Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2016/01125

 

 

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2016/01125

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Төв аймаг, Эрдэнэсант сум, Улаанхудаг /5-р баг, Эрдэнэсант/ өөрийн байранд байрлах, Буянт төв ХХК /РД:2052725/-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Саруул, түүний өмгөөлөгч В.Ганболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишигжаргал, Г.Уранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Буянт төв ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Буянт төв ХХК нь 2008 он хүртэл хувьцаат компани байж байгаад ХХК болсон юм. Т.Мөнхтуяа миний бие 2012 оноос гүйцэтгэх захирал болсон. Компанийг хүлээн авахдаа шинэ удирдлагууд тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Давгабазараас компанитай холбогдох бичиг баримт, тайлан баланс, өр авлагын жагсаалтыг хүлээн авах комиссоор дамжуулан хүлээн авсан. Энэ үед компани бусдад төлөх төлбөр, шүүхийн шийдвэр байгаагүй атлаа 2016 оны 3 дугаар сард Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас манай компаниас Өвөрхангай аймгийн Ган тээрэм ХК-ийн нэхэмжлэл бүхий 6.138.854 төгрөгийн шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаа явуулж байна. Гэтэл манай компанид тухайн үед ажиллаж байсан төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Баттөмөр, уг хэрэг маргаан шийдэгдэх үед ажиллаж байсан төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Цэрэндаваа, 2008 он хүртэл ажиллаж байсан гүйцэтгэх захирал Д.Дагвабазар нар 2001 оноос 2002 оны үед Гантээрэм компанитай холбоотой төлбөрийг хөдөө аж ахуйн техник, трактор, комбайн болон бусад дүүжин техникээр барагдуулсан бөгөөд тухайн үед Ган тээрэм компанийн удирдлагуудад өгсөн тухай бидэнд мэдэгдсэн юм. Мөн өр авлагын талаар тухайн үед Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаас тухайн үеийн шийдвэр гүйцэтгэгч Мишиг гэх хүнээр ахлуулсан хүмүүс Буянт төв ХК дээр удаа дараа ирж асуудлыг шийдвэрлүүлсэн тухай тэр үеийн удирдлагууд хувьцаа эзэмшигчийн хурал дээр тайлбарлаж байсан. Мөн тэр үеийн Ган тээрэм ХК-ийн захирал Лхавгасүрэн гэж хүн авлагын талаар Буянт төв компанийн удирдлагуудтай уулзан шийдвэрлүүлж байсан байдаг. Бид 2016 оны 5 дугаар сард Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандан энэхүү шийдвэрлэгдсэн асуудлын талаар гомдол гаргасан боловч төлбөр авагчийн хүсэлтээр гүйцэтгэх хуудсыг буцааж байсан тухай хариу ирүүлсэн бөгөөд Ган тээрэм ХК-ийн тухайн үеийн удирдлагууд манай компанитай тооцоо дууссан тухай Буянт төв ХК-ийн тухайн үед ажиллаж байсан удирдлагууд тайлбарлаж байгаа болно. Гэтэл Ган тээрэм ХК-ийн одоогийн удирдлагууд 2015 оны сүүлээр өөрийн архиваас шүүхийн шийдвэрийн хувийг олсон гэх шалтгаанаар 2001 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг үндэслэн урд хоёр байгууллагын хооронд шийдвэрлэгдсэн асуудлыг дахин гаргаж мөнгө нэхэмжилж байгааг хууль бус гэж үзэж байгаа тул Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишигжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Буянт төв ХХК нэхэмжлэлдээ дурдсан байгаа. Тухайн үед ажиллаж байсан Цэрэндаваа, Баттөмөр, Дагвабазар нар ажиллаж байх үедээ техник хэрэгслээр төлбөрийг нь барагдуулсан гээд. Өр төлбөрт өгсөн гээд байгаа техник тоног төхөөрөмжийг 1999 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 04 тоот шийдвэрийн дагуу Алтан тариа компанид 27.750.000 төгрөгт өгсөн байдаг. Буянт төв компани нь Ган тээрэм компанид буцаасан 2001 онд гүйцэтгэх хуудсыг буцаасныг төлбөр барагдчихаад гүйцэтгэх хуудсыг буцаасан гэж ойлгож байна. Үнэхээр төлбөр барагдсан бол Буянт төв компанид ямар нэгэн байдлаар төлбөрөө төлчихсөн гэсэн баримт бичиг байх ёстой. Тэр бичгээ гаргаж ирж чадахгүй манай дээр байгаа архивт байгаа албан бичгийг үндэслээд төлбөрөө төлсөн гэдэг асуудал ярьж байна. Манайхаас гарч ирсэн баримтаар хэлээд байгаа техникийг Алтан тариа компанид өгсөн. Тэгээд тухайн үед ажиллаж байсан Дагвабазар, Цэрэндаваа, Баттөмөр нь энэ техник хэрэгслийг хүлээлгэж өгөхөд өөрсдөө байлцсан байдаг. Хурлын тэмдэглэл дээр Баттөмөр өөрөө байсан байдаг. 2000 онд гарсан шүүхийн шийдвэрийн магадлал дээр 2016 онд шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдэж ирсэн. Бид гүйцэтгэх хуудас нь байхгүй ч юм уу аль эсвэл төлбөр нь төлөгдөөд дуусчихсан материал дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгээд байгаа юм биш. 2016 онд шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байгаа. Тэгэхлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох асуудал байхгүй. Энэ үүднээс манайх ямар ч байсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь зүйтэй гэж бодож байгаа. Шүүхийн шийдвэрийн ажиллагааг хүчингүй болгох үндэслэлгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Буянт төв ХХК нь Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Буянт төв ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа ... төлбөр авагч гүйцэтгэх хуудас буцаах хүсэлт гаргасан, тийм учраас төлбөр барагдсан гэж үзэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжилж байна. /хх 1-2/ 

Хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзлын үндэслэлээ ... нэхэмжлэгч төлбөр төлсөн талаарх баримт байхгүй гэж тайлбарлаж маргаж байна. 

Шүүх, нэхэмжлэгч Буянт төв ХХК-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ. 

Учир нь: Нэхэмжлэгч Буянт төв ХХК нь Ган тээрэм ХК-д 2000 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Төв аймгийн Давж заалдах шатны шүүхийн 12 дугаартай Магадлалын дагуу төлбөр төлсөн гэх үйл баримтын талаар маргаж, мэтгэлцэж байх боловч төлбөрт яг юу өгсөн үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна. 

Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн Б.Баттөмөрийн тайлбараар дээрх төлбөрийг барагдуулсан гэж үзэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч Буянт төв ХХК-ийн Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118дугаар  зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т зааснаар Буянт төв ХХК-ийн Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУУЛ