Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2016/01124

 

 

 

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2016/01124

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Баян сум, 2-р багт оршин суух, 60 настай, эрэгтэй, Боржигон овогт Сосорын Гэндэн /РД:НВ56071819/,

Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.Гэндэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төв аймгийн Баян сумын Цацралт нэгдэлд эцэг н.Сүхээгийн талын малчнаар мал маллаж байгаад 1979 онд цэрэгт татагдаж цэргийн албыг 1982 онд хааж ирээд тус сумын адуучин С.Дашнямын туслах малчнаар 1982 оноос 1983 он хүртэл, эх н.Сосортой 1983 оноос 1985 он хүртэл бранк хонь, ямаа маллаж байгаад эхнэр н.Бархастай хонин суурь авч 1985 оноос 1992 он хүртэл тус тус мал малласан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн учир шүүхэд хандаж байна. Иймд миний 1982 оны 1 сарын 1-ний өдрөөс 1992 оны 1 сарын 1-ний өдөр хүртэл ажиллаж байсан 10 жилийн хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Гэндэн нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

С.Гэндэн нь Төв аймгийн Баян сумын Цацралт нэгдэлд малчнаар 1982 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл ажиллаж байсан гэх боловч, хэрэгт Төв аймгийн Баян сумын МПН Цацралт нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Малчдад ээлжийн амралт олгох тухай тушаал, 1988 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 75 дугаар Малчдад ээлжийн амралт олгох тухай тушаал, 1989 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 79 дугаар Малчдад ээлжийн амралт олгох тухай тушаал, 1990 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 63 дугаар Малчдад ээлжийн амралт олгох тухай тушаал, 1991 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 60 дугаар Малчдад ээлжийн амралт олгох тухай тушаал, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 02/3409 дугаартай архивын лавлагаа, гэрч Н.Очирваань, Д.Батзэвэг, Г.Энхтайван нарын шүүхэд ирж гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Төв аймгийн Баян сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 1/223 дугаартай тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.

Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас Төв аймгийн Баян сумын МПН Цацралт нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Малчдад ээлжийн амралт олгох тухай тушаал, 1988 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 75 дугаар Малчдад ээлжийн амралт олгох тухай тушаал, 1989 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 79 дугаар Малчдад ээлжийн амралт олгох тухай тушаал, 1990 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 63 дугаар Малчдад ээлжийн амралт олгох тухай тушаал, 1991 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 60 дугаар Малчдад ээлжийн амралт олгох тухай тушаалуудыг ач холбогдолтой нотлох баримт гэж шүүх үзлээ. 

Дээрх бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч С.Гэндэн нь Төв аймгийн Баян сумын Цацралт нэгдэлд 1987 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь нотлогдон тогтоогдож байна. 

Түүний ажилд орсон он сар өдрийг 1987 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Малчдад ээлжийн амралт олгох тухай тушаалыг үндэслэн 1987 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тооцож, гарсан он сар өдрийг 1991 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 60 дугаар Малчдад ээлжийн амралт олгох тухай тушаалыг үндэслэн 1991 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөр тооцох нь зүйтэй байна.

Мөн түүнчлэн хэрэгт авагдсан өөр бусад бичгийн нотлох баримтуудаар 1982 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан нь нотлогдон тогтоогдохгүй гэж үзлээ. 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.Гэндэнг Төв аймгийн Баян сумын Цацралт нэгдэлд 1987 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд малчнааражиллаж байсныг тогтоож, тогтоогдохгүй байгаа 1982 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт Сосорын Гэндэнг Төв аймгийн Баян сумын Цацралт нэгдэлд 1987 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоож, тогтоогдохгүй байгаа 1982 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Гэндэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.АЛТАНТУУЛ