэхэмжлэлийн өргөдлийг захиргааны хэргийн шүүхэд гаргаагүй, харин эдгээр 7 иргэд нь нэхэмжлэгч Х.Э, Н.О нарт төлөөлөх эрхийг үүсгэсэн итгэмжлэл[10] олгосон байдлыг нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүхээс уг нөхцөл байдлыг анхааран үзээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

          Гэсэн хэдий ч маргаан бүхий актууд нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдэл нь зөв байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

          1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 332 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийг “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.10, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.3, 19 дүгээр зүйлийн 19.5.2, 19.5.3, 19.5.4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Э, Д.У, Ю.О, Б.С нараас гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/639 захирамжийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 53 дугаар байрыг буулган дахин барилга барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны гүйцэтгэгчийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ШҮҮГЧ                                                          Д.ОЮУМАА

                        ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ

                        ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 


[1] Хэргийн 2-р хавтас 76 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 48-50 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 53 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 106-154 дэх тал

[5] Хэргийн 1-р хавтас 13 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 84 дэх тал

[7] Нотлох баримтаар авагдсан баримт Дэвтэр 1, 9-18 дахь тал

[8] Нотлох баримтаар авагдсан баримт Дэвтэр 1, 40-102 дахь тал

[9] Хэргийн 3-р хавтас 59 дэх тал

[10] Хэргийн 3-р хавтас 29-36 дахь тал