| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0253/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/253 |
| Огноо | 2019-09-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2019/ШЦТ/253
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга: Б.Оюунтөгс,
Шүүгдэгч: Б.Ү, нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Үд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914005210334 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, Б.Ү
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.Ү нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өглөө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах жуулчны бааз дээр Б.Дийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Үгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2019 оны 07 дугаар сарын 10-ны өглөө Б.Д нь манай найз Гтой маргалдаад байхаар нь очиж салгасан юм тэгээд би найз охинтойгоо бие засаж ирээд найз охин Быг гэрт оруулчхаад ******* Д хоёр дээр очсон тэр хоёр гэрийн зүүн хойно хоорондоо маргалдаад байсан. Тэгж байтал Д *******ыг мөргөсөн тэр үед би Дийг зөрүүлж гараараа цохисон тэгээд би Гыг авч гэрт орсон цагдаа нар араас ирсэн Д шүд унасан талаар хэлсэн тийм зүйл болсон. Би Дийн нүүр хэсэгт 1 удаа гараараа цохисон. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч энэ үйлдэлдээ харамсаж байна...Өөр ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ү мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч Б.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2019 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжсэн өдрийн өглөө нь тэнд байсан залуучуудтай манай найзууд маргалдаж би дундуур нь орж салгах гэж яваад цохиулж миний үүдэн гурван шүд хугарсан миний хувьд гэвэл би С гэх залуутай юм ярьж байсан талаар санаж байна хэн намайг цохисон талаар санахгүй байгаа ямар ч байсан ам орчим өшиглүүлсэн талаар санаж байна. байгаа. Миний үүдэн 3 шүд хагарсан өшиглүүлж хугарсан би С гэх залуу өшиглөсөн байх гэж бодож байгаа сүүлд уулзахад Ү гэх залуу намайг цохисон талаар хэлсэн. Ү намайг цохисны улмаас миний үүдэн 3 шүд унаж хохирол учирсан. Би Улаанбаатар хотод байх шүдний эмнэлгээс асуухад 3 шүд 9 сая болно гэж хэлсэн. Би хохирлоо барагдуулж авмаар байна өөр гомдол хүсэлт байхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 5-6 /,
... Би эрх үүрэг, хохирогчоор тогтоосон тогтоолтойгоо танилцлаа. Худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар ойлгож мэдсэн. Би өмгөөлөгч авна. Одоо өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би Монгол хэл мэднэ бичиг үсэг сайн мэднэ. Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ надад нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан зүйл үнэн. Миний үүдэн гурван шүд унасан тэр шүдийг Б.Ү цохисон тэгээд унаж миний эрүүл мэндэд хохирол учирсан. Миний шүд унасан миний хохирол 9 сая төгрөг болж байгаа би Улаанбаатар хотод байх шүдний эмнэлгээс асууж мэдсэн юм. Миний хохирол барагдуулаагүй байна барагдуулж өгнө гэсэн гэрээ хийсэн байгаа. Автобус унаагаар явсан замын баримт түр шүд хийлгэсэн ажлаас чөлөө авсан хоног цалин бодуулсан байгаа нийт 750000 төгрөг баримт байгаа одоогоор баримт алга байна шүүх прокурорын шатанд гаргаж өгнө. Миний хохиролыг барагдуулж шүдээ хийлгэж авмаар байна өөр надад гомдол санал байхгүй. Миний хэлсэн зүйл үнэн нэх мэдүүлэг /хх-ийн 51/
4. Гэрч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
…Миний ярьсан зүйл үнэн тэр өдөр юу болсон талаар тодорхой санаж байгаа. 2019 оны 07 сарын 09-10-нд шилжих шөнө би тухайн үед архи нэлээд уусан байсан тэгээд муудсан байсан С нэг хүнтэй маргалдаад байхаар нь болиоч гэж хэлээд явж байхад би Дтой таарсан тэгтэл намайг мөргөсөн хажууд нь манай найз Ү байсан тэгээд намайг өмөөрч Ү, Дийн нүүрэнд гараараа цохисон тийм зүйл болсон. Дийн шүдийг Ү цохиж байхад бид 3 байсан өөр хүн байгаагүй цохиулсны дараа бусад найз нөхөд хүмүүс мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 18/
... Миний ярьсан зүйл үнэн тэр өдөр юу болсон талаар би тодорхой санаж байгаа тухайн үед архи нилээд уусан байсан тэгээд муудсан байсан С нэг хүнтэй маргалдаад байсан тэгээд болиоч гэж хэлээд явж байхад би Дтой таарсан тэгтэл намайг мөргөсөн хажууд нь манай найз Ү байсан тэгээд намайг өмөөрч Ү, Дийн нүүрэнд гараараа цохисон тийм зүйл болсон. Тухайн үедээ санахгүй байсан өглөө нь сэрээд юу болсон талаар тодорхой санаж өгөхгүй байсан сүүлдээ юу болсон талаар тодорхой санаж эхэлсэн юм. Дийг шүдийг Ү цохиж байхад бид гурав байсан өөр хүн байгаагүй цохиулсаны дараа бусад найз нөхөд хүмүүс мэдсэн юм. Намайг миний нүд орчимд мөргөсөн тухайн үед зүгээр байсан болохоор энэ талаар би цагдаад мэдүүлэг өгөхдөө хэлээгүй юм надад ямар нэгэн санал хүсэлт оайхгүй үзүүлэх шаардпага байхгүй гэж би бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/
5. Гэрч С.Ягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Сын хамт гэртээ байж байхад 'аднаас нэг залуу орж ирээд манай найз Сыг өшиглөсөн тэр үед би зодоон оолж байгаа талаар мэдэж цагдаад хандсан тэгээд гэрээс гарч ирэхэд хүмүүс бужиганаад манай найзууд хүмүүстэй бужигнаад байсан. Би ногоон пудволктой залууг цохиулж зодуулж байхыг хараагүй. Цагдаа лээр манай найзууд болон нөгөө талын танихгүй гурван залууг авч ирэх үед ногоон пудволктой залуугийн амнаас цус гарчихсан байхыг харсан тэгээд эрүүлжүүлэх байранд ороод шүд унасан талаар мэдсэн. Манай найз С, Ү эхнэр Бааска нар болон өөр залуучууд байсан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглсэн согтуурал шалгах багаж үлээхэд 1.85% гарсан байсан одоо эрүүл болсон байна. гэх мэдүүлэг /хх-ийн 07-08/
6. Гэрч Б.Чийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би гэрчийн эрх, үүрэгтэй танилцлаа. Би эрүүгийн хуульд заасан худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагыг ойлголоо. 2019 оны 07 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө найзуудтайгээ Жуулчны баазад очиж хоол унд хийж идэж уусан тэгээд шөнө нь ой тэмдэглэж байсан найзынхаа гэрт нь орсон тэгээд би буцаж Д гэх найзтайгаа нойл орох гэж явах хооронд С гэх залуутай маргалдсан тухайн үед юу болсон талаар сайн санахгүй байгаа би тэгээд гэрт унтаж байсан эхнэр Намуунд цагдаад дуудлага өг гэж хэлээд дуудлага өгүүлсэн тэгээд цагдаа нар ирсэн энэ үед манай найз Дын шүд нь унасан байсан тийм зүйл болсон. С гэх залуу би бөх хүн байна гэж хэлээд байсан тэрнээс болж маргалдах болсон бусад зүйлийн талаар би санахгүй байна. Нилээд хэрэглсэн байсан зарим зүйлийн талаар санахгүй байгаа гэхдээ би биеэ авч явах чадвартай байсан.гэх мэдүүлэг /хх-ийн 9/
7. Гэрч М.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би гэрчийн эрх, үүрэгтэй танилцлаа. Би эрүүгийн хуульд заасан худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагыг ойлголоо. 2019 оны 07 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө найзуудын хамт Баянхонгор сумын доор байрлах жуулчны баазад хоносон шөнө нь хажуу айлын гэрийн хүмүүстэй маргалдсан тэгээд би Ч гэх залуутай нь ярьж хөөрч маргалдаад яах бэ гэж хэлээд тохироод гэрт ороод сууж байхад нэг залуу нь орж ирээд шууд намайг эрүүнд өшиглөсөн тэгээд цагдаа нартай цагдаа газар ирсэн гадуур дотуур юу болсон талаар мэдэхгүй би зодоон цохион хийсэн талаар мэдэхгүй байна. Би цохиогүй Дыг хэн цохисон талаар мэдээгүй шүд унасан талаар жуулчны бааз дээр мэдсэн манай гэрт орж ирээд шүдээ харуулаад байсан тухайн үед Ч, Я бид гурав байсан. гэх мэдүүлэг /хх- ийн 12-13 /
8. Гэрч Г.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 07 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө сургуулийн ой болоод бага анги нөхдийн хамт Жуулчны баазад гэр авч тэнд уулзаж би маргааш ажилтай байсан учир гэрт амарсан юм тэгээд унтаж байхад гадаа дуу гараад пижигнээд байсан тэгээд гэрт манай найз Ч орж ирсэн намайг цохичихлоо гэж хэлж орж ирсэн би өөдөөс хэн цохисон талаар асуухад хүн цохилоо гэж хэлсэн тэгээд гарч ирэх гэж байхад ******* гэх залуу цээж нүцхэн таарч гэрт орж ирсэн тэгээд ална гэж хэлээд Ч бид хоёр руу дайрсан би Сыг тэвэрч авсан Сыг дагаж дээлтэй залуу, цагаан монгол цамцтай залуу орж ирсэн тэгээд зууралцаж байгаад салгаж би гарч ирсэн гарч ирээд Д дээр очиход цохиулчихсан амнаас цус гарчихсан би юу болсон талаар асуухад цохиулсан гэж хэлсэн тэр үед би машинаа асааж цагдаа дээр ирсэн тэр үед дуудлага өгсөн жуулчны бааз руу очих гэж явсан талаар хэлсэн тэгээд би буцаж иргэж очсон тэгээд цагдаа дээр хамт ирсэн С гэх залуу машинд явж байхад зодох гэж дайраад байсан эрүүлжүүлэх дотор байхад намайг доромжилоод юм хэлээд байсан тухайн үед би найзаасаа асуухад найз цохиулчихлаа гэж хэлээд байсан. Би тэр талаар хараагүй болохоор мэдэхгүй байна.С гэх залуу байх гэж бодож байна учир нь тэр залуу гэрт орж бид нартай барилцаж аваад ална гэж хэлээд дайраад байсан тэрний дараа гэрээс гарч ирэхэд манай найз цохилчихсан шүд унасан байсан. гэх мэдүүлэг /хх- ийн 14 /
9. Гэрч С.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 07 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө манай нөхөр Үгийн найзууд хотоос ирсэн тэгээд жуулчны баазад хүргээд өгчих гэж хэлсэн тэгээд найзууд болох С, Я мөн хоёр найзын хамт Баянхонгор сумын доор байрлах Жуулчны баазад хүргэж өгсөн тэгээд явах гэхэд тэд нар орой болчихлоо энд хоноод яв гэж хэлсэн энэ үед би нөхөр Үгийн хамт унтсан тэд нар архи уугаад юм яриад сууж байсан тэгээд өглөө 04 цагийн үед орлиод байсан тэгээд босож ирээд харахад гэрт хүн байхгүй байсан тэгээд нөхөр Үг сэрээсэн тэгээд гадаа юу болоод байгаа юм гэж хэлээд гарахад С болон нөгөө талд байсан залуус хоёр талд хуваагдчихсан гадаа маргалдаж байсан тэгээд би бие засах гэж явсан энэ үед хоорондоо маргалдаж орлилдоод байсан бие засаад эргэж явж байхад гэрийн араас намхан ногоон подволктой залуу гарч ирсэн тэгээд миний шүдийг цохиулчихлаа гэж хэлсэн намайг харахад уруул хавдчихсан цус гараад гоожоод хатчихсан байсан тэгээд би гэртээ ороход гэрт С, нөгөө талын саарал цамцтай ах, мөн нөгөө дээлтэй ах тэр гурав ширээ тойроод сууж байсан тэгтэл шүдээ цохиулсан ах, бас нэг залуутай орж ирээд миний шүдийг танай талын нэг хүн цохичихпоо гэж хэлээд харуулаад байсан тэгээд яана аа гэж хэлээд юм яриад байсан тэгж байхад цагдаа нар ирсэн тэр үед би нөхрийн хамт гэрээс гарсан. Би тэр талаар хараагүй болохоор мэдэхгүй байна. гэх мэдүүлэг /хх- ийн 15 /
10. Гэрч Ц.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 07 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө 22 цагийн үед Оргил бааранд сууж байгаад хажуу талын кароакенд С болон түүний найз нарын хамт 7 орсон тэгээд 12 цаг гэж кароаке хаалгаад гараад бид нар Жуулчны баазад очиж амарье гэж хэлээд явсан тэнд очоод авч явсан хоёр шил архи, гурван пиво уусан тэгж байхад С гэрээч гарч явсан тэгж байхад гадаа орлиод байсан би юу болсон юм бол гэж бодоод гарч ирэхэд шүдээ “Д" цохиулдаг залуу тэр хоёр гадаа хэрүүл хийгээд зогсож байсан би яах гэж байгаа юм гэж хэлээд салгасан эр хүмүүс хоорондоо хэрүүл хийж болохгүй гэж хэлсэн тэгтэл С тэр залууг хоёулаа гэрт ороод уулзаадах уу гэж хэлээд дагуулж гэрт орсон би өөрийнхөө гэрт Стой хамт явсан манай гэрийн найзуудыг авч орсон гурван найзын хамт нөгөө талын хоёр залуу гадаа үлдсэн тэгж байхад С гэрт орж ирсэн тэгж байхад араас манай найзыг хэн цохисон бэ гэж хэлээд эрүүндээ сахалтай хүн орж ирээд Сыг өшиглөсөн тэгээд би юун шүд хэний шүд бэ гэж хэлээд гарч ирэхэд гэрийн үүдэнд ногоон подволктой намхан залуу зогсож байсан тэр залуугийн шүдийг цохичихсон байсан цуг Т гэх эрээн өмөдтэй залуу байсан өөр хүн байгаагүй тэгж байхад цагдаа нар ирсэн. Би хэн цохисон талаар мэдэхгүй гадаа бид нар таарах үед зүгээр байсан тэгээд С дагуулаад гэрт орсон би тэр үед гэрт орсон тэрний дараа шүд хугарсан байсан би гэрт ороод 5 орчим минут болсон байх тэрний дараа манай найзын шүдийг цохисон байна гэж найз нь орж ирсэн. Би хэрэглсэн байсан гэхдээ өөрийн ухаантай байсан тэнд байсан хүмүүс бүгд согтуу зарим нэг нь тасраад унчихсан байсан. С Д хоёр маргалдсан мөн өөр нэг эрүүндээ сахалтай залуу Стой маргалдсан өөр хүмүүс маргалдсан зуйл байхгүй. гэх мэдүүлэг /хх- ийн 16 /
11. Гэрч Д.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 07 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө найз нөхдийн хамт Жуулчины баазад хоносон тухайн үед би архи уугаагүй байсан юм пиво бага зэрэг уусан байсан юм тэгээд өглөө нь буюу 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр унтаж байгаад гэрээс гарч ирэхэд маргаан болж байсан би юу болж байгаа талаар ойлгоогүй тэгээд бие засаж тамхи татчихаад эргэж гэртээ орох гэж явж байхад ******* Д гэх жижиг залуутай маргалдаж байсан би зайнаас харж байсан юм Д нь *******ыг мөргөх шиг болсон хажууд нь манай найз Ү зогсож байсан ******* доошоо нүүрээ дараад суухад Ү Дийг гараараа цохиж байгаа харагдсан Д нь буцаад явж байгаа харагдсан тэр гурав гэрийн зүүн хойт талд байгаа харагдаж байсан юм тэгээд би гэртээ орж ирэхэд С Гэрэлт-Од нар орж ирсэн араас Д орж ирээд шүд рүү цохисон байна гэж хэлээд бөөн юм болсон тэгээд удалгүй цагдаа ирж тэд нарыг явсан. гэх мэдүүлэг /хх- ийн 19-20 /
11. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 сарын 18-ны өдрийн 449 дугаартай шинжээчийн:
1. Б.Дийн биед баруун доод 1,2 дугаар шүд, зүүн доод 1 дүгээр шүдний булгаралт, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Эдгээр гэмтэлүүд нь амь насанд аюулгүй болно.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 10% алдагдуулна.
5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.шинжээчийн гэх дүгнэлт /хх-ийн 33/ болон хавтаст хэргийн 68 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Үы урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, Б.Үы эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 75 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоол гаргаж , шүүгдэгч хохирогч нар эвлэрч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.
Шүүгдэгч Б.Ү нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өглөө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах жуулчны бааз дээр Б.Дийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Б.Дийн мэдүүлэг, гэрч Б.Г, С.Я, Б.Ч, Г.С, Г.Т, С.Б, Ц.Э, Д.Ж нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 449 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Үг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Б.Үд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.Үд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Үгийн эзэмшлийн Самсунг маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч Б.Үд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Үд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Ү нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.Ү нь урьд ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Үг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Үг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Үд оногдуулсан ялтан Б.Үгоор шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Ү нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэргийн учир шүүгдэгч Б.Ү нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Б.Үы эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Үд буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Үд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Үд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ