Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 41

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга ******* овогт *******ийн ******* Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* овогт Жи-гийн Эн- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Эн-т холбогдох 1923000470047 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-3, эцэг, эхийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг, урьд Завхан аймаг дахь сум дундын 12 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар хорих ял ногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Жи-гийн Эн- Регистрийн дугаар: / ИК *****/

Шүүгдэгч Ж.Эн- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Мал хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Жи-гийн Эн- нь 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 21 цагийн орчим Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг “Хонхор бараа” гэх газар бэлчиж байсан адуунаас иргэн Ч.ын 7 тооны адууг хулгайлсан хэргийн үйл баримт нь адуугаа алдсан талаар мэдүүлсэн хохирогч Ч.ын “...2018 оны 07 дугаар сарын 20-ноос тус оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг “Хонхор бараа” гэх газраас өөрийн эзэмшлийн 21 тооны адуунаас 7 тооны морь алдсан юм...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Д.ийн “...2019 оны 08 дугаар сарын 01-ний үед би Эн-аас зөв талын гуян дээрээ 6-гийн тоо тамгатай хээр морь, бусад нь зөв талын гуян дээрээ “Дэгрээ” тамгатай хоёр хар, нэг сартай халтар, хоёр бор хээр морь, хээр, буурал морь 7 тооны адуу авсан. Тэр адуунуудыг би Эн-т зарсан бор мориныхоо өртгөнд авсан юм...” гэсэн мэдүүлгээр, Хохирогч Ч.ын мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Ч.ын “...Тухайн үед нь ******* багийн Хонхор бараа гэх газраас 7 тооны адуугаа алдчихлаа гээд хайгаад явж байсан...” гэсэн мэдүүлгээр, Ж.Эн-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...Би 2018 оны 07 дугаар сарын 20-ны орчим Завханмандал сумын иргэн гэгч залуугаас бор зүсмийн адуу худалдаж авсан юм. 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн орчим утсаар яриад бор адууныхаа мөнгийг авсаар байна гэхээр нь мөнгө байхгүй, адуу авах уу гэхэд тэгье гээд тэгвэл чи өнөөдөр хүрээд ир, хоёулаа Элсний ард Баян нуурын урд уулзъя, би одоо гэрээсээ гараад адуугаараа ороод чамд өгөх адуунуудаа туугаад очъё гэж хэлээд гэрээсээ яваад Баян нуур багийн “Хонхор бараа” гэдэг газар очтол эзэнгүй 7 тооны адуу бэлчээд явж байхаар нь туугаад явсан...” гэсэн мэдүүлгээр болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Ж.Эн-ын дээрх үйлдлийн улмаас хохирогч Ч.т нийт 9.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Завхан аймгийн ******* сумын үнэлгээний комиссын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн эд зүйлийг буюу хохирогч Ч.ын алдсан 7 тооны адууг үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд Ж.Эн-ын үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч Ж.Эн-ын дээрх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үнэллээ. Шүүгдэгч Ж.Эн-ыг Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж бусдын өмчлөлийн 7 тооны адууг нууц далд аргаар авсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Иймд шүүгдэгч Ж.Эн-ыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эзэмшлийн 07 тооны адуу хулгайлсан буюу “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэстэй. Шүүгдэгч. Ж.Эн-т Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Ж.Эн- гэм буруугийн талаар маргаагүй, хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Ч. нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хүлээн зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Ж.Эн-т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй. Шүүгдэгч Ж.Эн- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй учир түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт Жи-гийн Эн-ыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Эн-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Шүүгдэгч Ж.Эн-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

4.Тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн ял ногдуулдаг журамтай болохыг анхааруулсугай.

5.Шүүгдэгч Ж.Эн- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй,түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болно.

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Эн-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА