Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2016/05336

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2016/05336

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар хотхон хаягт байрлах “Шидэт өнгө” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар:5201543/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь Эхийн 34-1793 тоот хаягт оршин суух, Жалайр овогт Зоригоогийн Амар-Эрдэнэ /РД:ИЭ84120176/-д холбогдох,

 

“14,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.Далайжамц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин-Эрдэнэ нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Шидэт өнгө” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тус компанийн төлөөлөгч Ё.Далайжамц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Амар-Эрдэнэ нь манай “Шидэт өнгө” ХХК-д 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сарын 1,500,000 төгрөгийн цалинтай хэвлэгчээр ажиллаж байсан.

З.Амар-Эрдэнэтэй би хуучны танилууд байсан бөгөөд тэрээр манайд ажилд орхоос өмнө интернет мөрийтэй тоглоом тоглож 50 гаран сая төгрөгийн өр төлбөрт орсон байсан. Тэрээр манайд өндөр цалинтай ажиллаж байсан бөгөөд түүнд маш их туслаж 18 сарын хугацааны цалин 25,000,000 төгрөг, танил найз нөхдийн хадгаламж зээлийн хоршоо хувь хүнээс удаа дараа зээлж авч байсан мөнгө 15,000,000 төгрөг, өөрийн үнэт эдлэлээ ломбарданд тавьж авч өгч байсан 5,000,000 төгрөг, бусад хэвлэмэл бүтээгдэхүүн өртэй хүнд нь хийж өр барагдуулж байсан 10-аад сая төгрөг гээд бараг л тавьсан бүх өр төлбөрийг нь гүйцэд дарахаар тусалж байсан билээ.

Манай компани сар болгон ломбарданд 300 гаран мянган төгрөгийн хүү төлж хохирсоор байна. Иймд манай компанийн хохирол болох 14,000,000 төгрөгийг З.Амар-Эрдэнээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч З.Амар-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл, эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй болно.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Шидэт өнгө” ХХК нь хариуцагч З.Амар-Эрдэнэд холбогдуулан, 14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч З.Амар-Эрдэнэ нь нэхэмжлэлийн хувийг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.

Хариуцагч З.Амар-Эрдэнэ нь нэхэмжлэгч “Шидэт өнгө” ХХК-д хэвлэгчээр ажиллаж байсан хийгээд ажиллаж байхдаа тус компаниас цалингаас гадуур мөнгө авч байсан болох нь хэрэгт авагдсан ажилтны анкет, хэвлэгч З.Амар-Эрдэнийн 2015 оны цалин, цалингаас гадуур авсан мөнгөний тооцооны баримт зэргээр тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан “Шидэт өнгө” ХХК-ийн хэвлэгч Зоригоо овогтой Амар-Эрдэнийн цалин, цалингаас гадуур авсан мөнгөний тооцоо /2015/ нэртэй баримтаас үзэхэд, харуицагч З.Амар-Эрдэнэ нь нийт 12,514,000 төгрөгийн дүнг зөвшөөрч гарын үсэг зурсан байх бөгөөд “энэ ондоо багтааж цувуулж төлнө” гэх тайлбар бичигджээ.

З.Амар-Эрдэнэ нь “Шидэт өнгө” ХХК-д 12,514,000 төгрөгийг цувуулж төлөхийг зөвшөөрсөн тухай уг баримтыг хэрэгт чухал ач холбогдолтой гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх буюу хэрэгсэхгүй болгох, хариуцагч З.Амар-Эрдэнийг дээрх төлбөрийн үүргээс чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй; 492.1.1.-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч “Шидэт өнгө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэмжээгээр хангах үндэслэлтэй байна.

Хариуцагч З.Амар-Эрдэнэ нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан, хариуцагч З.Амар-Эрдэнээс 12,514,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Шидэт өнгө” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,486,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоусгай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 227,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Амар-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 215,174 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Шидэт өнгө” ХХК-д олгосгуай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг  танилцуулсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.УНДРАА