Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 151/ШШ2016/01098

 

 

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 151/ШШ2016/01098

Төв аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

нэхэмжлэгч: Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар, /РД:3861724/-ын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Төв аймаг, Цээл сум, 3-р баг, Майхан, өөрийн байранд байрлах, Хөндлөн хангай ХХК, /РД:2159198/-д холбогдох,

Бараа, материал зээлээр олгох гэрээний төлбөр 16.800.000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 8000 төгрөг, нийт 16.808.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөндлөн хангай ХХК-н захирал Н.Алтанпүрэв нь 2015 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 80.1 тоот Улсын нөөцөөс бараа, материал зээлээр олгох гэрээ байгуулсан. Хариуцагч талд хаврын тариалтанд 1 тонныг 800.000 төгрөгөөр тооцож, урьдчилгаа төлбөр болох 30 хувийг 7.200.000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын 900031005 тоот дансанд төвлөрүүлж, үлдэгдэл төлбөр болох 70 хувийг зээлийн гэрээний 2.9 дэх хэсэгт заасан хугацаанд бэлэн мөнгөөр Онцгой байдлын ерөнхий газрын 900031005 тоот дансанд шилжүүлсэн байх нөхцөлтэйгөөр Улсын нөөцөөс 30 тонн үрийн буудай зээлээр олгосон. Зээлийн гэрээний 2.9 дэх хэсэгт заасан гэрээний хугацаа дууссан тул үлдэгдэл төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дууссан тул Хөндлөн хангай ХХК-аас үлдэгдэл төлбөр 16.800.000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 8000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Хөндлөн хангай ХХК шүүхэд өгсөн хариу тайлбартаа: Манай компани нь 2015 оны хаврын тариалалтаар Жаргалант сум дахь үрийн нөөцийн салбараас 30 тонн улаанбуудай зохих журмын дагуу худалдан авч тариалалт хийсэн боловч цаг агаарын таагүй нөхцөлөөс болж ургац 100 хувь алдсан. 2016 онд 80 га талбайд улаанбуудай тариалалт хийж 80 тонн улаанбуудай хураан авсан. Иймд 2016 оны 11 дүгээр сарын 1-ний дотор төлбөрийг барагдуулах болно гэжээ. 

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар нь хариуцагчХөндлөн хангай ХХК-аас нийт 16.808.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Хөндлөн хангай ХХК нь 16.808.000төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ. /хх 23/

Шүүх, хэрэгт авагдсан бичгийн баримтыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ. 

Иймд Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Хөндлөн хангай ХХК нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Хөндлөн хангай ХХК нь нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох 241990 төгрөгийн 50 хувь 120995 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд тушааж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дугаар зүйлийн 74.1, 74.2-т тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбарын нэхэмжлэлийн шаардлага16.808.000 төгрөгийг хариуцагч Хөндлөн хангай ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Хөндлөн хангай ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид ногдох 241990 төгрөгийн 50 хувь 120.995 төгрөгийг гаргуулж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд тушааж, улсын орлогод оруулсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                            Д.АЛТАНТУУЛ