Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2018/ШЦТ/255

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,

Улсын яллагч: С.Болорзул,

Шүүгдэгч: О.П,түүний өмгөөлөгч Л.Батбаяр

Шүүгдэгч: А.П, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.П, А.П нарт холбогдох 1914004810310 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүдэгч, Монгол улсын иргэн, А.П,

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч: О.П, А.П нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 20-дийн хооронд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мэргэн 4 дүгээр багийн нутаг “Цагаан эрэг” гэх газраас Ё.Дийн эзэмшлийн 4 тооны хонийг хулгайлж бусдад 640 000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч О.Пын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

... 2019 оны 05 дугаар сард байхаа өдрийг санахгүй байна 17 цагийн үед П над руу яриад 2 уулаа хөдөө явчхаад ирье гэхээр нь би найз нь завгүй байна гэсэн чинь явчих гээд гуйгаад байхаар нь явахаар болсон П намайг гэрт хүрээд ир тэхээр нь гэрт очсон чинь П нь нэг мотоцикл олсон энэ мотоциклоор яваад ирье гээд орой 18 цагийн орчимд хойшоо Баян-Овоо сум гараад явж байсан чинь 30 гаран тооны хонь бэлчээд явж байхыг харсан тэгтэл П гэнэт энэ хонь авъя гэхээр нь би яах юм бэ гэтэл энэ хониноос хулгай хийе гээд байхаар нь би арга буюу зөвшөөрсөн тэгээд тэр хониноос 4 тооны хонь барьж аваад амийг таслаад мотоциклоор 4 тооны хонийг зөөж аймгийн баруун хойд талд авчирч нядалж 4 тооны хонины махыг нь яваад арьс, шир, толгой, гэдэс дотрыг тэнд хаяад 4 тооны хонины махыг мотоцикл дээр ачаад Баянхонгор аймаг явсан төв шатахуун түгээх станцын цаад талд ирээд П өөрийн дүү Пг такси аваад ир гэж дуудсан удалгүй П такси аваад ирсэн уг такси нь цагаан өнгийн жижиг машин байсан бөгөөд улсын дугаар машиныг эзнийг таниагүй. Тэгээд 4 хонины махаа машины тээш болон кабинд ачаад машинд П, П нар суугаад явсан арван мянгатад нэг танихгүй ченж ахын гэрийн гадаа ирээд таксинаас 4 хонины махыг буулгасан П нь уг такситайгаа яваад өгсөн П бид 2 ченж ахин гэрийн гадаа үлдээд хулгай хийсэн 4 хонины махыг ченж ахад манай хонь байгаа юм гаргаад ирлээ гэж худал хэлж 4 хонины махыг 200.000 төгрөгөөр зараад П бид 2 уг мөнгийг хувааж аваад гэр гэр лүүгээ явцгаасан... гэх мэдүүлэг хх-ийн 68 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.П мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3.Шүүгдэгч А.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

 ... 2019 оны 05 дугаар сард би хөдөө явахаар болоод Пыг гэртээ дуудсан тухайн үед манайд хүргэн ах Лгийн улаан өнгийн мустанг 5 маркийн улсын дугаар бичиг баримтгүй мотоцикл байсан учир уг мотоциклоор явахаар болоод удалгүй П ирсэн тэгээд П бид 2 мотоциклоор орой Баян-Овоо сум руу явсан Баянхонгор аймгаас хойшоо гараад явж байтал замд 30 гаран тооны хонь явж байхтай тааралдаж нь Птай харилцан ярилцаж хонь хулгай хийхээр болж 4 тооны хонь барьж аваад 4 тооны хонийг тэнд нядалж гаргаад арьс нэхий, гэдэс, дотор, толгой шийрийг нь тэнд хаяад 4 тооны хонины махыг мотоцикл дээр ачиж Баянхонгор аймаг руу явсан мотоциклтой 4 тооны хонины мах авч явахаар баригдаж магадгүй гэж бодоод Баянхонгор аймгийн баруун урд талд байх төв шатахуун түгээх станц дээр ирээд би өөрийн дүү Пг такси бариад хүрээд ир гээд дуудсан удалгүй дүү П нь такситай цуг хүрээд ирсэн уг таксины жолоочийг танихгүй эрэгтэй хүн байсан таксины улсын дугаарыг хараагүй танихгүй хүн байсан тэгээд таксины ар тээш болон таксины кабин дотор 4 тооны хонины махыг ачиж П бид 2 машинд сууж П мотоциклийг унаад явсан арван мянгатад миний таньдаг Н гэх ченжийн гэр лүү явсан гэрийн гадаа ирээд таксинаас махаа буулгаад таксины мөнгийг нь төлөөд П такситайгаа цуг яваад өгсөн харин П бид 2 үлдэж Н гэх ченж ахад өөрсдийн малаас 4 тооны хонь гаргаад ирлээ гэж худал хэлж 4 тооны хонины махыг 200.000 төгрөгөөр зараад П бид 2 мөнгийг 100.000, 100.000 төгрөгөөр хувааж аваад гэр гэр лүүгээ явцгаасан... гэх мэдүүлэг / хх-ийн 70/

6. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.П мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

7. Хохирогч Ё.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

... Манайх Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мэргэн 4 дүгээр багийн нутаг Цагаан эрэг гэх газраас 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 20-ны хооронд 4 тооны нас гүйцсэн эр хонь алдагдаж тэр хавийн айлуудаар алга болсон байж магадгүй гэж бодоод хайгаад байтал олдоогүй байж байтал 2019 оны 6 дугаар сарын сүүлээр Баянхонгор аймгийн ар талд 4 хонины нэхий хэвтэж байхаар нь үзтэл манай алдсан гэх хонины нэхий мөн байсан бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Цагдаагийн газар өргөдөл гаргаж өгсөн юм...Би энэ хэрэгт 640 000 төгрөгөө нэхэмжилж байна. Гомдолтой байна...гэх мэдүүлэг / хх-ийн 19 /

8. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ё.Д мэдүүлэхдээ: Одоо хохирлоо төлүүлж авсан учир гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

9. Гэрч А.Пгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

 ... 2019 оны 05 дугаар сард байхаа өдрийн сайн санахгүй байна орой 21 цагийн орчимд би гэртээ байж байтал манай төрсөн ах П П 2 над руу яриад аймаг руу мал оруулах гээд байна такси бариад төв шатахуун түгээх станцын хажууд хүрээд ир гэхээр нь амчуулын засмал замаас гар өргөж нэг танихгүй такси зогсоож төв шатахуун түгээх станц дээр очсон таксины нэг танихгүй эрэгтэй ах байсан хэн гэдгийг танихгүй намайг такситай очих үед П ах, П нар нь мотоциклтой 4 хонины махтай зогсож байсан тэгээд таксины багаж дотор 2 хонины махаа ачаад мөн дундуур нь 2 хонины махаа ачаад таксинд П ах суугаад мотоциклийг П ах бариад явсан П ах нэг ченж ахынд очино гээд арав мянгатад нэг айл руу явсан замыг П ах зааж өгөөд арван мянгатад нэг айлд махаа буулгаад таксины төлбөрийг П ах өгсөн тэгээд би такситай гэрүүгээ явсан. гэх мэдүүлэг /хх-ийн 30/

 10. Гэрч Л.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

 ... миний эзэмшилд улсын дугаар бичиг баримтгүй улаан өнгийн мустанг-5 маркийн мотоцикл байсан их муу мотоцикл байсан тул 2019 оны 5 дугаар сард аймгаас шинэ мотоцикл авах болоод хуучин мотоциклийг Пыг унаж хэрэглэж байгаад сум руу явах 'унаа байвал ачуулаад өгөөд явуулчхаарай гээд аймагт Пт үлдээгээд явсан 2018 оны 05 дугаар сарын сүүлээр П миний мотоциклийг өгөөд явуулсан байсан өгөөд муу мотоцикл байсан задлаад эд ангийг хүмүүст өгсөн одоо уг мотоцикл байхгүй. гэх мэдүүлэг / хх-ийн 38-39/

11. Гэрч С.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

... 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн орхой 20 цагийн орчимд би гэртээ байх үед манай хашааны хаалгыг нүдээд байхаар гараад үзтэл танихгүй 2 залуу 4 хонины мах зарах гэсэн юм гэхээр нь махыг нь үзтэл янзын туранхай 4 тооны хонь байхаар нь хиллээд үзтэл нийтдээ буюу 4 тооны хонины мах 58 кг хэмжээтэй байхаар нь худалдан авсан юм.Уг 4 тооны хонины мах нь их туранхай мах байсан бөгөөд мөнгийг бэлнээр өгч явуулсан. гэх мэдүүлэг /хх-ийн 41/

12. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ны 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 359 дугаарт шинжээчийн

1. Нас гүйцсэн эр хонь 4-6 настай 4 толгой нэг бүрийн үнэ 160.000 төгрөг нийт эд зүйлсийн нийт үнэлгээ 640.000 /зургаан зуун дөчин мянган төгрөг/ гэх дүгнэлт / хх-ийн 53-54/

13. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ны 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 406 дугаарт шинжээчийн

1.Мотоцикл нэг ширхэг 100.000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 57-58/ болон хавтаст хэргийн 14-16 дугаар хуудсанд авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 73 дугаар хуудсанд авагдсан багийн Засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 76 дугаар хуудсанд авагдсан багийн Засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 98 дугаар хуудсанд авагдсан ял шалгах хуудас зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.П, А.П нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс шүүгдэгч О.П, А.П нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 20-дийн хооронд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мэргэн 4 дүгээр багийн нутаг “Цагаан эрэг” гэх газраас Ё.Дийн эзэмшлийн 4 тооны хонийг хулгайлж бусдад 640 000 төгрөгийг хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Ё.Д, гэрч Д.Гантулга, Д.Мягмаржав, үнэлгээний Энх-Нахиа ХХК-ийн 359, 406 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч О.П, А.П нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул шүүгдэгч О.П, А.П нарт эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч О.П, А.П нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч А.Пыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзэж, шүүгдэгч А.Пт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Харин шүүгдэгч О.П нь урьд нь Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин / 240 / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж уг ялыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019 оны 09 дүгээр сарын 06-ний өдрөөс эхлэн эдэлж 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар нэг зуун дөчин / 140 / цагийн үлдэгдэлтэй байгаа талаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тодорхойлолт гаргаж ирүүлсэн байна.

Иймд шүүгдэгч О.Пд хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулахдаа хөнгөн ялыг хүндэд нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж үзэж шүүгдэгч О.Пын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн нэг зуун дөчин цаг буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож арван долоо хоногийг шинээр үйлдсэн гэмт хэрэгт нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Пт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлэхээр, шүүгдэгч О.Пд оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч А.П, О.П нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоцикл буюу түүний үнэ нэг зуун мянган төгрөгийг шүүгдэгч тус бүрээр хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, шүүгдэгч А.Пт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

                                                                                            ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.П, А.П нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Пыг зургаан сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Пыг гурван зуун / 300 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2-д зааснаар ялтан О.Пын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн нэг зуун дөчин / 140 / цагийн найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож арван долоо / 17 / хоногийг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг зургаан сар арван долоо / 06 сар 17 хоног / хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар ялтан О.Пд оногдуулсан зургаан сар арван долоо хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан А.Пт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4, зааснаар ялтан А.П нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч О.П, А.П нар нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох мотоцикл буюу түүний үнэ нэг зуун мянган / 100.000 / төгрөгийг шүүгдэгч О.П, А.П нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч О.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч А.Пт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Пд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч А.Пт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ