Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2016/01122

 

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2016/01122

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Баянчандмань сум, 3-р баг, Эрдэнэ гэх газарт оршин суух, 54 настай, эмэгтэй, Боржигон овогт Доржсүрэнгийн Өлзийсүрэн /РД:НХ62122201/,

Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Өлзийсүрэн, нарийн бичгийн дарга С.Базардорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Өлзийсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Төв аймгийн Баянчандмань сумын Хөдөө аж ахуйн ТМС-ийг төгсөн. 1982 онд Төв аймгийн Баянчандмань сумын Худалдаа бэлтгэлийн ангийн талхан цехэд ажилтнаар орсон. 1984 онд гэр бүлээ даган сумын Сангийн аж ахуйд хоньчноор ажилд орсон. Нөхөр Д.Мягмарбатын хамт мал маллан Төв аймгийн аварга малчин болж байсан удаатай. 1991 онд сумын сангийн аж ахуйн бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт орж Таван Эрдэнэ пүүс болсон. Тус пүүст 1991 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн малчнаар 1992 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл ажилласан. Таван-Эрдэнэ пүүс нь Чандмань уул ХХК болон дахин өөрчлөгдөхөд малчнаар нь ажиллаж байсан. Иймд Төв аймгийн Баянчандмань сумын Сангийн аж ахуйн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөхөд ажилласан 2 жил 2 сар 20 хоногийн хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ. 

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Өлзийсүрэн нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

Д.Өлзийсүрэн нь Төв аймгийн Баянчандмань сумын Таван Эрдэнэ пүүс, Чандмань Уул ХХК-д малчнаар 1991 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж байсан гэх боловч хэрэгт Д.Өлзийсүрэнгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Төв аймаг, Улсын бүртгэлийн хэлтсийн 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1092 дугаар тоот, Төв аймгийн Баянчандмань сумын МАХН-ын хорооноос олгосон баярын бичиг, гэрч О.Баярсайхан, Б.Тунгалаг, М.Мандах нарын тодорхойлолт, тэдгээрийн шүүхэд ирж гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, Төв аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн цалингийн түүвэр, Төв аймаг, Баянчандмань сумын Таван Эрдэнэ пүүсийн захирлын 1991 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 4 дугаар Шагнах тухай тушаал, Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань уул хувьцаат компанийн ерөнхий захирлын 1992 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар Ажилтны орон тоо, цалингийн хэмжээг тогтоож мөрдөх тухай тушаал зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.

Дээрх бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч Д.Өлзийсүрэн нь Төв аймгийн Баянчандмань сумын Таван Эрдэнэ пүүст 1991 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл, Чандмань Уул хувьцаат компанид 1992 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь нотлогдон тогтоогдож байна. 

Харин 1992 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул дээрх хугацаанд ажилласныг тогтоох боломжгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Өлзийсүрэнг Төв аймгийн Баянчандмань сумын Таван Эрдэнэ пүүст 1991 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл,Чандмань Уул хувьцаат компанид 1992 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож, тогтоогдохгүй байгаа 1992 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Өлзийсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилантөлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт Доржсүрэнгийн Өлзийсүрэнг Төв аймгийн Баянчандмань сумын Таван Эрдэнэ пүүст 1991 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл, Чандмань Уул хувьцаат компанид 1992 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар тус тус ажиллажбайсныг тогтоож, тогтоогдохгүй байгаа 1992 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Өлзийсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Д.АЛТАНТУУЛ