Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 231

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: С.Болорзул,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,

Шүүгдэгч: Г.П, түүний өмгөөлөгч Ц.МөнхТ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914004220295 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, малчин мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Г.П

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.П нь 2018 оны 10 дугаар сард Баянхонгор аймгийн Галуут сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах улсын тусгай хамгаалалтай газар нутгийн ой болох “Дэлгэр” гэх газраас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, байгаль экологид 8.922.960 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1.Шүүгдэгч Г.Пын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Би 2018 оны 10 дугаар сард Баянхонгор аймгийн Галуут сумын 5-р баг өөрийн оршин суух “Дэлгэрэх” гэх газраас 70 ширхэг модыг 10 хоногийн хугацаанд ганцаараа өөрийн ахуй хэрэглээний хөрөөгөөр бэлтгэсэн модоо гараараа оосорлож чирээд “Дэлгэр”-ийн амны “Шонтын тохой” гэх газар голын бургас дагуулж нуусан мөн голын ард зарим хэсгийг нь нуусан дээрх нийт 70 ширхэг мод нь урттай, богинотой байсан дундуур нь хуваагаад нуусан ойролцоогоор 130 орчим болж байсан тайраад, гараараа чирч буулгаад гэрийнхээ ойрхон байдаг голын бургасанд аваачаад тавьсан. Миний бэлтгэсэн модны 50 орчим мод нь байгалийн жамаар унасан байсан дээрээс нь би 20 гаруй модыг гар хөрөөгөөр унагаасан унасан байсан модных нь үндсийг би тайрч хаясан Би сонсож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугаа ухаарч байгаа, хохирол мөнгийг төлж барагдуулна хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. гэх мэдүүлэг /хх-ийн 72-73/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.П өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Иргэний нэхэмжлэгч М.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 1 дүгээр талбай буюу 17 ширхэг мод 10-13 метрийн урттай залуу зулзаган мод байсан, 2 дугаар талбай буюу 20 ширхэг тайрч хуваасан залуу зулзаган мод нь 4 метрийн 14 ширхэг мод 5 метрийн урттай 6 ширхэг мод байсан бөгөөд метр кубээр нь бодоход 1.9 метр куб мод байсан. 3 дугаар талбай буюу 70 ширхэг тайрч хуваасан залуу зулзаган мод нь 4.5 метрийн урттай 61 ширхэг мод, 5.7 метрийн урттай 9 ширхэг мод байсан бөгөөд метр куб нь 5.9 метр куб мод байсан. 4 дүгээр талбай буюу 23 ширхэг залуу зулзаган моднууд нь 4 метрийн урттай 18 ширхэг, 5 метрийн урттай 5 ширхэг мод байсан бөгөөд метр куб нь 2,8 метр күб бөгөөд нийт тайрч хуваасан 113 ширхэг модны нийт куб нь 10.6 метр куб. Үүнийг нойтон итгэлцүүрээр тооцоолоод үзэхэд 19.8 метр куб мод болж байсан. Хохирлын экологийн эдийн засгийн үнэлгээгээр 1 метр куб мод нь 204.000 төгрөг байдаг бөгөөд Байгаль хамгаалах тухай хуулийнд улсын тусгай хамгаалалтай газраас хууль бусаар мод бэлтгэсэн тохиолдолд хохирлыг 2 дахин нэмэгдүүлж тооцно гэж заасан байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 35-37/

4.Гэрч Д.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Тэгээд бид нар 2019 оны 05 дугаар сарын 27-ны Дэлгэрийн Шонтын тохой гэх газар байдаг өвөлжөөн дээр очтол хурааж овоолсон аргалын доор 10 гаран метрийн урттай, 11 см өргөнтэй, 17 ширхэг залуу Шинэс моднуудыг тастаж хураасан байсан. Тэгээд бид нар өвөлжөөний урдуур урсдаг голын бургасыг дагаад дээш өгстөл гол хойд талын бургасан дунд тайрч хуваасан 4-6 метрийн урттай, 6-13 см өргөнтэй 70 ширхэг залуу шинэс мод тайрч хуваасан байдалтай хураасан байсан. Тэгээд бид нар дээш буюу зүүн тийш явж байтал мөн адил голын хойд талын бургасан дунд 4-5 метрийн урттай 23 ширхэг залуу шинэс моднуудыг тайрч хуваагаад хураасан байсан. Бид нар тэр моднуудыг бөөгнүүлж нэг бүрчлэн тоолоход 130 ширхэг шинэс мод байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/

5. Гэрч А.Аын байцаалтын шатанд өгсөн:

... Хурааж овоолсон аргалын доор 10 гаран метрийн урттай, 11 см- өргөнтэй, 17 ширхэг залуу шинэс моднуудыг тасдаж хураасан байсан. Тэгээд дээшээ явтал төн адил голын хойд талын бургасан дунд 23 ширхэг залуу шинэс моднуудыг тайрч хуваагаад хураасан байсан. Бид нар моднуудыг нэг бүрчлэн бөөгнүүлж тоолоход 130 ширхэг шинэс мод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/

6.Гэрч Л.Зын байцаалтын шатанд өгсөн:

...Танина миний ээж нагац ахын хүүхний хүүхэдтэй сууж гэр бүл болсон тэр утгаараа манай хүргэн байгаа юм Г.П нь ам бүл эхнэр 2 хүүгийн хамт амьдардаг цөөхөн хэдэн оодтой өвөл болохоор айлын мал малладаг хавар болохоор айлын ямаа самнаж, өгөөд хөдөө Галуут сумандаа л байж байдаг өөрийнхөө амьдралыг болгодог үгнээс гардаггүй архи дарс уухгүй янз бүрийн хэрэг төвөгт орооцолдож байгаагүй хунд тусархуу ямар нэг зүйл гуйхаар хийгээд, яваад өгдөг хүн байгаа юм. Миний мэдэхийн 20 ширхэг нойтон сургааг тасалсан зарим нь унасан мод байсан гэж надад П нь хэлж байсан яг нарийн учрыг нь мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/

7. Гэрч Б.Тын байцаалтын шатанд өгсөн:

Г.П нь ам бүл эхнэр 2 хүүгийн хамт амьдардаг дуугүй архи уудаггүй гэрээсээ гардаггүй аймгийн төв руу бараг орж ирэхгүй цагаан сараар л нэг орж ирдэг өвөл болохоор айлын мал малладаг хавар болохоор айлын ямаа самнаж өгөөд хөдөө Галуут сумандаа л байж байдаг өөрийнхөө амьдралыг болгодог Нутаг усандаа нэр хүнд сайтай тэр утгаар нь айл саахалтынх нь малаа их тавьдаг. Сургуульд сурч байгаагүй хүний үгээр, даруухан хүн байдаг. Миний мэдэхийн модны хэргээр цагдаад шалгагдаж байгаа гэсэн нарийн учрыг нь мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/

8. Баянхонгор аймгийн сум дундын ойн ангийн 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн:

1. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 394 тоот тушаалын 1-р хавсралтыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход 1м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ 204000 төгрөг байна.

1 шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээг мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу дараах итгэлцүүрээр үржүүлнэ.

Зүсмэл материал дүнз -2.9, хэрэглээний бөөрөнхий мод, гуалин 1.8, туушийн мод 1.4, түлээ /хуурай/ 1, түлээ нойтон 1.4 гэсэн итгэлцүүрээр тооцогддог. Дээрхи моднуудыг хэрэглээний бөөрөнхий мод, гуалин 1.8 гэсэн итгэлцүүрээр үржүүлж тооцлоо.

Иргэн Г.Пын хууль бусаар бэлтгэсэн модыг хэмжихэд дундаж урт -.5 метр өргөн 1,2 м өндөр 1,5мбайв. 4,5*1,2*1,5=8,1

8,1*204,000=1652400

1652400*1,8=2974320 экологи эдийн засгийн үнэлгээ гарч байна. Үүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49-ийн 2.1 дэх заалтанд ойн санд учруулсан хохирлыг 3 дахин нугалж төлүүлнэ гэж заасны дагуу 2974320х3=8922960 төгрөгний хохирлын үнэлгээ гарч байна

Баянхонгор аймгийн ой нь 1 дүгээр зэргийн хамгаалалтын бүсийн ойд хамрагддаг учир ойгоос хууль бусаар мод бэлтгэх, зөвшөөрөлгүйгээр арчилгаа цэвэрлэгээ хийхийг хориглосон байдаг. Мод бэлтгэсэн газар нь Улсын тусгай хамгаалалттай газарт ордог.

Иргэн Г.П нь байгаль орчинд нийтдээ 8922960 / найман сая есөн зуун хорин хоёр мянга есөн зуун жаран / төгрөгний хохирол учруулжээ” ...гэх дүгнэлт /хх-ийн 58-59/ болон хавтаст хэргийн 6-13 дугаар хуудсанд авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 16-19 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Г.Пын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикль битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 21-23 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 30-33 дугаар хуудсанд авагдсан хавтаст Монгол улсын Их хурлын 1996 оны 5 дугаар сарын 43 дугаар тотоолын хуулбар түүний хавсарлт, хавтаст хэргийн 74 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Г.Пын нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай болон хувийн байдлыг тогтоосон тодорхойлолт, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 3 хуудас, 6 ширхэг хохирол нөхөн төлсөн баримт гаргаж өгсөн зэрэг тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Г.П нь 2018 оны 10 дугаар сард Баянхонгор аймгийн Галуут сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах улсын тусгай хамгаалалтай газар нутгийн ой болох “Дэлгэр” гэх газраас зөвшөөрөлгүй, хууль бусаар мод бэлтгэж, байгаль экологид 8.922.960 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь иргэний нэхэмжлэгч М.Б, гэрч Д.О, А.А, Л.З, Б.Т нарын мэдүүлэг, Баянхонгор аймгийн сум дундын ойн ангийн 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Пыг хууль бусаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Г.Пт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Харин шүүгдэгч Г.П нь хууль бусаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэж, үүний улмаас байгаль экологид учруулсан хохирол болох 8.922.960 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд нөхөн төлсөн талаарх нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Г.Пт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлж хор уршгийг арилгасан тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнд тухайн зүйл хэсэг заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Г.Пт үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах шаардлаггүй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Пын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжилсэн 2019 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг мотоциклийг хэрэгцээний дагуу эзэмшигч Г.Пт буцаан олгож шийдвэрлэв.

Уг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гар хөрөө, бэлтгэсэн модыг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 07 дугаар сарын 17-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар хөрөөг устгахыг Шүүхийн тамгын газарт, хууль бусаар бэлтгэсэн нэг зуун гучин ширхэг модыг хэрэгцээний дагуу Их Богдын Байгалийн Цогцолборт Газрын Хамгаалалтын Захиргаанд шилжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Пт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.П нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Пыг хууль бусаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Гонгорын Пүрэв -Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар ялтан Г.Пт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугара зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох шаардлаггүй гэж үзсэнийг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д заасснаар ялтан Г.П нь энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоожмгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

5. Шүүгдэгч Г.П нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зүйлгүй болохыг тус тус дурдсугай.     

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар бэлтгэсэн гэх нэг зуун гучин ширхэг мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гар хөрөө зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан 2019 оны 07 дугаар сарын 17-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, бэлтгэсэн модыг хэрэгцээний дагуу Их Богдын Байгалийн Цогцолборт Газрын Хамгаалалтын Захиргаанд шилжүүлж, гар хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Г.Пын эзэмшлийн Мустанг маркийн мотоциклыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг мотоциклийг хэрэгцээний дагуу эзэмшигч Г.Пт буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.Пт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Пт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ