Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
Хэргийн индекс | 181/2016/00292/И |
Дугаар | 181/ШШ2016/00940 |
Огноо | 2016-10-11 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 181/ШШ2016/00940
2016 оны 10 сарын 11 өдөр Дугаар 181/ШШ2016/00940 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанааар
Нэхэмжлэгч: Р.О ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А д холбогдох
Захирлын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгуулж, тус сургуулийн нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүд 2 064 450 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн дутуу төлөлтийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн төлөөлөгч О.М, Ш.Ч, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Р.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжэлгчийн итгэмжлэдсэн төлөөлөгч ж. Б , шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Баянзүрх, Сухбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 1 дүгээр сарын 13 ны өдрийн 534 дугаарай захирамжаар Р.О намайг А ийн нэгдсэн эмнэлгийн захирлаар томилон ажиллуулах, ажилд эргүүлэн томилон үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах давуу байдал тогтоохгүй, хөдөлмөрийн хуулийн хүрээнд ажиллуулахаар тохирч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч А -ийн нэгдсэн эмнэлгийн захирлын ажил албан тушаалд эгүүлэн томилж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг зөвшөөрснөөр эвлэрлийг баталж шийдвэрлэсэн.
А ийн захирлын 2016 оны 04 сарын 06 ны өдөр Б/14 тоот тушаалаар Их сургуулийн нэгдсэн эмнэлгийн даргаар томилсон тушаал гаргаж 2016 оны 4 дүгээр сарын 19 ны өдөр А -ийн нэгдсэн эмнэлгийн даргын ажил хүлээлцэх акт үйлдсэн.
Гэтэл захирал Г.Б нь мөн өдөртөө 1 цагийн дараа таны эрхэлж буй их сургуулийн нэгдсэн эмнэлгийн даргын ажлын байр нь “хасагдсан орон тоонд хамрагдаж” байгаа тул 2016 оны 5 дугаар сарын 20 ны өдрөөс тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 д зааснаар “орон тоо хасагдсан” үндэслэлээр цуцалж мөн өдрөөс Хүүхдийн анагаахын тэнхимд багшаар үргэлжүүлэн ажиллах болсныг үүгээр мэдэгдэж байна гэсэн ойлгомжгүй ,үндэслэлгүй мэдэгдэл өгсөн.
Нэхэмжлэгч Р.О нь тухайн мэдэгдлийг хууль бус , ажлын байранд дарамт шахалт үзүүлэн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа.
Гэтэл А ийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 23 ны өдөр дугаар Б/18 тоот тушаалаар шинэчлэн батлагдсан А -ийн Сургалтын нэгдсэн Эмнэлгийн бүтэц, албан тушаал, орон тооны жагсаалтаар хасагдаж буй Их сургуулийн нэгдсэн эмнэлгийн дарга Р.О тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 5 дугаар сарын 23 ны өдрөөр тасалбар болгон цуцалсугай гэсэн тушаалыг 2016 оны 5 дугаар сарын 23 ны өдөр хүлээлгэн өгсөн.
Ажилтан Р.О нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, А ийн Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор мөрдөж ,хоёргүй сэтгэлээр ажиллаж байсан болно.
Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн хуулийг зөрчин , хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн үйлдлийг удаа дараа гаргаж байгаад номдолтой байгаа юм.
Ажил олгогчийн зүгээс захирлын үүрэгт ажлыг гүйцэтгүүлэхгүйн тулд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэг, 40.5 заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Ажил олгогчийн зүгээс намайг захирлын үүрэгт ажлаас чөлөөлөөгүй байж ажлаа хүлээлгэн өгөхийг шаардан А -ийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б19 тоот тушаалаар Анагаах ухааны сургуулийн Хүүхдийг анагаахын тэнхимд багшаар ТҮМБ-5 1263300 үргэлжлүүлэн ажиллуулсугай гэж ажил албан тушаал, цалинг дөрвөн шатлалаар үндэслэлгүй бууруулан ажиллуулж Хөдөлмөрийн хууль, дотоод журмыг зөрчин Р.О намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлж, өөр ажилд томилсон гэж үзэж байна.
А ийн захирал Г.Б нь хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөрчин захирлын үүрэгт ажлаас чөлөөлөн ажил албан тушаал цалинг үндэслэлгүй бууруулан багшийн албан тушаалд томилон миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан тул А ийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн дугаар Б/18 тоот тушаалыг хүчингүй болгуулж, тус сургуулийн нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүд 2 064 450 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн дутуу төлөлтийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлж өгнө үү гэв.
Хариуцагч түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А -ийн зүгээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлж Р.О ыг 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/14 тоот тушаалаар Их сургуулийн Нэгдсэн эмнэлгийн даргаар томилж улмаар 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр акт үйлдэн эмнэлгийн даргын ажлыг бүрэн хүлээлгэн өгснөөр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн.
Р.О ажлаа хүлээн авч Их сургуулийн Нэгдсэн эмнэлгийн даргын ажил үүргээ гүйцэтгэж байсан.Энэ талаар талууд маргаагүй болно.
А -ийн захирлын зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар А -ийн харъяа Нэгдсэн эмнэлгийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд Монгол улсад мөрдөгдөж буй нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны тухай МNS 5095:2013 дугаартай Стандартад заасны дагуу үндсэн 7 чиглэлээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой байна.
А -ийн харъяа Их сургуулийн нэгдсэн эмнэлэг нь одоогийн байдлаар 4 чиглэлээр хэвтэн эмчлүүлэх тасаг ажиллаж байсныг захирлын зөвлөлийн дээрх хуралдаанаар өргөжүүлэн 7 тасагтай болгож тасгийн эрхлэгч тус бүрийг АУС-ийн тэнхимийн эрхлэгч, багш нар хавсран гүйцэтгэхээр болсон.
Түүнчлэн энэхүү өөрчлөлттэй холбогдуулан Их сургуулийн нэгдсэн эмнэлэгийн нэрийг А -ийн Сургалтын нэгдсэн эмнэлэг болгон өөрчилж , Эмнэлзүйн асуудал эрхэлсэн дэд захирал хавсран Их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмчээр ажиллаж өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулахаар болж тус сургуулийн захирлын зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 28 -ны өдрийн 04 тоот шийдвэр гарч Их сургуулийн нэгдсэн эмнэлгийн хэмжээнд бүтцийн өөрчлөлт хийгдэж зарим ажилтны ажлын байрыг хасч шийдвэрлэсэн.
Энэхүү хасагдаж буй ажлын байрны орон тоонд ажилтан Р.Отонбаярын эрхэлж байсан Их сургуулийн нэгдсэн эмнэлгийн захирлын ажлын байрны орон тоо хамрагдаж байсан тул түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ"-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан "...орон тоо хасагдсан ... үндэслэлээр цуцлахаар болж хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заасны дагуу ажилтанд бичгээр мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зүйн хувьд үндэслэлтэй юм.
А -ийн зүгээс ажилтан Р.О тгонбаярыг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/19 дугаартай тушаалаар Анагаах ухааны сургуулийн хүүхдийн Анагаахын тэнхимд багшаар үргэлжлүүлэн ажилуулсан нь түүний хөдөлмөрлөх эрхийг ямар нэгэн байдлаар хөндөөгүй, цалин хөлсийг ямар нэгэн байдлаар үндэслэлгүйгээр бууруулсан гэж үзэх боломжгүй байна.
Иймд Р.О ын А -д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийг хангах үндэстэй.
Нэхэмжлэгч нь О нь А д /цаашид А гэх/ холбогдуулан захирлын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгуулж, тус сургуулийн нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүд 2 064 450 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн дутуу төлөлтийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Р.О ыг үндэслэлгүйгээр албан тушаал, цалин хөлсийг бууруулаагүй гэж маргажээ.
Р.О нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 00534 дугаартай шийдвэрийн дагуу А -ийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/14 тушаалаар А ийн нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллахаар болж 2016 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр дээрх тушаалын дагуу тус сургуулийн нэгдсэн эмнэлгийн даргын ажлыг хүлээн авчээ./хх-ийн 8-11-р хуудас/
Хариуцагч нь 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хуралдсан А -ийн захирлын зөвлөлийн хурлаар бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор Их сургуулийн нэгдсэн эмнэлгийн нэрийг А -ийн Сургалтын нэгдсэн эмнэлэг болгон өөрчилж, Эмнэл зүйн асуудал эрхэлсэн дэд захирал эмнэлгийг удирдаж, ерөнхий эмчийг хавсран гүйцэтгэхээр тогтсон гэж байгаа бөгөөд Захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр тус сургуулийн захирлын “Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай“ А/40 дугаартай тушаал гаргаж, мөн оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн гэж тайлбарлаж байгаа болно.
А -ийн нэгдсэн эмнэлгийн бүтэц, орон тоо хасагдсан үндэслэлээр тус сургуулийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/18 дугаартай тушаалаар А -ийн нэгдсэн эмнэлгийн дарга Р.О тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, мөн өдрийн Б/19 дугаартай тушаалаар Анагаах ухааны сургуулийн Хүүхдийн анагаахын танхимд багшаар ажиллуулахаар томилсон болох нь зохигчийн тайлбар Б/18, Б/19 дугаартай тушаалууд, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, дүрэм, хөдөлмөрийн дотоод журам зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 6,7, 12-14, 62-72-р хуудас/
Хэрэгт баримтаар авагдсан дээрх тушаалууд болон хариуцагчийн тайлбараас үзэхэд ажил олгогч нь Р.О ыг “орон тоо хасагдсан” гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус сургуулийн Хүүхдийн анагаахын танхимд багшаар ажиллуулахаар томилжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо хасагдах” гэдгийг тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг ойлгоно.
Энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр 40.5 дахь хэсэгт заасны дагуу ажилтанд 45 хоногийн өмнө мэдэгдэл өгөх ёстой, хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй, байх ба Б/18 дугаартай тушаалыг Р.О т уг тушаалыг гардуулж өгөөгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “ ... ажилтны өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжихийг санал болгох байтал түүнийг ТҮМБ-7 шатлалын, үндсэн цалин 1 498 000 төгрөгийн цалинтай , А -ийн нэгдсэн эмнэлгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, ТҮМБ-5 шатлалын, үндсэн цалин 1 263 300 төгрөгийн цалинтай тус сургуулийн Хүүхдийн анагаахын танхимд багшаар ажиллуулсан нь Р.О ын эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.
Ажил олгогч нь ажилтанд орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлаж байгаа тухайгаа хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй, ажилтантай харилцан тохиролцоогүй, шууд өөр ажилд шилжүүлсэн, мөн ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэрийг халагдсан өдөрт нь өгөөгүй байна.
Түүнчлэн Р.О ыг өөр ажилд шилжүүлснээр түүний өмнө эрхэлж байсан ажлын байр, гүйцэтгэх үүрэг, цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл өөрчлөгдөх тул ажил олгогч, ажилтантай зөвшилцөх шаардлага бий болдог.
Хариуцагч байгууллага Хөдөлмөрийн хуульд заасан дээрх журмыг хэрэгжүүлэхгүй, өөр ажилд шууд томилсноор нэхэмжлэгч өөрийн хүсээгүй ажлын байранд ажиллаж хөдөлмөрлөх эрх нь дордсон байна.
Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д хөдөлмөрийн гэрээ нь хууль тогтоомж, хамтын гэрээ хэлэлцээрт заасан нөхцөлөөс дордуулсан гэрээний нөхцөл хууль бус байхаар зохицуулжээ. Иймд ажил олгогч ажилтан нарыг харилцан тохиролцсоны үндсэн дээр Р. Отгонбаярыг тус сургуулийн Хүүхдийн анагаахын танхимын багшийн ажилд шилжүүлсэн гэж үзэх боломжгүй байна.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 21, 36.2, 36.3, 40.1.1, 40.5 дах заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл Р. Отгонбаярыг өөр ажилд шилжүүлснээр түүний өмнө эрхэлж байсан ажлын байр, гүйцэтгэх үүрэг, цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл өөрчлөгдөх тул ажилтнаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай. Ийнхүү ажилтнаас зөвшөөрөл авснаар ажилтан уг ажилд ажиллахаас татгалзах, эсхүл гэрээний талууд цалин хөлс, гүйцэтгэх үүрэг зэргийн талаар зөвшилцөх эсхүл ажилтанд хөдөлмөрийн гэрээгээ цуцлах эрх нээгддэг байна.
Хариуцагч байгууллага Хөдөлмөрийн хуульд заасан журмыг хэрэгжүүлэхгүй, өөр ажилд шууд томилсноор нэхэмжлэгч өөрийн хүсээгүй ажлын байранд ажиллаж хөдөлмөрлөх эрх нь дордсон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д” ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд тохирсон, цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр хөдөлмөрийн дотоод журам заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй” гэж заажээ.
Иймд Р.О ыг тус А -ийн нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл /4 сар 10 хоног/ хугацаагаар цалингийн зөрүүд 1 837 726 төгрөгийг /1 556 869+757 784+1 863 375=4 178 028/, / 4 178 028:3=1 392 676/, /1 804 250+1 804 250+1 804 250=5 412 750/,/5 412 750:3=1 804 250/, / 1 804 250-1 392 676=411 574, 411 574:21,5 =19 143/, /411 574х4сар=1 646 296, 19143х10 хоног = 191430, 1 646 296+191 430=1 837 726/ ажил олгогчоос гаргуулан Р.О т олгон, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн дутуу төлөлтийг нөхөн төлүүлэн, бичилт хийлгүүлэх үндэстэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ А -ийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай дурдсан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус, харин ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл тул уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Р.О ыг А ийн сургалтын нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, тус сургуулиас 1 837 726 /нэг сая найман зуун гучин долоо мянга долоон зуун хорин зургаа/ төгрөг гаргуулан Р.О т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 226 724 /хоёр зуун хорин зургаан мянга долоон зуун хорин дөрөв/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан цалингийн зөрүүд тооцсон дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт цалингийн зөрүүд ногдох шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5.,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Р.О улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35754 төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО