Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 233

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч: Х.Г, түүний өмгөөлөгч Х.Мөнхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурор Э.Гантулгаас Х.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914002660266 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 02-ний өдөр хүлээн хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Х.Г

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч: Х.Г нь 2019 оны 02 дугаар сард Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Бургас 3 дугаар багийн нутаг Хойтны тал гэх газраас П.Гын эзэмшлийн 1 тооны морийг хулгайлж 800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Х.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Тухайн өдөр би явган явж байсан юм. Миний бие багаасаа хөдөө мал дээр өссөн юм. Иймд азарга адууг хэрхэн яаж туухыг бол мэднэ. Би тэр өдөр явган явж дээрх азаргатай адууг туусан юм. Адуу туусан гэх газар Бийн гэрээс ойролцоогоор 3-5 км зайнд байсан. Уулыг шууд давуулбал бүр ч ойрхон юм байгаа. Миний эзэмшилд Бээс худалдан авсан мотоцикл байсан ба тухайн үед эвдэрсэн байсан учир унаагүй юм. Тус өдөр явган явж байсан юм. Тэр мотоцикл нь хуучин эвдэрхий мотоцикл юм. Би тэр мотоциклоо 100.000 төгрөгөөр үнэлж байна. Мөнгөний хэрэг байсан учир уг мотоциклийг сэлбэг болгон задлаад зарчихсан... гэх мэдүүлэг /хх-ийн 57-60/

... Тухайн өдөр 1 тооны адууг гаргасан юм. Шарга зүсмийн буюу Гын эзэмшлийн адууг. Тэрнээс өөр адуу гаргасан зүйл байхгүй. Миний бие Бээс мотоцикл худалдан авахад 2 тооны адуугаар авахаар болсон юм. Анх худалдан авахад О ахаас 1 тооны хонгор зүсмийн адууг авч Бт өгч байсан юм. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ 2 тооны адуу өгсөн талаар дурдсан юм. Өөрөөр хэлбэл Гын шарга зүсмийн адуу мөн О ахаас авч өгсөн хонгор зүсмийн адууг. /Тус, тусад нь өгсөн гэх, хонгор зүсмийн адууг анх мотоцикл худалдан авахад, шарга зүсмийн морийг сүүлд өгсөн гэх/ Иймд 2 тооны адуу нядалсан гэж буруу хэлжээ тэрнээс тухайн өдөр 1 тооны адуу гаргасан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 91-92 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Г мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч П.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Тус морийг би өөрөө 2018 оны 11 дүгээр сард гэрийн ойр хавиар аргамжаад унаж байсан юм. Тэгээд гэрийн ойр хавиар өвс, идэш муудаад ирсэн мөн тус морь ойр хавьд тогтоохоо байхаар нь Сүхээгийн адуутай нийлүүлсэн юм... 2019 оны 01 дүгээр сарын 14-18-ны өдрийн үед Сүхээ над руу залгаад адуунд байсан 1 тооны адуу чинь алга болчихлоо гэж хэлсэн. Тэгээд би өөрөө морио Бөмбөгөр Бууцагаан сумын нутгаар хайгаад олоогүй. Уг морийг хонь малдаа унаж байсан болохоор их л номхон морь Гийг яадаг юм байгаа юм надад лав хээр зогсож байхад нь ойртож очиход гайгүй гарт тогтчихоод байдаг юм. Би өөрөө хувьдаа одоо энэ хулгайд алдсан морь наана нэг гүү нийт 2 тооны адуутай юм. Азарга адуу байхгүй болохоор ойр саахалт байгаа айлын адуунуудтай нийлүүлж цуг байлгадаг байсан юм. Тус морь адуунаас тасарчих магадгүй учир нь яг тогтсон азарга адуутай байдаггүй дандаа ойр хавын саахалт айлуудын адуутай нийлүүлчихдэг байсан... гэх мэдүүлэг /18-20/

 ...Тус морь нь өвөл нээх ч тийм сайн байгаагүй ер нь туранхайдуу талдаа унаж байгаад ойр хавиар нь өвс идэш муудахаар нь өвлийг давахгүй байх гэж бодоод Сүхээгийн адуутай нийлүүлсэн юм... гэх мэдүүлэг. /хх-ийн 93-94/

4. Гэрч Х.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 02 дугаар сарын эхээр Г нь 10-аад адуу манай гадаа тууж ирээд уг адуунаас улаан шарга морь барьж аваад бусад адууг гаргаад явуулсан. 1 тооны шарга зүсмийн морийг гаргасан юм. Г надад хонгор зүсмийн адууг өгөхөд нь тухайн адууг мөн л өгөх үеэр нь гаргаж байсан юм. Тэр нь шарга зүсмийн адууг гаргахаас бараг 2 сар гаруйн өмнө байсан байх нарийн сайн санахгүй байна. Гийн авчирсан морь номхон л адуу байна лээ. Г нь манай гэрт ирэхдээ явган явж байсан. Түүний манайд ирэхээс өмнө юутай ирсэн эсэхийн мэдэхгүй байна. Ирэхдээ хөлс баастайгаа хутгалдсан юм ирсэн. Г нь манайд Г ахын адуутай нийлээд 6 билүү 7 тооны адуу тууж ирсэн байсан. Тэр тууж ирсэн адуу нь Сүхээ гэх хүний адуу байсан. Уг шарга морийг нядалснаас хойш 2-3 хоногийн дараа Г ахын морь гэдгийг мэдсэн. Г нь надаас 1500000 төгрөгийн мотоцикл аваад 2 морь өгсөн. Одоо надад 500000 төгрөг өгөх дутуу байгаа... /хх-ийн 31-36/

...Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмэж өгөх мэдүүлэг байхгүй ээ.1 тооны шарга зүсмийн адууг гаргасан. Тухайн адууг гаргах үеэр нь гаргаж байсан. Тэр шарга зүсмийн морийг гаргахаас өмнө байх бараг 2 сар гарын өмнө байх нарийн сайн санахгүй байна. Ер нь л номхон адуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 86-87/

5. Гэрч Л.Оы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Он сарыг нь сайн санахгүй байна. Г нь Болд- Идэрээс 2 билүү 3 адуу өгнө гээд мотоцикл авсан гээд надаас 1 тооны хонгор үрээ авч Бт өгч байсан. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/

6. Гэрч Д.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Он сарыг нь сайн санахгүй байна. Намайг хониндоо явж байгаад 16 цагийн үед гэртээ ирэхэд Г Б 2 сууж байсан. Гэрийн гадаа 1 шарга морь уяатай байсан. Тэгээд хоол цай идэж уучихаад Б уг адууг гаргалцаадах гэхээр нь хамжиж гаргалцсан..гэх мэдүүлэг /хх-ийн 41-44/

7. Гэрч Д.Төмөрсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2018 оны сүүлээр манай саахалт айлын Г өөрийнхөө 1 тооны шарга морийг манай адуунд тавьсан. Түүнээс хойш 2-3 сарын хугацаанд Г хааяа өөрөө ирж морио хардаг байсан. Сар өдрийг нь мэдэхгүй байна. Гын тавьсан 1 тооны адуу нь манай адуунаас алга болсон байхаар нь Год залгаж хэлсэн. Түүнээс хойш Г нь өөрийнхөө адууг хайгаад олоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/

...Тухайн үед өвлийн цаг байсан болохоор би тэгж барьж оролдож байгаагүй юм аа. Заримдаа адуу захлаад зогсож байдаг заримдаа адуун дунд зогсож байдаг. Адууны эзэн Г өөрөө уг морийг хэр догшин туранхайг нь хэлэх байхаа би сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 95 /

8. Гэрч Л.Төмөө мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Хүмүүс Төмөө авгайн азарга адуу гэж хэлдэг болхоос би өөрийнхөө нэр дээрх адуу малаа хүүхдүүдээд тараагаад өгсөн байгаа юм. Би өөрийнхөө адуугаа О хүүхэд болох хүмүүс Далай гэж дууддаг бүтэн нэрийг нь Энхдалай гэдэг юм түүнд өгсөн байгаа юм. Энхдалайгийн хувьд Баянхонгор аймгийн төвд байдаг ба ерөнхийдөө адууг нь Б бид хоёр харж байгаа юм.

Энхдалайд өгсөн азарга адуу одоо миний санаж байгаагаар 17 тооных байдаг юм.Азарга адууны азарга нь халтар азарга байдаг ба Энхдалай өмнө уяж уралдуулж байсан юм. Уядаг болохоор хүмүүс тэрүүгээр нь танина...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/

9. Шүүгдэгч Х.Г, гэрч Х.Б нарын мөрдөн байцаалтын шатанд нүүрэлдүүлэн өгсөн:

 ... Түүний ярьж байгаа нь үнэн. Тухайн өдөр 1 тооны адууг гаргасан юм. Шарга зүсмийн буюу Гын эзэмшлийн адууг. Тэрнээс өөр адуу гаргасан зүйл байхгүй. Миний бие Бээс мотоцикль худалдан авахад 2 тооны адуугаар авхаар болсон юм. Анх худалдан авахад О ахаас 1 тооны хонгор зүсмийн адууг авч Болд- Идэрт өгч байсан юм. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ 2 тооны адуу өгсөн талаар дурьдсан юм. Өөрөөр хэлбэл Гын шарга зүсмийн адуу мөн О ахаас авч өгсөн хонгор зүсмийн адууг. /Тус, тусад нь өгсөн гэх, хонгор зүсмийн адууг анх мотоцикль худалдан авахад, шарга зүсмийн морийг сүүлд өгсөн гэх/ Иймд 2 тооны адуу нядалсан гэж буруу хэлжээ тэрнээс тухайн өдөр 1 тооны адуу гаргасан юм.

Х.Г: Би нийт 6 тооны адууг туусан юм. Үндсэндээ 1 тооны адууг барьж аваад явахгүй байхаар нь нийлүүлж байгаад туусан юм. Тэрнээс тэр Сүхээгийн адууг хулгайлах надад ямар нэгэн санаа байгаагүй. Зөвхөн тухайн 1 тооны морь явахгүй байхаар нь нийлүүлж байгаад туусан юм. Адууг Бийнд тууж ирээд тэрнээс Гын адууг барьж өгсөн юм. Тэрнээс хээр барьж өгсөн зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 88-90/

10. Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 156 дугаар шинжээчийн:

1. Нас гүйцсэн бүдүүн морь 1 толгой нэг үнэ 800.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-52/

11. Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 374 дугаар шинжээчийн:

1. Мустанг-5 мотоциколь хуучин далан мянган төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 97-98/ болон, хавтаст хэргийн 53 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, хавтаст хэргийн 63 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгчийн багийн Засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 66 дугаар хуудсанд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, хавтаст хэргийн 67-69 дугаар хуудсанд авагдсан өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хүсэлт хавтаст хэргийн 70 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Х. Гийн урьд шийтгэгдсэн эсэх талаарх лавлагаа, хавтаст хэргийн 79 дүгээр хуудсанд авагдсан хэргийн материал танилцуулсан баримт, хавтаст хэргийн 100 дугаар хуудсанд авагдсан хэргийн материал танилцуулсан баримт зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тэнсэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

Шүүхээс шүүгдэгч Х.Г нь 2019 оны 02 дугаар сард Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Бургас 3 дугаар багийн нутаг Хойтны тал гэх газраас П.Гын эзэмшлийн 1 тооны морийг хулгайлж 800000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хавтаст авагдсан хохирогч П.Г, гэрч И.Б, Л.О, Д.Э, Д.Төмөрсүх, Л.Төмөө нарын мэдүүлэг болон 156, 374 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Х.Гийг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Уг хэрэгт шүүгдэгч Х.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Гт урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Г нь урьд ял шийтгүүлж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдэллийн санд мэдээлэл авагдаагүй тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х.Гийг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Таванханхар овогт Х.Гийг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар ялтан Х.Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээш цагаар хийлгэж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан Х.Г нь нийтэд тусгай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Х.Г нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдсон эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Х.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Гт авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ