Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2019/1015/З |
Дугаар | 221/МА2020/0496 |
Огноо | 2020-08-18 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2020/0496
“М” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 359 дүгээр шийдвэртэй, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 359 дүгээр шийдвэрээр:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасныг удирдлага болгон Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.5, Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн “Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газрын төлбөрийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн нэхэж, гэрээ цуцална гэж мэдэгдэж байгааг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч давж заалдах гомдолдоо: “...”М" ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн A-08 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс "Манзуширын аманд" аялал жуулчлалын зориулалтаар 11 га газрыг эзэмшихээр болж, улмаар 2016 онд 2016/142 дугаартай гэрчилгээ авч, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай" гурвалсан гэрээг байгуулсан.
Нэхэмжлэгч компани нь дээрх хугацаанд гэрээнд заасан үүргээ биелүүлж, газрын төлбөрийг зохих ёсоор төлсөөр ирсэн бөгөөд энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан. Газар ашиглах эрх гурвалсан гэрээ байгуулснаар үүсдэг. Гэтэл "М" ХХК-ийн хувьд гэрээний хугацаа болон газар эзэмших эрх 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр дуусгавар болсон, гэрээнд сунгалт хийж, өөрчлөн шинэчлээгүй, мөн газар эзэмшүүлэх эрхийн хугацаа сунгасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал гараагүй байхад Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 2019 оны 2 дугаар улирлын газрын төлбөр гэж 129.800.000 төгрөг нэхэмжилсэн. Иймд манай компанийн зүгээс Газрын төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу БЗД-ийн Засаг даргад 2019 оны 08 дугаар сарын 08 болон 2019 оны 11 дүгээр сарын 07-нд гомдол гаргасан. Хариуг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 13/4373 дугаартай албан бичгээр авсан.
Уг албан бичигт “... Газрын төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 284.900.000 төгрөгийг толж барагдуулна уу" гээд мөн өдөр 2019/71-10 дугаартай нэхэмжлэхийг ирүүлсэн. Мөн захиргааны хэрэг үүссэний дараа хариуцагч хариу тайлбартаа "…291.500.000 төгрөг төлөхөөс 6.600.000 төгрөг төлсөн байна" гэсэн байна. Уг төлбөр яаж гараад байгааг нэхэмжлэгчийн хувьд ойлгохгүй байгаа бөгөөд хариуцагчийн зүгээс ямар ч тооцоо судалгаагүй, хууль зүйн үндэслэлгүй мөнгө нэхэж байна. Мөн хариуцагч хариу тайлбартаа “... газар ашиглах гэрээний 2.4-ийн Г дэх заалтад “Эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрт өөрчлөлт орсон тохиолдолд гэрээг газар ашиглах гэрээнд шинэчлэнэ" гэсэн заалтын дагуу газраа ашиглаж байгаа бол газар ашиглах гэрээнд өөрчлөлт оруулж, шинэчилсэн үнэлгээгээр төлөх үүрэгтэй, үүний дагуу төлбөрийг тооцон нэхэмжлэл өгсөн" гэжээ.
Гэтэл гэрээний хугацаа болон газар эзэмших эрхийн хугацаа дууссан бөгөөд гэрээний хугацаа дууссанаас хойш түүнд өөрчлөлт оруулж, шинэчлээгүй. Сүүлд захиргааны хэрэг үүссэнээс хойш газар ашиглах эрхийн хугацааг БОАЖСайдын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 70 дугаар тушаалаар 5 жилийн хугацаатай сунгасан байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас аж ахуй нэгжид тодорхой зориулалт, хугацаа болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болохоор хуульчилсан бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1, Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам"-ын 3.4-д заасны дагуу нэхэмжлэгч гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулах үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл, тусгай хамгаалалттай газрыг ашиглах эрх үүссэн бол зориулалтын дагуу зохистой, үр ашигтай ашиглаж, газрын төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэгтэй байна. Гэтэл "М" ХХК нь 2019 онд газар эзэмших эрхгүй болж, гэрээ дуусгавар болсон.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндэслэлгүйгээр газрын төлбөрийг нэмэгдүүлэн нэхэж, гэрээ цуцална гэж мэдэгдэж байгаа Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд дор дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “М” ХХК-иас “Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газрын төлбөрийг үндэслэлгүй нэмэгдүүлэн нэхэж, гэрээ цуцална гэж мэдэгдэж байгаа үйл ажиллагааг хүчингүй болгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Анх нэхэмжлэгч компани нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн A-08 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс "Манзуширын аманд" аялал жуулчлалын зориулалтаар 11 га газрыг эзэмшихээр болж, улмаар 2016 онд 2016/142 дугаартай гэрчилгээ авч, “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай" гурвалсан гэрээг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаатай байгуулж, гэрээний 2.4 дэх заалтаар газрын төлбөрт жилд нэг м.кв тутамд 120 төгрөг буюу 13.200.000 (арван гурван сая хоёр зуун мянган төгрөг) төлж иржээ.[1]
Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 1-2 дугаар улирлын газрын төлбөрт 129,800,000 (зуун хорин есөн сая найман зуун мянган) төгрөг төлөхийг шаардсан нэхэмжлэхийг[2], 2019 оны 07 дугаар сарын 08-нд 1-4 дүгээр улирлын газрын төлбөрт 284,900,000 (хоёр зуун наян дөрвөн сая есөн зуун мянган) төгрөг төлөхийг шаардсан 13/4373 албан бичгийг нэхэмжлэхийн хамт[3] 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч компанид хүргүүлжээ.
Нэхэмжлэгчээс “гэрээгээр хүлээсэн газрын төлбөрийг төлж ирсэн, газрын төлбөрийг нэмэгдүүлэн өөрчилсөн гэрээг шинээр байгуулаагүй байхад гэрээний дагуу ашигладаг газрын төлбөрийг нэмэгдүүлэн төлөх нэхэмжлэх, шаардлага ирүүлсэн нь үндэслэлгүй” гэж, хариуцагчаас “Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор газрын суурь үнэлгээ өөрчлөгдөөд, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25 дугаар тогтоолоор газрын төлбөрийн хэмжээнд өөрчлөлт орсны дагуу нэхэмжлэгчийн газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөн төлбөрийг нэхэмжилсэн” гэж маргажээ.
1.Анхан шатны шүүхээс “М” ХХК нь эрх бүхий этгээдийн шийдвэрийн үндсэн дээр тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглаж буй газрын төлбөр төлөх үүрэг бүхий этгээд байх тул “захиргааны байгууллага нь үндэслэлгүйгээр илүү төлбөр төлөхийг шаардаж байгаа нь хууль бус” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, гэрээ байгуулагдаагүй газар ашиглах эрхийг үгүйсгэхгүй, газар төлбөр төлөх үүргээс чөлөөлөхөөргүй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.
Учир нь нэхэмжлэгч нь газрын төлбөр төлөх үүрэггүй гэж маргаагүй, гэрээ шинэчлэн байгуулаагүй байхад газрын төлбөрийг нэмэгдүүлэн нэхэж байгаа нь үндэслэлгүй гэж маргасан, түүнчлэн нэхэмжлэгчээс гэрээнд заасны дагуу газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал хэргийн үйл баримтаас тогтоогдоогүй.
Тодруулбал, нэхэмжлэгч компаниас гэрээний дагуу газрын төлбөрийг 2014-2018 онд гэрээнд заасны дагуу 13,200,000 төгрөгийг төлж ирсэн, 2019 оны 12 дугаар сарын 27-ны байдлаар 9,900,000 төгрөгийг нийт газрын төлбөрт 75,900,000 төгрөг төлсөн гэдэг нь газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар[4] тогтоогдож байна.
Мөн хариуцагчаас газрын төлбөрийг нэмэгдүүлэн нэхэмжилж, шаардах үед нэхэмжлэгч компанийн газар ашиглах гэрээний хугацаа болон газар ашиглах эрх 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр дуусгавар болсон байсан[5], гэрээнд сунгалт хийж, өөрчлөн шинэчлээгүй байсан, мөн газар ашиглах эрхийн хугацааг эрх бүхий этгээдээс сунгаагүй, хариуцагчийн маргаж байгаа Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газрын үнэлгээ, итгэлцүүр шинэчлэн тогтоосон 25 дугаар тогтоол 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр буюу нэхэмжлэгч газрын төлбөр төлөх үүргээ биелүүлэх хугацаа дууссанаас хойш гарсан гэдэг нь тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/70 дугаар тушаалаар[6] сунгасан.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2-т “Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана: газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг” гэжээ.
Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө.” гэж, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.6.-д “Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана: газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг”, 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ.” гэж тус тус заажээ.
Газар ашиглах эрхтэй байх хугацаандаа дээрхи хуульд заасан газрын төлбөрөө төлөх үүргээ нэхэмжлэгч компани зөрчөөгүй, төлбөрөө төлж ирсэн, мөн газар ашиглах эрхийн хугацаа дууссан, гэрээг шинэчлээгүй байхад нэхэмжлэгчээс газрын төлбөрийг нэмэгдүүлэн нэхэмжилж, шаардсан хариуцагчийн үйлдэл нь дээр дурдсан хуульд нийцээгүй бөгөөд хуульд заасан үндэслэлээр газрын төлбөр төлөх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.6, 34.8, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтыг тус тус баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 359 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “нэхэмжлэгч “М” ХХК-ийн “Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газрын төлбөрийг үндэслэлгүй нэмэгдүүлэн нэхэж, гэрээ цуцална гэж мэдэгдэж байгаа үйл ажиллагааг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] Хэргийн 9-13, 15-19 дэх тал
[2] Хэргийн 7 дахь тал
[3] Хэргийн 5, 6 дахь тал
[4] Хэргийн 82, 83 дахь тал
[5] Хэргийн 12-13 дахь тал
[6] Хэргийн 138 дахь тал