Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2016/00972

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 14 өдөр        Дугаар 181/ШШ2016/00972          Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.М гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ю ХХК-д холбогдох

орон сууцны талбайн зөрүүд 6 241 600 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.М , түүний өмгөөлөгч Д.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.М миний бие Ю ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах Н орон сууцны 72 дугаар байр, 8 давхар, ... тоот 56,64 м2 талбай бүхий байрыг авахаар тохиролцож HPT13B68 тоот гэрээ хийж худалдаж авсан. Гэрээнд зааснаар 56,64 м2 талбай байхаас 52,89 м2 талбайтай байна. Шүүхээс дахин шинжээч томилсон. Томилогдсон шинжээч Инженер геодези ХХК-нь 53,32 м.кв талбайтай байна гэж дүгнэлт гаргасан. Энэ орон сууцыг худалдан авахдаа 1 м.кв-ийг нь 1 880 000 төгрөгөөр худалдан авсан тул  зөрүү болох 3,75 м2 талбайн мөнгө 7 050 000 төгрөг гэж нэхэмжилж байсан. Одоо талбайн зөрүү нь 3,32м.кв болсон тул 6 241 600 төгрөгийг хариуцагч Ю ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Харицагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Ю ХХК нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2013/04-12 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Н хотхонд байрлах Хан-Уул дүүргийн 71, 72, 73 тоот, 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг Өндөр буянт холдинг ХХК-иас худалдан авахдаа барилгын батлагдсан зураг, бүх төрлийн ажлын акт, холбогдох зөвшөөрлийг үндэслэн хүлээн авсан.

Манай компани нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээний дагуу Өндөр буянт холдинг ХХК-иас дээрх барилга угсралтыг хүлээн авахдаа барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий эрх бүхий байгууллагын гаргасан, батлагдсан зургийн дагуу орон сууцны талбайн хэмжээг тооцон, борлуулалтын үнээ тогтоосон.

            Бид борлуулалтын талбайн хэмжээ, үнийг иргэдэд урьдчилсан байдлаар танилцуулдаг бөгөөд захиалагч өөрөө сонголтоо хийн орон сууцны талбайн хэмжээ, үнийг хүлээн зөвшөөрч, МУ-ын иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэн иргэний эрх зүйн зохицуулалт, зарчмын дагуу талууд гэрээний нөхцөл үр дагаврыг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон.

            Бид барилгыг зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий эрх бүхий байгууллагын гаргасан батлагдасан зургийн дагуу орон сууцны талбайн хэмжээг тооцон барилгын ажлыг гүйцэтгэж, холбогдох төрийн байгууллагаар хянуулж, тус барилгыг Улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулсан. Иймд хөндлөнгийн аливаа дурын компанийн гаргасан талбайн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй болно.

 Манай компани Ц.М д орон сууц худалдсан, манай орон сууцыг худалдан авахын тулд Ц.М Улаанбаатар банктай орон сууцны зээлийн гэрээ хийж ипотекийн зээлд хамрагдсан, одоо ч төлж дуусаагүй байгаа. Ц.М нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу байр худалдаж авсан болохоос 343 дугаар зүйлд заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээгээр орон сууц бариулаагүй, бидний хооронд хийгдсэн гэрээ нь орон сууц захиалгаар бариулах гэрээ нэртэй боловч орон сууц худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан.

Ю ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Ц.М нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан орон сууцаа хүлээн авсан. Иймд иргэн Ц.М гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэсгүй.

Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч Ю ХХК-д холбогдуулан “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”-ний дагуу талбайн зөрүү 3,32м.кв буюу 6 241 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ю ХХК нь нэхэмжлэгчид Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах Н орон сууцны 72 дугаар байр, 8 давхар, ... тоот 56,64 м2 талбай бүхий байрыг 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр худалдах худалдан авах гэрээний дагуу худалдсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Ю ХХК, нэхэмжлэгч Ц.М нар нь гэрээгээ “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” гэж нэрлэсэн боловч худалдах худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна. Учир нь:

1.Ю ХХК нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Өндөр буянт холдинг компанитай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээ” хийж Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах Н орон сууцны ХД-71, ХК-72, ХД-73 хаягт байрлах 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг худалдан авчээ./хх-ийн 52-54-р хуудас/

2.Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 200 дугаар тогтоолоор батлагдасан “Орон сууцны ипотекийн зээлийн  ерөнхий журам”-д “инженерийн дэд бүтэцэд бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан шинэ орон сууц болон инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй, ашиглагдаж байгаа хуучин орон сууц худалдан авах хүсэлтэй Монгол Улсын иргэдэд орон сууцны ипотекийн зээлийг олгоно.гэж заасны дагуу Ц.М нь 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр улсын комисс хүлээн авсан дээрх орон сууцыг худалдан авахаар Улаанбаатар банкнаас 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, 74 500 000 төгрөгийн зээлийг авч ипотекийн зээлд хамрагджээ. /хх-ийн 45-49-р хуудас/

3.Ц.М , Ю ХХК  нар нь “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулан худалдагч / Ю ХХК/ нь үл хөдлөх эд хөрөнгө / Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах Н орон сууцны 72 дугаар байр, 8 давхар, ... тоот орон сууц/-ийг худалдан авагч /Ц.М /-д шилжүүлж, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлснөөр гэрээ хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 5-10, 49 -р хуудас/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Худалдагч Ю ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах Н орон сууцны 72 дугаар байр, 8 давхар, ... тоот орон сууцны өмчлөл ба эзэмшлийг шилжүүлэх үүргийн дагуу худалдан авагч Ц.М д уг орон сууцны түлхүүрийг 2014 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр шилжүүлж уг үл хөдлөх хөрөнгийг бодит байдлын хувьд эзэмшүүлэн өмчлүүлж, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнэ болох 106 483 200 төгрөгийг өгч, худалдагч авсан болох нь ипотекийн зээлийн гэрээ, Орон сууц захиалгаар бариулах гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, нэхэмжлэгчийн зээл төлсөн тухай дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 7-9, 44-54-р хуудас/

Гэрээнд худалдах орон сууцны талбайн хэмжээг 56,64 м.кв гэж тодорхой тусгасан байхад нэхэмжлэгч нь уг орон сууцыг хүлээн авах үедээ, эсвэл хүлээж авахаас өмнө орон сууцны талбайг хэмжиж, орон сууцны талбайн хэмжээ дутуу болохыг мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тул худалдан авагч Ц.М нь шаардлага гаргах эрхээ алдсан байна.

 Иймд орон сууцны талбайн зөрүүд 6 241 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах Н орон сууцны 72 дугаар байр, 8 давхар, ... тоот орон сууцны талбайн зөрүүд 6 241 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.А оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ... дугаар зүйлийн ....2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд , тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ч.ИЧИНХОРЛОО