| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/00844/И |
| Дугаар | 151/ШШ2016/01119 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 151/ШШ2016/01119
| 2016 оны 11 сарын 01 өдөр | Дугаар 151/ШШ2016/01119 | Төв аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
нэхэмжлэгч: Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар, /РД:3861724/-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, Цээл сум, 1-р баг, Оргил хөшигт, 1-р гудамж, 16 тоотод оршин суух,Өөлд овогт Цэрэндоржийн Гончигжав /РД:НЩ55071673/-т холбогдох,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Гончигжав нь 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 120 тоот Улсын нөөцөөс бараа, материал зээлээр олгох гэрээ байгуулсан. Хариуцагч талд хаврын тариалтанд 1 тонныг 800.000 төгрөгөөр тооцож, урьдчилгаа төлбөр болох 30 хувийг 1.680.000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын 900031005 тоот дансанд төвлөрүүлж, үлдэгдэл төлбөр болох 70 хувийг зээлийн гэрээний 2.9 дэх хэсэгт заасан хугацаанд бэлэн мөнгөөр Онцгой байдлын ерөнхий газрын 900031005 тоот дансанд шилжүүлсэн байх нөхцөлтэйгөөр Улсын нөөцөөс 7 тонн үрийн буудай зээлээр олгосон. Зээлийн гэрээний 2.9 дэх хэсэгт заасан гэрээний хугацаа дууссан тул үлдэгдэл төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дууссан тул үлдэгдэл төлбөр 3.920.000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 3.990 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар нь Ч.Гончигжавт холбогдуулан, бараа, материал зээлээр олгох гэрээний төлбөр 3.920.000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 3.990 нийт 3.923.990 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Гончигжав нь 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага болох 3.923.990 төгрөгт, үрийн буудайгаар төлбөрийг барагдуулсан байна.
Мөн нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 69 дугаар албан бичгээр нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа илэрхийлсэн хүсэлтийг шүүхэд ирүүлжээ. /хх -35, 37/
Шүүх, хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хүсэлт, төлбөр төлсөн баримт зэргийг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбарын нэхэмжлэлтэй,Ч.Гончигжавд холбогдуулан, бараа, материал зээлээр олгох гэрээний төлбөр 3.920.000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 3.990 нийт 3.923.990 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаарзохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ