| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/06614/И |
| Дугаар | 101/ШШ2016/05356 |
| Огноо | 2016-08-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 101/ШШ2016/05356
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 22-6 тоот хаягт байрлах “Алтан сор” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар:2088568/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел 12 дугаар гудамж, 213 тоот хаягт оршин суух, Шарнууд овогт Галбадрахын Цэцэгсүрэн /регистрийн дугаар: ИО73020302/-д холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 2,250,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, хариуцагч Г.Цэцэгсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Алтан сор” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Алтан сор” ХХК нь Г.Цэцэгсүрэнгийн хүсэлтээр 2015 онд 3774 дугаартай барьцаат зээлийн гэрээг байгуулж, түүнд 1,500,000 төгрөгийн зээл олгосон.
Зээлдэгч Г.Цэцэгсүрэн нь зээлийн гэрээний хүүг 2015 оны 5 угаар сараас 8 дугаар сар хүртэлх хүүг төлсөн бөгөөд зээлдэгчид зээлийн гэрээгээр тохиролцсон үндсэн зээл төлүүлэх талаар удаа дараа мэдэгдэж байсан боловч хугацаа заан сунгаж явсаар өнөөдрийг хүртэл зээлийг төлөхгүй манай байгууллагыг хохироосоор байна.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд өдрийн 0,5 хувийн алданги төлнө гэсний дагуу 1,500,000 төгрөгөөс 0,5 хувийн алданги тооцход өдрийн 7,500 төгрөг болох бөгөөд хугацаа хэтэрсэн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаа хэтэрсэн 220 хоногоор тооцож 1,650,000 төгрөгийн алданги төлөхөөр болж байгаа юм.
Иргэний хуульд заасны дагуу алданги нь үндсэн зээлийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу 750,000 төгрөгийн алдангийг нэхэмжлэх эрхтэй болж байна.
Иймд Г.Цэцэгсүрэнгээс үндсэн зээл 1,500,000 төгрөг, алданги 750,000 төгрөг, нийт 2,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Цэцэгсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 6 дугаар сард “Алтан сор” ХХК-иас 1,000,000 төгрөг сарын 10 хувийн хүүтэй зээлж авсан. Тэгээд тасралтгүй сар болгон төлсөөр 700,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш төлж чадаагүй. 2015 оны 5 дугаар сард Цэдэв намайг дуудаж, нэг баримт дээр гарын үсэг зуруулсан. Би зурсныхаа дараа 1,500,000 төгрөг гэж бичсэн байсныг харсан. Би 1,500,000 төгрөг бэлнээр аваагүй. Би үндсэн 1,000,000 төгрөгөө төлье бусдыг төлж чадахгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Алтан сор” ХХК нь хариуцагч Г.Цэцэгсүрэнд холбогдуулан “Барьцаат зээлийн гэрээний үүрэгт 2,250,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.
Талууд барьцаа хөрөнгөгүйгээр итгэлцэл дээр тулгуурлан “Барьцаат зээлийн гэрээ” байгуулсан болох нь зохигчидын тайлбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт авагдсан, №3774 дугаартай Барьцаат зээлийн гэрээгээр Г.Цэцэгсүрэн нь “Алтан сор” ХХК-иас 1,500,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаатай, зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5 хувийн алданги төлөхөөр зээлж авсан болох нь тогтоогдож байна.
Хариуцагч нь 1,500,000 төгрөгийн баримтад гарын үсэг зурсан, 1,500,000 төгрөгийг бэлнээр аваагүй, харин 1,000,000 төгрөгийг 2014 онд аваад хүүг төлж байсан тул 1,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэх тайлбараа нотолж чадаагүйн дээр 1,500,000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Дээр дурдсан 1,000,000 төгрөгийг Г.Цэцэгсүрэнд зээлдүүлсэн гэх Барьцаат зээлийн гэрээнд огноо тавигдаагүйн дээр уг гэрээний дугаар нь 1,500,000 төгрөгийг 2015 онд зээлдүүлсэн гэрээний дугаартай ижил байгаа нь хариуцагчийн тайлбарласан 2014 онд нэг удаа олгогдсон зээлийн асуудал ийнхүү үргэлжилж байна гэж үзэх үндэслэл болохгүй.
Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3.-т “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэж заасныг баримтлан нэхэмжлэгч “Алтан сор” ХХК нь хариуцагч Г.Цэцэгсүрэнгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги” гэж тус тус заасан тул хариуцагчаас зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй алдангийг гаргуулах үндэслэлтэй.
Иймд Г.Цэцэгсүрэнгээс үндсэн зээл 1,500,000 төгрөг, алданги 750,000 төгрөг, нийт 2,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 286 дүгээр зүйлийн 286.3, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Г.Цэцэгсүрэнгээс 2,2500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Алтан сор” ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 51,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг Баянзрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Г.Цэцэгсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 50,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Алтан сор” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА