Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 522

 

 

А.Байгалмаад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Э.Одончимэг,

ялтан А.Байгалмаа /цахимаар/,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж хийсэн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 229 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан А.Байгалмаагийн гаргасан давж заалдах гомдлоор, түүнд холбогдох 201626020016 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар  сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Алтанцэцэгийн Байгалмаа, 1965 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын 205 дугаар байрны 17 тоотод оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 3-97 тоотод оршин суух,  

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 531 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

 Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 409 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор А.Байгалмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Байгалмаад оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, 2001 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 299 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 17 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 409 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 17 хоногийн 4 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүний цагдан хоригдсон 535 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож сулласан, /РД:ХЛ65092606/,

А.Байгалмаа нь:

1. 2010 онд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баясах түшээ” ХХК-ийн “Жиндэ” барилгын дэлгүүрт “Капитал” банкны төлбөрийн баримтыг хуурамчаар үйлдэн ашиглаж, хуурч мэхлэх аргаар И.Жаргалмаагаас 198.000 төгрөгийн үнэ бүхий 100 метр трубаг авч залилан мэхлэж бага бус хэмжээний хохирол учруулсан,

2. 2012 онд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эх ундрага” барилгын материалын дэлгүүрт “Баясах түшээ” ХХК-ийн тэмдэг, “Капитал” банкны төлбөрийн даалгаварыг хуурамчаар үйлдэн ашиглаж хуурч мэхлэх аргаар Б.Ганчимэгээс 273.000 төгрөгийн үнэ бүхий ажлын бээлий, тарган цавуу, будаг, өнхрүүш зэргийг авч залилан мэхлэж, бага бус хэмжээний хохирол учруулсан,

3. 2013 онд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны  нутаг дэвсгэрт байрлах “Сансар” худалдааны төвийн барилгын материалын дэлгүүрт “Баясах түшээ” ХХК-ийн тэмдэг, “Капитал” банкны төлбөрийн даалгаварыг хуурамчаар үйлдэн ашиглаж хуурч мэхлэх аргаар Р.Донидоос 450.000 төгрөгийн үнэ бүхий 50 хос бээлийг авч залилан мэхлэж, бага бус хэмжээний хохирол учруулсан,

4. 2015 оны 1 дүгээр сард Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 15 дугаар байрны 205, 206 тоотод байрлах барилгын материалын дэлгүүрт “Баясах түшээ” ХХК-ийн тэмдэг, “Капитал” банкны төлбөрийн даалгаварыг хуурамчаар үйлдэн ашиглаж хуурч мэхлэх аргаар Г.Энэбишээс 270.000 төгрөгийн үнэ бүхий 300 хос бээлийг авч залилан мэхлэж, бага бус хэмжээний хохирол учруулсан,

5. 2015 оны 6 дугаар сард Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төв дотор “Баясах түшээ” ХХК-ийн тэмдэг, “Капитал” банкны төлбөрийн даалгаварыг хуурамчаар үйлдэн ашиглаж хуурч мэхлэх аргаар Б.Энхбаясгалангаас 240.000 төгрөгийн үнэ бүхий 20 метр цахилгааны утсыг авч залилан мэхлэж бага бус хэмжээний хохирол учруулсан,

6. 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс” захын 5-1 тоот лангууг түрээслэгч Б.Атарсайханаас “Баясах түшээ” ХХК-ийн тэмдэг, “Капитал” банкны төлбөрийн даалгаварыг хуурамчаар үйлдэн ашиглаж хуурч мэхлэх аргаар 216.000 төгрөгийн үнэ бүхий 2 хайрцаг /тус бүр нь 18 кг/ тахианы махыг авч залилан мэхлэж бага бус хэмжээний хохирол учруулсан,

7. 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” зах дотор “Баясах түшээ” ХХК-ийн тэмдэг, Капитал банкны төлбөрийн даалгаварыг хуурамчаар үйлдэн ашиглаж, хуурч мэхлэх аргаар Б.Гэрэлцэцэгээс 225.000 төгрөгийн үнэ бүхий 250 хос бээлийг авч залилан мэхлэж бага бус хэмжээний хохирол учруулсан,

8. 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” зах дотор “Баясах түшээ” ХХК-ийн тэмдэг, “Капитал” банкны төлбөрийн даалгаварыг хуурамчаар үйлдэн ашиглаж, хуурч мэхлэх аргаар Б.Баяр-Эрдэнээс 231.000 төгрөгийн 200 хос бээлийг авч залилан мэхлэж бага бус хэмжээний хохирол учруулсан,

9. 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” зах дотор “Баясах түшээ” ХХК-ийн тэмдэг, “Капитал” банкны төлбөрийн даалгаварыг хуурамчаар үйлдэн ашиглаж, хуурч мэхлэх аргаар П.Ариунбилэгээс 193.600 төгрөгийн 200 хос бээлийг авч залилан мэхлэж бага бус хэмжээний хохирол учруулсан,

10. 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах барилгын “К” худалдааны төв дотор “Баясах түшээ” ХХК-ийн тэмдэг, “Капитал” банкны төлбөрийн даалгаварыг хуурамчаар үйлдэн ашиглаж хуурч мэхлэх аргаар Л.Бямбажаваас 170.000 төгрөгийн үнэ бүхий 2 хайрцаг эмульсийг авч, залилан мэхлэж бага бус хэмжээний хохирол учруулсан,

11. 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах барилгын материалын “К” худалдааны төв дэлгүүр дотор “Баясах түшээ” ХХК-ийн тэмдэг, “Капитал” банкны төлбөрийн даалгаварыг хуурамчаар үйлдэн ашиглаж хуурч мэхлэх аргаар А.Пүрэвсүрэнгээс 240.000 төгрөгийн үнэ бүхий 200 метр цахилгааны утсыг авч залилан мэхлэж бага бус хэмжээний хохирол учруулсан ба дээрх 11 удаагийн үйлдлээр бусдад нийт 2.706.600 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянгол дүүргийн прокурорын газраас А.Байгалмаад холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Байгалмааг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар А.Байгалмаагаас эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар А.Байгалмаад оногдуулсан 3 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар А.Байгалмаагийн цагдан хоригдсон 6 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримт авагдаагүй, иргэний бичиг баримт ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, А.Баягалмаагийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тооцож, давж заалдах гомдол, эсэргүүцэл шүүхэд бүртгэгдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Байгалмаагийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 Ялтан А.Байгалмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2010 оноос 2015 оны 12 дугаар сар хүртэл нийт 11 удаагийн үйлдлээр бусдыг хуурч мэхлэн итгэл эвдэх аргаар залилан мэхлэж, 2.706.600 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч ирсэн. Миний нөхөр 1997 онд бусдын гарт зэрлэгээр амь насаа алдаж бага насны 2 охин, тэтгэвэрийн насны хадам эцэг, эхтэйгээ үлдсэн. Өнгөрсөн 20-оод жилийг сэтгэлийн хүнд дарамттайгаар өвчтэй хадам эцэг, эхээс асарч хоёр охиноо хүний зэрэгтэй хүн болгохын төлөө ганцаараа алдаж, онож зүтгэсэн. Миний нөхөр хүний ганц хүү байсан бөгөөд эцэг, эх нь энэ их зовлонг дийлэлгүй хүндээр өвдөж, хэргийн холбогдогч олдоогүй байхад нас барцгаасан. Тухайн үед нийгмийг цочроосон энэ аймшигт гэмт хэргийн эзэн холбогдогч нь олдохгүй байсаар 2016 оны 2 дугаар сард буюу 19 жилийн дараа илрүүлсэн боловч уг хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн. Тухайн үед гомдол гаргахдаа нөхрийн маань бусдад хорлогдсон байдал миний үйлдсэн хэрэгт нөлөөлсөн тухай тайлбарлахыг огт бодоогүй бөгөөд миний асгаруулсан нулимс, туулсан хүнд хэцүү амьдралыг минь харгалзан үзнэ үү. Би гэмт хэрэг үйлдэхдээ зайлшгүй шаардлагатай хэрэгцээний мөнгөнөөс илүү их хэмжээний хохирол бусдад учруулахыг бодож байгаагүй болох нь бусдад учруулсан хохирлын хэмжээнээс харагдах байх. Мөн хохирогч нарыг өөрөө зааж өгч мөрдөн байцаалтын ажиллагаанд тус болсон бөгөөд үүнийг шүүхээс хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзнэ гэсэн боловч тогтоолд бичигдээгүй байна. Хэдэн жилийн өмнө автомашины осолд орж гэмтэл авч одоо эмчийн хяналтанд байдаг. Миний туулж өнгөрүүлсэн амьдрал, эрүүл мэндийн байдал, хохирлоо барагдуулсан, хийсэн хэргийнхээ 7 үйлдлийг шударгаар илчилж хүлээсэн зэрэг байдлыг минь харгалзан үзэж хорих ялыг бусад төрлийн хөнгөн ялаар сольж өгнө үү...” гэв.    

Прокурор Э.Одончимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...А.Байгалмаад холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тэрээр хохирол нөхөн төлөөгүй байсан. Залилан мэхлэх гэмт хэргийн хувьд Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хөнгөн төрлийн гэмт хэрэг болж байгаа. Шүүгдэгч хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд түүнд оногдуулсан ял шийтгэлийг бусад төрлийн хөнгөн ялаар солих, эсхүл тэнсэж, хянан харгалзахад татгалзах зүйлгүй...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

А.Байгалмаа нь:

1. 2010 онд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баясах түшээ” ХХК-ийн “Жиндэ” барилгын дэлгүүрт “Капитал” банкны төлбөрийн баримтыг хуурамчаар үйлдэн ашиглаж, хуурч мэхлэх аргаар И.Жаргалмаагаас 198.000 төгрөгийн үнэ бүхий 100 метр трубаг залилан мэхлэж авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

хохирогч И.Жаргалмаагийн “...2010 онд дэлгүүртээ ганцаараа байж байтал 50 орчим насны намхан нуруутай, бор царайтай эмэгтэй турбаны үнэ асуугаад  “нэхэмжлэхээр бараа өгөх үү” гэхээр нь 198.000 төгрөгийн нэхэмжлэлтэй “Баясах түшээ” ХХК-ийн тамгатай баримт өгсөн. Маргааш нь “мөнгө шилжүүлчихлээ” гээд “Капитал” банкны тамгатай, бичгийн машинаар бичсэн төлбөрийн даалгавар аваад ирэхээр нь 100 метр турба өгөөд явуулсан. Мөнгө орж ирэхгүй болохоор нь “Капитал” банкин дээр очиж уулзахад “хуурамч төлбөрийн даалгавар байна, манайд ийм данс байдаггүй” гэсэн. Энэ хэрэг болсноос хойш 2 жилийн дараа хүмүүс “танай компанийн тамга тэмдэгтэй төлбөрийн даалгавараар нэг эмэгтэй бараа аваад явчихлаа” гэж ярих болсон. Манайх тамга, тэмдгээ бусдад дамжуулж ашиглуулж байгаагүй, нэхэмжлэх дээр л манай тамга дарагдсан байсан...” /1-р хх-99-101/, 

А.Байгалмаагийн сэжигтнээр өгсөн: “...Хуурамч төлбөрийн даалгаварыг 2010 онд Соёл урлагийн их сургуулийн монгол зургийн ангийн оюутантай уулзаж, “Капитал” банкны төлбөрийн даалгаварыг гараар зуруулаад анх “Жиндэ” дэлгүүрээс 198.000 төгрөгийн турба авсан. Тэгэхэд уг дэлгүүрийн эзэн “Баясах түшээ” гэсэн тамга, тэмдэгтэй нэхэмжлэх бичиж өгсөн. Тэгээд дахин Соёл урлагийн их сургууль дээр очиж нэг оюутантай уулзахад компьютер дээр хийгээд өгье гээд “Баясах түшээ” ХХК-ийн тамгыг нэхэмжлэх дээрээс скайнердаад төлбөрийн даалгавар хийж өгсөн юм. Уг даагаварыг плашин дээр хуулж аваад ашиглах болсон. Сүүлд “К” худалдааны төвөөс эмульс аваад архи ууж байгаад плашаа хаячихаад түүнээс хойш дахин гэмт хэрэг үйлдээгүй...” /1-р хх-38, 78-79/ гэх мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-193/ зэрэг нотлох баримтуудаар,

2. 2012 онд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эх ундрага” барилгын материалын дэлгүүрт “Баясах түшээ” ХХК-ийн тэмдэг, “Капитал” банкны төлбөрийн даалгаварыг хуурамчаар үйлдэж, ашиглан хуурч мэхлэх аргаар Б.Ганчимэгээс 273.000 төгрөгийн үнэ бүхий ажлын бээлий, тарган цавуу, будаг, өнхрүүш зэргийг залилан мэхлэж авч, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

хохирогч Б.Ганчимэгийн “...2012 онд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд “Эх ундрага” нэртэй барилгын материалын дэлгүүр ажиллуулдаг байсан юм. Тэгтэл нэг өндөр настайвар эмэгтэй орж ирээд нэхэмжлэхээр бээлий, тарган цавуу, будаг, өнхрүүш, багс зэрэг 273.000 төгрөгийн нэхэмжлэх бичүүлж яваад 2 цаг орчмын дараа такси барьчихсан “Капитал” банкны 273.000 төгрөгийн төлбөрийн даалгавар авч ирээд бараагаа аваад явсан. Данс руу мөнгө орохгүй байхаар нь банкнаас асуухад “наад хүн чинь манай салбарын тамгыг ашиглаад залилан хийгээд байгаа” гэж хэлсэн. Цагдаагийн байгууллагад хандахад хүн нь олдвол дуудна гэсэн боловч дуудаагүй...” /1-р хх-106-107/,

А.Байгалмаагийн сэжигтэнээр өгсөн: “...2012 оны намар 100 айлд байх “Эх ундрага” дэлгүүрээс ажлын бээлий, тарган цавуу, будаг зэргийг 273.000 төгрөгийн хуурамч төлбөрийн даалгавар ашиглан авсан...” /1-р хх-38, 78-79/ гэх мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-195/ зэрэг нотлох баримтуудаар,

3. 2013 онд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны  нутаг дэвсгэрт байрлах “Сансар” худалдааны төвийн барилгын материалын дэлгүүрт “Баясах түшээ” ХХК-ийн тэмдэг, “Капитал” банкны төлбөрийн даалгаварыг хуурамчаар үйлдэн ашиглаж хуурч мэхлэх аргаар Р.Донидоос 450.000 төгрөгийн үнэ бүхий 50 хос бээлийг залилан мэхлэж авч, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

хохирогч Р.Донидын “...3 жилийн өмнө 50 гаран насны эмэгтэй орж ирээд 500 ширхэг бээлий бөөний үнээр авах гэсэн юм, дансныхаа дугаарыг өгчих, банкаар мөнгийг чинь шилжүүлээд ирье гээд гараад явсан. 2 цагийн дараа залгаад “Капитал банкны данснаас данс руу чинь мөнгө шилжүүлчихлээ, өнөөдөр 5 дахь өдөр учир нэг дэх өдөр дансанд чинь мөнгө орно шүү, би бээлийгээ авч болох уу” гэхээр нь 500 ширхэг бээлий өгсөн. Тэгээд “Капитал” банкны төлбөрийн даалгавар өгсөн. Хэд хоногийн дараа дансаа шалгаж үзэхэд мөнгө ороогүй байхаар нь банкин дээр очиж баримтаа үзүүлэхэд “манай баримт биш байна, хуурамч баримт байна” гэж хэлсэн. 450.000 төгрөгийн хохирол учирсан...” /1-р хх-103-104/, 

А.Байгалмаагийн сэжигтэнээр өгсөн: “...2013 оны хавар Баянзүрх дүүргийн Чулуун овоонд байрлах “Сансар” худалдааны төвийн 2 дугаар давхарт байх дэлгүүрээс 500 ширхэг ажлын бээлийг 450.000 төгрөгийн хуурамч төлбөрийн баримт ашиглан авсан...” /1-р хх-38, 78-79/ гэх мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-194/ зэрэг нотлох баримтуудаар,

4. 2015 оны 1 дүгээр сард Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 15 дугаар байрны 205, 206 тоотод байрлах барилгын материалын дэлгүүрт “Баясах түшээ” ХХК-ийн тэмдэг, “Капитал” банкны төлбөрийн даалгаварыг хуурамчаар үйлдэн ашиглаж хуурч мэхлэх аргаар Г.Энэбишээс 270.000 төгрөгийн үнэ бүхий 300 хос бээлийг залилан мэхлэж авч, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

хохирогч Г.Энэбишийн “...Би “Нарантуул” захын хойно байх 15 дугаар байрны 205, 206 дугаар тоотод барилгын материалын дэлгүүр ажиллуулдаг бөгөөд 2015 оны 1 дүгээр сард ажил дээрээ байж байтал 50 орчим насны эмэгтэй орж ирээд төлбөрийн даалгавараар тооцоо хийх үү, 300 ширхэг ажлын бээлий авах гэсэн юм” гээд “Капитал” банкны төлбөрийн даалгавар авч ирээд “270.000 төгрөг данс руу чинь хийчихлээ” гэхээр нь 300 ширхэг бээлий өгөөд явуулсан. Данс руу мөнгө орохгүй байхаар нь “Капитал” банкнаас асуухад “хуурамч төлбөрийн даалгавар байна” гэсэн...” /1-р хх-96-97/,

А.Байгалмаагийн сэжигтэнээр өгсөн: “...2015 оны 1 дүгээр сард “Нарантуул” захын ард байх барилгын материалын дэлгүүрээс 300 ширхэг бээлийг 270.000 төгрөгийн хуурамч төлбөрийн баримт ашиглан авсан...” /1-р хх-38, 78-79/ гэх мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-192/ зэрэг нотлох баримтуудаар,

5. 2015 оны 6 дугаар сард Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төв дотор “Баясах түшээ” ХХК-ийн тэмдэг, “Капитал” банкны төлбөрийн даалгаварыг хуурамчаар үйлдэн ашиглаж хуурч мэхлэх аргаар Б.Энхбаясгалангаас 240.000 төгрөгийн үнэ бүхий 20 метр цахилгааны утсыг залилан мэхлэж авч, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

хохирогч Б.Энхбаясгалангийн “...Би “Нарантуул” зах дээр цахилгааны утас зардаг юм. 2015 оны 6 дугаар сард ажил дээрээ байж байтал туранхай биетэй, настайвтар эмэгтэй орж ирээд “цахилгаан монтажны утас 200 метр хэрэгтэй байна, үнэ тохирч авъя” гэсэн. Тэгээд “дансныхаа дугаарыг өгчих, “Капитал” банкны дансаар шилжүүлье” гээд цагийн дараа ирээд “Капитал” банкны тамгатай баримт авч ирээд “цагийн дараа мөнгө орно гээд би яараад байна, унаа хүлээлгэсэн байгаа” гэхээр нь 200 метр утас өгөөд явуулсан. Данс руу мөнгө орохгүй байхаар нь банк очиж асуухад хуурамч баримт байсан...” /1-р хх-109-110/, 

А.Байгалмаагийн сэжигтэнээр өгсөн: “...2015 оны 6 дугаар сард “Нарантуул” захын гэрэл цахилгааны утас зардаг лангуун дээрээс 200 метр цахилгааны утас 240.000 төгрөгийн хуурамч төлбөрийн даалгавар ашиглан авсан...” /1-р хх-38, 78-79/ гэх мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-196/ зэрэг нотлох баримтуудаар,

6. 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс” захын 5-1 тоот лангууг түрээслэгч Б.Атарсайханаас “Баясах түшээ” ХХК-ийн тэмдэг, “Капитал” банкны төлбөрийн даалгаварыг хуурамчаар үйлдэн ашиглаж хуурч мэхлэх аргаар 216.000 төгрөгийн үнэ бүхий 2 хайрцаг /тус бүр нь 18 кг/ тахианы махыг залилан мэхлэж авч, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

хохирогч Б.Атарсайханы “...2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр нэг эмэгтэй ирээд “тахианы мөч авах гэсэн юм, дансаар мөнгийг нь шилжүүлж болох уу” гээд 216.000 төгрөгийн “Капитал” банкны тамга тэмдэгтэй, төлбөрийн даалгавар өгөхөөр нь хуурамч юм шиг санагдахаар нь “Хаан” банкныхаа дансны үлдэгдлээ шалгахад мөнгө ороогүй байхаар нь түүнд хэлэхэд “өөр банкнаас шилжиж байгаа болохоор удаж орно, такси хүлээлгэсэн яараад байна” гэхээр нь 2 хайрцаг тахианы махаа өгөөд явуулсан. Данс руу мөнгө орохгүй байхаар нь банкнаас асуухад хуурамч төлбөрийн даалгавар байна гэсэн...” /1-р хх-92-93/,

А.Байгалмаагийн сэжигтэнээр өгсөн: “...2015 оны 8 дугаар сард “Барс” зах дотор тахианы мах зардаг лангуун дээрээс “2 хайрцаг тахианы мөч дансаар мөнгийг нь шилжүүлэх үү” гэхэд “Хаан” банкны дансны дугаар өгөхөөр нь 216.000 төгрөгийн хуурамч төлбөрийн даалгавараа өгөөд авсан...” /1-р хх-38, 78-79/ гэх мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-191/ зэрэг нотлох баримтуудаар,

7. 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” зах дотор “Баясах түшээ” ХХК-ийн тэмдэг, “Капитал” банкны төлбөрийн даалгаварыг хуурамчаар үйлдэн ашиглаж, хуурч мэхлэх аргаар Б.Гэрэлцэцэгээс 225.000 төгрөгийн үнэ бүхий 250 хос бээлийг залилан мэхлэж авч, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

хохирогч Б.Гэрэлцэцэгийн “...2015 оны 10 дугаар сарын 14-ний орой 18 цагийн орчим намхан нуруутай, буржгар үстэй 55-60 орчим насны эмэгтэй ирээд “ажлын бээлий худалдаж авъя” гэсэн. Маргааш нь нэг залуугийн хамт “Баясах түшээ” ХХК-ийн тамга тэмдэгтэй, “Капитал” банкны теллерын гарын үсэгтэй, 225.000 төгрөгийн төлбөрийн даалгавар өгөөд бээлий аваад явсан. Дансаа шалгаж үзтэл мөнгө ороогүй байсан бөгөөд түүний утас холбогдох боломжгүй байсан. “Баясах түшээ” ХХК-ийн ажилтантай холбогдоход “та залилуулсан байна, манай бичиг баримтыг ашиглаад залилан хийгээд байгаа, 2-3 жил болж байна, энэ хүн олдохгүй байгаа гэж хэлсэн...” /1-р хх-21-22/,

А.Байгалмаагийн сэжигтнээр өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хархорин зах дотор жижиглэнгийн бараа зардаг лангуун дээрээс 250 ширхэг бээлий дансаар мөнгө шилжүүлж авахаар тохироод маргааш нь 225.000 төгрөгийн хуурамч төлбөрийн даалгавараа өгөөд 250 ширхэг бээлий авсан юм...” /1-р хх-38, 78-79/ гэх мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-187/,

8. 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” зах дотор “Баясах түшээ” ХХК-ийн тэмдэг, “Капитал” банкны төлбөрийн даалгаварыг хуурамчаар үйлдэж, ашиглан хуурч мэхлэх аргаар Б.Баяр-Эрдэнээс 231.000 төгрөгийн 200 хос бээлийг залилан мэхлэж авч, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

хохирогч Б.Баяр-Эрдэнийн “...2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 50-60 орчим насны эмэгтэй орж ирээд “танайх төлбөрийн даалгавараар тооцоо хийдэг үү” гэхээр нь “хийнэ” гэхэд маргааш нь манай эхнэрт төлбөрийн даалгавараа өгөөд 231.000 төгрөгийн  бичгийн цаас аваад явсан. Мөнгө орж ирэхийг хүлээсэн боловч дансанд гүйлгээ хийгдээгүй учир “Капитал” банкинд хандахад “манай салбаруудаар ийм хуурамч төлбөрийн даалгавартай холбоотой асуудал яригдаж байгаа, таны баримт хуурамч байна” гэсэн. Тэр эмэгтэйд нийт 231.000 төгрөгийн бичгийн цаас залилуулсан...” /1-р хх-30-31/,

А.Байгалмаагийн сэжигтнээр өгсөн: “...2015 оны 12  дугаар сарын 24-ний өдөр 100 айлын “К” худалдааны төвийн лангуунаас “2 лааз эмульс авъя дансаар мөнгийг нь шилжүүлж авч болох уу” гэхэд “Хаан” банкны дансны дугаар бичиж өгсөн  юм. Тэгээд маргааш нь 231.000 төгрөгийн хуурамч төлбөрийн даалгавар авч очоод 2 лааз эмульс авсан юм...” /1-р хх-38, 78-79/, гэх мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-190/ зэрэг нотлох баримтуудаар,

9. 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” зах дотор “Баясах түшээ” ХХК-ийн тэмдэг, “Капитал” банкны төлбөрийн даалгаварыг хуурамчаар үйлдэн ашиглаж, хуурч мэхлэх аргаар П.Ариунбилэгээс 193.600 төгрөгийн 200 хос бээлийг залилан мэхлэж авч, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

хохирогч П.Ариунбилэгийн “...2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үл таних эмэгтэй ирээд “танайх нэхэмжлэлээр бараа өгдөг үү, 220 ширхэг бээлий авъя” гээд 193.600 төгрөгийн нэхэмжлэл авч ирэхээр нь “дансанд мөнгө орсон эсэх нь утсанд мэссэжээр ирнэ” гэхэд “чиний данс “Хаан” банкны данс байна, “Капитал” банкнаас 3-4 цагийн дараа орно” гээд байхаар нь өгөөд явуулсан боловч тэр чигтээ алга болсон. Уг төлбөрийн даалгаварыг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд байх “Капитал” банкны салбарт очоод нэхэмжлэлээ үзүүлтэл “манай тамга биш байна хуурамч юм байна гээд өөрсдийнхөө тамгыг үзүүлэхэд өөр байсан...” /1-р хх-24-25/ ,

А.Байгалмаагийн сэжигтнээр өгсөн: “...2015 оны 10 дугаар 18-ны өдөр 11 цагийн үед Хархорин захын 1 дүгээр давхарын жижиглэнгийн бараа зардаг лангуун дээрээс “200 ширхэг бээлий авъя, дансаар мөнгийг чинь шилжүүлье” гэхэд дансны дугаар болон нэрээ бичиж өгсөн. Тэгээд үдээс хойш нь 193.600 төгрөгийн хуурамч төлбөрийн даалгавараа өгөөд 200 ширхэг бээлий авсан...” /1-р хх-38, 78-79/, гэх мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-188/ зэрэг нотлох баримтуудаар,

10. 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах барилгын “К” худалдааны төв дэлгүүр дотор “Баясах түшээ” ХХК-ийн тэмдэг, “Капитал” банкны төлбөрийн даалгаварыг хуурамчаар үйлдэж, ашиглан хуурч мэхлэх аргаар Л.Бямбажаваас 170.000 төгрөгийн үнэ бүхий 2 хайрцаг эмульсийг залилан мэхлэж авч, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

хохирогч Л.Бямбажавын “...2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүрэг, 100 айл дахь барилгын материалын “К” худалдааны төвийн 63 дугаар лангуунд ажиллаж байхад 50-60 орчим насны эмэгтэй орж ирээд “эмульс авья” гээд “Баясах түшээ” ХХК гэсэн нэхэмжлэл гаргаж өгсөн. Мөнгө нь орохгүй болохоор нь “Капитал” банкны салбар ороод төлбөрийн даалгавараа үзүүлэхэд “манай тамга тэмдэг биш байна, манайх өөр тамга тэмдэг хэрэглэдэг” гэсэн. Нийт 170.000 төгрөгийн хохирол учруулсан...” /1-р хх-27-28/,

А.Байгалмаагийн сэжигтнээр өгсөн: “...2015 оны 12  дугаар сарын 24-ний өдөр 100 айлын “К” худалдааны төвийн лангуунаас “2 лааз эмульс авъя, дансаар мөнгийг нь шилжүүлж авч болох уу” гэхэд “Хаан” банкны дансны дугаар бичиж өгсөн юм. Тэгээд маргааш нь 231.000 төгрөгийн хуурамч төлбөрийн даалгавар авч очоод 2 лааз эмульс авсан юм...” /1-р хх-38, 78-79/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-189/ зэрэг нотлох баримтуудаар,

11. 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах барилгын материалын “К” худалдааны төв дэлгүүр дотор “Баясах түшээ” ХХК-ийн тэмдэг, “Капитал” банкны төлбөрийн даалгаварыг хуурамчаар үйлдэж, ашиглан хуурч мэхлэх аргаар А.Пүрэвсүрэнгээс 240.000 төгрөгийн үнэ бүхий 200 метр цахилгааны утсыг залилан мэхлэж авч, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

хохирогч А.Пүрэвсүрэнгийн “...2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 12 цагийн орчим ажил дээрээ байж байтал 50 орчим насны туранхай, намхан нуруутай эмэгтэй ирээд “цахилгааны дотор мантаажны үнэ асуугаад нэхэмжлэхээр авч болох уу, банк хоорондын гүйлгээ удах учраас төлбөрийн даалгавараар авч болно биз дээ” гэхээр нь “болно” гээд явуулсан. Удалгүй “Капитал” банкны төлбөрийн даалгавар бариад ирэхээр нь 200 метр буюу 240.000 төгрөгийн утас өгөөд явуулсан. Тэгээд бид нар мөнгө орсон эсэхээ шалгаагүй байж байтал цагдаагаас танай байгууллага хуурамч төлбөрийн баримтаар бусдад эд зүйл өгсөн байна гэхээр нь мэдсэн...” /1-р хх-113/, 

А.Байгалмаагийн сэжигтнээр өгсөн: “...2015 оны 12 дугаар сард “К” худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлах “Магнит” гэх барилгын материалын дэлгүүрээс 200 метр цахилгааны утсыг 240.000 төгрөгийн хуурамч төлбөрийн даалгавар ашиглан авсан...” /1-р хх-38, 78-79/ гэх мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-197/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 1613 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-64-73/, “Капитал” банкны 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 01/5497 дугаар албан бичиг /1-р хх-5/, “Баясах түшээ” ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 6/15 дугаар албан бичиг /1-р хх-6/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-115-124/ зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дээрх 11 удаагийн үйлдлээр бусдад нийт 2.706.600 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан нь нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудаар А.Байгалмааг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, зүйлчлэл зөв, шүүхээс түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд ялтан А.Байгалмаагийн гаргасан “...хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж заасны дагуу А.Байгалмаад оногдуулсан хорих ялын хэмжээг шинэ хуульд нийцүүлэн хасч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн болно.

Түүнчлэн ялтан А.Байгалмаа нь мөрдөн байцаалтын шатанд “7” хоног цагдан хоригдсон байхад “6” хоног гэж буруу тооцсон, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 9/002589 дүгээр иргэний үнэмлэхний лавлагаанд “Боржигон” овогтой гэж тэмдэглэсэн байхад шийтгэх тогтоолд “Боржигин” гэж ургийн овгийг буруу бичсэн алдаа гаргасныг зөвтгөж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 229 дүгээр шийтгэх тогтоолын

1 дэх заалтын “Боржигин овгийн Алтанцэцэгийн Байгалмааг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Боржигон овгийн Алтанцэцэгийн Байгалмааг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Боржигин овгийн А.Байгалмаагаас эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг, “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Алтанцэцэгийн Байгалмааг 1 жил 4 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар А.Байгалмаад оногдуулсан 3 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.” гэснийг,

“Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Байгалмаад оногдуулсан 1 жил 4 сар 3 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,

4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар А.Байгалмаагийн цагдан хоригдсон 6 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.” гэснийг,

“Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.Байгалмаагийн цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.” гэж тус тус өөрчилж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, ялтан А.Байгалмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧИД                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                    Н.БАТСАЙХАН