Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 247

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Д.Эрдэнэсоёл,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунтөгс,

Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914005590338 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 17-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,  Б.Х

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 08 дугаар сарын 08-аас 2019 оны 08 дугаар сарын 09-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар баг 35Б-16 тоотод Б.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би найз Эийн хамт 2019 оны 08 дугаар сарын 08-ны орой Эийн гэрт 1 том пиво, бас 1 шил архи уусан. Тэгээд Э ах манай дүү Тгийн хамт ирсэн. тэгээд Э гадагшаа шээх гээд гарсан Э бас араас нь гараад хоорондоо маргаад байхаар нь би гарч тэднийг гэрт оруулсан. Тэгтэл Э тэгээд шууд яваад өгсөн. Гэрт Э, Т бид 3 үлдээд 1 шил архиа Э бид 2 хувааж уугаад нэлээн согтсон. Тэгж байхад Эын эхнэр Г ирж Эыг аваад явсан. тэгээд нэг мэдэхэд бас би Эийн гэрт ганцаараа байсан. Би өөрөө тасраад байсан учир нэг мэдэхэд л Г ирсэн бас нэг мэдэхэд би ганцаараа байсан. Тэгээд би дүү Т руу залгаад гудамжинд гараад уулзса...Өөр ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 40/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч Б.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2019 оны 08 дугаар сарын 09-ний орой гэртээ байж байгаад Х намайг дуудахаар нь би Тэмүка гэдэг хүүхэдтэй хамт Хын найзынд нь очсон...Тэгээд нэг мэдэхэд би ганцаараа гэр рүүгээ ганцаараа гудамжинд шөнө алхаж байгаад сэрсэн. Тэгэхэд би ганцаараа байсан ба гудамжинд явж байхад араас түргэний машин ирсэн ба манай эхнэр бас ирсэн. Тэгээд би эмнэлэгт ирэхэд миний баруун гуянаас цус гарч байсан ба баруун хөлийн эрхий хуруу, баруун гарын бугалга орчимд тус тус зүсэгдсэн. Баруун нүд, хамар орчимд хавдсан байсан.../гэх мэдүүдэг хх-ийн 20-21/

...Х бид 2 эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан... гэх мэдүүлэг / хх-ийн 47/,

4. Гэрч М.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би уг нь эмнэлэгт хэвтэж байсан юм. Тэгээд тэр шөнө Хын дүү Тэмүка буюу Т над руу залгаад “Э ах Х 2 хоорондоо маргалдаад хэрэлдээд байна та хүрч ирээд аваадах Хөх толгойд айлд байна” гээд Хын найзынх нь гэрийг зааж өгсөн. Тэгээд би шөнө ганцаараа тэр айлд нь яваад очиход гэрт нь Х, Э хоёр л байсан. Т болохоор надад гэрийг нь зааж өгчихөд өөрөө гэр рүүгээ яваад өгсөн...Би Эыг тасарсан байна гэж бодоод өргөөд авч гарч явсан. Тэгээд гудамжийг нь тойроод арын гудамж руу орж явтал Э хөл өвдөөд байна гээд газар суусан. Тэгээд би утасны гэрэл тусгаад харахад баруун хөлийн өмдний цаанаас цус нэвтэрч хөл нь доголж байсан хамрынхаа баруун хэсэгт жаахан шалбарч хамраас нь шүүс гоожсон байсан. Тэгэхээр нь би тэнд суулгаж байгаад түргэн дуудсан. Түргэний машиныг хүлээж байхад Х дүү Тгийн хамт хүрч ирсэн. Тэгээд түргэний машин ирээд эмнэлэг рүү Эыг авч явж оёдол тавьсан чинь баруун гуя, баруун гарны бугалга орчим, баруун хөлийн эрхий хуруу орчимд зүсэгдсэн шархтай, баруун нүд нь жаахан хөхөрч хамрын орчимд жаахан шархтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26/

5. Гэрч Б.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би тэгэхэд байгаагүй учир мэдэхгүй байна. 09-ний өглөө би Хтай уулзахад л “Эт мэс хүргэсэн юм шиг байна” гэж надад хэлж байсан. Тэгээд би гэртээ хутгаа үзэхэд урд орой нь хоол идэж байсан жижиг шар хутга алга байна лээ. Хаашаа хийснийг нь мэдэхгүй хутгаа олоогүй...гэх мэдүүлэг / хх-ийн 25-27/

6. Арван найман насанд хүрээгүй гэрч Ж.Бн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:      

…2019.08.08-ны орой 23 цагийн орчимд би гэртээ унтах гээд байж байтал Э ах над руу залгаад хүрээд ир гэсэн. Манайх Э ахынх болон Эийнхтэй ойрхон байдаг юм. Тэгээд би ганцаараа Э ахынд очиход нэлээн согтуу байсан ба “Х дээр очоодохъё” гэсэн. Тэгээд би Х ахыг хаана байгаа юм гэж асуухад “ойрхон айлд байгаа” гэж байсан. Э бид 2 хамт Х ахын найз Эийнд очиход манай айх Х Э ах 2 байсан. Тэр 2 хамт том 2 литрийн савтай пиво, архи тавьчихсан пивоо ууж байсан. Тэгээд' Х ах, Э, Э нар хамт архи пивоо уусан. Тэд нар нэлээн согтуу гуйвцгааж байсан. тэгээд зүгээр байж байтал Э ах бие засах гээд гарсан. Тэгтэл гадаа том дуугараад байхаар нь Х ахын хамт би гарахад Э, Э нар маргаж байсан. тэгэхээр нь Х ах гэрт тэднийг оруулаад гэрт ороод Э ах Э ах нар маргаж байгаад Э ах гадагшаа яваад өгсөн. Э, Э нар зодоон хийгээгүй. Э ахын гэрт Э ах Х ах бид 3 үлдээд Э, Х ах нар маргаж сүүлдээ биетэйгээ барилцаж авсан. Би тэднийг салгах гэсэн чинь чадахгүй болохоор нь Э ахын эхнэр рүү нь залгаад “зодоон хийгээд байна хүрээд ир” гэж дуудсан. Би тэгээд гэрт үлдээгээд гадагшаа гудамжинд гараад Г эгчийг хүлээж ирэхээр нь Э ахын гэрийг зааж өгөөд шууд цаашаа гэртээ харьсан. Тэгээд 2019.08.09-ний өдөр болчихсон шөнө дунд болж байсан. тэгээд гэртээ байж байтал Х ах залгаад “худаг дээр хүрээд ир” гэхээр нь гараад худаг дээр очиход ах гудамжинд гарчихсан худаг дээр очсон байсан. Х ах бид 2 уулзаад гэр рүүгээ алхаж явахад Э ах гудамжинд орилохоор нь бид 2 буцаж очиход Э ах Г эгч 2 байсан. Тэгээд эгч түргэн, цагдаа дуудаад түргэн ирж Э ах Г 2 эмнэлэг рүү явж би Х ахын хамт цагдаа дээр ирсэн. гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

7.Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 489  дугаартай дүгнэлт:

1. Б.Эын биед баруун шуу, гуя, хөлийн хуруунд шарх, хамарт зулгаралт, баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2.Дээрх баруун шуу, гуя, хөлийн хуруунд шарх, хамарт зулгаралт, баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн яадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-н 13-12 / болон хавтаст хэргийн 51 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Хын урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 44-46 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Хын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 62 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцож гэм буруугийн талаар мэтгэлцэх зүйлгүйгээ илэрхилйсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Х нь 2019 оны 08 дугаар сарын 08-аас 2019 оны 08 дугаар сарын 09-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар баг 35Б-16 тоотод Б.Эрдэнэ-Очрыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт  болсон нь хохирогч Б.Э, арван найман насанд хүрээгүй гэрч Б.Т, гэрч М.Г, Б.Э нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 489 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Хыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Б.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.Хт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “ учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх  нь зүйтэй гэж дүгнэлээ.

Харин шүүгдэгч Б.Хын эзэмшлийн Samsung маркин гар утсыг битүүмжилсэн 2019 оны 09 дүгээр сарын 06-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Б.Х буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Хт авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Х нь энэ хэргийн  улмаас  цагдан  хоригдсон  хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  болохыг тус тус  дурдав.  

Шүүгдэгч Б.Х нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                          

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд   тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Б.Хыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 /  төгрөгөөр торгох ялаар    шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Хт оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 /  төгрөгөөр торгох шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч Б.Х нь  бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  болохыг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  1.1,  36.8 дугаар зүйлийн  1.8-д  зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Б.Хын эзэмшлийн Самсунг маркийн  гар утсыг битүүмжилсэн 2019 оны 09 дүгээр сарын 06-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг  хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Б.Хт буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн   1.5-д   зааснаар шүүгдэгч Б.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д  зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй  болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  шүүгдэгч Б.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ