Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2020/0508

 

 

 

 

Б.М, Г.О, Б.О,

Г.Б, Н.М нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүгч Д.Баатархүү, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б, нэхэмжлэгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.А, Л.Э, М.Н, Б.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 401 дүгээр шийдвэртэй, Б.М, Г., Б.О, Г.Б, Н.М нарын нэхэмжлэлтэй, Монгол-Улсын их сургуулийн удирдах зөвлөлд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч Б.Мягмардоржийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 401 дүгээр шийдвэрээр:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасныг удирдлага болгон Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М, Г.О, Б.О, Г.Б, Н.М нараас Монгол-Улсын их сургуулийн удирдах зөвлөлд холбогдуулан гаргасан “Монгол-Улсын их сургуулийн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 4 дүгээр баганан дахь Хууль зүйн сургуулийн ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдийн нэг багц цагийн төлбөртэй холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.М давж заалдах гомдолдоо: “...Уг хэргийг 2019 оны 06 сарын 17-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэж, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Дахин хэлэлцүүлэхээр буцаасан үндэслэлүүд нь анхан шатны шүүх нь хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий дээрх баримтуудыг бүрэн цуглуулж, сургалтын төлбөрийг тогтоосон тогтоолын улмаас нэхэмжлэгч 4-5 дугаар түвшний суралцагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул... " гэжээ.

Улмаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 сарын 10-ны өдөр хэргийг анхан шатны журмаар хэлэлцэн шийдвэрлэсэн ч хариуцагч нь давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болсон хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий баримтыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгөөгүй. Харин шүүх нь сургалтын төлбөрийг нэмэгдүүлэх тооцоо байгаагүй, нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгөөгүй байхад зөвхөн хариуцагчдын тайлбар дээр үндэслэн маргаан бүхий захиргааны актыг бодит байдалд нийцсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд хариуцагчид маргаан бүхий Захиргааны актын үндэслэлийг зөвтгөх, нотлох баримтын шаардлагыг хангах баримт байхгүй гэж үзэж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.2-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.

            Тус заалтад " сургалтын төлбөр ... -ийн хэмжээг зохих журмын дагуу тогтоох" нь Удирдах зөвлөлийн эрх хэмжээ гэж заажээ. Шүүхээс хариуцагчийг энэ эрх хэмжээнийхээ хүрээнд төлбөрөө нэмэх бүрэн эрхтэй гэж дүгнэсэн байх боловч хуулийн энэ заалт нь эрх олгохоос гадна мөн үүрэг оногдуулсан заалт байна. Өөрөөр хэлбэл, “зохих журмын дагуу" тогтоох нь хариуцагчид хуулиар оногдуулсан үүрэг бөгөөд хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй, биелүүлсэн болохоо нотлох нотлох баримтын шаардлага хангасан баримт байхгүй байгааг шүүх харгалзаж үзэлгүй хариуцагчийн эрх хэмжээнийхээ хүрээнд төлбөрийг нэмэгдүүлэн тогтоосон гэж хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

2. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, 64 дүгээр зүйлийн 64.3 дахь хэсгүүд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн 18-р хуудсандаа бичсэний дагуу тус шүүх нь хариуцагч "Гэгээрлийн сайдын 1999 оны их, дээд сургууль, коллежийн төсөв зохиох, сургалтын төлбөрийг тодорхойлох үлгэрчилсэн аргачлал батлах тухай" 107 дугаар тушаалыг хэрэглэсэн нь хууль зүйн алдаагүй байна гэж дүгнэжээ. Харин Захиргааны ерөнхий хуулийн 67.2, 64.3-т захиргааны хэм хэмжээний актын хүчин төгөлдөр байдал, түүний бүртгэлийн талаар дараах байдлаар хуульчилсан байна. Үүнд: 67.2. Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ. 64.3 Захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэнэ.

Хавтаст хэрэг №3-ын 181-182 хуудаст "Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам"-ны 2020 оны 01 сарын 27-ны өдрийн 3-2/13 дугаартай лавлагааны хуудаст "Гэгээрлийн сайдын 1999 оны "Их, дээд сургууль, коллежийн төсөв зохиох, сургалтын төлбөрийг тодорхойлох үлгэрчилсэн аргачлал батлах тухай" 107 дугаар тушаал нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй байна” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Гэгээрлийн сайдын 1999 оны 107 дугаар тогтоол нь хүчин төгөлдөр үйлчилж буй Захиргааны ерөнхий хуулийн дагуу хүчин төгөлдөр мөрдөх акт биш байх бөгөөд энэ нь мөн Захиргааны ерөнхий хуулиар бүртгэх, хянах, баталгаажуулах эрх хэмжээг олгосон төрийн эрх бүхий байгууллага болох хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хүчин төгөлдөр лавлагаагаар баталгаажин хэрэгт авагдсан байна. Шүүхээс мөн уг хуулийн заалтыг хэрэглээгүй, Хууль зүй, дотоод хэргийн яамны лавлагааг үнэлээгүй буюу шийдвэр гаргахдаа харгалзаж үзээгүй байна.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг харгалзаж үзээгүй тухайд: Анхан шатны шүүх нь шийдвэрийн үндэслэх хэсэгтээ 16-р хуудаст "...нэг багц цагийн төлбөртэй холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна" гэж дүгнэжээ. Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6-д “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нар иргэний хэргийн шүүхээр хохирлын талаарх маргааныг шийдвэрлүүлэх хууль зүйн үндэслэл байх тул анхан шатны шүүхийн уг дүгнэлт нь үндэслэлгүй байна.

4. Шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөнтэй холбоотой хуулийн хэм хэмжээг буруу хэрэглэсэн буюу хэрэглээгүй. Шүүхээс " ... сургуулийн төлбөрийг шинэчлэн тогтоохдоо сонсох ажиллагаа явуулах нь ач холбогдолгүй гэж дүгнэжээ. Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа явуулах журмыг ЗЕХ-ийн 27-р зүйлд зааж өгсөн бөгөөд МУИС нь маргаан бүхий уг захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагааг ЗЕХ-д заасан журмын дагуу явуулаагүй, явуулсан гэдгээ шүүхэд нотлоогүй. Түүнчлэн, МУИС-ийн маргаан бүхий уг захиргааны акттай холбогдуулан сонсох ажиллагаа явуулахад ЗЕХ-ийн 28-р зүйлд заасан "Сонсох ажиллагаа хийхгүй байх” нөхцөлүүдийн аль нь ч хамаарахгүй, эсхүл 28.2-т заасанчлан МУИС-ийн Удирдах зөвлөл нь сонсох ажиллагаа хийгээгүй шалтгаанаа нотлох үүргийнхээ дагуу нотлоогүй, нотлох баримтын шаардлага хангасан холбогдох нотлох баримт гаргаж өгөөгүй байхад шүүгч хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйн улмаас "сонсох ажиллагаа явуулах нь ач холбогдолгүй байна" гэж хуулийн үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна.

5. Шүүх нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн, эсхүл үнэлээгүй, тухайд: Шүүх шийдвэрээ гаргахдаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн дүгнэлтийг харгалзаж үзээгүй байна. Хавтаст хэрэг №3-ын 193-р хуудаст Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 04 сарын 09-ний өдрийн 01/543 дугаартай албан бичиг авагдсан байгаа. Уг албан бичиг нь “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд" хаягласан албан бичиг бөгөөд үүнд нэхэмжлэгч Г.Бат-Эрдэнээс ирүүлсэн гомдлын дагуу 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 16 удирдамжтай хяналт, шалгалтыг их, дээд сургуулиудын үйл ажиллагаанд хийж гүйцэтгэсэн тухай дурджээ.

Уг албан бичгийн хавсралтад буюу хавтаст хэргийн №03-ын 203-р хуудаст авагдсан Улсын байгцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны №5/09 дугаартай дүгнэлтийн 2-р заалтад хяналт шалгалтад хамрагдсан сургуулиуд нь сургалтын төлбөрийг тогтоохдоо бодит өртөг зардлыг тооцон, нарийвчилсан тооцоон дээр үндэслээгүй тухай, 3-р заалтад Монгол улсын гэгээрлийн сайдын 1999 оны 107 дугаар тушаалаар баталсан аргачлалыг баримтлан сургалтын төлбөрийг тогтоосон ч энэхүү баримт бичиг нь цаг үеийн шаардлагыг хангахгүй, холбогдох хууль тогтоомжид нийцээгүй байна гэж тус тус дүгнэжээ. Энэ нь эрх бүхий байгууллагаас хариуцагчийг сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхдээ бодит өртөг зардлыг нарийвчлан тооцоогүй гэж дүгнэсэн байхад шүүхээс үүнийг харгалзалгүй шийдвэр гаргасан байна. Энэ дүгнэлт нь төрийн эрх бүхий байгууллагаас маргаан бүхий харилцаатай холбоотой гаргасан ач холбогдол бүхий, хуулийн үндэслэл бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй авч үзэх, үнэлэх шаардлагатай эрх зүйн хүчин төгөлдөр баримт бичиг болно. Эдгээр болон бусад үндэслэлээр шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн, маргаан бүхий акттай холбоотой сургалтын төлбөр нэмэгдүүлэх тооцоолол байгаагүй, нотлох баримтуудыг шаардлага хангасан байдлаар гаргаж өгөөгүй байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын илт зөрүүтэй тайлбар дээр үндэслэж дүгнэлт хийсэн ба төлбөр нэмэх шаардлага үүссэн эсэх талаар тодорхойгүй, үүнийгээ нотлох баримтууд байхгүй байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 401 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч Б.М давж заалдах гомдлын хүрээнд хянаад дор дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Б.М нарын 5 иргэнээс “Монгол-Улсын их Сургуулийн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 4 дүгээр баганан дахь Хууль зүйн сургуулийн ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдийн нэг багц цагийн төлбөртэй холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Маргаан бүхий Монгол-Улсын их сургууль (МУИС)-ийн удирдах зөвлөлийн 2018 оны 02 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 4 дүгээр баганан дахь Хууль зүйн сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн ерөнхий суурь хичээлийн нэг багц цагийн төлбөрийг 98,600 төгрөгөөр, мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдийн нэг багц цагийн төлбөрийг 111,000 төгрөг байхаар тогтоожээ[1].

            Энэ нь өмнөх 2017-2018 оны хичээлийн жилийн төлбөрөөс ерөнхий суурь хичээлийн нэг багц цагийн төлбөрөөс 4000 төгрөгөөр 4.2 хувиар, мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдийн нэг багц цагийн төлбөрөөс өмнөх II-III түвшинийхээс 18,800 төгрөгөөр буюу 20.3 хувиар, IV-V түвшинийхээс 36,400 төгрөгөөр буюу 47.8 хувиар нэмэгдсэн[2].

            Нэхэмжлэгч нараас “хариуцагч нь үндэслэл, тооцоо, судалгаагүй сургалтын төлбөрийг 2018-2019 онд 48.4 хүртэл хувиар нэмсэн, шийдвэрийг мэдэгдэх, сонсгох ажиллагааг явуулаагүй” гэж, хариуцагчаас “зохих журам буюу Гэгээрлийн сайдын 1999 оны 107 дугаар тушаал, МУИС-ийн захирлын баталсан Төсвийн тооцооны журам, бусад тооцоо, судалгаа, үндэслэл, шаардлага зэргийг баримталсан” гэж тус тус маргадаг.

Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12-т Удирдах зөвлөл дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: 36.12.1-д “холбогдох хууль тогтоомжийн дагуу боловсролын байгууллагыг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, дүрмийг батлах, өөрчлөх”, 36.12.4-т “сургалтын төлбөр, дотуур байрны үйлчилгээний төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу тогтоох” гэж заажээ.

Хуулийн эдгээр заалтын дагуу МУИС-ийн Удирдах зөвлөлөөс маргаан бүхий 02 тушаалаар “2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг шинэчлэн тогтоож, нэмэгдүүлэх” шийдвэр гаргахдаа дараах судалгаа, үндэслэл, шаардлага, тооцооллыг харгалзан үзсэн гэдэг нь удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл[3], төлбөрийг шинэчлэн тогтоож буй танилцуулга[4], сургалтын төлбөрийн талаарх тодруулга[5], бүтээгдэхүүний өртөг 2018 оны төсвөөр хийсэн тооцоо зэрэг баримтуудаас тогтоогдож байна:

a) МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2015 оны 13 дугаар тогтоолоор МУИС-ийн 2016-2024 оны стратеги төлөвлөгөөг[6] баталж, уг төлөвлөгөөнд Монгол Улсын дөрвөн их сургуулийг дараагийн арван жилд Ази тивийн тэргүүлэх их сургуулиудын эгнээнд хүргэх төрийн зорилтыг хэрэгжүүлэхээр МУИС нь өөрийн алсын хараа буюу стратеги зорилтоо “дэлхийн түвшний их сургууль” болохоор тодорхойлж, уг хэтийн зорилтдоо хүрэхийн тулд “судалгааны хамрах хүрээг өргөжүүлж, түвшинг дэлхийн жишигт нийцүүлэх, сургах ба суралцах үйл явцыг дэлхийн тэргүүлэх түвшинд хүргэх, мэдлэгээр манлайлж, нийгмийн хөгжлийн түүчээ байна, байгууллагын бие даасан байдлыг хангаж, менежментийн олон улсын шилдэг арга барилыг нэвтрүүлэн, санхүүгийн тогтвортой байдлыг хангах” гэсэн 4 стратегийн тэргүүлэх

чиглэлийг тодорхойлжээ.

Эдгээр стратегийн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд МУИС-ийн 2019 оны төсөвт ЭШИ, судалгааны ажлыг санхүүжилтийг 2018 оноос 967.5 сая төгрөгөөр буюу 24.94 хувиар, сургалт үйлчилгээний зардлыг 769.9 сая төгрөгөөр буюу 14.73 хувиар нэмэгдүүлсэн, сургалтын орчин, бааз суурийг шинэчлэх сайжруулахад /СТТ, ТЭХ, Номын фондод/ 4.1 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт суулган зөвшөөрөл авахаар эрх бүхий байгууллагад хүргүүлж, 2015-2018 онд профессор, багш ажилчдын үндсэн цалинг 28.8 хувиар нэмэгдүүлжээ.[7]

б)чанарын баталгаажуулалт, сургуулийн нэр хүнд, зах зээлийн эрэлт, зах зээлийн үнэ, инфляци, боловсролын үнэлгээний индекс, төлбөр зэргийг харгалзан сургалтын төлбөрийн нэмэгдүүлсэн тооцооллыг хийсэн гэдэг нь тогтоогдож байна.[8] 2016.01.01-ээс 2018.05.31-ний хооронд инфляцын түвшин 13.6 хувиар өссөн тооцооллыг гаргаж, уг инфляц нь тус сургуулийн санхүүгийн нөөцийг багасгаж, энэ нь сургуулийн судалгааны их сургууль болох эрхэм зорилгод нөлөөлнө гэж үзэн, сургалтын төлбөрийг нэр хүндтэй, эрэлт хэрэгцээтэй хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлбөрийг нэмэх шаардлага гарчээ.

в)мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлийн нэмэгдүүлсэн төлбөрөөс бий болох мөнгөн хөрөнгө эх үүсвэрийг 2018-2019 он, 2019-2020 оны хичээлийн жилд эрдэм шинжилгээ, судалгаа, багш нарыг чадавхжуулах, олон улсын болон дотоодын магадлалд орох, номын сангийн фондыг нэмэгдүүлэх, сургалтын орчин, бааз болох анги танхимын засвар үйлчилгээ, сургалтын тоног төхөөрөмж, багш, оюутны сандал ширээ, тавилга эд хогшлыг шинэчлэх, багш, ажилтны цалинг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг сургуулийн төсөвт суулган санхүүжүүлэхээр төлөвлөжээ.[9]

г)сургалтын төлбөрийг нэмэгдүүлсэн бас нэг үндэслэл, шаардлага нь түвшин ахих тусам мэргэжлийн хичээл сонгодог нь илүү өндөр өртөг шаарддаг бодит байдалтай нийцүүлэх, ерөнхий суурь хичээлийг МУИС нийт сургууль бүрт ижил байлгах зорилгоор өмнөх ерөнхий суурь багц цагийн дунджаар тогтоох, өмнөх 2017 оны төсвийн гүйцэтгэлээр багц цагийн өртгийг тооцож, харин ирэх 2018 оны төсвөөр дундаж бодит өртөг буюу зардлын тооцооллыг[10] хийх замаар сургалтын төлбөрийн нэмэх шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, МУИС нь 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр нэмэхээс өмнө тус сургуулийн сургалтын төлбөр нь хичээлийн төрлөөс үл хамааран сургуулийн хөтөлбөрөөр түвшин ахих бүрт буурдаг хэлбэрээр тогтоодог, мөн сургууль хооронд үзсэн ерөнхий суурийн хичээлүүдийг сургуулийн хөтөлбөрөөс хамааран салбар сургуулиуд өөр өөр төлбөрөөр тогтоож байгаа зэрэг нь бодит байдалд нийцэхгүй учир мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээл үзэх тусам хичээлийн багц цагийн төлбөр нэмэгдэж байх үндсэн зарчмаар шинэ тооцооллыг хийх нь зүйтэй гэж үзжээ.

д)тус сургуулийн байгалийн ухааны салбар сургуулийн мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлийн бодит өртөг бусад салбар сургуулиас 40-60 хувийн өндөр өртөгтэй боловч сургалтын эрэлт хэрэгцээ, хөдөлмөрийн зах зээлийг харгалзан сургалтын төлбөрийг нь бодит өртгөөс нь 30 хувь бууруулан, уг алдагдлыг бусад эрэлт, хэрэгцээ ихтэй алдагдалгүй ажиллаж байгаа сургуулиудаас дэмжлэг авч сургалтын үйл ажиллагааг явуулах бодлогыг баримталжээ.

е)Гэгээрлийн сайдын 1999 оны 107 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Их сургууль, коллежийн төсөв зохиох, сургалтын төлбөрийг тодорхойлох аргачлал” болон МУИС-ийн багц цагийн өртөг тооцох аргачлал, Төсвийн тооцооны журам зэргийг баримтлан бакалаврын багц цагийн өртгийг 2017 оны төсвийн гүйцэтгэлээр багц цагийн өртөг тооцох, 2018 оны төсвөөр дундаж бодит өртгийг тооцоолол зэргийг үндэслэн сургалтын төлбөр нэмэх тооцооллыг хийжээ.

            Үүнээс дүгнэхэд, хариуцагч МУИС-ийн Удирдах зөвлөлийн МУИС-ийн алсын хараа, МУИС-ийн 2016-2024 оны стратеги төлөвлөгөө гэх бодлогын баримт бичгийг боловсруулан батлуулсны дагуу уг төлөвлөгөөний зорилт, чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох судалгаа, төсвийн тооцлол, төлөвлөгөөг хийсний үндсэн дээр 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг нэмэгдүүлсэн  үйлдлийг Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан “захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх” сонгох боломжийг хэрэглэхдээ хууль, журмын хязгаарыг хэтрүүлсэн, өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласан, мөн хуулийн 24, 25 дугаар зүйлд заасны дагуу “шийдвэр гаргахаасаа өмнө нөхцөл байдлыг тогтоож, нотлох баримт цуглуулж, үнэлж, нотлох баримтад суурилсан шийдвэр гаргах” үүргээ биелүүлээгүй, судалгаа, тооцоо, үндэслэлгүйгээр хэрэгжүүлсэн гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нараас “хариуцагч нь үндэслэл, тооцоо, судалгаагүй сургалтын төлбөрийг 2018-2019 онд 48.4 хүртэл хувиар нэмсэн” гэж маргаж байгаа үндэслэл тогтоогдохгүй байна.

   Түүнчлэн МУИС нь тус сургуулийн дүрэмд зааснаар нийтийн өмчид суурилсан, хамтын болон өөрийн удирдлагатай, үндэсний хэмжээний хуулийн этгээд, хэд хэдэн салбар сургуулиас бүрдэх сургууль бөгөөд нийт сургуулийн хэмжээнд сургалтын үйл ажиллагааны нэгдмэл бодлого хэрэгжүүлэх, тус сургуулийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлох, бодлогын хэрэгжилтэд хяналт тавих бүрэн эрхийн хүрээнд Удирдах зөвлөлөөс “тус сургуулийн байгалийн ухааны салбар сургуулийн үйл ажиллагааг дэмжих  бодлогыг баримталж, сургалтын төлбөрийг нь бодит өртөгөөс нь 30 хувь бууруулан, уг алдагдлыг бусад эрэлт, хэрэгцээ ихтэй алдагдалгүй ажиллаж байгаа сургуулиудаас дэмжлэг авч сургалтын үйл ажиллагааг явуулах” бодлогыг баримталсныг буруутгах үндэслэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан “сонгох боломж”-д нийцсэн үйл ажиллагаа гэж үэзхээр байна. Харин нэхэмжлэгч нараас “байгалийн ухааны сургууль төсвийн асуудлаа өөрсдөө шийдвэрлэх ёстой, байгалийн ухааны сургуулиудыг дэмжиж байгаа асуудал нь хууль зүйн сургуулийн сургалтын төлбөрийг нэмэх үндэслэл биш” гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй юм.

            Гэгээрлийн сайдын 1999 оны “Их, дээд сургууль, коллежийн төсөв зохиох, сургалтын төлбөрийг тодорхойлох үлгэрчилсэн аргачлал батлах тухай” 107 дугаар тушаалыг 1999 онд батлан гаргаж, уг журам хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байсан бөгөөд харин Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2 дахь заалтууд нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

Иймээс “Захиргааны ерөнхий хуулийн  67 дугаар зүйлийн 67.2-т заасны дагуу хүчин төгөлдөр болоогүй журмыг баримталсан” гэж нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэлээр хариуцагчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд Боловсролын яам нь уг журмыг хуульд заасны дагуу шинээр гарсан Захиргааны ерөнхий хуульд заасан журамд нийцүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй байгааг дурдах нь зүйтэй.

            МУИС-ийн https://news.num.edu.mn гэсэн хаяг бүхий вэбсайтад маргаан бүхий 2018 оны 02 дугаар тогтоолыг байршуулсан байх тул “хариуцагчийг маргаан бүхий тогтоолыг мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийгээгүй” гэж нэхэмжлэгч нараас маргаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Захиргааны байгууллага нь захиргааны актыг цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж” болохоор заасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Мягмардоржийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 401 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.М давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                              Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                             А.САРАНГЭРЭЛ

 


[1] Хэргийн 1-р хавтас 60-61 дэх тал

[2]Хэргийн 1-р хавтас 61, 143-р тал

[3] Хэргийн 1-р хавтас 62-74 дэх тал

[4] Хэргийн 1-р хавтас 118-118 дахь тал

[5] Хэргийн 3-р хавтас 122-129 дэх тал

[6] https://news.num.edu.mn/?p=34321

[7] Хэргийн 3-р хавтас 124-125 дахь тал

[8] Хэргийн 1-р хавтас 69-70 дахь тал

[9] Хэргийн 3-р хавтас 126, 128-129 дэх тал

[10] Хэргийн 3-р хавтас 168 дахь тал