| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 500/2017/0024/э |
| Дугаар | 523 |
| Огноо | 2017-07-18 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 523
Д.Бат-Очирт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Б.Алтанцэцэг,
яллагдагч Д.Бат-Очир, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэцэцэг,
нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяагийн гаргасан 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 650 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Б.Алтанцэцэгийн бичсэн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 5/42 дугаар эсэргүүцлээр, Д.Бат-Очирт холбогдох 201625014255 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овогт Далайн Бат-Очир, 1971 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 5 дугаар хэсэг, 91 дүгээр гудамжны 2651 тоотод оршин суух,
Улаанбаатар Гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1991 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 16 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 278 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-ийг журамлан Д.Бат-Очирт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1991 оны Өршөөлийн хуулиар суллагдсан, /РД:ЦД71010513/,
Д.Бат-Очир нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 14 цаг 55 минутын орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын автомашины гэрлэн дохион дээр иргэн Р.Төмөрчөдөртэй “зам дээр машин шахлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь “5 дугаар хурууны 1 дүгээр шивнүүрийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхинд зулгаралт” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Бат-Очирт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15698 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Р.Төмөрчөдөрийн биед “зүүн гарын 5 дугаар хурууны 1 дүгээр шивнүүрийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхинд зулгаралт” гэмтэл тогтоогдлоо гэжээ. Хэргийн 18 дугаар хуудсанд хохирогчийг байцаасан тэмдэглэлд “...миний нүүр хэсэг рүү жолооч хэд хэдэн удаа өшиглөсөн, дараа нь би жолоочтой зууралдаад байж байхад нөгөө эрэгтэй нь миний мөр, хөл, төмсөг хэсэг рүү өшиглөсөн. Намайг бүлэглэж зодсон...” гэжээ. Хохирогч Р.Төмөрчөдөрийн биед тухайлбал зүүн гарын 5 дугаар хурууны 1 дүгээр шивнүүрийн далд хугарал буюу хүндэвтэр гэмтлийг хэн учруулсныг тогтоогоогүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2 дахь хэсгүүдэд заасан нотолбол зохих ажиллагааг хийлгэхээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Д.Бат-Очирт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан шийдвэрийг прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтааж эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Алтанцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх дүгнэлт хийхдээ хохирогчид учруулсан хүндэвтэр гэмтлийг хэн учруулсныг тогтоогоогүй гэжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч О.Болороогийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан 15698 дугаартай дүгнэлтээр хохирогч Р.Төмөрчөдөрийн биед зүүн гарын 5 дугаар хурууны 1 дүгээр шивнүүрийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхинд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан байна. ...Хохирогч Р.Төмөрчөдөрийн биед учирсан дээрх гэмтлээс зүүн гарын 5 дугаар хурууны 1 дүгээр шивнүүрийн далд хугарал нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч, харин бусад гэмтлүүд болон хоёр нүдний гэмтэл нь гэмтлийн зэрэгт хааарахгүй гэжээ. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Р.Төмөрчөдөр мэдүүлэхдээ “...Жолооч талаас бууж ирсэн хүн уг гэмтлийг надад учруулсан. Би жолоочийн хажуу талаас бууж ирсэн хар малгайтай бор царайтай 35-50 орчим насны залуутай барьцалдаж аваад газар унаад ноцолдож байхад жолооч ирээд миний цээж, толгой руу өшиглөөд байхаар нь зүүн гараараа нүүрээ хамгаалаад хаахад зүүн гарын чигчий хуруу руу өшиглөж уг гэмтлийг учруулсан. ...Миний хоёр нүд рүү өшиглөөд байсан. Дээрх бүх гэмтлийг жолооч учруулсан.” гэж, Д.Бат-Очир мэдүүлэхдээ “...тэр хоёр барьцалдаж аваад газар унасан байхаар нь салгах гэж очоод салахгүй болохоор нь хохирогч гэх хүний цээж рүү нэг удаа өшиглөхөд салаад хохирогч надтай барьцалдсан.” гэх мэдүүлэг зэргээр хохирогчийн биед Д.Бат-Очир халдсанаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Мөн хохирогч өөрт учирсан гэмтлийг Д.Бат-Очир учруулсан болохыг тодорхой мэдүүлсэн бөгөөд яллагдагчийн гэмт үйлдлийн талаар өгсөн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэгтэй тохирдог. Шүүх эмнэлгийн шинжээч эмч О.Болороогийн гаргасан шинжээчийн дүгнэлт болон түүний мэдүүлэг зэргийг хохирогч, яллагдагч нарын мэдүүлэгтэй харьцуулахад тохирч байх тул мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон гэж үзэж байна.
Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.
Ялтан Д.Бат-Очирын өмгөөлөгч Ж.Эрдэнэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэргийн материалтай танилцахад хохирогчийн биед үүссэн хүндэвтэр гэмтлийг Д.Бат-Очир учруулсан гэдэг нь үндэслэл муутай байсан. Шинжээч эмч О.Болормааг байцаахад хохирогчийн чигчий хурууны хугарлыг “гарын хажуу хэсгээс юм цохиход, гараараа газар тулахад, гарын хуруу хэсгээс барьж мушгихад үүснэ” гэсэн байна. Иймд өшиглөх тохиолдолд ийм гэмтэл үүсэхгүй юм байна. Хэрэв 11 дүгээр сарын 15-ны өдөр өвлийн гутлаар хохирогчийн нүд рүү өшиглөсөн бол гар нь хугарахаас гадна нүдэнд нь мөн гэмтэл учрах байсан. Гэтэл ямар нэгэн гэмтэл үүсээгүй байдаг. Шүүгчийн захирамжид дурдсан “бүлэглэж үйлдсэн эсэхийг тогтоогоогүй” гэсэн нь үндэслэлтэй юм. Барьцалдаж аваад, заамдалцаад байсан тэр залууг олж, шалгах шаардлагатай. Хэний үйлдлийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан, гэмтэл мушгилтаас болсон уу, унаснаас болсон уу гэдгийг тогтоох шаардлагатай. Учир нь хохирогч газар унасан байдаг. Ингэж унахдаа гараараа газар тулсан уу, эсхүл тэр хүнтэй заамдалцаж байхдаа мушгиж гараа гэмтээсэн үү гэдгийг тогтоох шаардлагатай. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
Ялтан Д.Бат-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би тэр хүнийг шахаагүй. Зай гарахаар нь урдуур нь орсон юм...” гэв.
ХЯНАВАЛ:
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн байцаалтад хохирогч Р.Төмөрчөдөр “...Жолоочийн хажуу талаас бууж ирсэн залуутай барьцалдаад газар унаад ноцолдож байхад жолооч ирээд миний цээж, толгой руу өшиглөөд байхаар нь зүүн гараараа нүүрээ хамгаалаад хаахад зүүн гарын чигчий хуруу руу өшиглөж уг гэмтлийг учруулсан. ...Миний нүд рүү өшиглөөд байсан. Дээрх бүх гэмтлийг жолооч учруулсан...”, шинжээч эмч О.Болормаагийн “...Зүүн гарын 5 дугаар хурууны 1 дүгээр шивнүүрийн далд хугарал нь гарын хажуу хэсгээс цохиход үүсгэгдэж болно...” гэсэн мэдүүлгүүд нь Д.Бат-Очирын сэжигтнээр өгсөн: “...тэр хоёр барьцалдаж аваад газар унасан байхаар нь салгах гэж очоод салахгүй болохоор нь хохирогч гэх хүний цээж рүү нэг удаа өшиглөхөд салаад хохирогч надтай барьцалдсан...” хэмээн мэдүүлсэн нь тодорхой байх тул хохирогч Р.Төмөрчөдөрийн биед учирсан хүндэвтэр гэмтлийг хэн учруулсан болохыг заавал дахин тогтоолгохоор хэргийг мөрдөн байцаалтад хэргийг буцаах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.
Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой ба энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 650 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Бат-Очирт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэрэг шүүхэд очтол Д.Бат-Очирт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Н.БАТСАЙХАН