Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 38

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* овогт Аг- Эн- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Эн-од холбогдох 1935000290031 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1969 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, 50 настай, эрэгтэй, халх, боловсролтой, мэргэжилгүй, малчин, *******, эхнэр, 5 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сум багт оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Аг- Эн-, Регистрийн дугаар: /ИК********/

Шүүгдэгч А.Эн- нь 2018 оны 11 дүгээр сарын 25, 26-ны өдрийн орчим Завхан аймгийн ******* сум багийн нутагт дэвсгэрт орших “Нуурын босго” гэх газарт бэлчиж байсан адуунаас иргэн Д.*******ын 2 тооны, О.*******ийн 2 тооны, нийт 4 тооны адуу буюу Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Эн- нь 2018 оны 11 дүгээр сарын 25, 26-ны өдрийн орчим Завхан аймгийн ******* сум багийн нутагт дэвсгэрт орших “Нуурын босго” гэх газарт бэлчиж байсан адуунаас иргэн Д.*******ын 2 тооны, О.*******ийн 2 тооны адууг тус тус хулгайлсан хэргийн үйл баримт нь адуугаа алдсан талаар мэдүүлсэн хохирогч Д.*******ын “...2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байх ...Би өөрийн 36 тооны адууг “Үхэр чулуутын худгаас услаад урагшаа гаргасан юм. Тухайн үед манай адуу тоо ёсоороо бүрэн байсан. Тэгээд маргааш өглөө 14 цагийн орчим адуугаа хойшоогоо даръя гэж бодоод явж байтал урдаас “Харгана толгойн худаг”-ийн хажууд адуу ирж явсан ба би хул азаргатай 36 тооны адуугаа бүртгэж үзэхэд зүсээрээ 3 тооны адуу дутаж байсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч О.*******ийн “...2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр сумын төв дээр байдаг гэртээ байж байхад хөдөөнөөс манай найз ******* нь утсаар над руу яриад танай хүрэн, цоохор азаргатай адуунууд ******* сумын нутаг Маргазын өвөр лүү орчихсон байна. ...би адуундаа яваад ...манай хүрэн азаргатай адуунаас хүрэн морь, зөв талын гуяндаа дормон тамгатай, хээр морь зөв талын гуяндаа дормон тамгатай, хээр гүү мөн адилхан тамгатай 3 тооны адуу байхгүй байсан. Намайг адуу хайж явж байх үед нэг адуу нь буюу шар хээр гүү нь адуундаа гүйгээд ирчихсэн байна лээ. Наад хоёр адуу нь олдоогүй байж байгаад сүүлд нь сураг гарсан чинь ******* сумын иргэн Эн- нь авсан байна лээ” гэсэн мэдүүлэг, Хохирогч Д.*******, О.******* нарын мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Б.ын “...Д.*******той таарахад адуунаасаа алдлаа гээд хайж явсан юм. Тухайн үед ******* надад адуунаасаа хонгор морь, бор хээр даага, шар хээр даага алдаад явж байтал Хоёр Маргазын дунд миний бор хээр даага *******ийн адуунуудтай байсныг нь олоод хойшоо тууж оруулаад буцаж ирлээ. Одоо хонгор морь, шар хээр даага 2 байхгүй байна гэж хэлсэн юм. Би сүүлд нь ******* ахтай таарахад танайхны адуу алга болдог үеэр миний шар хээр морь, хүрэн морьд зэрэг адуунууд алга болсон байна. Хайгаад олдохгүй байна гэж хэлж байсан юм...” гэсэн мэдүүлгээр, Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн А.Эн-ын “...Би 2018 оны 12 дугаар сарын 25, 26-ны үед бүрэн харанхуй болж байхад Завхан аймгийн ******* сумын “Шавагтын хуншин” гэх газарт нуур цоолж мал усалж байхад тэр хавьд байсан бүх мал орж ус уугаад гарч байсан. Тэгтэл тэр дунд танихгүй манай нутгийн адуунууд биш хүрэн азарга, цоохор азаргатай хоёр адуунууд усанд орж ирэхээр нь усалчихаад гэнэтхэн адуу барьж авмаар санагдаад тэр хоёр азаргатай адууг нийлүүлж хаданд шахаж байгаад хээр, цавьдар хүрэн, хонгор гэсэн гурван зүсмийн морь мөн нэг шар хээр охин даага гэсэн 4 тооны адуу барьж аваад, адууг нь хойш нь чигтээ тууж гаргачихаад нөгөө 4 адуугаа хөтлөөд гэр лүүгээ явсан. Тухайн үед манайх багийн нутаг “Бор шанааны шил” гэх газарт намаржиж байсан гэрийн гадаа авч очиж уячихаад маргааш өглөө нь буюу 05 цагийн үед босоод хонгор морь, шар хээр даага хоёрыг төхөөрөөд, тэрнийхээ маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 27-ны өглөө бас л 05 цагийн үед босоод үлдсэн хоёр болох хээр, цавьдар хүрэн морь хоёрыг төхөөрсөн...” гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ. Шүүгдэгч А.Эн-ын үйлдлийн улмаас хохирогч нарт нийт 3.080.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Завхан аймгийн ******* сумын үнэлгээний комиссын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн эд зүйлийг буюу хохирогч Д.*******, О.******* нарын алдсан 4 тооны адууг үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Д.*******ын 2 тооны адуу, хохирогч О.*******ийн 2 тооны адууг хулгайлсан болохоо мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдож байна. Шүүгдэгч А.Эн-ын хохирогч Д.*******ын 2 тооны адуу, хохирогч О.*******ийн 2 тооны адууг Завхан аймгийн ******* сум багийн нутагт дэвсгэрт орших “Нуурын босго” гэх газарт бэлчиж байхад нь нууц далд аргаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Иймд шүүгдэгч А.Эн-ыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын 04 тооны адуу хулгайлсан буюу “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэстэй. Шүүгдэгч А.Эн-од Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч А.Эн- нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Д.*******, О.******* нар нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хүлээн зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч А.Эн-од холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт Аг- Эн-ыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эн-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Шүүгдэгч А.Эн-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

4. Тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн ял ногдуулдаг журамтай болохыг анхааруулсугай.

5.Шүүгдэгч А.Эн- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Д.*******, О.******* нар шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгөнөөс битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болно.

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Эн-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА