| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/00837/И |
| Дугаар | 151/ШШ2016/01127 |
| Огноо | 2016-11-04 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 151/ШШ2016/01127
| 2016 оны 11 сарын 04 өдөр | Дугаар 151/ШШ2016/01127 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, Денвер гудамж, 12б байр, 28 тоотод оршин суух, 80 настай, эрэгтэй, Олхонууд овогт Цогийн Цэдэндамбаа /РД:ЧЛ36081538/-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, Жаргалант сум, 3-р баг, Баянбулаг наран, б-3 гудамж, 1 тоотод оршин суух, 48 настай, эмэгтэй, Тугчин овогт Гэндэндарамын Болормаа /РД:ШЖ68080269/-д холбогдох,
хувьцаа бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Базардорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Цэдэндамбаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын хуулийн этгээд Мөнх-Агит ХХК нь 1996 онд үүсгэн байгуулагдсан нэг хувьцаа эзэмшигчтэй, Улаанбуудай, арвай тариалах, хүнсний ногоо үрслэг тариалалт, малын тэжээл үйлдвэрлэх, тэжээлийн ургамал тариалах, байгалийн хадлан бэлтгэх үйл ажиллагаа, Гадаад дотоод худалдаа, Эрдэм шинжилгээ, туршилт, сортын ажил эрхлэх үйл ажиллагааг тогтвортой тасралтгүй явуулж ирсэн компани юм. Тус компанийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Цэдэндамбаа миний бие байсан бөгөөд одоо компанийн хувьцааны 51 хувийг Ц.Цэдэндамбаа, 49 хувийг Г.Болормаа эзэмшдэг болно. Манай компанид 10 гаруй жил ажилласан агрономич Г.Болормаад өөрийнх нь хүслээр мөн компанид олон жил ажилласан хүн хувьцаа эзэмшигч болвол илүү үр ашигтай ажиллаж компанийн хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулан, компаниа цаашид цэцэглүүлэн хөгжүүлнэ гэж найдан Ц.Цэдэндамбаа миний бие 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Мөнх-Агит ХХК-ийн 49 хувийн хувьцааг бэлэглэсэн. Тус бэлэглэлийн гэрээний дагуу Г.Болормаа нь Мөнх-Агит ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч албан ёсоор болж компанийн дүрэмд бүртгэлийн байгууллагаар баталгаажин бүртгэгдсэн. Гэтэл Г.Болормаа нь 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Ц.Цэдэндамбаа надад холбогдуулан Мөнх-Агит ХХК-ийн захирал Ц.Цэдэндамбаа нь хууль бус үйл ажиллагаа явуулж, Г.Болормаа миний эд зүйлсийг завшсан тул эд хөрөнгийг гаргуулж өгнө үү гэсэн гомдлыг цагдаад гаргасан тухай олж мэдээд миний бие үнэхээр гомдож, даралт гэнэт огцом ихэсч шоконд орсон. Төв аймгийн прокурор Г.Болормаагийн энэхүү гомдлыг хянаад 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 479 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Миний бие Монгол улсын Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт Бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэж үзэн Мөнх-Агит ХХК-ийн 49 хувийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна. Мөнх-Агит ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Цэдэндамбаа нь өөрийн эзэмшлийн Мөнх-Агит ХХК-ийн 100 хувийн хувьцааны 49 хувийн хувьцааг Г.Болормаад бэлэглэсэн. 2013 оны 4 дүгээр 30-ны өдрийн хувьцаа бэлэглэх гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч Ц.Цэдэндамбаа нь тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөнх-Агит ХХК нь 1996 онд байгуулагдсан 1 хувьцаа эзэмшигчтэй үрийн буудай, хүнсний ногоо тариалах, малын тэжээл үйлдвэрлэх, хадлан бэлтгэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. Тус компаний 100% хувьцаа эзэмшигч нь Ц.Цэдэндамбаа гэж хүн байсан. Ц.Цэдэндамбаа нь 2013 оны 4 дүгээр сарын 30-нд Г.Болормаа гэдэг хүнд Мөнх-Агит ХХК-д олон жил үр бүтээлтэй тасралтгүй ажилласан, мөн агрономич мэргэжилтэй, үр бүтээлтэй хамтарч ажиллах гэж компанийхаа 49%-ийн хувьцааг бэлэглэсэн. Улсын бүртгэлийн байгууллагад энэ талаар бүртгэл хийгдсэн. Гэтэл хувьцаа эзэмшигч Г.Болормаа нь 2016 оны 4 дүгээр сарын 25-ын өдөр Мөнх-Агит ХХК-ний захирал Ц.Цэдэндамбаа нь иргэн Г.Болормаа миний эд хөрөнгийг өгөхгүй байна би компаний 49%-ийн хувьцаанд ноогдох эд хөрөнгөө гаргуулах утга бүхий гомдлыг Цагдаагийн байгууллагад гаргасан. Ц.Цэдэндамбаа нь Г.Болормаад сайн санаж, хамтран ажиллахаар компанийхаа 49%-ийн хувьцааг өгсөн байхад өөрийг нь Цагдаагийн байгууллагад өггөдөл гаргасан, бэлэглэгчийг ноцтой гомдоосон, үүний улмаас Ц.Цэдэндамбаагийн бие нь муудаж эмнэлэгт хэвтэх хүртэл үйл явдал болсон. Энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдсан байгаа. Г.Болормаа нь бэлэглэгч Ц.Цэдэндамбааг олон нийтэд болон нутгийн ард түмэнд өөрийнхөн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгтэн мэтээр ойлгуулж Төв аймгийн Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Энэ нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл болж байгаа. Цагдаагийн байгууллагад өгсөн гомдолдоо Мөнх-Агит ХХК-ийн эзэмшлийн тариалан эрхлэх 500 га газрыг өөрийн эзэмшлийн болгон авах гэсэнд саад болж байна гэж нутгийн ард иргэдэд хэлсэн байдаг. Г.Болормаа нь Ц.Цэдэндамбаад эрүүгийн хэрэг үүсгүүлэн, Мөнх-Агит ХХК-ийн эзэмшлийн тариалан эрхлэх 500 га газрыг өөрийн хөрөнгө мөн гэж хувийн трактор болон тоног төхөөрөмжийн хамт 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Мөнх-Агит ХХК-ийн талбайд дайран орж тариалалт хийж эхэлсэн бөгөөд Г.Болормаагийн хууль бус үйлдлийг зогсоолгохоор Төв аймгийн Жаргалан сумын Засаг даргад хандан сумын Цагдаагийн төлөөлөгчийн хамт очоод зогсоох гэсэн боловч Г.Болормаа нь би энэ тайлбай дээр тариалан эрхэлж болно. Би энэ компаний 49%-ийн хувьцаа эзэмшигч гэсэн байдлаар тайлбар хийгээд Ц.Цэдэндамбаагийн хамт очсон хүмүүсийг хөөсөн, мөн 2016 оны тариалалтаа хийж, ургацаа бүрэн хурааж, ашигаа өөртөө аваад, Мөнх-Агит ХХК-д ашигаа хуваагаагүй. Иймд Ц.Цэдэндамбаа нь Г.Болормаагийн дээрх үйлдлээс болж биеийн байдал муудсан, эмнэлэгт хэвтэж байгаа учраас шүүх хуралд оролцох боломжгүй мөн бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар Мөнх-агит ХХК-ийн 49 хувийн хувьцааг Г.Болормаад бэлэглэсэн 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хувьцаа бэлэглэх гэрээг хүчингүй болгож, бэлэглэсэн Мөнх-Агит ХХК-ийн 49%-ийн хувьцааг буцааж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттогтох шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хувьцаа бэлгэнд аваагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Болормаа нь уг компанийн 49 хувийг эзэмшдэг нь үнэн. Энэ нь компанийн дүрэм дээр тусгагдсан байж байгаа. Уг компанийн дүрэм нь анхны дүрэм үү, сүүлийн дүрэм үү гэдгийг мэдэхгүй. Хэрэгт авагдсан компани дүрмээр бол Ц.Цэдэндамбаа 51 хувийн хувьцаа, Г.Болормаа 49 хувийн хувьцаа эзэмшдэг нь тогтоогддог. Нэхэмжлэгч талын бэлэглэлийн гэрээ гээд байгаа гэрээний 1 дүгээр заалт дээр компанийн хөрөнгийн 49 хувь гэж бичсэн байна. Энд хувьцаа гэж дурдагдаагүй байна. Тэгэхээр энд яг ямар хөрөнгө бэлэглээд одоо ямар хөрөнгийг буцааж авах гэж байгаа нь ойлгомжгүй байна. Хэрвээ хувьцаа бэлэглэсэн бол заавал эрх шилжүүлэх гэрээ үндсэн гэрээг дагалдах ёстой. Нэхэмжлэгч тал Мөнх-Агит ХХК-ийн 49 хувийн хувьцаа гээд байгаа. Энэ нь яг ямар хөрөнгө, уг компани нь хичнээн төгрөгийн хөрөнгөтэй, 49 хувьд нь юу, юу орсон нь одоохондоо хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлогдохгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Цэдэндамбаа нь Г.Болормаад холбогдуулан 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хувьцаа бэлэглэх гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаас үзэхэд Ц.Цэдэндамбаа нь 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Компани бэлэглэлийн гэрээгээр компанийн хөрөнгийн 49%-ийг Г.Болормаад бэлэглэжээ. /хх-6/
Нэхэмжлэгч Ц.Цэдэндамбаа нь нэхэмжлэлийн шаардлагаа ...бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж үзэж, 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн компанийн хөрөнгийн 49%-ийг бэлэглэсэн гэх гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжилж байна.
Хариуцагч Г.Болормаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзлын үндэслэлээ ...хувьцаа бэлгэнд аваагүй гэж тайлбарлаж маргаж байна.
Шүүх, нэхэмжлэгч Ц.Цэдэндамбааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.
Учир нь: Зохигчдын хооронд 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Мөнх-Агит ХХК-ийн хөрөнгийн 49%-ийг бэлэглэсэн гэрээ хийгдсэн хэдий ч нэхэмжлэгч Ц.Цэдэндамбаа нь хариуцагч Г.Болормаад хувьцаа бэлэглэсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл: Үнэт цаас зах зээлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Энэ хуулийн зохицуулалтад хамрагдах үнэт цаасанд дараах санхүүгийн хэрэгсэл хамаарна, 5.1.1-д хувьцаат компанийн хувьцаа /цаашид хувьцаа гэж заажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээ болж байгаа Компаний бэлэглэлийн гэрээгээр компаний хөрөнгийн 49%... гэснийг компаний хувьцааны 49%-ийг , өөрөөр хэлбэл компани хөрөнгийг хувьцаа гэж үзэх боломжгүй байна.
Иймд Ц.Цэдэндамбаагийн нэхэмжлэлтэй, Г.Болормаад холбогдох Мөнх-агит ХХК-ийн 49 хувийн хувьцааг Г.Болормаад бэлэглэсэн 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хувьцаа бэлэглэх гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д зааснаар Ц.Цэдэндамбаагийн нэхэмжлэлтэй, Г.Болормаад холбогдох Мөнх-агит ХХК-ийн 49 хувийн хувьцааг бэлэглэсэн 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Компани бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд ньхэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ