Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 237

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч : С.Болорзул,

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,

Шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч Х.Мөнхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1- дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1914004620290 тоот хэргийг 2019 оны 08 дугаар сарын 15-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд 2015 оны 10 дугаар сарын 28-ний өдөр Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж 2015 оны 11 дугаар сарын 24-ны өдөр өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, Б.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 06 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар баг 47-АЗ тоот айлын хашаанаас иргэн Н.Дын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй, хүрэн өнгийн 150 мотортой Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... Тэгээд өнөө өглөө үүрээр буюу 04-05 цагийн үед босоод тэдний харалдаа 2 гудамжны урд талд байдаг Баяраагийн төрсөн эгч Баянаагийнд хашааруу нь орсон чинь Баянаагийнх эзэнгүй цоожтой байсан бөгөөд тэдний гэрийн ард тад бүтээчихсэн мотоциколь байхаар нь түүний бүтээлгийн аваад мотоциклийг түрч хашааных нь хаалгаар гаргаад гудамж уруудаад жоохон түрж явж байгаад гишгэсэн чинь асчихаар нь шууд унаад онгоц буудлын доор байдаг үерхдэг эмэгтэйгийнд очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р хуудас/

... Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ үнэнээ хэлсэн, ерөнхийдөө Баянхонгор аймгийн Хөх толгой гэх газар хаягийг нь сайн мэдэхгүй байна, Баянаа гэх айлын гэрийн ар талд дээлээр бүтээлгээтэй байсан улаан өнгийн мотоцикл байхаар нь түрээд хашаанаас нь гараад жаахан түрж явж байгаад гишгэсэн чинь ассан тэгэхээр нь онгоц буудлын доод руу Намаг гэх газар руу хадмындаа очсон. Тэгээд Баянаа гэх айлын маргааш өглөө нь машинаар ирсэн чинь цагдаа дуудсан байсан. Тэгээд онгоц буудлын тэнд байх Намаг гэх газраас цагдаагийн хамт мотоцикпийг нь авч ирж жолоочид бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Би өөрөө сайн дураараа байгаа газрыг нь зааж өгч эзэнд нь хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/

...Би тухайн үед мотоциклийг аймгийн төвөөс авч яваад шууд Цэрэндаваа гэх танил найзындаа очсон. Тэр гэртээ ганцаараа байдаг юм. Би мэдүүлэг өгөхдөө сандраад тэгж мэдүүлэг өгсөн, үнэдээ бол надад Янжка гэдэг нэртэй найз охин байдаг байсан одоо ямар нэгэн холбоогүй би мөн өмнө нь өгсөн мэдүүлэгтээ найз охин түүний эцэг эхтэй уулзсан мэтээр худлаа мэдүүлэг өгсөн. Цэрэндаваа нь нөхөр хүүхэд байхгүй онгоц буудлын доод тал дээр мал хариулаад ганцаараа байдаг би тэднийд хаа нэг очдог намайг мотоцикл аваад очдог өдөр гэртээ согтуу байсан...гэх мэдүүлэг. /хх-ийн 80-81/,

2.Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч Н.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... 2019 оны 06 дугаар сарын 13-нд аймгийн төв орж ахындаа очиод тэгээд тэдний хашаанд байх гэрийн ард талд мотоциклоо тавиад дээлээр хучиж үлдээгээд тэднийд хоносон. Тэгээд маргааш өглөө нь буюу 2019 оны 06 сарын 14-ны өдөр үүрээр 05 цагт босоод гэрийн ард талд байх мотоциклоо харсан чинь байхгүй байсан. Тэгээд мөр хартал мотоциклийг хашаанаас аваад гарсан мөр байхаар нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд цагдаагийн алба хаагч нар шалгаад Б гэх залууг авсныг тогтоогоод, түүний хамт явж, Онгоц буудлын доод талд байх айлаас авч надад хүлээлгэн өгсөн юм. Би алдсан мотоциклоо бүрэн бүтнээр нь олж авсан болохоор надад гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг. /хх-ийн 13-14/,

4. Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 ... Тухайн үөд манай Д хөдөөнөөс ирээд гэрийн ард талд бүтээгэээд тавьсан байсан тэгээд өглөө босоод хартал мотоциикль нь байхгүй байсан тэгээд цагдаад мэдэгдсэн тэгээд цагдаа ирэхээр нь манай хашаагаар угаасаа Бгаас өөр хүн орж ирдэггүй хулгайч гардаггүй болохоор тэр байх гэж хэлсэн тэгсэн яг Б Дын мотоциклийг хулгайлсан байсан. Яг мотоцикп байхгүй болсны өглөө гэрээс гарахад Б хашаан дотор байх байшингийн урд хэвтэж байсан. Тэгээд л түүнийг цагдаад өгсөн... гэх мэдүүлэг /хх-20-21/,

5. Энх-Нахиа ХХК-ны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 319 дугаар шинжээчийн:

1. Мустанг-5 маркийн хуучин мотокиль 1 ширхэг дөрвөн зуун мянган 400.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29/ болон хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хавтаст хэргийн 31 дүгээр хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, хавтаст хэргийн 55-59 дүгээр хуудсанд авагдсан арилжааны банкнуудын тодорхойлолт, хавтаст хэргийн 63 дугаар хуудсанд авагдсан иргэний үнэмлэхний лавалгаа, шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчөөс хоёр хуудас нотлох баримт гаргаж өгсөн зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Б.Бгийн гэм буруугийн талаар маргахгүй. Хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хоёр жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэв.

Шүүх шүүгдэгч Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан саналыг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Б нь 2019 оны 06 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар баг 47-АЗ тоот айлын хашаанаас иргэн Н.Дын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй, хүрэн өнгийн 150 мотортой Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Н.Д, гэрч Ц.Б нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээний шинжээчийн 319 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Бг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн...ийг цээрлүүлэх,...д оршино” гэснийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Бд оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь мотоциклоо буцаан авсан талаар мэдүүлсэн энэ талаар тэмдэглэл үйлдэгдсэн байх тул шүүгдэгч Б.Бг хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Бгийн энэ хэргийн учир нэг хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцов.

Шүүгдэгч Б.Б нь өмнө нь шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн тул ял шийтгүүлж байсан гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгэрэ зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бг найман / 08 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар ялтан Б.Бд найман / 08 / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан Б.Бгийн цагдан хоригдсон нэг хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж түүний эдлэх ялыг 2019 оны 09 дүгээр сарын 06-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.           

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ