Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 235

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,

Шүүгдэгч: Р.Г түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Гт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914004470305 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 16-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шийтгэгдэж байгаагүй, Р.Г

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Р.Г нь 2019 оны 06 дугаар сарын 04,05-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 2-9 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нэг гэрт хамт амьдардаг хадам ээж Д.Сийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Р.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр би гадаа гэрийн шал шигтгэж суулгах ажилтай байсан тэр үедээ хамт шал суулгах гэж байсан ахад нэг шил архи авч өгөөд би тэр үед хадам ээж С архи уулаа согтуу байна гэж хэлсэн тэрнээс болж маргалдаж намайг хадам ээж бариад авсан тэр үед би хадам ээжийн толгой руу нэг удаа цохисон тэгээд хадам ээж цагдаа дуудсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 66-68/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Г мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч Д.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 06 дугаар сарын 04-нөөс 5-нд шилжих шөнө манай хүргэн Г согтуу орж ирсэн. Г манай охин Дтэй хамт амьдардаг бөгөөд бүгдээрээ манай гэрт байдаг юм. Тэгээд шөнө Г согтуу ганцаараа орж ирээд агсам тавьж байгаад миний багалзуур шахаж газар унагаан дээрээс дэвссэн. Тэгээд шөнө охин Сарантуяаг дуудаад салгасан...өдөр 14 цагийн үед бид нар гэрийн шалыг суулгаж байхад согтуу ирчхээд намайг загнаж шалан дээр унагааж баруун хацар руу гараараа цохиж чих рүү гараараа цохин өшиглөсөн Тэгтэл шал суулгаж байсан хүн биднийг салгасан... гэх мэдүүлэг / хх-ийн 47-49/,

... 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор сумын 3 дугаар баг 2-29 тоотод байх гэрийн шал суулгаж байхад согтуу ирчихээд хэрүүл хийж намайг толгойн хэсэг руу хоёр удаа гараа цохиж хоолой боосон энэ үед манай охин Д. салгасан тэр өдрийн урьд шөнө нь согтуу ирчихээд юм яриад байхаар нь загнасан байсан юм тэрнээс болж намайг зодсон байх. Тухайн үед миний хацар, нүүрний яс, толгой хатгаж өвдүүрлэж байсан надад өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. Манай охин Д, 9 настай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд , 4 настай, нэг ой 8 сартай хүүхдүүд байсан өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/

4. Гэрч С.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                                               

…2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гадаа гэрийн шал шигтгэж байхад манай ээж Гийг архичин гэж дуудаж архиа болиоч гэж хэлсэн тэгтэл Г ээж рүү уурлаж дайрч барьж аваад толгой руу цохиж ээжийг унагаасан тэгээд тэгээд дэвсэх гэхээр нь би барьж аваад салгасан...Намайг харж байхад Р.Г ээжийг нүүрэнд хоёр удаа гар хөл орчимд хоёр удаа цохисон. гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 48-49/

9. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 380 дугаартай шинжээчийн:

1. Д.Сийн биед тархи доргилт, дух, чамархай, хацар, чихэнд цус хуралт, хамар, чих, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. шинжээчийн гэх дүгнэлт /хх-ийн 36-37/ болон хавтаст хэргийн 86 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Р.Гийн урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 1 хуудас нотлох баримт шинээр гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Р.Г нь 2019 оны 06 дугаар сарын 04,05-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 2-9 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нэг гэрт хамт амьдардаг хадам ээж Д.Сийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Д.С мэдүүлэг, гэрч С.Д нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 380 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Р.Гийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Р.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Р.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Р.Г нь урьд ял шийтгэгдэж байгаагүй, энэ талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Р.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Р.Гт нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Р.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Р.Гийг гурван зуун тавин / 350 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар ялтан Р.Гт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Р.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч Р.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Р.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ