| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2016/00121/И |
| Дугаар | 181/ШШ2016/00971 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2016/00971
|
2016 оны 10 сарын 14 өдөр |
Дугаар 181/ШШ2016/00971 |
Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д ХХК /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Р ХХК /,
Хариуцагч: Г.А нарт холбогдох
4 318 008 377,43 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагч Г.А гийн өмгөөлөгч Л.С, гэрч Л.Б , нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай Д ХХК нь 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Р ХХК-тай Өмнөговь аймгийн Мандал овоо сумын нутагт байрлах Олон овоот уурхайн цахилгаан хангамжийн 35 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр 01 тоот гэрээг байгуулсан.
Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч нь Даланзадгадын ДЦС-ын 35 кв-ын ил хувиарлах байгууламжаас Олон овоот уурхайн үйлдвэр хүртэлх цахилгаан хангамжийн 35 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам 93,6км-ийн ажлыг гүйцэтгэж, захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч ажлын хөлсөнд 4 906 846 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байсан.
Ингээд гэрээт ажлыг манай компани гүйцэтгэн 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр бүрэн дуусгаж энэ тухайгаа захиалагч талд мэдэгдэж, 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын станц дээр уулзан 35 кв-ын агаарын шугамд захиалагч, зургийн компани, гүйцэтгэгч талын төлөөллүүд оролцон техникийн үзлэг хийж, акт үйлдэн протокол хөтөлсөн болно.
Гэрээгээр бол 2012 оны 12 сард уг ажлыг хийж гүйцэтгэх байсан боловч Р ХХК нь гэрээний дагуу төлөх төлбөрөө цагт нь төлөөгүйгээс цаг хугацаа алдаж худалдан авсан бараа материал, тоног төхөөрөмж алдагдаж үрэгдэх, эвдэрч хэмхрэх аюул учраад байсан, захиалагч тал бидэнд “та нар ажлаа хийж бай, төлбөрөө удахгүй төлнө” гэсэн тул үгэнд нь орж бусдаас зээл авч ажлаа хийж бүрэн дуусгасан.
Үүнээс хойш захиалагч тал болох Г.А тай утсаар төлбөр барагдуулах талаар ярилцахад төлбөрөө удахгүй төлнө, би ажлаа хийлгэсэн тул танай төлбөрийг барагдуулна гэж хугацаа хэлж хариулдаг боловч хэлсэн хугацаандаа барагдуулахгүй хуурч, одоог хүртэл төлбөрөө өгөөгүй байна. Бид төлбөр барагдуулах талаар харилцан ярилцахаар Г.А тай удаа дараа очиж уулзаж байсан.
Бид өр төлбөрийг барагдуулах асуудлыг эвийн журмаар шийдвэрлэх саналыг удаа дараа тавьж, албан тоот хүргүүлсэн боловч хариу өгөхгүй байсан тул бид шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахад захиалагч талын өмгөөлөгч ажлаа манайх хүлээж аваагүй шалтаглан төлбөр төлөхгүй гэж тайлбар гаргаснаар нэхэмжлэлийг буцаасан.
Засгийн газрын 2012 оны 151тоот тогтоол, ЭХЯ-ны сайдын 2013 оны 08-р тушаалд заагдсаны дагуу захиалагч тал Улсын комист хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах журамтай байтал бид уг ажлаа хүлээлгэн өгөхийн тулд 2015 оны 12-р сард Захиалагч талд албан тоот хүргүүлэн тэдний томилсон ажилтнуудыг оролцуулан 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дахин техникийн хяналтын комиссыг ажиллуулж, шугамд орсон материалыг нэг бүрчилэн үзэж, захиалагчийн талд хүлээлгэн өгсөн. Уг комисс акт үйлдэж, хурлын протокол үйлдсэн.
2015 оны 12-р сарын 28-ны өдөр Захиалагч Р ХХК нь Өмнөговийн Цахилгаан станцтай ярилцаж тохиролцоод уг шугамыг 10 кВ-ын хүчдэлд залгуулан одоог хүртэл цахилгаан авч хэвийн ажиллаж байгаа болно. Уг шугамыг барьж дуусаад 3 жил болсны дараа хүчдэл өгөхөд хэвийн ажиллаж байгаа нь уг шугамын угсралтын ажлын чанарын баталгаа болж байгаа бөгөөд гэрээний баталгаат хугацаа дууссан юм. Ер нь манай компани уг шугамын угсралтын ажпыг хийж гүйцэтгэхдээ Монгол Улсын Эрчим хүчний барилга угсралтын стандарт, бараа материалын чанар, угсралтын ажлын технологи, дүрэм журмыг мөрдөж ажилласан. Манай компани ажил гүйцэтгэх гэрээг Р ХХК-ийн захирал Г.А тай байгуулсан. Гэтэл Р ХХК-ийн захирал нь түүний дүү байх тул гэрээний дагуу нэхэмжилж буй дараах төлбөрийг Г.А гаас нэхэмжилж байна.
Бид алдангийн тооцохдоо ажил хүлээлгэн өгснөөс хойш тооцсон. Бидний хийсэн ажлыг гэрээний дагуу хүлээн авч уг ажлыг зурагт заагдсаны дагуу бүрэн гүйцэтгэж, уг шугамын ажилд ажлын зургийн болон төсөвт заагдсан бараа материалыг бүрэн нийлүүлж, угсарч гүйцэтгэсэн байна гэж дүгнэсэн байгаа, бид тулгуур баганыг дутуу хийгээгүй, хэрэв дутуу хийсэн бол тэр шугам өнөөдрийг хүртэл ямар ч доголдолгүй ажиллах боломжгүй юм. Бид ажлаа чанарын өндөр түвшинд хийсэн.Захиалагч төсөвт тусгагдсан мөнгөө цаг хугацаанд нь өгөөгүйгээс манай компани Голомт банк, Баялаг арал ХХК, Ганбүрэн ХХК –иудаас их хэмжээний зээл авсан бүр сүүлдээ тэтгэврийн зээл хүртэл авч байж ажилаа хийсэн байхад гэрээгээр тохирсон хөлс мөнгөө өгөхгүй байгаад их гомдолтой байна.
Хариуцагч Р ХХК нь 4 906 846 000 төгрөг төлөхөөр гэрээ хийсэн. Манай ажлын эцсийн гүйцэтгэлийн дүн 4 904 529 251.62 төгрөг болсон.
Гэрээт ажлын явцад 2012 онд 1 982 053 800 төгрөг, 2015 онд 10 000 000 төгрөг, 2016 онд 20 000 000 төгрөг захиалагч өгсөн. Ажил гүйцэтгэх явцад буюу 2013 онд Олон овоот компаниас 13 803 200 төгрөгний шатахуун авсан. Үүнийг нийт авах ёстой тооцооноос хасахад 2 878 672 251,62 төгрөгийн авлагатай байна. 4 904 529 251,62 -( 1 982 053 800 + 10 000 000 + 20 000 000+13 803 200) =2 878 672 251.62 төгрөг болж байна.
Гэрээний 7.2-т заасны дагуу 0,1%-ийн алдангийг 2016 оны 4 дүгээр сарын 01-ний байдлаар тооцоход 1156 хоног хэтрүүлсэн байна.
2 878 672 251,62 x 0,1 % =2 878 672,25 төгрөг /нэг хоногийн алдангийн дүн /
2 878 672,25 х 1156 = 3 327 745 122,87 төгрөг болж хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 %-иар тооцоход 1 439 336 125,81 төгрөг болж байна.
Иймд хариуцагчаас ажлын хөлс, алдангид 2 878 672 251,62 + 1439 336 125,81 = 4 318 008 377,43 төгрөгийг гаргуулан өгнө үү. Мөн Г.А гийн эд хөрөнгийг битүүмжилж , төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаанд ажлын үр дүн болох Өмнөговь аймгийн Мандал Овоо сумын нутагт байрлах Олон овоот уурхайн төв хүртэлхи 35 кв-ын Цахилгаан дамжуулах агаарын шугамын өмчлөл, эзэмшлийн эрхийг Дархан -Энөрго ХХК -д баталгаажуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.А нь 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Д ХХК-тай Өмнөговь аймгийн Мандал овоо сумын нутагт байрлах Олон овоот уурхайн цахилгаан хангамжийн 35 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр 01 тоот гэрээг байгуулсан.
Энэхүү гэрээгээр Д ХХК нь Даланзадгадын ДЦС-ын 26 кв-ын ил хувиарлах байгууламжаас Олон овоот уурхайн үйлдвэр хүртэлх цахилгаан хангамжийн 35 кв-йн цахилгаан дамжуулах агаарын шугам 93,6 км-ийн ажлыг гүйцэтгэж, Р ХХК, Г.А д хүлээлгэн өгөх, захиалагч ажлын хөлсөнд 4 906 846 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн нь үнэн.
Д ХХК нь эхний урьдчилгаа төлбөрөө авчихаад ажлаа хийхгүй 2013 оны 7 дугаар сар хүрсэн тул манайх их хэмжээний хохирол амссан. Гэрээнд зааснаар бол 2012 оны 12 дугаар сарын 21-нд хийж дуусгах ёстой байсан, гэтэл 2013 оны 7 дугаар сард хийж дуусгасан.Иймээс алданги төлөхгүй. Гэрээт ажлын явцад 2012 онд 1 982 053 800 төгрөг, 2015 онд 10 000 000 төгрөг, 2016 онд 20 000 000 төгрөг төлсөн. Ажил гүйцэтгэх явцад буюу 2013 онд Олон овоот компаниас 13 803 200 төгрөгний шатахуун авсан. Энэ талаар 2 тал маргадаггүй юмаа. Рашаан худаг, Олон овоот, Сурбан гээд бүгд Г.А гийн компани юмаа. Ажлын гүйцэтгэл дээр тулгуур баганыг 582 байх ёстой гэж байдаг боловч хамгийн сүүлийн багана дээр 495 гэсэн тоо байгаа юмаа. Энэ баганын зөрүү мөнгийг хасуулах шаардлагатай байна. Бид хийлгэсэн ажлаа хүлээн аваад гэрээгээ дүгнэж акт үйлсэн гэв.
Шүүх хуралдаанд гэрч Л.Б ын мэдүүлгийг сонсов.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.
Нэхэмжлэгч Д ХХК нь Р ХХК болон Г.А нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 318 008 377,43 төгрөг гаргуулах, “Г.А гийн эд хөрөнгийг битүүмжилж , төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаанд ажлын үр дүн болох Өмнөговь аймгийн Мандал Овоо сумын нутагт байрлах Олон овоот уурхайн төв хүртэлхи 35 кв-ын Цахилгаан дамжуулах агаарын шугамын өмчлөл, эзэмшлийн эрхийг Д ХХК-д баталгаажуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч нь ажлын хөлсийг төлнө, алданги төлөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч /гүйцэтгэгч/ Д ХХК нь 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Өмнөговь аймгийн Мандал овоо сумын нутагт баригдах Олон овоот уурхайн цахилгаан хангамжийн 35кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ”-гээр Даланзадгадын ДЦС-ын 35 кв-ын ил хувиарлах байгууламжаас Олон овоот уурхайн үйлдвэр хүртэлх цахилгаан хангамжийн 35 кв-ын Цахилгаан дамжуулах агаарын шугам 93,6 км-ын ажлыг гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөх, хариуцагч /захиалагч/ Р ХХК болон Н.Алтан нар нь ажлын хөлсөнд 4 906 846 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн болох нь зохигчдын тайлбар, гэрээ, бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 8-12,80-87,150-р тал/
Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
Хариуцагч гэрээгээр тохирсон ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй.
Зохигчид дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, тухайн үйл баримтыг хүлээн зөвшөөрч байна.
Дээрх гэрээний 4.1-д Захиалагч нь улсын комиссын актыг үндэслэн бэлэн болсон ажлын үр дүнг гүйцэтгэгчээс хүлээн авна. Ийнхүү хүлээлцэхдээ акт үйлдэнэ. гэж заасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр №005/2015 дугаартай акт үйлджээ. /х.х-ийн 13-15,70-78 -р тал/
Уг актаар “гүйцэтгэгч Д ХХК нь гэрээнд заасан ажлыг ажлын зурагт заагдсаны дагуу бүрэн гүйцэтгэж дуусгасан. Уг шугамын ажилд ажлын зургийн болон төсөвт заагдсан бараа материалыг бүрэн нийлүүлж, угсарч ажлын зурагт заагдсаны дагуу бүрэн гүйцэтгэсэн байна, гүйцэтгэлийн төсөвт өртөг 4 904 529 200 төгрөг болсон гэж дүгнэн”, ажлаа хүлээн авч талууд гарын үсэг зуржээ. /х.х-ийн 13-15-р тал/
Гэрээний талууд гүйцэтгэсэн ажлын үр дүн, гүйцэтгэгчид төлөхөөр тохирсон ажлын хөлс 4 904 529 200 төгрөг болон ажил гүйцэтгэх явцад 2012 онд 1 982 053 800 төгрөг, 2015 онд 10 000 000 төгрөг, 2016 онд 20 000 000 төгрөг, 2013 онд Олон овоот компаниас 13 803 200 төгрөгний шатахуун авч нийт 2 025 857 000 төгрөгийг гүйцэтгэгч хүлээн авсан талаар маргахгүй байгаа болно. /х.х-ийн 31-34-р тал/
Гүйцэтгэгч Д ХХК нь дээрх хугацаанд Голомт банк, Баялаг арал ХХК, Ганбүрэн ХХК-иудаас их хэмжээний зээл, захирал Д.Мягмар нь тэтгэврийн зээл авсан байна. /х.х-ийн 90-149 -р тал/
Гүйцэтгэгч нь захиалагч гэрээнд заасан хугацаандаа мөнгө өгөөгүйгээс цаг хугацаандаа ажлаа хүлээлгэж өгч чадаагүй гэж байгаа боловч алдангийг ажил хүлээлгэн өгсөн 2015 оны 12-р сарын 10-ны өдрөөс хойш тооцож нэхэмжилснийг буруутгах боломжгүй.
Гэрээний 7.2-т ”Захиалагч нь гэрээнд заасан нөхцлийн дагуу гэрээний төлбөрийг төлөөгүй бол хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1%-тай тэнцэх алдангийг төлнө” гэсэн байх тул төлөгдөөгүй үлдсэн ажлын хөлс 2 878 672 200 төгрөгнөөс алданги тооцох нь зүйтэй байна.
“Өмнөговь аймгийн Мандал овоо сумын нутагт баригдах Олон овоот уурхайн цахилгаан хангамжийн 35кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ”-ний гүйцэтгэлийн өртөг нь 4 904 529 200 төгрөгнөөс захиалагч буюу хариуцагчийн төлсөн 2 025 857 000 төгрөгийг хасахад үлдэгдэл нь 2 878 672 200 төгрөг байна.
Гэрээнийн 7.2-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцоход 2 878 672 200 х 0,1%=2 878 672,2 төгрөг тул хугацаа хэтэрсэн 635 хоногоор тооцоход нийт алданги 1 439 653 600 төгрөг болж хариуцагчаас ажлын хөлсний үндсэн төлбөрт 2 878 672 200 төгрөг, алдангид 1 439 653 600 төгрөг нийт 4 318 325 800 төгрөгийг гаргуулж нэхэмжжлэгчид олгох үндэстэй.
Хариуцагч нь Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар ажлын хөлсийг төлөх үүрэгтэй ба хариуцагч нь ажлын хөлсөнд 2 025 857 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгч, үлдэх 2 878 672 200 төгрөгийг, алдангийн хамт төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.
Түүнчлэн гэрээний талууд гэрээг дүгнэж тооцоо нийлэн ажлын гүйцэтгэлийн өртөгийг тохирч гарын үсэг зуржээ./хх-ийн 88-р хуудас/
Нэхэмжлэгч Д ХХК нь дээрх төлбөрийг барагдуулахыг шаардаж 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 33/13, 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 42/13, 2013 оны 10 дугаар сарын 25-ний өдөр 47/13, 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 29/14, 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 45/14, 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 28/15, 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 39/15, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 40/15, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 23/16 дугаартай албан бичгүүдээр ажлын хөлс төлөхийг тус тус шаардаж байжээ. /х.х-ийн 16-25-р тал/
Хариуцагч нь гэрээний дагуу ажлын хөлсний үлдэгдэл болох 2 878 672 200 төгрөгийн алдангийг төлөхгүй, багасгаж өгнө үү гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлаа нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй болно.
Нэхэмжлэгч Д ХХК-нь шүүх хуралдааны явцад дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг Р ХХК-иас биш зөвхөн Г.А гаас нэхэмжилсэн болно.
Иймд хариуцагч Г.А гаас дээрх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 2 878 672 200 төгрөгийг алданги 1 439 653 600 төгрөгийн хамт нийт 4 318 325 800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хээлийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч Г.А гаас 4 318 325 800 /дөрвөн тэр бум, гурван зуун арван найман сая гурван зуун хорин таван мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан Д ХХК-д олгож, Р ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага болон Г.А гийн эд хөрөнгийг битүүмжилж , төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаанд ажлын үр дүн болох Өмнөговь аймгийн Мандал Овоо сумын нутагт байрлах Олон овоот уурхайн төв хүртэлхи 35 кв-ын Цахилгаан дамжуулах агаарын шугамын өмчлөл, эзэмшлийн эрхийг Д ХХК -д баталгаажуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2 Улсын тэмэдгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 21 747 992 төгрөг төлөхөөс 500 000 төгрөг төлснийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээн, 21 247 992 төгрөг төлөхийг хойшлуулсан болохыг дурдаж, хариуцагч Г.А гаас улсын тэмдэгдийн хураамжид 500 000 төгрөг гаргуулж Д ХХК-д , 21 247 992 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО