| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0239/Э |
| Дугаар | 243 |
| Огноо | 2019-09-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 243
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга: Б.Оюунтөгс,
Шүүгдэгч: Т.Г, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914004820333 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Т.Г,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Т.Г нь 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрээн хуруу” гэх газар байх өөрийн гэртээ Ш.Зыг труба төмрөөр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Т.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 06 дугаар 27-ны өдөр гэртээ ганцаараа байж байтал З өдөр 12-13 цагийн үед манайд ирээд цай ууж сууж байгаад танайх манай хүүгийн өвөлжөөтэй ойр буусан байна, нүүгээрэй хамаг бэлчээр дуусгалаа гэж хэлэхээр нь би надаас чи нутаг ус харамлаж байна уу гээд маргалдаж байгаад Зыг барьж авахаар дийлэхгүй гэж бодоод үүдэнд байсан зэвтэй 2-3 см орчим урттай трубаг барьж орж ирээд айлгах гээд далайтал гараараа хаагаад урдаас ухас хийхээр нь хажуу талаар нь газар шидтэл үзүүр нь газарт ойгоод Зын нуруу хавьд нь цохиж байгаа харагдсан. Би Зын буцаагаад түлхтэл гэрийн баруун талд газар унаад гараа бариад босож ирж байсан яг яасныг нь сайн мэдээгүй. Би Зын биед халдаж гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...Өөр ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 35-37/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч Ш.Зын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Т.Г гэх айлд очиж хүүгийн өвөлжөөнөөс зайтай буугаарай гэж хэлтэл чи нутаг ус харамладаг хэн бэ гээд чамайг ална гэж хэлээд гаднаас 2 см орчим урттай зэвтэй төмөр труба барьж орж ирээд дээрээс цохихоор нь зүүн гараараа хаатал нуруу бөөр орчим цохиод газар унахад хоёр хөлийн гутал сугалж аваад толгой руу хэд хэдэн удаа цохиод гэрээс гар чамайг гаргаж байгаад ална гээд хаалгаа нээтэл цагаан халтар нохой нь дайраад байхаар нь би гэрээс гарч чадахгүй нохойгоо хорь гэхэд чамайг бариулна гээд араас түлхэж байгаад гэрийн баруун тал руу түлхээд унагаахад би газарт байсан аяган дээр унаад босч ирэхэд баруун гарын шуу хэсэгт зүсэгдэж цус гоожиж байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 06-10/,
4. Гэрч С.Еийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
… 14 цагийн орчим гуталгүй хөл нүцгэн, баруун гараас нь цус гоожсон, дээл хувцас нь урагдаж унжсан байдалтай гэртээ ирсэн. Юу болсон талаар асуутал Г нохойгоороо уруулна гээд төмрөер уруулна гээд төмрөөр цохисон гэж хэлсэн. гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/
5. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 426 дугаартай шинжээчийн:
1. Ш.Зын биед баруун шуунд шарх, зүүн шуу, дагзанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгө- зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. гэх шинжээчийн гэх дүгнэлт /хх-ийн 20-21/
6. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 513 дугаартай шинжээчийн:
1. Т.Гийн биед цээж, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдпоо.
2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26/болон хавтаст хэргийн 60 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Т.Гийн урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 45-50 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Т.Гийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 67-68 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоол гаргаж , шүүгдэгч хохирогч нар эвлэрч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруу эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар мэтгэлцэхгүй талаар илэрхийлсэн байна.
Шүүхээс шүүгдэгч Т.Г нь 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрээн хуруу” гэх газар байх өөрийн гэртээ Ш.Зыг турба төмрөөр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Ш.З, гэрч С.Еэ нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 609 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Т.Гийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Т.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Т.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Гийн эзэмшлийн Noke маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч Т.Гт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар труба төмрийг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Т.Г нь урьд ял шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Гийг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Т.Гт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Т.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэргийн учир шүүгдэгч Т.Г нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Т.Гийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Т.Гт хэрэгцээний дагуу буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугара зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар труба төмрийг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдбөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Т.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ