Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/259

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,

Шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914005600357 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, Б.А

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 08 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Оргил” бааранд М.Эыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2019 оны 08 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Этай маргалдаж нэг удаа нүүрэнд нь цохисон өөр зүйл болоогүй. Би тухайн гэмт хэргийг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна би хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна...Өөр ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үл ойлголцлоос болж нэг удаа цохисон гэв.

3. Хохирогч М.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 08 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Баянхонгор аймаг 1 дүгээр багт байрлах Оргил бааранд 22 цаг 30 минутын хамт найз Огийн хамт орсон тэгээд бүжиг талбай дээр зогсож байхад Алтангэрэл гэх залуу хүрч ирээд манай ах нар дээр очоодох гэж хэлсэн би юун ах нар бэ гэж асуухад хэсэг хүмүүсийг заасан би юу юм бол гэж гайхаж байхад цаанаас А гэх залуу хүрч ирээд миний уруул орчимд цохиж уруул язарсан тэгээд байж байхад цагдаа орж ирсэн цагдаа намайг эмнэлэгт үзүүл гэж хэлсэн тэгээд 6и эмнэлэгт үзүүлж эмчийн бичиг хийж аваад тэр цагдаатай уулзсан ийм зүйл болсон тухайн үед А гэдэг залуу нь миний араас тэвэрч байсан тэгтэл А гэдэг нь намайг цохисон юм... А гараараа намайг хоёр удаа цохисон тэгээд миний уруул язарсан өөр хүн намайг цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

4. Гэрч М.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                                               

… М.Эын амнаас цус гарч байсан би яасан бэ гэж асуухад нүүрэнд цохисон цохисон хүнээ хараад танина гэж хэлэн архи уучихсан гэхдээ биеэ авч явах чадвартай байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 25/

5. Гэрч Г.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2019 оны 08 дугаар сарын 03-04-ны өдөр шилжих шөнө Оргил бааранд найз М.Эын хамт орсон тэгээд тэнд хоёр, хоёр шил пиво уусан тэгээд байж тэгээд талбай дээр бүжиглэж байхад хүмүүс бөөгнөрөөд байсан 23 цаг 50 минут болж байсан байх тэгтэл манай найд М.Э шалан дээр уначихсан байсан би яасан бэ гэж асуухад энэ залуу цохисон гэж хэлсэн тэр өндөр залуу байсан тэгтэл тэнд байсан хүмүүс ******* цохисон юм уу гэж хэлэхэд манай найз Э тийм энэ залуу цохисон гэж тэр ******* гэх залууг заасан тэгээд би найз М.Эыг гал тогооны өрөө байсан байх тэнд очоод нүүрийг угаалгасан тэгээд байж байхад цагдаа орж ирээд Эыг эмнэлэгт үзүүл гэж хэлсэн тэгээд эмнэлэг авч явсан тэнд очоод оёо тавиулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 27/

6. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 493 дугаартай шинжээчийн:

1. М.Эын биед дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой

3. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх шинжээчийн гэх дүгнэлт /хх-ийн 10-11/  болон хавтаст хэргийн 54 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Аын урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 48-52 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Аын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоол гаргаж , шүүгдэгч хохирогч нар эвлэрч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэм буруу эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар мэтгэлцэхгүй талаар илэрхийлсэн байна.

Шүүхээс шүүгдэгч Б.А нь 2019 оны 08 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Оргил” бааранд М.Эыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт  болсон нь хохирогч М.Э, гэрч М.О, М.О нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 493 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Аыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх  нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Аын  эзэмшлийн “Iphone” маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 02-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч Б.Ад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан  олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.А нь энэ хэргийн  улмаас  цагдан  хоригдсон  хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурдав.   

Шүүгдэгч Б.А нь урьд ял шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд   тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Б.Аыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 /  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч Б.А нь  бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.       

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  1.1  36.8 дугаар зүйлийн  1.8-д  зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Б.Аын эзэмшлийн  гар утсыг битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 02-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Ад хэрэгцээний дагуу буцаан  олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн   1.5-д  зааснаар шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д  зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй  болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ