Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 246

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунтөгс,

Шүүгдэгч: Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914002330329 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д.Х

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Х нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдер Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн хүү буюу бага насны хүүхэд 7 настай Х.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Мөн яллагдагч Д.Х нь 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 6 дугаар гудамж 20 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Лг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1.Шүүгдэгч Д.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... 2019 оны 05 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор сумын 3 дугаар баг 6-20 тоотод байх гэртээ очсон эмээ Ц байсан тэгээд манай хоёр хүүхдийг цай хийж өгөхгүй байна гэсэн би тэр үед нь хоёр хүүхдэдээ уурлаж Бгийн гар цохиж мөр рүү нь түлхсэн тэр үед хойшоо унаж толгойгоороо ширээний өнцөг мөргөсөн тэгээд толгойн хагарч цус гарсан энэ үед манай ар айлын гэрт орж ирээд түргэн дуудаад оёдол тавиулчих гэж хэлээд змнэлэг дуудсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 /

...Би эхнэр Лтэй маргалдаж гэрээсээ гарах гэсэн тэгтэл эхнэр гарахгүй намайг зуураад байсан тэр үед би эхнэр Т.Лг хойш түлхэж унагаасан тэгээд эхнэр цагдаа дуудаж би цагдаад баригдсан. гэх мэдүүлэг /хх-ийн 118 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х мэдүүлэхдээ: Хэлэх зүйл байхгүй, гэм буруугаа хүэлэн зөвшөөрч байна, мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Арван найман насанд хүрээгүй хохирогч Х.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би он сар өдрийн мэдэхгүй байна аав согтуу ирээд намайг түлхсэн. Тэгээд би сандалд тээглээд унасан. Унахдаа би ширээний булан толгойгоороо мөргөөд унасан чинь толгойн ар хэсгээс цус гарсан тэгээд би уйлсан. Тэгэхэд гэрт эмээ аниа нар байсан. Ээж байгаагүй эмээ бид нар тэгээд Гунгаагийнд ороод цусаа тогтоосон. Аав намайг зодож байгаагүй.Аав надад хайртай би ч бас аавдаа хайртай... гэх мэдүүлэг /хх-ийн 21 /

4. Хохирогч Т.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2019 оны 02 сард цагаан сараасхойш манай нөхөр архи ууж орж ирээд янз бүрээр намайг хэлээд байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа гэсэн чинь Х явах гэхээр нь би цагдаад өгч явуулах гээд бариад авсан чинь Х гэрээс гарч зугтах гээд намайг гаргахгүй зуураад бариад авсан учир миний цамцны захнаас бариад зулгаасан чинь миний хүзүү жаахан улайсан. Мөн миний зүүн талын бөөр хавьцаа 1 удаа өшиглөсөн, гараараа толгойн ард дагз хэсэг 1 удаа цохисон.Тэгж байтал цагдаа ирээд аваад явсан. гэх мэдүүлэг /хх-ийн 83-84/

5. Гэрч Д.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор сумын 3 дугаар багын 6-20 тоотод байх хүү Хын гэрт гурван хүүхдийн хамт зурагт үзэж байсан юм цаг нэлээд орой болчихсон байсан тэгтэл манай хүү Д.Х нэлээд согтуу байдалтай гэрт орж ирсэн тэгээд би зурагт үзээд сууж байхад хүүхэд уйлсан тэр үед би эргэж хүүхэд рүү харахад Х.Б уйлчихсан босож ирсэн толгой нь хагарчихсан байсан би толгой хагарсан хэсгийн цусыг тогтоох гэж нойлын цаасаар дарсан боловч тогтохгүй байхаар нь түргэн дуудса юм. Тэгээд байж байтал түргэн ирсэн Бгээс яасан талаар асуухад надад аав түлхсэн гэж тэгээд ширээ мөргөсөн гэсэн. гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

6. Гэрч Х.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр аав Д.Х гэртээ согтуу орж ирсэн тэр үед ээж уурлаж цагдаа дуудсан тэгтэп аав Д.Х гэрээс гарах гэсэн тэгтэл ээж гаргахгүй гэж аавыг барьж аваад тэр хоёр хоорондоо барилцаж автал аав Х ээж Лг түлхэж унагаасан тэгээд гарч явсан. гэх мэдүүлэг /хх-ийн 89-90/

7. Гэрч О.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр би Д.Хын гэрт орой болсон хойно ганцаараа очсон юм тэгээд хашаан дотор орох үед Х, Л нар хоорондоо барилцаж аваад ноцолдож байсан нэгийгээ зулгаагаад татаад байсан тэгж байхад удалгүй миний араас хоёр цагдаа ирж Хыг авч явсан. гэх мэдүүлэг /хх-ийн 104-105/

8. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 172 дугаартай шинжээчийн:

1. Т.Лгийн биед тархи доргилт хүзүү, нуруунд цус хуралт, хүзүү баруун шуу, сарвуунд зулгаралт, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 70 /

9. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 320 дугаартай шинжээчийн:

1. Х.Бгийн биед дагзанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 7/ болон хавтаст хэргийн 55 дугаар хуудсанд авагдсан Д.Хын ял шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Д.Х нь 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 6 дугаар гудамж
20 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Лг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдер Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн хүү буюу бага насны хүүхэд 7 настай Х.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тус тус болсон нь хохирогч Т.Л, насанд хүрээгүй хохирогч Х.Б гэрч Д.Ц, Х.Б, О.Э, нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 172, 320 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Хыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Д.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Д.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х нь өөрийгөө өмгөөлж оролцсон бөгөөд шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Х нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Д.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Х нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Хыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Д.Хыг дөрвөн зуун наян / 480 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Д.Хт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4, зааснаар ялтан Д.Х нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Д.Х нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.                         

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                       

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ