| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0235/Э |
| Дугаар | 239 |
| Огноо | 2019-09-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 239
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д. Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: С.Болорзул,
Нарийн бичгийн дарга: Б.Чимэддорж,
Шүүгдэгч: Б.Ө нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Өд холбогдох эрүүгийн 1914004700309 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаагийн ял шийтгэлтэй
-Урьд 2018 оны 06 дугаар сарын 27-ний өдөр Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, Б.Ө,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Б.Ө нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Тайхар” нэртэй хүнсний дэлгүүрээс 2019 оны 06 дугаар сарын 04- ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрүүдийн хооронд удаа дараа эд зүйлийг хүч хэрэглэхгүй, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 605.550 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
1. Шүүгдэгч Б.Өгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... 2019 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 17 цагийн үед байх цагийг нь сайн санахгүй байна Тайхар дэлгүүрт ганцаараа очиж 1 кг бууз, 1 кг будаа зэргийг аваад өөрийнхөө үүргэвчтэй цүнхэнд хийчхээд дараагаар нь уут боорцог аваад тэрийг нь кассад очиж уншуулаад мөнгийг нь төлсөн юм. 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мөөхий боорцог 1 ширхэг, тахианы мах 1 ширхэг, зүссэн талх 1 ширхэг, лаазтай кола 2 ширхэг зэргийг аваад үүнээс талх болон 2 ширхэг лаазтай ундааны мөнгийг төлсөн. Тэрнээс хойш авсан зүйлүүдийг тухайн өдрүүдийн хяналтын камерт бичигдсэн бичлэгээс харж байгаад тооцоог нь гаргасан бол би бүгдийг нь хүлээн зөвшөөрч байна. хулгайлсан эд зүйлээ гэр орондоо аваачиж хэрэглэдэг. Тэд нар намайг ажил хийгээд олсон мөнгөндөө авчирдаг гэж боддог байсан. Хохирогчийг хохирлыг барагдуулж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 66-68/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч А.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2019 оны 06 сарын 17-ны өдөр манайхаар байнга орж ирдэг байсан манайхтай ойролцоо гоо сайхны газар ажилладаг шар царайтай нэрийг нь мэдэхгүй хүүхэн орж ирээд 2 юм аваад гарсан. Тэр эмэгтэй тэр авсан 2 юм бичүүлэхээс өмнө манай дэлгүүрээс хулгай хийж авсан бусад зүйлээ манай дэлгүүрийн хаалганы хажуу талын сейфэнд хийчхээд гарахдаа аваад гарах үед нь манай ажилтан Н надад сейфэнд байсан зүйлээ тэр хүүхэн бичүүлсэн юм уу гэхэд би бичүүлээгүй гээд тухайн үед ажил ихтэй байсан тул камер шүүж амжаагүй. Маргааш нь 2019 оны 06 сарын 18-ны өдөр камераа шүүж үзэхэд нөгөө эмэгтэй байсан. Тэгэхэд тэр өдөр буюу 2019 оны 06 сарын 18-ны өдөр нөгөө эмэгтэй орж ирээд дахин хулгай хийхэд нь бид нар мэдээгүй юм шиг байсан. 2019 оны 06 сарын 19-ний өдөр дахин орж ирээд хулгай хийхээр нь цагдаа дуудаж үйлдэл дээр нь барьж өгсөн. Тэгээд камерын бичлэг шүүж дээрх эмэгтэй хулгайлсан эд зүйлийн жагсаалтыг гарсан. Мөн би Ө гэх эмэгтэйгээс учирсан хохирол болох 611.950 төгрөгөө сая бэлнээр нь өөртэй уулзаж хүлээн авсан тус учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн энэ эмэгтэй хүний амьдралыг бодож байна. надад ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 /
4. Гэрч О.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... 2019 оны 06 дугаар сарын 11-ний үед байх манай дэлгүүрт Ө гэгч эмэгтэй орж ирээд юм авах үедээ илүү юм аваад явах шиг болсон. Тэгээд тухайн үед дэлгүүрийн камер шүүнэ гэж байгаад чадаагүй яваад байсан. Түүнээс хойш өдөр болгон өдөр болгон зарим өдөр 2 удаа орж ирж байгаа бичлэг байсан. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 17-ны нөгөө эмэгтэй дэлгүүрт ороод ирэхээр нь чимээгүй ажиглаж байхад 16 цаг 05 минутад орж ирээд тахианы мөч 3 кг, ванны алчуур, үсний хавчаар, уруулын будаг гэх мэт зүйлүүд аваад касс дээр мөөхий, 2 ширхэг кофе бичүүлээд авсан. Орой нь 19 цаг 50 минутад орж ирээд DXN шампунь, эрэгтэй дотуур хувцас, үрэл, 1 кг нь 22000 төгрөгийн үнэтэй чихэр 2 кг зэргийг аваад касс дээр нэг ширхэг Тесо зайрмаг бичүүлээд гарсан. Маргааш нь дахин орж ирээд юм авсан. Тэгээд 2019 оны 06 сарын 19-ний өдөр дахин орж ирээд юм аваад гарах гэж байхад нь цагдаа оруулж ирээд барьж авсан юм...гэх мэдүүлэг/хх-ийн 11-12/
5. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ны 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 412 дугаар шинжээчийн:
1.Мерси набор 1 ширхэг 12000 төгрөг, Лаазтай чихэр 1 ширхэг 18500, Бууз 2 кг нийт 14000 төгрөг, Наса кимчи 1 ширхэг 2600 төгрөг, Гар нүүрний алчуур шинэ 2 ширхэг нийт 7000 төгрөг, Малчин нэртэй хиам 1 кг 17000 төгрөг, Ногоон цай 1 ширхэг 11500 төгрөг, Өндөг 10 ширхэг нийт 4000 төгрөг, Ургамалын тос 2 ширхэг 11000 төгрөг, Урбаник огурцы 1 ширхэг 5500 төгрөг, Орос вафли 7 ширхэг 7000 төгрөг, Шампунь1 ширхэг 12000 төгрөг, Дарс 1 ширхэг 65000 төгрөг, Помидор 0.5 гр 3750 төгрөг, Усан үзэм 2 кг 32000 төгрөг, Тоffee набор том 1 ширхэг 17500 төгрөг, Тахианы мөч 2 кг нийт 18000 төгрөг, Саляам хиам 2 кг нийт 19500 төгрөг, Бэлэн хоол даширок 4600 төгрөг, Simply ургамлын тос 2 ширхэг нийт 11000 төгрөг, Сакура будаа 5 кг 25000 төгрөг, Жюүг хоол ууттай 1 ширхэг 28000 төгрөг, Махеевь варень 1 ширхэг 6500 төгрөг, DXN шүдний ОО 1 ширхэг 15000 төгрөг, Тахианы мөч 3 ширхэг 28500 төгрөг, Алео жүүс 1 ширхэг 2500 төгрөг, Орео печень 1 ширхэг 4500 төгрөг, Ванны алчуур 1 ширхэг 20000 төгрөг, Үсний хавчаар 1 ширхэг 8500 төгрөг, Уруулын будаг 3 ширхэг 5500 төгрөг, DXN шампунь 1 ширхэг 27000 төгрөг, эрэгтэй дотуур хувцас 1 ширхэг 9500 төгрөг, үрэл 1 ширхэг 4000 төгрөг, Чихэр 2 кг нийт 44000 төгрөг, Майонез савтай 1 ширхэг 4800 төгрөг, Хотын Салиямй хиам 2 ширхэг нийт 17000 төгрөг, Урбаник огурцы 1 ширхэг 5500 төгрөг, 1 киллограммын бууз 7000 төгрөг, 1 киллограмм будаа 4000 төгрөг, Мөөхий боорцог 1 ширхэг 3200 төгрөг, Тахианы мах 9000 төгрөг, Наса кимчи 1 ширхэг 2600 төгрөг, Тахианы мөч 9000 төгрөг, Хиам 1 киллограмм 8500 төгрөг, Кимчи 1 ширхэг 1500 төгрөг, Төмөр угаалтуур 1 ширхэг 1000 төгрөг нийт 47 нэр төрөлийн эд зүйлийн нийт үнэлгээ зургаан зуун таван мянга таван зуун /605,550/ төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-62/ болон хавтаст хэргийн 34-39 дүгээр хуудсанд авагдсан эд мөрийн баримтаар хураагдсан CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл хураан авсан прокурорын тогтоол, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө нь өөрийгөө өмгөөлж оролцсон бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Ө нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Тайхар” нэртэй хүнсний дэлгүүрээс 2019 оны 06 дугаар сарын 04- ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрүүдийн хооронд удаа дараа эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 605.550 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч А.Б, гэрч О.Н нарын мэдүүлэг, Эд зүйлийн үнэлгээний шинжээчийн 412 дүгээр дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг CD-ий зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Өг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, учруулсан хохирлыг төлсөн гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
Уг хэргийн улмаас шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгчийн үйл баримтыг бичиж хураасан хоёр ширхэг СДийг хураан авсан 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж уг СД-ийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хар өнгийн савхин цүнхийг эд мөрийн баримтаар хураан авсан прокурорын 2019 оны 08 дугаар сарын 12-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг цүнхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ө нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээлийн санд бүртгэгдсэн байх тул түүнийг гэмт хэрэг үйлдэж байсан гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10- дугаар зүйлд заасныг удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Өыг бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Өыг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар ялтан Б.Өд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Ө нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Б.Ө нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгчийн үйл баримтыг бичиж хураасан хоёр ширхэг СД-ийг хураан авсан 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж уг СД-ийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, гэмт хэрэг үйлдэхлдээ ашигласан хар өнгийн савхин цүнхийг эд мөрийн баримтаар хураан авсан прокурорын 2019 оны 08 дугаар сарын 12-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг цүнхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ