Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 579

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Д.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: В.Б 

Хариуцагч: Татварын ерөнхий газрын дарга. 

Нэхэмжлэлийн шаардлага: “...“Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б******* дугаар тушаалыг бүхэлд нь, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б******* дүгээр тушаалыг, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/******* дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулан Х******* аймгийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.М, нэхэмжлэгч В.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В.Б болон түүний өмгөөлөгч Ц.Б нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...В.Б миний бие нь 1994 оноос өнөөг хүртэл татварын албанд 22 жил тасралтгүй ажиллаж байгаа болно. 2013 оны 05 дугаар сард Татварын ерөнхий газрын даргын 371 дүгээр тушаалаар Х******* аймгийн Татварын хэлтсийн даргаар томилогдон 2016 оны 09 дүгээр сарын 19-нийг хүртэл ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа Татварын ерөнхий газрын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээг 2013 онд 82,0 хувь буюу “В” үнэлгээтэй. 2014 онд 89.95 хувь буюу “В” үнэлгээтэй, 2015 оны 80,8 хувь буюу “В” үнэлгээтэйгээр тус тус дүгнүүлж ажиллаж байсан. Аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээг 2013 онд 92,4 хувь буюу “А” үнэлгээтэй, 6 дугаар, 2014 онд 78,89 хувь буюу “С” үнэлгээтэй, 4 дүгээр, 2015 онд 84,0 хувь буюу “В” үнэлгээтэй 4 дүгээр байр эзэлж байсан. Улс болон орон нутгийн төлөвлөгөөг 100-138 хувиар давуулан биелүүлж ажилласан. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Татварын ерөнхий газрын даргын Б******* дугаар тушаалаар миний бие В.Б-г Х******* аймгийн Татварын хэлтсийн даргын албан тушаалаас ямар нэгэн үндэслэл, тодорхой шалтгаангүйгээр чөлөөлж Татварын ерөнхий газрын мэдэлд шилжүүлсэн. Энэ тушаал шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан албан тушаалд буцаан томилж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: В.Б миний бие тус шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б******* дугаар тушаал “Төрийн албаны тухай” хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа тул уг тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан албан тушаалд буцааж томилж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасан. Энэ шаардлага дээр дараах шаардлагыг нэмэгдүүлэн гаргаж байна.  

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага: 

“...В.Б-г албан тушаалаас чөлөөлж, Татварын ерөнхий газрын мэдэлд шилжүүлэх тухай Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б******* дугаар тушаал, Х******* аймгийн Татварын хэлтсийн даргын томилсон Татварын ерөнхий газрын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б******* дүгээр тушаал, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/******* дугаар тушаал /шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр/ гаргасан нэхэмжлэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад дахин хууль бус тушаал гаргаж албан тушаал, цалин бууруулан томилсон, Гааль татварын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б******* дүгээр тушаалыг тус тус хууль бус гэж тооцож, хүчингүй болгуулах. 

Иймд дээрх тушаалуудыг тус тус хууль бус гэж тогтоож хүчингүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Татварын ерөнхий газрын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б******* дугаарын тушаалаар Х******* аймгийн татварын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, Татварын ерөнхий газрын мэдэлд шилжүүлэн шийдвэрлээгүй байна. 

Х******* аймгийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч В.Б нь албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа тухайн орон нутгийн татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд дарамт шахалт үзүүлж, өөрөө ажлын байран дээр ёс зүйн зөрчил гарган архидан согтуурах, татварын хэлтсийн ажилтан, албан хаагчидтайгаа зүй бус харьцах зэрэг зөрчлийг удаа дараа гаргасан талаар хэд хэдэн гомдлыг Х******* аймгийн татвар төлөгчид болон Х******* аймгийн татварын хэлтсээс Татварын ерөнхий газарт ирүүлээд байна. 

Үүнтэй холбоотойгоор В.Б нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлж ажиллаагүйг нотлох үндэслэл болох бөгөөд тухайн үед Гааль, татварын ерөнхий газар Засгийн газрын тогтоолоор татан буугдаж, Татварын ерөнхий газрыг шинэчлэн байгуулах хугацаанд тухайн асуудлыг ёс зүйн хороогоор хэлэлцүүлэх шаардлагатай болсон.

Татварын ерөнхий газрын Төрийн албаны салбар зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хороог 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулсан болно. Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б******* дугаарын тушаалаар Х******* аймгийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч В.Б-г үүрэгт ажлаас нь чөлөөлж, Татварын ерөнхий газрын мэдэлд шилжүүлж шийдвэрлэсэн.

Ирүүлсэн гомдлын хүрээнд авч үзэхэд: Х******* аймаг дахь бизнес эрхлэгч иргэн аж ахуй нэгжийн төлөөлөл гэх нэр бүхий 93 хүний Татварын ерөнхий газрын даргын нэр дээр ирүүлсэн гомдол, Х******* аймгийн татварын хэлтсийн жолооч ажилтай Ч.Э-ын “өөрийг нь зодож гэмтээсний улмаас бэртэл учирсан” талаарх Х******* аймгийн татварын хэлтэст гаргасан гомдол, Х******* аймгийн татварын хэлтэст иргэн Н.Д-с “өөрт учирсан хохирлоо барагдуулах талаар” гаргасан гомдол зэрэг 3 гомдлын хүрээнд асуудлыг шийдвэрлүүлэхээр Ёс зүйн хороонд хүргүүлэхээр бэлтгэж байна.

Мөн В.Б-г ямар нэгэн албан тушаалаас халах тухай Татварын ерөнхий газрын даргын шийдвэр гараагүй бөгөөд өөр албан тушаалд томилох эсэх талаар судалж, өөртэй нь зөвшилцөж байгаа болно. Иймд энэ хэргийн хүрээнд асуудлыг эцэслэн шийдвэрлэх нөхцөл боломж бүрдээгүй байгаа тул хэргийг түдгэлзүүлж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч анх 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд хандаж Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж улмаар 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/******* дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлсэн бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаас Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/******* дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах гэсэн шаардлагуудаас тус тус татгалзан үлдэх “Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б******* дугаар тушаалыг бүхэлд нь, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/******* дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулан Х******* аймгийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлагыг дэмжиж байгаагаа 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд бичгээр илэрхийлсэн тул шүүх уг шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон нэхэмжлэгч түүний өмгөөлөгч, хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Маргаан бүхий тушаалуудыг нэхэмжлэгчийн зүгээс “...миний хийж байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байхад чөлөөлөөд, надтай зөвшилцөлгүй шилжүүлэн томилсон нь хууль бус...” гэж, хариуцагчийн зүгээс “Бүтэц өөрчлөгдсөн, мөн В.Б-н талаар гомдол санал их ирж байсан тул чөлөөлсөн бөгөөд энэ тухай нэхэмжлэгчид мэдэгдэн шилжүүлэн томилсон нь хууль зөрчөөгүй” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б******* дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд:

Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б******* дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 271.6.4, 271.6.9, Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолын 2, 3 дахь заалт, Сангийн сайдын 2016 оны 301 дүгээр тушаалыг тус тус үндэслэн Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолын 3 дахь заалтаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гааль, татварын ерөнхий газар татан буугдсантай холбогдуулан тус газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б******* дүгээр тушаалаар Гааль, татварын ерөнхий газрын харъяа Х******* аймгийн Татварын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, албан үүргийг түр орлон гүйцэтгэгч В-ын Б-г 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс Татварын ерөнхий газрын мэдэлд шилжүүлсэн байна.

Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б******* дүгээр тушаалаар Х******* аймгийн Татварын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Чулуундайн Хуншагайг томилсон байна.

Уг тушаалыг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч Татварын ерөнхий газарт хандахад тус газраас 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 03*******4 дүгээр албан бичгээр “...таныг ажлаас халаагүй, шилжүүлэх буюу сэлгэн ажиллуулахаар Татварын ерөнхий газрын мэдэлд түр шилжүүлсэн байна...Төрийн албаны зөвлөлд хандах эрхтэй” гэсэн хариуг өгсний дагуу Төрийн албаны зөвлөлд хандахад 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1213 дугаар албан бичгээр шүүхийн байгууллагад хандах нь зүйтэй гэсэн байна. 

Нэхэмжлэгч В.Б нь Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 371 дүгээр тушаалаар Х******* аймгийн Татварын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон улмаар 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Б/318 дугаар тушаалаар жинхлэн томилогджээ.

2016 онд Гааль, татварын ерөнхий газрын эрхзүйн байдлын тухай хууль батлагдаж улмаар Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар тус тус нэгтгэн зохион байгуулагдаж Гааль, татварын ерөнхий газар болсноор тус газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар албан үүргээс чөлөөлөгдөж, 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар буцаан томилогджээ.

Гааль, татварын ерөнхий газрын даргын /хуучнаар/ 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б******* дүгээр тушаалаар Улсын Их Хурлаас Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн бүдүүвчийг шинэчлэн баталж тус газар нь Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Татварын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийн нэгж батлагдах хүртэл зохион байгуулалтын бүтцийн болон харъяа нэгжийн дарга нарыг чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

Дээрх бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт бүрт нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын байрны нэршил болон албан тушаалын чиг үүрэгт өөрчлөлт ороогүй болох нь Татварын ерөнхий газрын 2013 оны 3 дугаар сарын 25, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр баталсан Аймгийн Татварын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтуудаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана: төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллуулах ёстой байсан байна гэж шүүх үзлээ. 

Харин маргаан бүхий Б******* дугаар тушаалын хувьд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан гарсан тушаал боловч, Гааль, татварын ерөнхий газар өөрчлөн зохион байгуулагдсантай холбогдуулан нэхэмжлэгчийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б******* дүгээр тушаалаар чөлөөлөөд, үүрэг гүйцэтгэгчээр буцаан томилсон тул түүнийг дахин чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Х******* аймгийн татварын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан атлаа Х******* аймгийн Татварын хэлтсийн даргаар эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасныг шүүхийн зүгээс Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд дараахь зарчмыг баримтална: төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” гэсэн зарчмын дагуу нэгэнт шүүхээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөхөөс хамгаалж байгаа тул дахин маргаан үүсэх нөхцөл байдлыг бий болгох шаардлагагүй гэж үзэж ханган шийдвэрлэсэн болно.

Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/88 болон Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн А/03 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар Аймгийн татварын хэлтсийн зохион байгуулалтын бүтцийг тус тус баталсан байх бөгөөд энэ үед ч нэхэмжлэгчийн ажлын байр, албан тушаалд өөрчлөлт ороогүй байна.

Татварын ерөнхий газар, Х******* аймгийн татварын хэлтэс болон Б******* дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын цалин, зэрэг дэв, төрийн алба хаасан хугацааны нэмэгдийн талаарх баримтыг шүүх цуглуулсан боловч нэхэмжлэгч цалингийн зөрүү гаргуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, энэ талаар шүүх хуралдаан дээр тодруулсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/******* дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/******* дугаар тушаалын хавсралтаар нэхэмжлэгч В.Б-г мөн өдрөөс эхлэн Б******* дүүргийн Татварын хэлтсийн Эрсдэл, статистикийн тасгийн Татварын улсын байцаагчаар томилжээ.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно”, 22.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчтэй зөвшилцсөн талаар баримт байхгүй байх бөгөөд нэхэмжлэгч өөрөө зөвшөөрөөгүй байна. 

Хэдийгээр хариуцагчаас нэхэмжлэгч В.Б-тэй түүнийг сэлгэн эсхүл шилжүүлэн ажиллуулахаар ярьж болох талаар ганцаарчилсан уулзалтаар ярилцаж, сэлгэн ажиллуулахаар аман тохиролцоо хийсэн гэх боловч энэ нь баримтаар тогтоогдоогүйн зэрэгцээ маргаан бүхий захиргааны акт сэлгэн болон шилжүүлэх ажиллуулах утгаар гаргаагүй, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль болон Татварын ерөнхий хуулиар Засгийн газрын агентлагийн дарга, Татварын ерөнхий байцаагчид “ажилтны томилж чөлөөлөх, тушаал гаргах” гэсэн нийтлэг эрх олгосон заалтуудыг баримталсан нь нэхэмжлэгчийн төрийн албанд тогтвортой ажиллах эрхийг хөндөх үндэслэл болохгүй юм.

Х******* аймгийн бизнес эрхлэгч, иргэдээс 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Татварын ерөнхий газрын даргад, Х******* аймгийн Татварын хэлтэст жолооч Ч.Э-ээс Татварын хэлтсийн хамт олонд хандан гомдол тайлбар ирсний улмаас чөлөөлсөн гэж хариуцагч тайлбарлах бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс уг тайлбарыг “албан ажлын хүрээнд хийсэн хяналт, шалгалтыг иргэд, аж ахуйн нэгж эсэргүүцсэн” гэж няцаах боловч маргаан бүхий актын үндэслэлд энэ талаар заагаагүй, түүнчлэн нэхэмжлэгч В.Б-г уг зөрчил гаргасан эсэхийг нягтлан шалгаагүй, Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь илэрхий, нэхэмжлэгчийн 2014, 2015 оны үр дүнгийн гэрээг хариуцагчаас дүгнэн “Сайн” үнэлгээ өгч, цаашид сунган ажиллахаар шийдвэрлэж байсан байх тул шүүхээс энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

Иймд дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.3-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана” гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч В.Б-ийн “Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/******* дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн  шаардлагаас татгалзсаныг баталж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана: төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах”, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно”, 22.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно” гэж заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б******* дугаар тушаалыг бүхэлд нь, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/******* дугаар тушаалын нэхэмжлэгч В.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Х******* аймгийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 66.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан В.Б-ийн нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газрын даргад холбогдох “...Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/******* дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.2, 27 дугаар зүйлийн 27.2.3-т тус тус заасныг баримтлан В.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б******* дугаар тушаалыг бүхэлд нь, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/******* дугаар тушаалын нэхэмжлэгч В.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Х******* аймгийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд В.Б-г эгүүлэн тогтоосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч В.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.ОДМАА

                               ШҮҮГЧ                           Д.ЧАНЦАЛНЯМ

                                                                          Б.МӨНХ-ЭРДЭНЭ